• Lemon Press
  • Posts
  • 🤖 $40 саяын үнэлгээтэй Монгол компани

🤖 $40 саяын үнэлгээтэй Монгол компани

Хөрөнгө оруулалтын шийдвэр 6 минут | Дотоод худалдаа удаашрав | $TDB: 91.7%

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Улаанбаатарын борооны улирал албан ёсоор эхэллээ. Өнөөдөр болон Пүрэв гарагт бороо орох магадлалтай тул шүхрээ авч гараарай. Бороо орохоор Улаанбаатарын өнгө зүс сайжраад ирдэг нь хайр татам ч, шавар шавхай, үер нь үзэн ядам даа. 😮‍💨

*Нэг өдрийн өөрчлөлт.

GLMT: Egune AI Голомт банк ХК (GLMT)-иас $3.5 саяын хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ $40 саяд хүрснээр Монголын технологийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. 

MNG: Монгол болон Өмнөд Солонгосын ₮32 тэрбумын хөрөнгө оруулалттай МДМ амфул фарм компанийн тарилгын эмийн үйлдвэр ашиглалтад оржээ.  

ADB: Азийн хөгжлийн банк 2030 он хүртэл нийт $40 тэрбумыг хүнсний тогтолцооны шилжилт, дижитал технологи, эрчим хүчний шилжилтийг дэмжихэд зарцуулна.

🛒 Дотоод худалдааны савалгаа

Худалдааны салбарын 2025 оны эхний улирлын борлуулалт ₮14.1 их наядад хүрлээ. Харьцуулан харвал өнгөрсөн жилийн мөн үеэс 0.4% өссөн ч өмнөх улирлаасаа 28.5% буурсан байна.

Жижиглэн ⬆️, Бөөн ⬇️  

Худалдааны салбарын эхний улирлын борлуулалтын орлогын 42.9%-ийг бөөний худалдаа, 57.1%-ийг жижиглэн худалдааны салбар бүрдүүлэв. Энэ дундаа жижиглэн худалдаа 2.3% өсөж ₮8.1 их наяд, бөөний худалдаа 2% буурч ₮6.1 их наядад хүрээд буй. 

  • 🍒 Бараа бүтээгдэхүүний төрлөөр гэвэл, 76.5%-ийг хүнсний бус бүтээгдэхүүн, 23.5%-ийг хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Тус 2 ангиллын жилийн өсөлтийн хувьд хүнсний бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 11.2% өсөж ₮3.3 их наяд, хүнсний бус бүтээгдэхүүн 2.5% буурч ₮10.8 их наядад хүрэв. 

  • 🧻 Хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт буурахад, бөөний худалдаа 41.7%, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны төрөлжсөн дэлгүүрүүдийн жижиглэн борлуулалт 20.9% буурсан нь голлон нөлөөлсөн юм.

🌡️☁️  Улирлын хэлбэлзэл

Монголчуудын дотоод худалдан авалт жил бүрийн IV улиралд өндөр байдаг учраас оны эхний улиралд өмнөх улирлаасаа буурах хандлагатай байдаг. Трэндийн хажуугаар анхаарал татсан өөр нэг зүйл нь бууралтын гүн нь цар тахал гарсан жил болох 2020 оны I улирлыг эс тооцвол өнгөрсөн I улиралд өмнө нь байгаагүйгээрээ гүнзгийрэв. 

  • 🫢 Зарцуулалт хумигдав: Тус улиралд хүнс болон жижиглэнгийн борлуулалт бага зэрэг өсөж, бөөний болон хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт буурсан нь иргэд, ААН-үүдийн хэрэглээ хумигдаж эхэлсний дохио. 

  • ⚠️ Инфляц: Гэснээс жилийн дотор хүнсний бус бүтээгдэхүүний инфляц хэр өссөнийг мэдэж байгаа юу? 4.6 нэгж хувиар нэмэгдэж өнгөрсөн 3-р сард 9.5% болсон гэхээр худалдан авалтад нөлөөлөхгүй гээд яах вэ дээ…

✊🏻 Бүүдгэр эдийн засаг = бүс чангалалт

Өнгөрсөн он Монголын хувьд нүүрсний экспорт 83.7 сая тн, дотоодын худалдаа ₮68 их наяд гэхчлэн олон дээд амжилттай түүхэн жил байсан. Харин энэ онд эдийн засаг дотоод, гадаадгүй бүүдгэр байгаа учраас иргэд, ААН-үүд энэ тодорхойгүй байдалд дор дороо бүсээ чангалах төлөвтэй байна. Эл асуудал эрх баригчдад огт хамаагүй мэт 7 хоног бүр хэрэгтэй хэрэггүй арга хэмжээ зохиож, тансаг хэрэглээ, амьдралын хэв маягаа гайхуулж байна. Жавхлан юм даа.

$TDB: 91.7%

TDB: Худалдаа Хөгжлийн Банкны 2024 оны засаглалын кодексийн хэрэгжилт 91.7% буюу хэвийн үнэлэгдэж, биржид бүртгэлтэй 111 ХК-иас 20-р байранд оржээ. Нийт 9 үзүүлэлтээс 3 үзүүлэлт болох ТУЗ-ийн зохион байгуулалт, дэргэдэх хороод тэдгээрийн чиг үүрэг болон оролцогч талуудын эрх ашиг гэсэн үзүүлэлтүүдэд оноо алдсан аж. Түүнчлэн Даваа гаргийн арилжаагаар $TDB-н нэгж хувьцааны үнэ 1 өдрийн дотор 5.1% өсөж ₮22,980-т хүрээд байна.

  • 🚿 Халуун ус тасрах хуваариа харж амжсан уу? (Ikon)

  • 💰 Улсын төсвөөр Биткойн худалдаж авахыг зөвшөөрсөн Америкийн анхны муж. (CoinDesk)

  • 🍎 Apple-н хэрэглэгчид 8 долоо хоногийн дотор $20-$100-ын нэхэмжлэл гаргах эрхтэй. (TheVerge)

  • 🕶️ OpenAI IPO хийхээр зэхэж байгаа сурагтай. (Binance)

⏳ Хөрөнгө оруулалтын шийдвэрийг 6 минутад

Шинэхэн чанасан өглөөний кофе шиг хөрөнгө оруулагчдын зан төлөвийн тухай судалгааны ажил хэвлэгджээ. 

  • Тус судалгааг Америкийн 484 хөрөнгө оруулагчийн 2,911 удаагийн хөрөнгө оруулалтын шийдвэрт үндэслэж, 4 сарын интернэтийн 60 мянган цагийн хэрэглээний дата дээр тулгуурлан гүйцэтгэжээ. Үр дүн юунд хөтлөв? 

Судлахад 6 минут

Энэ хэсэгт хөрөнгө оруулагчдыг 2 хэсэгт авч үзье. Эхнийх нь медиан хугацаан дээр үндэслэсэн ба хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахаасаа яг өмнөхөн л судалгаагаа эхэлж, түүндээ 6 минутыг зарцуулдаг гэнэ. Харин нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалт хийхээс 24 цагийн өмнө судалгаагаа эхлүүлж дунджаар 29 минутыг зарцуулдаг ажээ. Гэснээс манай лимончууд хэдий хугацааг судалгаанд зарцуулж байна?

♨️  Сэтгэл татах хувьцаа 

Цаашлаад, компанийн зах зээлийн үнэлгээ болон холбогдох чухал мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад нөлөөлдөг аж. Жишээлбэл, 2007 онд iPhone-г танилцуулсны дараа Apple (AAPL)-н хувьцаа шууд л моодонд орж байв. Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хөрөнгө оруулагчдын сонирхлыг соронз шиг л татдаг гэж байгаа. Нэг үеэ бодвол манай ХК-иуд дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, IR дээрээ ихэд анхаардаг болжээ.

🔻 Түгээмэл алдаа

Хөрөнгө оруулагчид эрсдэлээс илүүтэй ашгаа түрүүлж бодоод алдаа гаргах нь элбэг. Судалгаанд оролцогсдын ихэнх нь арилжааны мэдээ, үнийн график, холбоотой мэдээлэл болон экспертүүдийн зөвлөгөөг үндэслэн судалгаагаа хийдэг аж. Харин цөөнх хэсэг нь л эрсдэлд ач холбогдол өгч, илүү их судалдаг байх нь. Эндээс мэргэжлийн зөвлөгөө яагаад чухал гэдгийг нь тунгаах биз ээ.

Эцэст нь.. Хөрөнгө оруулалтын шийдвэр тань мэдээлэлд тулгуурлаагүй бол яг л ойд төөрсөн сармагчин лугаа адил. Тиймээс шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан Lemon Press-н товхимлоо идэвхтэй унших хэрэгтэй шүү. Нэмээд ХК-иуд энэ судалгааг уншаад юунд анхаарах ёстойгоо нэг харна биз ээ.

Excel дээр бөөн тоон утгуудыг хялбархан ялгаж харахад туслах Conditional formatting ашиглах арга сурцгаая. 

  • Давхардсан, эсвэл давтагдашгүй утгуудыг тодруулах бол, Home➡️Conditional Formatting➡️Highlight Cells Rules➡️Duplicate Values сонгоод тохируулаарай. 

  • Харин тоон утгуудын их багыг өнгөний шатлалаар дүрслэн харуулах бол Home➡️Conditional Formatting➡️Data Bars эсвэл Color Scales аль дуртайгаараа сонгож харуулах боломжтой.

🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

CNA

🍋 Америк, Хятад харилцан тогтоосон тарифаа 90 хоногийн дотор 115 нэгж хувиар бууруулахаар тохиролцлоо. Үүний үр дүнд Хятадын импортын тариф 10%, харин Америкийнх 30% болж буурах юм. Энэ шийдвэрийг зарласны дараа хөрөнгө оруулагчдын дунд борооны дараа үүл цэлмэх шиг болж Nasdaq (NDAQ) л гэхэд 3.6% өсөөд авав. Гэснээс Баасан гарагт Америкт Хятадын 145% импортын тариф шингэсэн эхний бараанууд газардсан. 

🍋 Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгохгүй. Энэ шийдвэр мөн экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдэд хамаарч буй. Ийнхүү тээврийн хэрэгслийн нийслэлийн дугаар авахад шаардах шинээр тогтоосон 6 шалгуур үзүүлэлт бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрэгжиж эхлэх нь ээ. Автомашин авахдаа сайн бодолцохгүй бол горьгүй нь шүү. 

🍋 CATL (300750.SZ) Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж $4 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Компани Хонконгд 8 сая ш, ОУ-ын зах зээлд 109 сая ш тус бүр нь $33.81-ын үнэтэй хувьцаа гаргаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдаас 5 сарын 16 хүртэл санал авах юм. Ийнхүү тус IPO нь тус хөрөнгийн бирж дээрх 2021 оны Kuaishou-н $5.4 тэрбумын IPO-с хойших хамгийн өндөр дүнтэй IPO болох нь дээ. 

🍋 ЗГ говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ. Онцолбол, Даланзадгад, Чойрт тээвэр логистикийн төв, хуурай боомт, Дундговьд соёл, аялал жуулчлалын тусгай бүс байгуулах бол Замын-Үүдийн ЭЗ-ийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулах юм гэнэ. Гэснээс тус бүсэд 14 мега төслийн 4 нь хэрэгжихээр төлөвлөөд буй.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.