- Lemon Press
- Posts
- 👁️ Ногдол ашиг айсуй
👁️ Ногдол ашиг айсуй
Rio Tinto-н мега нэгдэл | $KHAN гялалзсаар | Худалдааны тэнцэл $4.4 тэрбумын ашигтай
POWERED BY
Өглөөний мэнд! Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2025-26 оны улирлын Бүх Оддын тоглолтод оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчид зарлагджээ. Энэ долоо хоногт болох Бүх Оддын тоглолтод хамгийн их санал авсан тамирчид өөрсдийн багаа бүрдүүлж оролцох аж. Гэснээс, сонгогдсон эрэгтэй 28 сагсчны 29% буюу 8-ыг нь SG Apes багийн тоглогчид бүрдүүлсэн гэнэ шүү. 🦍 🏀


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: 2025 онд Монгол Улсын нийт гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.4% буурч $27 тэрбумд хүрсэн ч гадаад худалдааны тэнцэл 5.3% өсөж $4.4 тэрбумын ашигтай гарав.
MSE: Булигаар ХК-ийн 2025 оны нийт орлого мөн үеэс 25.2% буурч ₮6.5 тэрбумд хүрсэн бол тайлант үеийн цэвэр ашиг 4.8% өсөж ₮100.1 саяд хүрчээ.
UB: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт ₮8.9 тэрбумыг зарцуулна. 1 хүүхдэд жилд ₮46.9 мянга, 1 удаа сүү өгөхөд ₮301 ногдох нь.
OTC: Өнгөрсөн долоо хоногт ББЗЗ дээр нийт ₮55.6 тэрбумын арилжаа явагдсаны 24%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүллээ.

🕶️ Ногдол ашиг айсуй: Юу анхаарах вэ?

Өнгөрсөн оны эцсийн тайлан болон ногдол ашгийн шийдвэрүүд айсуй. Хөрөнгө оруулагчид ч ХК-иудыг ямар шийдвэр гаргахыг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Томоохон хувьцаанууд хөдөлгөөн ихтэй байх чинь ээ. Яг энэ мөчид хэрэгтэй чухал тоймыг хүргэе.
😻 Жилээс жилд улам их
2025 онд хамгийн их буюу нийтдээ ₮1 их наядын ногдол ашиг тараагдсан. Өөрөөр хэлбэл, 45 хувьцаат компани 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд дунджаар ₮528 хуваарилсан аж. Ингэснээр өнгөрсөн онд тараагдсан ногдол ашгийн хэмжээ 2022 оныхоос 7.2 дахин нэмэгдсэн хэрэг.
💭 Дундаж өгөөж: Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол мэдээж ногдол ашгийн өгөөж. 2025 онд тараагдсан нийт ногдол ашгийн дундаж өгөөж 5.6% байсан бөгөөд Тавантолгой (TTL) өгөөжөөрөө тэргүүлж байв. Харин 2024 оны дундаж өгөөж 5.9% ЛэндМН ББСБ (LEND)-ын өгөөж хамгийн их нь байжээ.
🪴 Ногоон дарцаг: Хугацаа богиносов
Хөрөнгө оруулагчдын дараагийн анхаарах үзүүлэлт бол ногдол ашгийг тараахад зарцуулж байгаа хугацаа болон тодорхой байдал. 2022 онд ХК-иуд ногдол ашгаа бүртгүүлснээс хойш хуваарилах хүртлээ дунджаар 122.7 хоног буюу 4.1 сарыг зарцуулсан байна. 2023 онд ч энэ үзүүлэлт сайжраагүй. Харин өнгөрсөн онд ногдол ашиг тараахад зарцуулсан дундаж хугацаа 2022 оныхоос 2.2 дахин буурч 54.9 хоног болсон байна. Үүнд мэдээж СЗХ-ны шийдвэр чухал нөлөөтэй.
🤔 Яагаад чухал вэ? Ногдол ашгийг богино хугацаанд тараавал хөрөнгө оруулагчдын мөнгө эдийн засгийн эргэлтэд орж, тэдэнд хөрөнгө оруулалтын өгөөжөө төлөвлөгөөтэйгөөр зөв зарцуулах боломжийг олгож, ХЗЗ ч идэвхжиж ногдол ашиг жинхэнэ утгаараа хөшүүргийн үүргээ биелүүлнэ.
📌 Тодорхой: Мөн ногдол ашгийг тараах өдөр нь яг таг тодорхой байх ёстой. 12 сарын 31-ний өдрийн дотор ногдол ашиг хуваарилна гэх биш 12 сарын 6-ны Лхагва гарагт гэж тодорхойлно гэсэн үг. Үүний тулд бид UBX-тэй хамтарч “Ногдол ашгийн өдрөө тодорхой зарлая” гэсэн уриалга гаргасан бөгөөд энэ уриалгыг мөрддөг ХК-ийн тоо ч нэмэгдэж буй.
Тэгэхээр тухайн компанийн тарааж байгаа ногдол ашгийн өгөөж, СЗХ-ны шийдвэрийн дагуу 4 сарын 30-наас өмнө тараах эсэх, тараах өдөр нь тодорхой байгаа эсэхийг хянаж байх нь чухал шүү. Заа тэгээд ХК-иудын 2025 оны тайлан болон ногдол ашгийн шийдвэрийн бөмбөгдөлтөөр эргээд уулзъя.

🪢 Баяжих түлхүүр нь зөвхөн шаргуу хөдөлмөр биш, харин хэнтэй нөхөрлөж, хамтарч байгаагаас хамаарна. (Fortune)
🩸 Хавдар дахихаас хэрхэн сэргийлэх вэ? (Nature)
🌱 Америк жижиг хөрөнгө оруулалтын компаниудын нуруун дээрх ачааг хөнгөлнө. (SEC)
🦋 AI-н нөлөө улс төрд. (BusinessInsider)

🚀 $KHAN-н хувьцаа гялалзсаар
KHAN: Өнгөрөгч Баасан гарагт системийн нөлөө бүхий ХААН Банкны нэгж хувьцааны үнэ 0.29% өсөж ₮1,395 дээр хаагдсанаар IPO-ноос хойших хамгийн дээд үнэдээ хүрчээ. Тус өдөр компанийн 104,163 ширхэг хувьцаа ₮145.5 саяар арилжаалагдаж, нийт биржийн арилжааны 27.9%-ийг бүрдүүлсэн аж. Сонирхуулахад, $KHAN-н нэгж хувьцааны үнэ 2025 оны мөн үеэс 22.8%, IPO хийснээс хойш 45.5% тус тус өсөөд байна.

👀 Rio Tinto-н мега нэгдэл

Дэлхийн уур уурхайн салбарын зүүн талын тэргүүн магнай Rio Tinto (RIO.AX) салбарын томоохон өрсөлдөгч болох $65 тэрбумын үнэлгээтэй Glencore (GLEN.L)-г худалдан авахаар төлөвлөж эхэлжээ. Тэгвэл өнөөдөр энэхүү хэлцлийн талаар нэгд нэгэнгүй хүргэе.
🔦 Нэгдлийн тухайд
Энэхүү хэлцэл нь цоо шинэ мэдээ биш бөгөөд одоогоос 2 жилийн тэртээд Rio Tinto болон Glencore нар нэгдэхээр хэлэлцэж байсан ч амжилт олоогүй дуусаж байв. Харин өнгөрсөн Пүрэв гарагт компаниуд нэгдлийн боломжит хувилбаруудыг хэлэлцэж байгаагаа мэдээлсэн байна. Ингэхдээ бүх хувьцааг шилжүүлэх, бизнесийн тодорхой хэсгийг нэгтгэх гэх мэт хувилбарууд байгаа аж.
💸 Үнэлгээ $200 тэрбумд
Хэрэв хэлцэл амжилттай хэрэгжвэл дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компани бий болоход тун ойр. Учир нь одоогийн $RIO.AX-н зах зээлийн үнэлгээ $139.7 тэрбум, $GLEN.L-н үнэлгээ $65.1 тэрбум байгаа бөгөөд ирээдүйд нийлбэр үнэлгээ $204.8 тэрбумд хүрэх боломжтой аж. Эцсийн шийдвэр буюу худалдан авах эсвэл хэлцэл хийхгүй эсэхээ $RIO.AX ирэх 2-р сарын 5-ны дотор албан ёсоор зарлахаар хүлээгдэж байна.
⛏️ Glencore-н үйл ажиллагаа: Швейцарт төвтэй Glencore нь дэлхийн 35 гаруй оронд 150 орчим уурхай, боловсруулах үйлдвэртэй бөгөөд зэс, кобальт, цайр, никель, хар тугалга, нүүрс, газрын тос гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлодог. Мөн тэд эдгээр бүтээгдэхүүнийг дэлхий даяар худалдаалах, тээвэрлэх, боловсруулах зэргээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Эцэст нь… Тус мэдээний дараа өнгөрсөн Баасан гарагт GLEN.L-н нэгж хувьцааны үнэ Лондоны бирж дээр 9.6% өсөж £452.6 дээр хаагдсан бол $RIO.AX-н нэгж хувьцааны үнэ Австралийн бирж дээр 6.3% унаж AU$143.1-т хүрчээ. Эндээс хөрөнгө оруулагчдын тус хэлцэлд илэрхийлж буй санаа бодлыг харж болох л юм. За тэгээд хэлцэл амжилттай болбол та хэддээ нэн түрүүнд дуулгана даа. 🤞🏻

