• Lemon Press
  • Posts
  • 🥲 Алтнаас алдсан боломж

🥲 Алтнаас алдсан боломж

Өвлийн аялал жуулчлал | $INV: ₮50 тэрбумын санхүүжилт | Berkshire Hathaway-н шинэ захирал

POWERED BY

Өглөөний мэнд ээ! ДЦС-IV 1 зуухаа дэлбэрэхээс нь өмнө засахын тулд түр зогсоох аж. 1 зуух зогсоход 20 мянга орчим айлын хэрэглээ тасардаг. Дахиад л цахилгааны хязгаарлалт үргэлжлэх бололтой. Цахилгаан шат бус аваарын шат ашиглахыг зөвлөж байна. 😪

*Нэг өдрийн өөрчлөлт.

MED: ЗГ өмчийн халдашгүй байдал, хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн зохицуулалтыг эргэн харж, хаврын чуулганаар бизнесийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэнэ.  

MSE: Өчигдрийн УУББ-ийн арилжаагаар Монголросцветмет ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тн төмрийн хүдэр ₮1.6 тэрбумаар, Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс ₮5.6 тэрбумаар тус тус арилжаалагдав.

BRK-A: Berkshire Hathaway-н шинэ Гүйцэтгэх захирал Грег Абел Kraft Heinz-д эзэмшиж буй 28%-ийн хувьцаагаа зарахаар төлөвлөж байна.

⛄️ Өвлийн аялал жуулчлал

Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг энэ оны 1-р сард ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 5.6% өсөж 35,308-д хүрлээ

🧗‍♀️ Рекорд тогтоосон Хятад жуулчид

Үүгээр тогтохгүй 1-р сард Монголд ирсэн Хятад жуулчдын тоо 14,220-д хүрсэн. Энэ тоо жил бүрийн 1-р сарын статистикийг тэргүүлж буй. 2023 онд нийт жуулчдын хамгийн их буюу 35%-ийг Оросууд эзэлдэг байсан ч түүнээс хойш Хятад жуулчдын хувь хэмжээ өссөөр 2025 онд 32.3%-ийг эзлэх болов. Харин Орос жуулчдын хувь хэмжээ буурсаар 25.2%-д хүрчээ. 

📩 Сул сар 

Жил бүрийн I улирал бол манай улсын аялал жуулчлалын салбарын хамгийн сул орлоготой үе. Монголд зочлох жилийн хүрээнд 2023 оноос жил бүрийн эхний улиралд ирэх жуулчдын тоо бага багаар нэмэгдэж байгаа ч хамгийн оргилд хүрсэн нь ердөө 125.6 мянга. Ер нь л жуулчдын хөл хөдөлгөөн 6-8-р сард огцом нэмэгдэж, хүйтний улирал дөхөх тусам буурах трэндтэй байдаг

  • Тэгэхээр жилийн 4 улиралтай, уур амьсгал нь эрс тэс орны хувьд аялал жуулчлалын сараа уртасгахын тулд өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. 

❄️ Өвлийн фестивалиуд

Нэг үеэ бодоход өвлийн улиралд зохиогдож буй фестивалиудын олшрох болсон. Гэсэн ч дийлэнхдээ зохион байгуулалт сул, хоол хүнснээс эхлээд хоноглох газар, үйл ажиллагааны хөтөлбөр нь жуулчдын анхаарлыг татахуйц биш.  

  • Боломж байна: Уг нь бол сүүлийн 2 жилд хэт халалтаас үүдэж хүйтэн уур амьсгалтай орнууд руу аялах чиг хандлага нэмэгдэж байгаа. Манайд ч өвлийн улирлыг нь мэдрэхээр ирсэн жуулчид мэр сэр харагдах болсон.

🛷 Сонсож байсан бол Ангараг дээрх амьдрал ямархуу байдгийг Монголын говиос мэдрэх боломжит Mars-V төсөл хэрэгжиж байгаа. Энэ төрлийн сэдэвчилсэн, адал явдалт аяллуудыг бий болгосноор манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ түвшинд гаргах боломжтой. Ер нь яагаад Антарктидаас ч хүйтэрдэг давуу талаа ашиглаад, жуулчдыг татаж болохгүй гэж?

  • 🏇 Avatar-н III ангийн амжилтын буухиаг хэн тасалдуулав? (Variety)

  • 🏹 LinkedIn-г болзооны зориулалтаар ашиглах нь түгээмэл болжээ. (Benzinga)

  • 💸 Аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудын ажлуудыг Хэнтийгээс эхэлнэ гэнэ. (Parliament)

  • 🤿 ChatGPT 12 асуулт тутмын 9-д нь Илон Маскийн Grokipedia-с эш татдаг… (TechCrunch)

🤑 ₮50 тэрбумын санхүүжилт

INV: Инвескор ББСБ ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгосон “Инвескор Өсөлт” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж, эхэлсэн өдрөө 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдаж ₮50 тэрбумын санхүүжилтийг 1 удаагийн транчаар татан төвлөрүүллээ. Уг ХБҮЦ нь 18 сарын хугацаатай бөгөөд жилийн хүү 18.5% аж. Энэ хүү нь арилжааны банкнуудын шинээр татаж буй төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад татварын дараах өгөөж нь 4.5 нэгжээр өндөр байна.

🥲 Алтнаас алдсан боломж

Өнгөрсөн онд алтны дээд үнэ 9 удаа шинэчлэгдсэн. Он гарснаас хойш дахин 17.7% өсөж өчигдрийн 16 цагийн байдлаар унц нь $5,130-т хүрэв. Харин бид энэ боломжийг ашиглаж чадаж байна уу? 

Хариулт нь: ҮГҮЙ

Өнгөрсөн онд экспортолсон алтны биет хэмжээ жилийн өмнөхөөсөө 7.3%, 2020 оныхоос 64.6% буурч 10.8 тн-д хүрсэн нь сүүлийн 5 жилийн хамгийн бага үзүүлэлт болсон. Гэсэн хэдий ч 2025 оны алтны экспортын орлого 2022 онд 19.7 тн алт экспортолсонтой ойролцоо буюу $1.2 тэрбумд хүрсэн нь 1 кг алтны борлуулалтын үнэ хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна. Үүний үр дүнд экспортолсон алтны хэмжээ хоёр дахин багассан ч орлого ижил түвшинд хадгалагдсан хэрэг. 

  • 😵 Алдагдсан боломж: Хэрэв бид 2025 онд 2020 оныхтой адил буюу 30 тн алт экспортолсон бол экспортын орлого нь ойролцоогоор $3.45 тэрбум болж түүхэн дээд түвшинд хүрэх байв. Энэ нь 2025 оны бодит орлогоос 2.8 дахин өндөр буюу тус оны гадаад худалдааны ашгийн 78.4%-тай тэнцэх дүн юм. 

  • 🔻 Үнэ өссөн ч нийлүүлэлт буурав: Нөгөө талаас Монголбанкны алт худалдан авах үнэ 2025 оны эхний үнээс 97.6% өсчихсөн яваа. Гэхдээ өнгөрсөн онд худалдан авсан алтны биет хэмжээ нь 2020 оныхоос нэлээдгүй буюу 31% буурч 16.3 тн-д хүрсэн байна. Нэмээд энэ дүн төлөвлөгөөндөө хүрээгүй ажээ. 

🫣 Алдаж байгаагийн шалтгаан

Монгол Улсад бүртгэгдсэн 105 алтны ордын 572.2 тн нөөцөөс зөвхөн 14 орд л олборлолтод ашиглагдаж байна. Харин 68 орд нь ямар нэг хориггүй атлаа эдийн засгийн эргэлтэд ороогүй буюу нийт 228.7 тн алт “хадгалагдсан” хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бид алтны үнэ өндөр байгаа энэ үед экспортлох хангалттай нөөцтэй хэр нь хайгуул, олборлолт хийхгүй хав дараад байгаа хэрэг. 

👀 Бидний боломж

Дэлхийн бүхий л улсууд алтны үнийн өсөлтийг өөрт ашигтай байдлаар эргүүлж буй. Оросын Төв банкны алтны нөөцийн үнэ л гэхэд 2022 оны 2-р сараас хойш $216 тэрбумаар өсөж санхүүгийн чадавхыг нь эрс сэргээж байна. Харин бид хэзээ уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж, хайгуулаа эрчимжүүлж, өндөр орлого олох боломжоо ашиглах юм бол доо. 

Манай "Монголчуудын мартаад өнгөрч буй сэдэв" контентыг санаж байгаа биз дээ? Урин дулаан ороод зарим асуудлууд нимгэрээд ирэхийн хэрээр бид жилийн жилд хоолойд тулж ирдэг асуудлаа мартаж орхисон байдаг. Тэгвэл одоо бидэнд:

  • 🏭 Шинэ ДЦС, 

  • 💰 Татварын багц хуулийн шинэчлэл, 

  • ⚖️ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл нэн шаардлагатай байгааг харж байна.

Хахир хүйтэнд цахилгаанаа таслуулж лааны гэрэлд тухгүй суусан өдрүүдээ мартахгүй юм шүү.

CNN

🍋 Өмнөд Солонгос 2038 он гэхэд 2 шинэ цөмийн цахилгаан станц барихаа мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн санал асуулга явуулахад асуулгад оролцогчдын 80% нь цөмийн эрчим хүчний төлөвлөгөөг дэмжжээ. Өдгөө тус улсад нийт 26 цөмийн цахилгаан станц ажиллаж улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 30%-ийг хангаж буй бөгөөд цаашид цөмийн эрчим хүчнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарах нь.

🍋 ХЭҮК-оос Hotula апп хүний эрхийг зөрчсөн эсэхийг шалгаж эхлэв. Тодруулбал, тус апп хүний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахдаа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу ХЭҮК-оос зөвлөмж авах эсвэл үнэлгээ хийж ирүүлэх, мөн апп-ийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдэх ёстой байсан ч аль алиныг хийгээгүй аж. Саяхан Нийслэлийн зүгээс Hotula апп-аар иргэдийн зөв үйлдэлд оноо өгч урамшуулдаг болохоо мэдэгдсэн билээ.

🍋 Японд байнгын оршин суух зөвшөөрөл авахад хэлний мэдлэгийн шаардлагыг нэмж оруулна. Үүнээс гадна гаднын оршин суугчид байнгын иргэншил авахад Японд дор хаяж 5 жил оршин суусан байх ёстой хугацааг 2 дахин сунгаж 10 жил болгох зэргээр цагаачлалын хатуу бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Японд оршин сууж буй нийт 4 сая гаднын иргэдийн 20% орчимд хамаарах юм.

🍋 Нийслэл түргэн тусламжийн автомашинуудад бүх хотхон хорооллуудын зогсоолын хаалтыг нээдэг тоноглол суулгана. Түргэн тусламж дуудсан иргэд 1-3 цагийн турш хүлээх нөхцөл байдал үүсдэгийн нэг хүчин зүйл нь түргэний машин байрлуулах зогсоолын асуудал байдаг аж. Одоогоор Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж буй. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.