- Lemon Press
- Posts
- 🎃 ТОП-5 банк III улиралд
🎃 ТОП-5 банк III улиралд
Halloween-н зардал хаданд гарах нь ээ
POWERED BY
BOO! Заа өнөөдрийг яаж тэмдэглэх гэж байна даа? Have a boo-tiful Halloween! 🎃
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн хувьцааны үнэ 9.4% өссөн бол ТэнГэрЛиг Медиа Групп ХК (TNGR)-ийнх 6.3% буурчээ.
EUR: Европын төв банк бодлогын хүүгээ тасралтгүй 10 удаа нэмсний дараа 4%-д хэвээр үлдээв.
GLD: Алтны үнэ сүүлийн 5 сард анх удаа $2 мянгыг давж $2,003-т хүрлээ.
📣 ТОП-5 банкны III улирлын тайлан гарлаа
Системийн нөлөө бүхий 5 банкны тайлан бүрэн гарч банкнуудын үйл ажиллагааг том зургаар харах цаг бидэнд ирлээ.
Ерөнхийдөө өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад банкнуудын санхүүгийн үр дүн дажгүй гарав. Тэгвэл задалж харахад,
Ашиг, ашиг: Банкнуудын татварын дараах ашиг 4 ногоон, 1 улаан байх нь тэр. ХААН Банкны ₮424.1 тэрбумын ашиг бусад 4 банкны ашгийн нийлбэрээс ч их байгаа нь тэргүүлэгч болохоо дахин баталсан хэрэг болов. Харин Голомт банкны ашиг хамгийн их буюу 66.2% өсөв. 1 улаан нь Төрийн банк юм. Тэдний ашиг 31.3%-иар буурч ₮59.6 тэрбумд хүрсэн байна. Хүүгийн зардлаа бууруулчихсан бол ч…
Чанаргүй зээл чанаржсаар: Эдгээр банкнууд зээл олголтоо дунджаар 15%-30% нэмсэн ч чанаргүй зээлийн хэмжээ буурсан нь зээлийн удирдлага өмнөх жилтэй харьцуулахад сайн ажиллаж байна гэж дүгнэхээр юм. ХХБ-ны чанаргүй өнгөрсөн оны мөн үед ₮1 их наядыг даваад байсан бол өдгөө ₮600 тэрбум болтол буулгаж чадсан ч чанаргүй зээлийн хувь 12.2% буюу хамгийн их хэвээрээ байна.
Хувьцаа харин: Ганцхан ХААН Банкны хувьцаа үнэ IPO үнээсээ илүү явна. Харин Голомт банк болон Төрийн банкны P/B харьцаа 1-с бага буюу банкны хувьцааны үнэ дансны үнээсээ доогуур байв.
Эцэст нь, системийн нөлөө бүхий банкнуудын ашигт ажиллагаа сайжирч, онцын эрсдэл харагдахгүй байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж зах зээл дээр хувьцааны үнэ нь төдийлөн өсөж чадахгүй л байна…
🤷 Өссөн ч хувьцаа эсрэгээрээ
7203.T: Toyota-н 9-р сарын үйлдвэрлэл өмнөх жилтэй харьцуулахад 1.5% өсөв. Тус өсөлт Япон, Америк болон Европын эрэлт өссөнөөс үүдсэн байна. Мөн тухайн сарын борлуулалтын хэмжээ өмнөх жилээс 11.6% өсөж 921,308 автомашин борлуулжээ. Гэвч компанийн хувьцааны үнэ Даваа гаргийг 2.4%-ийн уналттайгаар эхлүүлж ¥2,574 болоод байна.
🦇🎃 Halloween-н зардал хаданд гарах нь ээ
Энэ жилийн Halloween-н баярын зардал $12.2 тэрбумд хүрч дээд амжилт тогтоох төлөвтэй байна гэнэ шүү. Уг нь эдийн засаг хэцүүдээд бодлогын хүү тэнгэрт хадаад, хаа сайгүй хатуурхаад байгаа биш бил үү?
Баярлаж л байвал хамаагүй ээ
Америкчуудын хувьд Halloween бол шинэ жилийн дараа орох 2 дахь том баяр. Тиймдээ ч тэд 2021 онд Halloween-г $10.1 тэрбумаар зад тэмдэглэж түүхэн дээд амжилт тогтоож байв. Үүний дараа өнгөрсөн онд энэ тоо $10.6 тэрбумд хүрч рекордоо дахин шинэчилсэн бол энэ онд ч дахиад улам ихийг зарцуулах нь.
1 өдөрт юун их зардал гаргадаг юм бэ?
Уг нь бол Halloween 1 өдөр л болох ч 7 хоногийн өмнөөс баярлаад эхэлчихнэ. Тэгээд ч хувцас, нүүр будалт, чихэр, хулуу гээд зөндөө мөнгө урсана шүү дээ.
+9.2%: Halloween тэмдэглэгчдийн хувцсанд зарцуулж буй дундаж зардал өнгөрсөн оныхоос 9.2% нэмэгдэж $36.8 болсон аж. Төгрөгөөр бол ₮126,902-ийг 1 өдрийн баярын хувцсанд үрчхэж байна гээд л бод.
+9%: Дараагийн хамгийн үнэтэй зүйл бол Halloween-н чимэглэл. Үүнд дунджаар $19.4-ыг зарцуулж байгаа нь жилийн өмнөхөөс 9% өссөн дүн юм.
+5%: Заа тэгээд хулууны зардлын хувьд өнгөрсөн жилийнхээс 5% буюу нэг бүр нь дунджаар $5.6 байгаа аж. Түүнчлэн чихэрт ч гэсэн 1 хүн дунджаар жилийн өмнөхөөс 7.5% өссөн дүн буюу $31.9 зарцуулж байна.
Томоор нь харвал
Эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч хүмүүс Halloween-д илүү их мөнгө зарцуулах хандлагатай байгаа нь харагдаж байна. Тэгэхээр хүмүүс эдийн засгийн дарамт их байх тусам баяр ёслолд илүү их ач холбогдол өгч үүнийг түр мартах хүсэлтэй байгаа мэт. Үүнийг даган улирлын чанартайгаар үйл ажиллагаа явуулдаг жижиглэнгийн дэлгүүрүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна даа.
Эцэст нь… Манайд ч Halloween-г жилээс жилд илүү өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр нэлээд олон хүүхэд хаалга тогшив. Гол нь бид гаднын баярыг нутагшуулахдаа нэг л учир эвээ олохгүй байх шиг. Уг нь бол цаад санааг нь ойлгомоор.
Энэ удаад бид Монголын санхүүгийн зах зээлд тохиолдсон нэгэн аймшгийн түүхийг ярих болно. Энэ бол хадгаламж зээлийн хоршоо юм.
Юу?: Хадгаламж зээлийн хоршоо буюу ХЗХ нь өөрийн гишүүддээ хадгаламж, зээл, болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
Юу болсон юм?: Ерөнхийдөө Понзын схем шиг зүйл юм. 1 өдрийн дотор хүмүүс банкны хадгаламжийн хүүгээс ч илүүгээр мөнгөө өсгөөд байв. Уг нь гишүүддээ ашгийн бус зорилгоор санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байсан ч хуулийн зохицуулалт муутайгаас хэн дуртай нь ХЗХ-д очоод мөнгөө хадгалуулаад байж л дээ. Даанч ХЗХ-ны хүмүүс хадгалуулсан мөнгийг сайн зохицуулж чадаагүйгээс үүдэн нэлээн их хүн хохирч байв.
Хэр их?: Нийт 23 ХЗХ дампуурч, ₮66 гаруй тэрбумаар 9,138 хүн хохирч байв.
Тэгээд яав?: Хууль зүйн зохицуулалт муутайгаас үүдсэн энэ асуудал Санхүүгийн Зохицуулах Хороог 2006 онд үүсгэн байгуулахад хүргэсэн. Улмаар иргэдийн хохирлын 50% хүртэлхийг буруутай эздээр нь төлүүлэх арга хэмжээ авч ХЗХ-д тогтворжуулалтын сан байгуулах зохицуулалтыг оруулж байжээ.
Дэлхий ч мөн адил зөв зохицуулалтгүйн улмаас санхүүгийн асуудалд орж байсан. 1939 оны их хямрал, 2008 оны үл хөдлөхийн зах зээл гээд л… Гол нь хурдан сураад, дахиж тийм зүйл болохгүй байхаас л сэргийлэх хэрэгтэй дээ.
🎧 Хархорум Дижитал Арт, Хөгжмийн Фестиваль
Электроник хөгжим болон визуал дүрслэлийг хослуулсан Хархорум Дижитал Арт, Хөгжмийн Фестиваль 2 тайз, 2 өдөр, 2 өөр хөтөлбөртэйгөөр эргэн ирлээ.
Энэ удаад хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй электрон хөгжмийн ертөнцөд домог болсон DJ нар хүрэлцэн ирэх юм. Тодруулбал,
Техно артист Len Faki,
Хаус, техно урсгалаар тоглодог Nastia, Kollektiv Turmstrasse, Hosh зэрэг ОУ-ын болон Монголын артистууд оролцох аж.
За тэгээд, дэлхийн стандартад нийцсэн технологи, гэрэл, дуугаралтыг цогцлоосон Steppe Arena-д хөгжмийн өнгө төрхийг мэдэрцгээе.
Дашрамд дурдахад, ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал, дэмжигчээр Соёлын Яам ажиллаж буй.
📅 Хэзээ: 11 сарын 3, 4
🎃HSBC (0005.HK) $3 тэрбумын үнийн дүн бүхий хувьцаагаа халаасална. Улмаар тэд он гарсаар $7 тэрбумыг хувьцаа халааслахад зарцуулаад байна. Сонирхуулахад, компанийн III улирлын татвараас өмнөх ашиг шинжээчдийн таамгаас доогуур буюу $7.7 тэрбумд хүрчээ.
🎃Түмэн Шувуут (TUM) Түмэн Шувуут-2 фермээ барьж дуусгалаа. Тус ферм бүрэн ашиглалтад орсноор нэмэлтээр 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой болох юм. Мөн компани 80 ажлын байр бий болгож ₮32 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөсөн аж.
🎃ХХБ (TDB)-ны III улирлын ашиг жилийн өмнөхөөс 28.2% өсөж ₮109.1 тэрбумд хүрчээ. Тус өсөлтөд хүүгийн цэвэр орлого 14.8% нэмэгдэж ₮511.9 тэрбумд хүрсэн нь нөлөөлжээ. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг ₮2,155.8 болов. Банкны чанаргүй зээлийн харьцаа 9.2 нэгж хувиар буурч 12.2%-д хүрсэн байна.
🎃Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 12 сарын 4-нд болно. Хурлаар компанийн энгийн хувьцааны тоог нэмэх, оноосон нэрийг өөрчлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Сонирхуулахад, тус компанийн хувьцаа энэ онд 33.6% унаж ₮114 болжээ.
Сонирх: Монголын агаарын тээврийн авиа компанийн үйлчилгээ гаднын аялагчийн нүдээр. (JoshCahill)
Яагаад? Энэтхэгийн тэрбумтан Энэтхэг залуус 7 хоногт 70 цаг ажиллах хэрэгтэй гэв. (Insider)
Мэд: Байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх хоол хүнс. (VisualCapitalist)
Үз: Биднийг унтах үед бие организмд юу тохиолддог вэ? (TheEconomist)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply