- Lemon Press
- Posts
- ❌ Холын биш ойрын хориг
❌ Холын биш ойрын хориг
ҮЦК-иудын үзээтэй жил | Алтны үнэ 22 өдрийн дотор -17% | $ERDN-н борлуулалт
POWERED BY
Өглөөний мэнд! Уншигч нар маань хамгийн сүүлд хэзээ радио сонссоноо санаж байна уу? Сонирхуулахад, манай гараг дээр нийт идэвхтэй 44 мянга орчим радио байдаг бөгөөд эдгээр радиогийн олонхыг багтаасан Radio Garden гэх платформ бий. Тус платформ дээр Монголын радионуудыг оролцуулаад нийт 40 мянга гаруй радиог үнэгүй сонсох боломжтой аж. Ойрд радио сонсоогүй хүмүүс байвал ЭНД дараад дэлхий ертөнцийг сонсоорой. 📻😌


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэснээр шүгэл үлээгчдэд ₮1 саяас ₮5 тэрбум хүртэл урамшуулал олгох нь.
BOM: Нийт төлбөр тооцооны тооны дунджаар 27%-ийг, дүнгийн 18%-ийг бэлэн мөнгөөр гүйцэтгэж байна.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо The Nature Conservancy байгууллагатай тогтвортой, ногоон санхүүжилтийг орон нутагт хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана.

🔥 ҮЦК-иудын үзээтэй жил

Таны үйлчлүүлдэг ҮЦК өнгөрсөн онд хэр сайн ажилласан бол? Өмнө нь үнэт цаасны компани (ҮЦК)-иудын арилжааны талаар хүргэж байсан бол энэ удаад ашигтай ажиллагааны талаар хүргэе.
🤯 Арилжаа буурсан ч ашиг өсөв
Өнгөрсөн онд ҮЦК-иудын ашиг жилийн өмнөхөөсөө 1.7 дахин буурсан. Гэхдээ одоогоор тайлангаа ирүүлсэн МХБ (MSE)-д бүртгэлтэй 30 ҮЦК-ийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 19% өсөж нийтдээ ₮37 тэрбумд хүрчээ. Тэдний хувьд 2025 онд нийт ₮194.1 тэрбумын хөрөнгийг удирдаж ₮61.4 тэрбумын орлого олсон буюу ашгийн маржин нь 60% аж..
🥑 20/10: Тайлангаа ирүүлсэн компаниудын 20 ҮЦК дунджаар ₮1.9 тэрбумын ашигтай ажилласан бол үлдсэн 10 ҮЦК дунджаар ₮82.2 саяын алдагдал хүлээсэн байна. Тэр дундаа 2025 онд шинээр МХБ-ийн гишүүн болсон М Секьюритис ҮЦК хамгийн их буюу ₮400 саяын алдагдалтай ажиллажээ.
🕐 10-д нэг: Өнгөрсөн онд хамгийн өндөр ашигтай ажилласан ТОП-10 ҮЦК-ийг дахиад л Голомт Капитал ҮЦК тэргүүлжээ. Гэхдээ тэдний ашиг энэ жагсаалт дундаасаа ганцаар буурсан аж. Тодруулбал, 2024 онд компанийн ашиг 111% өсөж байсан бол энэ удаад 9.8% буурсан нь энэ. Гэснээс оны эхээр тэдний Гүйцэтгэх удирдлага солигдсон. Энэ онд хэр ажиллах нь сонирхолтой.
🤑 Өнгөлөг, мөнгөлөг
ТОП-10 дотор анхаарал татсан хэд хэдэн компани бий. Тодруулбал, 2024 онд ₮34.3 саяын алдагдал хүлээсэн Тэнгэр Капитал ҮЦК энэ удаад ашгаараа 3-рт эрэмбэлэгдэв. Арилжааны дүн нь 502.5% өссөн гэхээр арга ч үгүй юм даа. Цаашлаад, Өлзий энд Ко капитал ҮЦК-ийн ашиг 497.9% өссөнөөр саяар биш бүр ₮2 тэрбумаар хэмжигдэх болжээ.
Эцэст нь… ҮЦК-иуд зөвхөн арилжааны шимтгэлээс гадна актив удирдлага, зөвлөх үйлчилгээ, андеррайтерийн ажил руу хүчтэй орж, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлсэн нь харагдаж байна даа. Ингэснээр өрсөлдөөн ширүүсэж хөрөнгө оруулагчид зөвхөн хувьцаа авах биш, мэргэжлийн түвшний стратеги, оновчтой менежментээр зэвсэглэх боломж бүрдэж буй. Үүн дээр нэмээд УУББ дээр ҮЦК-иудын оролцоо илүү сайн тэлбэл энэ талбарт ч гал гарахаар байна даа.

✅ Солонгос хэл дээр нийслэл хотыг Уланбатор биш Улаанбаатар гэж бичнэ. (TheChosunIlbo)
😬 Ормузын хоолой саатсанаар дэлхийн худалдааны урсгал орвонгоороо эргэж байна. (UNCTAD)
🔊 Цаг үеийн асуудлаар Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан юу ярив? (graph.mn)
🌒 NASA: Ангараг хүрэхэд ашиглагдах саран дээрх АТЦ-тай баазаа $20 тэрбумаар барина. (Reuters)

📣 $ERDN-н 2025 оны амжилт
ERDN: Өнгөрсөн онд Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК 7,434 унц алт, 2,634 унц мөнгө борлуулжээ. Тухайлбал, компани анхны олборлолтоо 2025 оны 9-р сард эхлүүлсэн бөгөөд алтны нэг унцыг дунджаар $4,187, мөнгөний нэг унцыг $54-аар борлуулсан аж. Үүний үр дүнд 2025 онд компанийн алдагдал 2024 оны мөн үеэс 0.8% буурч CA$8.2 сая болжээ. Мөн компанийн эзэмшлийн Зуун Мод төслийн молибденийн нөөц 22%, зэсийн нөөц 16%-иар тус тус нэмэгдээд байна.

❌ Холын биш ойрын хориг

Хаврын урь унаж, тариалангийн ажил эхлэхэд багагүй хугацаа үлджээ. Тэгсэн тариалангийн амин сүнс болсон бордооны үнэ Оросын нитратын хоригоос болж өсөх магадлалтай болоод байна шүү.
🌾 Нитратыг товчхон: Нитрат нь ургамлын ургацад шаардлагатай азотыг хүргэдэг бордооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг. Хүнсний үйлдвэрлэлийн суурь түүхий эд болох энэ бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт тасалдвал хүнсний үнэ мэдэгдэхүйц өсдөг тул стратегийн ач холбогдолтой барааны нэгээр тооцогддог.
🇷🇺 Хөршийн шийдвэр
Өнгөрсөн 3-р сарын 21-нээс 4-р сарын 21-ийг дуустал Орос аммонийн нитратын экспортыг түр зогсоохоор боллоо. Уг шийдвэр нь Оросын хаврын тариалалтад зориулан дотоодын нийлүүлэлтийг хангах зорилготой аж. Оросын хувьд нитратын зах зээлийн томоохон тоглогч ба дэлхийн аммонийн нитратын худалдааны ойролцоогоор 40%-ийг бүрдүүлдэг.
❄️ Дам нөлөө: Тус хоригоос улбаалан дэлхий даяар бордооны нийлүүлэлт буурах буюу тариалангийн зардал өсөх эрсдэл нэмэгдэж байна. Мөн дам нөлөөгөөр ирэх саруудад хүнсний үнэ өсөх нь цаг хугацааны асуудал болоод байна.
🫂 Ахын хайр байхгүй юу?
Монгол сүүлийн 10 жилд 1,704.7 тн нитрит, нитратын барааг импортоор авсны 645.4 тн буюу 37.9%-ийг Орос бүрдүүлсэн аж. Ингэхдээ дунджаар нэг кг нитрит, нитратыг $0.9-аар худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн $695.2 мянгад хүрчээ. Дээрээс нь дотоодын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын бордооны 80%-ийг Оросын Азот компани ганцаараа хангадаг. Эндээс харахад, энэ хавар бордоо овоо үнэ орох төлөвтэй байна.
ℹ️ Сануулахад, ГЕГ-аас махан бүтээгдэхүүн ашиглагддаг нитритийг нитраттай хамтад нь бүртгэдэг. Тэгэхээр дээрх импортын датад нитрит болон нитрат хамтдаа орсон гэсэн үг юм.
Эцэст нь… Бид дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, нийгмийн өөрчлөлт гээд яг л кино шиг цаг үед амьдарч байна. Эдгээр зүйлс дээр нэмээд хойд хөрш маань ч энэ киног улам бүр сорилттой, драматай болгож байна даа. 🥸

3,844
Улсын хэмжээнд 2026 оны эхний 2 сарын байдлаар залилах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 25.7% нэмэгдэж 3,844-д хүрчээ.
85.1%
Нийт залилах гэмт хэргийн дийлэнх буюу 85.1% нь Улаанбаатарт бүртгэгдэв.
₮1.1 тэрбум
2026 он гарснаас хойш интернэт дэх хямдралтай хоолны хуурамч захиалгаар нийт 302 иргэн, ₮1.1 тэрбумаар хохирчээ.

💰🤝🏻 Bybit-н P2P ашиглан криптогоо шууд арилжаал

Яг арилжаа хийхээр дундын зуучлагч үнэ, төлбөрийн нөхцөлийг нь шийдээд төвөгтэй байдаг уу? Тэгвэл Bybit-н P2P арилжаагаар та өөр хэрэглэгчтэй шууд тохиролцож, арилжаа хийх боломжтой.
⭐️ P2P арилжааны давуу тал нь хэрэглэгчид хоорондоо шууд холбогдож, хэдэн зуун төлбөрийн хэрэгслээс өөрт тохирохыг сонгон арилжаа хийдэгт оршдог. Мөн талууд өөрсдөө нөхцөлөө тохирч, нуугдмал шимтгэл, ямар нэг хязгаарлалтгүйгээр аль алинд нь зөвшөөрөгдсөн үнээр арилжаагаа баталгаажуулна.
🛡️ Аюулгүй байдлын хувьд бүх арилжаа эскроу системээр хамгаалагдсан. Худалдан авагч болон худалдагч талууд хоёул баталгаажуулсны дараа л арилжаа явагдана. Хэрэв ямар нэг асуудал гарвал Bybit-тэй холбогдож, асуудлаа шийдэх бүрэн боломжтой.
Монгол хэрэглэгчдэд P2P арилжаа нь өдөр тутамдаа нийцсэн төлбөрийн хэрэгслээ ашиглан крипто авах, зарах энгийн, уян хатан, найдвартай арга юм. 👌🏻


Getty Images
🍋 Монголбанкны алт худалдан авах үнэ 22 өдрийн дотор 17% багасжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар 1 гр алт худалдан авах үнэ ₮505.9 мянга байгаа нь жилийн өмнөхөөсөө 50.5% өссөн боловч энэ сарын хамгийн өндөр үнэ болох 3 сарын 3-ны үнээс ₮103.2 мянгаар багассан дүн аж. Сонирхуулахад, өнгөрсөн 1 сарын 30-нд энэ үнэ ₮619 мянгад хүрч бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байв.
🍋 Туул-1 коллекторын шугам угсралтын ажил 25%-тай байна. Улаанбаатарын бохир усыг төв шугам руу татан зайлуулах гол дамжуулах уг шугам ашиглалтад орсноор гэр хорооллын бохир усыг стандартын дагуу татан зайлуулах, ил задгай бохир болон хөрсний бохирдлыг бууруулах юм гэнэ. 20 жил гацсан гээд байгаа энэ төсөл хэзээ дуусахыг харж л байя даа.
🍋 Дубайн чинээлэг худалдан авагчдад очих байсан Lamborghini, Rolls-Royce, Ferrari зэрэг 50 орчим тансаг зэрэглэлийн автомашин Шри-Ланка болон Хятадын боомтууд дээр гацжээ. Иран дахь дайны нөхцөл байдал нь Япон болон Өмнөд Солонгосын хуучин автомашины экспортын гол сувгуудыг хааж, логистикийн томоохон хямрал дагуулаад байгаа нь энэ. Улмаар тээврийн компаниуд зарим ачааг буцаах эсвэл автомашин бүрд $5,000-ын барьцаа нэхэмжлээд байна.
🍋 Монголын хөрөнгө оруулалтын сангуудын жижиг хөрөнгө оруулагчдын тоо өнгөрсөн оны эцсээс 592-оор буурав. Одоогоор Үндэсний Хувьчлалын Сан, Мандал Ирээдүйн Өсөлт болон Инвескор Глобал Кью гэсэн хөрөнгө оруулалтын сангуудад 5%-иас бага хувь эзэмшдэг нийт 15,180 хөрөнгө оруулагч байгаа аж. Нэмж дурдахад Мандал Ирээдүйн Өсөлт ХОС-гийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөс 2-оор нэмэгджээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply