• Lemon Press
  • Posts
  • 🗞️ Монголын бизнесийн ертөнцийн базаа

🗞️ Монголын бизнесийн ертөнцийн базаа

2025 оны Монголын бизнесийн ертөнцийн тойм

POWERED BY

Өглөөний мэнд! 2025 он дуусахад ердөө 7 хоног үлдсэнтэй холбоотой өнөөдрийн товхимлоор та бүхэнд энэ жилийн Монголын бизнесийн ертөнцийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Гэснээс өнөөдрийн 13 цагт манай “LP Awards 2025”-н нэр дэвшигчдийн санал хураалт дуусна шүү. Санал өгөх бол ЭНД дараарай. 🍋✌🏻

📊 Шинэ болон зогссон бизнес

Энэ оны III улиралд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 8.5% өсөж 115 мянгад хүрсэн бол үйл ажиллагаа явуулаагүй ААН-ийнх 13.9% өсөж 164.9 мянгад хүрчээ. Тус датаг сүүлийн 10 жилээр харвал үйл ажиллагаа явуулаагүй ААН-үүдийн өсөлт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс 2 дахин хурдан байгааг харж болно.

  • ⌛️ 10 жилийн өмнө: Тэртээ 2016 онд үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулаагүй ААН-ийн тоо бараг л тэнцүү байсан бол 2025 онд үйл ажиллагаа явуулаагүй ААН-ийн тоо даруй 2.4 дахин нэмэгдэж, нийт ААН-ийн 58.9%-ийг эзлэх болжээ. Үүнийг бизнесийн өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж болох ч Монголд бизнес эрхлэх жил ирэх бүр хүндхэн даваа болж буй нь ААН-ийн үйл ажиллагаагаа зогсоох жинтэй шалтгаан юм. 

🛡️ Хувийн хэвшлийг хамгаална

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Эдийн засгийн эрх чөлөөгөөр маруухан манайд энэхүү хууль нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх талтай. Учир нь уг хуульд төрөөс хориглосноос бусад хувийн хэвшлийн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх зарчмыг тусгаж, төрийн байгууллага, албан тушаалтнуудад хууль бус хяналт шалгалт хийх, өмч хураах зэрэг үйлдлийг хориглосон аж.

🥀 Хэцүүхэн татварын орлого

2025 оны эхний 11 сарын байдлаар улсад ₮23.5 их наядын татварын орлого төвлөрчээ. Энэ нь өнгөрсөн он мөн үетэй харьцуулахад 3.4% буураад байна. Уг бууралт нь нүүрсний үнийн уналт болон байгууллагууд татвараа төлж чадахгүй байгаа хүндхэн нөхцөл байдалтай холбоотой. Саяхан Татварын Ерөнхий Газраас 2025 оны улсын төсөвт ₮17.9 их наядыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч ₮15.5 их наяд буюу 86%-ийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлсэн. 

  • 😓 Данс хаана: Татварын орлогыг дутаахгүйн тулд ТЕГ-аас хуримтлагдсан татварын өрийг барагдуулах ажиллагааг эрчимжүүлж, төлж чадахгүй тохиолдолд хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ нь 72 мянган татварын өртэй байгууллагуудад хар дарсан зүүд шиг мэдээ байв.

⏭️ Татварын багц хууль

Ирэх оноос хэрэгжиж эхлэх хүлээлттэй Татварын багц хуулийн өөрчлөлт энэ ондоо багтан УИХ-д өргөн баригдахаар боллоо. Сүүлийн нэг жилд боловсруулагдсан тус хуулийн өөрчлөлт нь 1990 оноос хойших 4 дэх том шинэчлэл юм. Хэрэв батлагдвал, Монголд үйлчилдэг 30 төрлийн татварын 9-10 төрлийн татварын хувь хэмжээ, параметр өөрчлөгдөж, одоогийн татварын орлого ₮2.8 их наядаар буурах буюу энэ хэмжээний татварын орлого иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлдэх аж. 

💰 Үнэт цаас = Санхүүжилтийн эх үүсвэр

Монголд үйл ажиллагаа явуулахад бодлого, эрх зүйн орчны тогтвортой байдал болон санхүүжилтийн асуудал хамгийн хурцаар тулгардаг. Иймдээ ч ААН, компаниуд санхүүжилтийн эх үүсвэрээ олон янзаар бүрдүүлдэг болсон.

Энэ жишгээр 2025 онд олон компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа тэлэхээр бонд, ХБҮЦ зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд танилцууллаа. Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX), Биржийн бус зах зээл (ББЗЗ) дээр нийт 150 орчим үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдсан бөгөөд нийт ₮1.8 их наядыг татан төвлөрүүлжээ.

  • 📷 Том зураг: Өнгөрсөн хугацаанд ББЗЗ дээр үнэт цаас гаргагч компаниуд нийт ₮4.9 их наядыг татан төвлөрүүлсэн бөгөөд үүний 50.1%-ийг санхүүгийн салбарынхан бүрдүүлээд байна. Санхүүгийн салбарын задлаад харвал, 51.4% буюу ₮1.3 их наядыг нь ББСБ-ууд эзэлж байна.  

💡 Салхи хагалсан ТОП-100

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд ТОП-100 ААН ₮5 тэрбум хүртэлх үнийн дүнтэй, 1 жилийн хугацаатай санхүүжилтийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хэлбэрээр гаргах боломжтой болжээ. Энэ жил тус хөтөлбөрийг ТОП-100 ААН-ээс Шунхлай Групп болон Сүү (SUU) нар хэрэгжүүлээд байна.  

🧠 AI-н нэгдсэн стратегийн төв

Энэ жилийн хамгийн халуухан сэдэв бол яах аргагүй AI байлаа. Дэлхий дахинд AI-тай холбоотой олон ололт амжилт гарч, түүнийг даган зах зээлүүд ч овоо хөдөлгөөнтэй байв. Тэгвэл манай зах зээл ч AI-с хоцорсонгүй. Учир нь Монголын бизнесийн ертөнцийн аваргуудын нэг М-Си-Эс Групп AI-н нэгдсэн стратегийн төв болох MCS AI Lab-г байгуулжээ

🔍 Бизнесийн цаана

MCS AI Lab нь AI инновац, судалгаа хөгжүүлэлтийн төв, цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөх AI бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой. За тэгээд үйл ажиллагааг нь задлаад харвал:

  • 📚 AI-н мэдлэг, чадавх: MCS AI Lab нь М-Си-Эс Академийг түшиглэн М-Си-Эс Группийн мэргэжилтнүүд болон удирдлагуудад зориулсан AI, machine learning, дата шинжилгээ чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулах аж. 

  • 🧑🏻‍💻 Судалгаа, хөгжүүлэлт (R&D): AI, дата болон технологийн судалгаа шинжилгээг тасралтгүй хийж, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн AI болон дата шинжилгээний шийдлүүдийг М-Си-Эс Группээс гадна бусад бүх байгууллагуудад нээлттэй нэвтрүүлэн хамтдаа хөгжих эрхэм зорилготой аж.

  • 🎙️ AI соёл: AI-н чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, сонирхогчдыг холбож, мэдлэг, туршлага хуваалцах уулзалтууд, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах гэнэ.

🌎 Олон улсын туршлага

Дэлхийн томоохон группүүд AI Lab-тай болсноор инновацын хурд нэмэгдэж, датад суурилсан шийдвэр гаргалт сайжирч, зардал буурдаг. Тухайлбал, 2023 онд IBM (IBM) дотооддоо AI Lab болон автоматжуулалтын системүүдийг нэвтрүүлснээр $3.5 тэрбумын зардал хэмнэсэн бөгөөд AI-н тусламжтай компанийн үйл ажиллагааны бүтэмжээ 50%-иар нэмэгдүүлжээ.

Эцэст нь… Технологи цаг минуттай уралдан хөгжиж буй энэ цагт AI нь бизнесүүдэд томоохон давуу талыг олгох болсон. Дараагийн AI-г бизнестээ нэвтрүүлэх томоохон компани юу байх бол? 🤔

₮26.1 их наяд
Арилжааны банкнуудаас энэ оны эхний 11 сарын байдлаар хувийн байгууллагад ₮26.1 их наядын зээл олгожээ. 
17.3 мянга
Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банканд зээлтэй хувийн байгууллагын тоо мөн үеэс 16.6% өсөж 17.3 мянгад хүрэв.
93.9%
Энэ онд арилжааны банкнаас хувийн байгууллагад олгосон нийт зээлийн 93.9%-ийг төгрөгийн зээл эзэлж байна.

Lemonade in Japan тун удахгүй…🇯🇵🍋

Зиак, Lemon Press нь Lemonade брэнд контентынхоо цоо шинэхэн улирлыг арлын Япон Улсад бэлтгээд ирлээ! Ямар онцлогтой, ямар зорилготой видео контент вэ гэдгийг тайлбарлаад өгье, анхаарлаа нааш. 📢

Lemonade цувралаар орлого, зарлагаа хэрхэн удирдах, юунд хөрөнгө оруулалт хийх гэхчлэн залууст тулгардаг олон асуултын хариултыг хуваалцах зорилгоор өнгөрсөн 5 улирлын турш салбар, салбарын хөдөлмөрч, оюунлаг мэргэжилтнүүдийн туршлагыг хуваалцсаар ирсэн билээ.

  • 🇰🇷 Эргэн санавал, цувралын өнгөрсөн улирлыг бид анх удаа хилийн чанадад бэлтгэж, энэ хүрээнд Солонгост суугаа гоцлол бүжигчин, модель, AI судлаач инженер тэргүүтэй ажил мэргэжлээрээ бусдаас онцгойрсон сайн мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан юм. 

Тэгвэл энэ улирлаар бид Японд ажиллаж, амьдарч буй био-инженер, уулын бэлд ферм эрхлэгч, Revolut-н стратеги, үйл ажиллагааны менежер тэргүүтэй 8 гайхалтай Монгол залуусыг оролцуулаад байна.

За тэгээд шинэхэн Lemonade-г амтлахдаа бэлдээд сууж байгаарай. 🍹Гэснээс цувралын спонсороор хамтран ажиллах боломжтой шүү.

⭐️ 2025 оны одтой стартапууд

2025 онд Монголын стартапууд богц дүүрэн амжилттай байв. Сар бүр л стартапууд дэлхий хаа нэг орны шилдэг стартапаар шалгарч ирсэн гэж болно. Тэгвэл эдгээр амжилттай яваа стартапуудаас дараах 3-ыг стартапыг онцлохоор шийдлээ.

  • Egune AI: Өнгөрсөн 5-р сард Egune AI Голомт банк (GLMT)-аас $3.5 саяын хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ $40 саяд хүрснээр Монголын хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болсон түүхтэй.

  • Prohost AI: Энэ жилийн 10-р сард Y Combinator-т орсон анхны Монгол үүсгэн байгуулагчтай стартап Prohost AI $2.6 саяын санхүүжилт татжээ. Эргэн харвал, ProhostAI 2024 онд YCombinator-н “Summer 2024” хөтөлбөрт шалгарсан ба өдгөө тус стартап 9 ҮХХ эзэмшиж жилдээ $1.5 саяын орлого олдог болжээ.

  • oneplace.hr: Саяхан хүний нөөцийн салбарт AI-д суурилсан шийдэл санал болгож буй oneplace.hr Узбекистаны 5 сая хэрэглэгчтэй томоохон апп болох Hambi-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнчлэн, Узбекистаны IT Park Ventures-с $50 мянгын хөрөнгө оруулалт татаж, компанийн үнэлгээгээ ₮10 тэрбумд хүргэсэн аж.

Эцэст нь… Энэ хүрээд 2025 оны Монголын бизнесийн ертөнцийг тоймолж дууслаа. Маргааш хөрөнгийн зах зээлийн тоймоор эргэн уулзъя! Adios. ✌🏻

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.