Монголын үндэсний Мал эмнэлгийн холбооны мэдээлснээр, орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүссэн аж. Лавшруулан харвал,
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж буй.
Мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт нэмэгдсэний сацуу тус мэргэжлээр жил бүр дунджаар 150 орчим оюутан төгсдөг ч мэргэжлээрээ ажиллах нь эрс багасжээ.
Мөн орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд 1999 оноос хойш улсын хэмжээнд үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн буюу өдгөө санхүүжилтийн тодорхой эх үүсвэргүйгээр үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ.

👾 Hawker Bug Bounty платформ

Дижитал хөрөнгөө баталгаажсан кибер аюулгүй байдлын судлаачдад даатган хамгаалах боломжтой боллоо. Яаж вэ гэж үү? 👇
Nuumads Hub болон Info Sec Plus хамтран Монголын анхны Bug Bounty платформыг хөгжүүлжээ. Монголын бизнесүүд Hawker Bug Bounty-р дамжуулан ёс зүйт хакеруудтай холбогдож кибер аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж засах боломж бүрдэх юм.
🛡️ Найдаж болох уу? Тус платформ дээр бүртгэлтэй судлаачдыг KYC шалгуурт үндэслэн бүртгэж, онооны системтэй уяж өгөх, түүнчлэн тайлангийн чанар зэрэгт нь давхар шалгалтыг хийдэг байна.
🔍 Хэр үр дүнтэй вэ? Мөн платформын зүгээс судлаачдын боловсруулсан аюулгүй байдлын тайланг баталгаажуулахаас гадна, байгууллагууд тухайн алдаа бүрийн төлбөрийг өөрсдөө тодорхойлох, зөвхөн баталгаажсан алдаанд үндэслэн төлбөрийг төлөх зэрэг онцлогтой.
Ийнхүү бизнесүүд кибер аюулгүй байдлын судлаачдаар системээ шалгуулснаар системийн аюулгүй байдлын тогтмол зардал гаргахаас сэргийлж, платформоо сайжруулах боломж бүрдэж буй.


Booking
🍋 Kempinski сүлжээ зочид буудлын Хятад, Монголын бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлаар Алан Чин томилогдлоо. Тэрбээр Хятадын зочлох үйлчилгээ болон ҮХХ-ийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2010 онд Banyan Tree Hotels & Resorts-д нэгдэж Banyan Tree China-н Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн, Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалуудыг хашсан нэгэн аж.
🍋 НДЕГ Капитал банк болон Чингис хаан банкнаас нийт ₮67.2 тэрбумын авлагыг барагдуулаад байна. Үүнээс нийлбэр дүнгээр ₮28.2 тэрбумын авлагыг мөнгөн хөрөнгөөр, ₮39 тэрбумыг 99 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авчээ. Улмаар Капитал банкны нийт өр төлбөрийн 44.7%, Чингис хаан банкны 20%-ийн авлагыг барагдуулаад буй.
🍋 JPMorgan (JPM) Goldman Sachs (GS)-с Apple (AAPL)-н $20 тэрбумын зээлийн картын портфолиог шилжүүлэн авна. Улмаар $JPM нь Apple Card-н үйлчилгээг төрөлжүүлж, зөвхөн зээлийн карт бус, цаашлаад хадгаламжийн данс үүсгэхэд хамтран ажиллах юм. Сонирхолтой нь, Жэйми Даймон банкны салбар улам дижиталчлагдаж буй энэ үед Apple санхүүгийн үйлчилгээнүүдийг гаргах болсон нь тэдний боломжит өрсөлдөгч болгож байна гэж хэд хэдэн удаа дурдаж байв.
🍋 Монгол Улс Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай болов. Тус мэдээллийн нэгдсэн санг Германы ОУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Ай Ти Зон” ХХК хийж гүйцэтгэжээ. Ийнхүү тус сан хэрэглээнд нэвтэрснээр зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй 13 мянга гаруй алба хаагчид прокурорт заавал биечлэн очих шаардлагагүй зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цахимаар бүртгэх боломжтой болж байна.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply