• Lemon Press
  • Posts
  • 🤑 Аялал жуулчлал = $1 тэрбум

🤑 Аялал жуулчлал = $1 тэрбум

2023 онд аялал жуулчлалын салбар хэр байв?

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Ковид-19-ийн нөлөөгөөр ёроолдоо хүртэл уруудсан аялал жуулчлал болон ЭЗ-ийн салбарыг хөл дээр нь босгохоор ЗГ-аас 2023-2025 оныг Монголд зочлох жил хэмээн зарласан. Энэ жилийн тухайд гаднаас ирж буй жуулчдын тоо хэзээ хэзээнийхээс илүү нэмэгдсэн нүнжигтэй сайхан жил боллоо. Гэхдээ ЗГ-ийн 1 сая жуулчин хүлээн авах зорилт биелсэн болов уу, яасан бол? 🤔

🧳 Жуулчдын тоо пуужиндав

12 сарын 20-ны байдлаар Монголд нийт 640 мянган жуулчид ирснээр 2023 он хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил болж байна. Улсаар нь задлан харвал Оросоос хамгийн их буюу 217 мянган жуулчин ирсэн бол Өмнөд Солонгосоос 139.8 мянган жуулчин ирж удаалаад буй. Өмнөд Солонгосоос ирж буй жуулчдын урсгал нэмэгдсэнд өнгөрсөн жил тус улсын иргэдийг Монголд 90 хүртэлх хоногоор визгүй зорьчих боломжтой болгосонтой холбоотой юм

  • Түүхэн жил: Өнгөрсөн жил Өмнөд Солонгосоос нийт 123 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ нь Ковид-19-ийн өмнөх жил болох 2019 оноос 2.3 дахин өссөн үзүүлэлт аж.

  • Гэсэн ч зорилт биелсэнгүй: 2023 онд хэзээ хэзээнийхээс илүү олон жуулчин хүлээн авсан нь сайшаалтай ч ЗГ-ийн 1 сая жуулчин хүлээн авах зорилт утаарч байна даа. Тус зорилт 400 сая жуулчин хүлээн авах зорилтын хажууд харьцангуй хөрсөн дээрээ буусан зорилт ч гэлээ эрх баригчид маань өшөө илүү эх дэлхийтэйгээ ойртох хэрэгтэй л байна даа. 

🤔 Харьцуулалт

Энэ жил Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын урсгал нэмэгдсэн ч Оросынхыг гүйцсэнгүй. Тухайлбал, энэ оны эхний 11 сард ирсэн жуулчдын тоог 2019 оны сүүлтэй харьцуулахад Оросоос ирсэн жуулчдын тоо 53.9% буюу 76 мянгаар, Өмнөд Солонгосынх 38% өсөж 38.8 мянгаар тус тус өсөөд буй. 

  • ТОП-5: Үргэлжлүүлээд илүү нарийн харвал Орос, Өмнөд Солонгос, Хятад тэргүүтэй Монголд хамгийн их ирсэн ТОП-5 улсын жуулчид нийт жуулчдын 84%-ийг эзэлж байх жишээтэй. 

☀️ Улирлын нөлөө

Түүнчлэн энэ оны II,III улирал буюу дулааны улиралд ирсэн жуулчид нийт жуулчдын 70%-ийг эзэлж байна. Тус үзүүлэлт 2019 онд 69.7% байсан гэхээр өвлийн аялал жуулчлал яалтчгүй хоцрогдоод байгаа нь харагдах шиг. 

Бяцхан таавар: Хэзээ болтол эрх баригчид маань амандаа багтсан тоог дураараа хэлж жилийн төгсгөлд төсөөлөл бодит байдал 2 нь тэнгэр газар шиг зөрөөд эхлэхээр амны бэлгээс ашдын бэлгэ гээд суух бол? 

Энэ онд Өмнөд Солонгосоос нэлээдгүй алдартай жүжигчид, инфлүнсэрүүд ирсний сацуу Соёлын яамны урилгаар CNN-н алдарт хөтлөгч Ричард Күэст, Nas Daliy тэргүүтэй эрхмүүд ирэв. Онцолбол, 

  • Айлчлал: Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис Монголд айлчилсныг санаж байгаа байх. Энэ нь дан ганц улс төрийн гэхээсээ илүү аялал жуулчлалын салбарт ч томоохон нөлөөлсөн юм. Учир нь түүнийг Монголд ирэх сургаар Хятад, Өмнөд Солонгос тэргүүтэй улсуудаас 3,500 гаруй жуулчид Монгол руу мордсон сураг бий

  • Бизнес: Оюу Толгойн гүний уурхайн нээлтийг сурвалжлах гэж Bloomberg, Reuters тэргүүтэй 9 ОУ-ын медиа компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Цаашлаад MEF-н үеэр дэлхийн томоохон 45 санхүүгийн байгууллага, Rio Tinto (RIO)-н ТУЗ-ийн дарга болон гишүүд ирж байсан бол Mining week-р домогт Роберт Фридланд хүрэлцэн ирснийг дурдахгүй байх аргагүй юм. 

  • Соёлын сайдын урилгаар CNN-н алдарт сэтгүүлч Ричард Күэст Монголд ирж Quest Means Business нэвтрүүлгээ хийснийг мэдсэн үү? Тэрбээр Монголын ХЗЗ-ийн боломж, ЭЗ-ийн төлөв, ноолуурын зах зээл тэргүүтэй 15 гаруй богино хэмжээний ярилцлага хийгээд мордсон доо . 

  • Богино бичлэгийн хаан: Соёлын сайдын урилгаар ирсэн өөр нэгэн зочин бол YouTube дээр 12.9 сая дагагчтай контент бүтээгч Nas Daily байлаа. Түүний Улаанбаатар хотод зохион байгуулсан Nas Summit-д ОУ-ын 20 гаруй контент бүтээгчид оролцсон юм. 

*Улсын хилээр орсон жуулчдын тоог тооцохдоо албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор ирсэн гадаадын иргэдийг хамааруулан тооцдог. 

🤝 61 улсын иргэд Монголд визгүй зорчино

Монголд зочлох жилийн хүрээнд 34 улсын иргэдийг 2025 оныг дуустал буюу 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлсөн. Улмаар 61 улсын иргэд Монголд визгүй зорчих боломжтой болов. Түүнчлэн энэ онд Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталсан гээд хууль эрх зүйн хувьд томоохон ахиц гаргаад буй. Тус хууль батлагдсанаар, 

  • Ахиц: Шинэ оны босгон дээр ЗГ-аас жуулчдад НӨАТ-ын буцаан олгох журмыг баталсан. Дээрээс нь бид чинь Америк, АНЭУ-руу шууд нислэгтэй болсон гээд овоо ахицтай энэ оныг үдэж байгаа.

Хамгийн олон нислэгтэй жил

Түүнчлэн Монголд зочлох жилийн онцлох зорилт бол яахын аргагүй агаарын тээврийн либералчлал байсан. Улмаар МИАТ ТӨХК энэ зун анх удаа орон нутгийн чиглэлд нислэг үйлдсэний сацуу ЗГ-аас ч тус компанид татаас олгосон, орон нутгийн нислэгийн тийзийн үнийг хямдруулсан гээд хэрэндээ хөөрхөн дэмжсэн дээ.

  • Сонирхуулахад: Өнгөрсөн 11-р сарын байдлаар жуулчдын 49.5% нь Чингис Хаан ОУ-ын нисэх буудлаар дамжин ирсэн аж.

  • Шинэ чиглэлд шинэ онгоц: Түүнчлэн Америк болон Монгол хооронд шууд нислэгтэй болсноор МИАТ ТӨХК-ийн онгоцны тоо 1-ээр нэмэгдэж 7 болоод буй. Үндсэндээ илүү олон жуулчин хүлээж авмаар байгаа бол илүү олон онгоцтой л болох хэрэгтэй юм шиг.

Эцэст нь… Монгол Lonely Planet-н ирэх жил аялахад хамгийн тохиромжтой орны жагсаалтыг тэргүүлсэн. Гол нь жуулчдыг 1 ирээд буцдаг биш дахин ирэх сэтгэгдэлтэй үдэхгүй бол ч…

$1 тэрбум
БОАЖ-ын сайдын мэдээлснээр Монголд аялах гэж ирсэн жуулчид дунджаар $2,000-$2,048 зарцуулдаг аж. Үүнээс харахад аялал жуулчлалын салбарын орлого энэ онд хэдийнээ $1 тэрбумыг давжээ. 
39% нь бэлнээр
Харин төлбөр тооцооны хэрэгслээр нь харвал жуулчдын 39% нь бэлэн мөнгөөр, 26% нь ОУ-ын картаар, 35% нь хосолмол хэлбэрээр төлбөр тооцоо хийдэг байна

Гэснээс Golomt Capital Championship 40-н 7 хоног үргэлжилсний эцэст ялагчдаа тодруулах гэж байна. Финалын 7 хоногийн тэргүүн байрыг Goldie 182.5%-ийн өгөөжтэйгөөр өнгөлсөн хэвээр байгаа бол араас нь George, Mana удаалаад буй. Тэмцээний туршид нийт оролцогчдын 50.9% нь Америкийн зах зээлд, 31.8% нь Азийн зах зээлд хөрөнгө оруулсан аж. 

YouTube дээр энэ онд Монголоор аялсан сайн муу сүлэлдсэн сэтгэгдэлтэй влог, бичлэгүүд хөөрхөн олширсныг анзаарсан уу? Үүнээс хамгийн их үзэлттэй ТОП-5 бичлэгийг харвал…

  • Why I’m related to Mongolians. Үзэлт: 9.5 сая

  • Why 99.7% of Mongolia is Completely Empty. Үзэлт: 5.6 сая

  • Travelling to World's Most Empty Country! 🇲🇳. Үзэлт: 2.9 сая

  • This Is Mongolia! 🇲🇳 ( Asia’s Nation Of Madlads ). Үзэлт: 2.8 сая

  • Mongolia, a tsaatan winter. Үзэлт: 2.5 сая

ЗГ Монголд зочлох жилийн хүрээнд жуулчдын тоог ирэх онд 1.5 сая, урт хугацаандаа 10-20 саяд хүргэх зорилт тавьсан. Гэсэн ч ЗГ-ийн энэ оны зорилт биелсэн үү, гэвэл ҮГҮЙ. Гэхдээ! ОУ-д Монголыг сурталчлах ажил бол харьцангуй амжилттай хэрэгжлээ. Энэ жил Монголд ирсэн олон дагагчидтай инфлүнсэр, алдартнуудын ОУ-д Монголыг сурталчилсны үр шим ирэх жил гарах нь уу, харж л сууя даа. 

Хамгийн гол нь жуулчдыг ганц л удаа Монголд ирээд буцдаг биш дахин ирэх сэтгэгдэлтэй үдэх нь юу юунаас ч чухал юм. Үүний тулд анх удаа Монголд ирж буй жуулчдад гүн сэтгэгдэл үлдээдэг модон жорлонгоосоо эхлээд шаардлагатай аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох хэрэгтэй болж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. 

Reply

or to participate.