• Lemon Press
  • Posts
  • !?️ Төсөв данхайсаар...

!?️ Төсөв данхайсаар...

Тамхины импорт | Zoom ба Google Docs | 2024 оны төсөв

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр “Дэлхийн багш нарын өдөр” тохиож байна. Бүх багш нартаа баярын мэнд хүргэе. 🎉 Сонирхуулахад, ЕБС-д нийт 36,118 багш ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 88.3% нь улсын сургуулийн багш нар аж. Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой! 👨‍🏫👩‍🏫

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сарын өмнөхөөсөө 3.5% буурч ₮10 их наяд болов.

COP: Зэсийн үнэ сүүлийн 6 сард анх удаа $8,000-оос уруудаж $7,998.3 боллоо.

^GSPC: S&P 500 6 р сарын 1-нээс хойших хамгийн доод цэг буюу 4,229 нэгжид хүрэв.

⁉️ Төсөв данхайсаар…

Заа ирэх оны төсвийн төсөл танилцуулагдлаа. Сонгуулийн сургаар төсвийн зардал 2023 оныхоос 22.3% өсөж ₮27.4 их наядад хүрнэ гэж тусгагджээ. Юу болоод байна?

Таны сонорт хүрэх ёстой тоонууд

  • ₮25.4 их наяд: Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наядад хүрэх гэнэ. Үүний 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлнэ. Өөрөөр бол бид ирэх онд энд онд төлснөөсөө ₮4.5 их наядаар их дүнтэй татвар төлөх нь.

  • -₮2.1 их наяд: Харин зардал нь 2023 оны төсвөөс 22.3%, 10 жилийн өмнөхөөс бүр 285.9% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ. Улмаар ирэх оны төсөв ₮2 их наядын алдагдалтай байх нь.

Асуудал^2

Төсвийн орлого, зардал жил бүр л өсөж байна. Энэ ч утгаараа жил бүр төсвийн тэнцэл алдагдалтай гарч буй. Ер нь төсөв томорсоор л, алдагдалтай гарсаар л байх ёстой юу?

Хонь VS Чоно: Мөнгөний бодлого нь хатуу чиглэлд, бодлогын хүү нь 13%-д хадгалагдаж байгаа ч төсвийн бодлого нь тэлсээр. Өөрөөр бол нэг талд Монголбанк инфляцыг хазаарлахаар үзэж тараад байдаг нөгөө талд төсөв нь айлын эрх хүүхэд шиг улам л өндөрт цовхчоод байдаг. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр ЗЗ хумигдсан хэвээр, та бидний авах зээл өндөр хүүтэй хэвээр байна л гэсэн үг.

Намайг сонго: Сонгуулийн жил бүр төсвийн зардал огцом нэмэгддэг нь жам. Уг нь бол манай төсвийн зардал сүүлийн 10 жилд дунджаар 15% өссөн. Гэтэл 2016 болон 2020 оны сонгуулийн жилийн төсвийн зардлын өсөлт дунджаас 2 дахин илүү байна. Ирэх сонгуулийн жилийн төсвийн зардлын өсөлт ч мөн дунджаас 7.3 нэгж хувиар илүү байх нь.

Энэ мэтээр төсвийн зардал данхайсаар байвал инфляцын дарамт нэмэгдэх, төсвийн алдагдлаас үүдэн зээлийн хүү өсөх, валютын ханш тогтворгүй байдалд орох, зээлийн зэрэглэл буурах зэрэг олон сөрөг үр дагавартай. Тэгэхээр бодлого боловсруулагчид төсөв, мөнгөний бодлогод илүү тэнцвэртэй хандах хэрэгтэй байна даа.

Шинэ Google Docs

ZM: Zoom өөрсдийн Google Docs-н хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүн нь Zoom-н AI Companion болон бусад AI чадавхаар тоноглогдсон байх бөгөөд хэрэглэгчдэд төсөл боловсруулах, засварлах, нэгтгэн дүгнэх, уулзалтын тэмдэглэл оруулахад туслах аж. Мөн баримт бичгийн агуулгын талаарх асуултуудад хариулах боломжтой гэнэ. Компани уг бүтээгдэхүүнийг 2024 оны хавар худалдаанд гаргах юм.

🚬 Импортолсон тамхи: 3.5 тэрбум ширхэг

2022 онд янжуур тамхины импорт огцом буюу $14.3 саяар нэмэгдэж $74.4 саяд хүрснээр дээд түвшин тогтоогоод буй.

Тамхины импорт

Өнгөрсөн 8-р сарын байдлаар янжуур тамхины импорт 2.2 тэрбум ширхэгт хүрчээ. Түүхэн дээд хэмжээ тогтоосон өнгөрсөн оны хувьд тоо ширхгээр нь авч үзвэл 3.5 тэрбум ширхэг байх жишээний. Тэгэхээр Монголчуудын импортын тамхины хэрэглээ 10 жилийн дотор 1.8 дахин нугарсан гэсэн үг. Тэгвэл импортын тамхины зах зээл дээрх тоглогчдыг тольдъё.

Импортын тамхины зах зээл

Монголд тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй 19 ААН, үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 2 ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс импортын тамхины зах зээлийн 85%-ийг ердөө 2 компани л эзэлж байна. Тодруулбал, Алтангадас Трейд ХХК зах зээлийн 44%, Волтам ХХК 41%-ийг эзэлдэг бол үлдсэн 14%-ийг бусад 17 импортлогчид бүрдүүлж байгаа юм. Сонирхуулахад, Алтангадас Трейд ХХК нь хувьд Өмнөд Солонгосоос, Волтам ХХК Казакстанаас янжуур тамхи импортолдог байна. Тэгвэл Монголчууд ямар тамхийг хамгийн ихээр хэрэглэж байна?

  • ТОП-5: Дотоодын зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа янжуур тамхины брэндийг жагсаах аваас, 1-т Esse 2-т LD 3-т Mevius 4-д Caster 5-д Raison байгаа юм.

  • Задлан харвал, Алтангадас Трейд ХХК Өмнөд Солонгосоос Esse, Raison-г, Волтам ХХК Казакстанаас LD, Mevius, Caster-г оруулж ирдэг гэнэ.

Жилд дунджаар: 1,026

Үргэлжлүүлээд хэрэглээ талаас нь харвал, өнгөрсөн онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад 1 хүнд жилд дунджаар 1,026 янжуур тамхи буюу 51 хайрцаг янжуур тамхи ногдох юм. Гэхдээ хүн амын 21.4% нь тамхи татдаг гэхээр 1 хүнд ногдох хэмжээ нь пуужиндана. 🚀 

Эцэст нь… Импортын тамхины зах зээлийн өнгө нэг иймэрхүү. Үүнийг уншаад нэгийг бодно биз ээ.

20%
Инфляцын өсөлтөд сургалтын төлбөр 20% буюу олон жилийн дундаж өсөлтөөс 2 дахин өссөн нь нөлөөлжээ.
40%-50%
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд мах, сүү, хүнсний ногоо, шатахуун гэсэн 4-5 төрлийн бүтээгдэхүүн нийт инфляцын 40%-50%-ийг бүрдүүлж байна.
6+/-2
Харин ирэх онд бодлогын хүү ямар байх нь инфляц зорилтод түвшин болох 6% +/-2% болж тогтворжих эсэхээс хамаарах юм.

🤖 APRC-2023 чуулган айсуу

Хиймэл оюун ухаан ба маркетингийн судалгааны интеграци сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ жилийн APRC-2023 чуулган 10 сарын 12, 13-нд болох гэж байна.

Тус чуулганаар ЗЗ-ийн судалгааны чиг хандлага, дата аналитик дахь AI хэрэглээ, дижитал худалдан авалтын замнал, зан төлөвийн эдийн засаг ба маркетинг зэрэг сэдвээр Азийн топ экспертүүд илтгэл тавих юм.

Онцлох зочид,

  • Дэлхийн номер нэг СХ платформ болох Qualtrics-н илтгэгч,

  • Хятадын судалгааны институт болох Catarc-н илтгэгч,

  • Samsung-н судалгаа, хөгжүүлэлтэд ажиллаж байсан туршлагатай зочид хүрэлцэн ирж туршлагаа хуваалцах аж.

🗺️ Хаана: Корпорэйт зочид буудал конвеншн центр

🔗 Бүртгүүлэх бол ЭНД дараарай.

Tipranks

🔹Intel (INTC)-н охин компани Programmable Solutions Group IPO хийнэ. Intel тэднийг 2015 онд $16.7 тэрбумаар худалдан авч байсан бөгөөд IPO-г нь ойрын 2-3 жилд хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Улмаар тус мэдээллийн араас Intel-н хувьцааны үнэ 2.1% өсөж $36.4-т хүрлээ.

🔹Netflix (NFLX) стриминг үйлчилгээнийхээ төлбөрийг ахин нэмнэ. Энэ нь Америк, Канадаас эхлээд хэд хэдэн орныг хамрах аж. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жил бүх багцынхаа төлбөрийг нэмсэн бөгөөд зар сурталчилгаагүй стандарт багцаа сарын $15.49, премиум багцаа $19.99 болгосон билээ.

🔹Golomt Capital Championship-н 29 дэх 7 хоногт ТОП-10 оролцогчийн жагсаалтыг TJ тэргүүлж эхэллээ. Удаах байрыг өнгөрсөн 7 хоногийн тэргүүн байрны оролцогч Goldie өнгөлөх болов. Сонирхуулахад, тэмцээн эхэлснээс хойш TOП-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 23.22%-тай байгаа аж.

🔹Xanadu Mines Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг дэмжих 48 мянган метр дүүргэлтийн алмаазан өрөмдлөг гүйцэтгэлээ. Түүнчлэн компаниас White Hill ордоос илрүүлсэн шинэ бүсийн дүүргэлтийн өрөмдлөг улам тэлсээр байгааг онцлов.

🔹Иений ханш унасны улмаас Японы ҮҮХ-ийн салбар цэцэглэж эхлэв. Тодруулбал, тус улс руу орж буй гадаадын хөрөнгө оруулагчдын тоо энэ оны эхний улиралд өмнөх оноосоо 100% өссөн бөгөөд энэ нь ҮХХ-ийн салбарт эергээр нөлөөлжээ. Сонирхуулахад, он гарснаар иений ханш долларын эсрэг 11% унаад буй.

Байгалийн шимийг хүртэх нь

Өвөл айсуй. Хэрхэн сүү, сүүн бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжих вэ? 🥛 Та өдөрт 200 грамм тарагнаас 8-10 грамм уураг авах ёстойгоо мэдэх үү?

Яаж хангах вэ?

Сүү ХК (SUU) 100% органик, хугацаа уртасгагч болон амт оруулагч, бусад төрлийн нэмэлт бодис агуулаагүй, ашигтай бактериар баялаг “Шим” брэндийг гаргажээ.

  • Ямар гэнэ ээ? Та өдөрт уух 200 грамм шимт тараг нь 8.5 грамм уураг, 296 мг кальци, 29 мг магни, 380 мг кали болон бусад аминдэмээс бүрдэж буй. Нэг ёсондоо 200 грамм тараг уухад 2 тэрбум пробиотик авах боломжтой аж.

Тараг уух = санхүүгийн хувьд хэмнэлт

Тараг нь шим тэжээл, ялангуяа мах, загас, нэмэлт тэжээл зэрэг илүү үнэтэй уургийн эх үүсвэртэй харьцуулахад харьцангуй хэмнэлттэй арга байж болох юм. Гэхдээ мэдээж хооллолтынхоо тэнцвэрийг хадгалах нь чухал шүү.

  • Унш: Хамгийн халуухан зах зээл. (WSJ)

  • Мэд: УИХ-аас баталсан хуулийн төслүүдийг аудио хэлбэрт шилжүүлнэ. (Parliament)

  • Сонс: Сонсоод тайвшраарай. (SurrealSound)

  • Ашгүй дээ: Google Spam имэйлтэй хатуу тэмцэнэ. (CNBC)

Reply

or to participate.