• Lemon Press
  • Posts
  • ❌ Манайд битгий ир!

❌ Манайд битгий ир!

ТОП-20 компанийн зуны өнгө | $GLMT: $65 саяын санхүүжилт | Гишүүдийн хөрөнгө

POWERED BY

Өглөөний мэнд! Ирэх 7 хоногийн яг энэ өдөр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны 1 болон 2-ын даваа эхлэхээр байна. Энэ жилийн бөхийн чансааг Ховд аймгийн Мөст сумын харьяа Аймгийн арслан М.Баяржавхлан 10,100 оноотой тэргүүлж байгаа бол удаах байранд 9,300 оноотой Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяа Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар жагсаад байна. Лимонуудын маань энэ жилийн түрүү бөхийг хэн гэж таамаглаж байна? 🔮

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: Өчигдрийн УИХ-ын хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр М.Анарыг томиллоо. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжив.

MSE: Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн тайлангаар Худалдаа Хөгжлийн Банк (TDB) 98.67%, Монложистикс Холдинг (MLG) 97.33%-иар тус тус үнэлэгджээ

GOV: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, ЗГ-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал ТӨК-иудын захирлын цалинг 53% бууруулахаа мэдэгдлээ.

🕶️ ТОП-20 компанийн зуны өнгө

Дэлгэр зун Монгол оронд айлчилж, нэг мэдэхэд л 2026 он талдаа оржээ. Тиймээс энэ он гарснаас хойш томоохон компаниудын хувьцааны үнэ хэрхэн хөдөлснийг харцгаая.

☯️ Арга билиг шиг хагас жил 

Монголын хөрөнгийн зах зээлийн нэрийн хуудас болсон ТОП-20 индекс 6-р сарын 30-ны байдлаар энэ оны эхнээс 3.1% буурч 53,031.6 нэгжид хүрчээ. Нөгөөтээгүүр, яг л арга билиг мэт ТОП-20 компанийн 10-ынх нь хувьцааны үнэ өссөн бол үлдсэн 10-ынх нь буураад байна. Эндээс бууралтыг нь задалбал: 

  • 🔻 Уналттай компаниуд: Хувьцааны үнэ буурсан 10 компанийг Худалдаа Хөгжлийн Банк (TDB) 24.8%-ийн уналтаар тэргүүлж, араас нь тус бүр 16%-ийн бууралттай Премиум Нэксус (CUMN), Монложистикс Холдинг (MLG) нар оржээ. Цаашлаад, эдгээр 10 компанийн хувьцааны үнэ дунджаар 11.2%-иар буурсан байна.

  • 💥 Хүндхэн өдөр: Энэ оны эхний хагасын хамгийн өндөр уналттай өдөр 4-р сарын 8-ны Лхагва гараг байлаа. Тухайлбал, тус өдөр ТОП-20 индекс оны эхнээс 8.5% буурч, 50,093.3 нэгж дээр хаагдсан бөгөөд санхүүгийн салбарын компаниуд нийтдээ ₮21.6 тэрбумын үнэлгээгээ алджээ.

🟢 Өсөлтийн буухиа

Өнгөрсөн I улирлын байдлаар ТОП-20 компанийн 9-ийнх нь хувьцаа өсөөд байсан бол хагас жилийн эцсээр 10 компанийн үнэ өссөн дүр зураг ажиглагдав. Тухайн үед хамгийн өндөр өсөлттэй байсан нь Инновэйшн Инвестмент (QPAY)-ийн өсөлт саарсан ч 16.1%-ийн өсөлтөөр дээрээсээ 4-т бичигдээд байна. Харин удаах байранд эрэмбэлэгдэж байсан ХасБанк (XAC)-ны хувьд хувьцааны үнэ нь 32.8% өсөж, хувьцаа эзэмшигчдийн харцыг булаажээ.

Эцэст нь… Энэ жил хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд МХБ-ээс удаа дараагийн ажлуудыг хийсээр байна. Эдгээр ажлын бодит үр дүн 2026 оны үлдсэн хагаст гарах уу гэдэг тун сонирхолтой. 🤔

  • 🍋 М.Даваажаргал: Эдийн засгийг зөвхөн бодлого биш инженерчлэл хөгжүүлдэг. (LemonPress)

  • 🤪 SoftBank-н хувьцаа эзэмшигчдийн хурлын галзуу материал. (SoftBank)

  • 📰 Зарим хүмүүсийн цорын ганц мэдээний эх сурвалж Facebook болоод байна. (eagle.mn)

  • 📀 2028 оноос шинэ PlayStation диск уншихаа болино. (TechCrunch)

💰 $GLMT: $65 саяын санхүүжилт

GLMT: Голомт банк ХК Азийн хөгжлийн банктай хамтран дотоодын бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмж болон ногоон, уур амьсгалд дасан зохицох төслүүдийг дэмжих зорилгоор $65 саяын урт хугацаат, хөнгөлөлттэй санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилтээр ЖДБ, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдэд ногоон зээл олгож, эрчим хүчний үр ашиг, усны нөөц, тогтвортой ХАА-н зэрэг байгальд ээлтэй төслүүдийг дэмжих аж. Сонирхуулахад, $GLMT нь 2024 онд 3.6% байсан ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10% хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

🇯🇵❌ Манайд битгий ир!

Манайхыг 1 сая жуулчин авна гэж попорч, мөнгө цацаж, зовж, жаргаж байхад зарим улс аялал жуулчлал хэтэрлээ, багасгая гэж байх ч гэж дээ.

🎎 Юу болов оо, хүүхээ

Япон Улс руу явахыг хүсдэггүй жуулчин гэвэл өдрийн од мэт цөөн биз ээ. Энэ утгаараа тус улсыг зорьсон жуулчдын тоо 2023 онд 25.1 сая, 2024 онд 36.8 болж, 2025 онд бүр 42.7 саяд хүрсэн аж. 2 жилийн дотор 70% нэмэгдсэн хэрэг. Энэ эхний 4 сард л гэхэд 14.4 сая жуулчин ирээд амжиж.

  • 🍱 Ихийг хүсэхгүй байна: Тус улсын ЗГ энэ сарын 1-нээс эхлүүлэн жуулчны татвараа 3 дахин нэмэгдүүлж ¥3,000-д хүргээд буй. Уг шийдвэр нь аялал жуулчлалын өсөлттэй тэмцэж байгаагийн илрэл юм.

🎌 Шинэ татвар хэнд, хэрхэн нөлөөлөх вэ?

Өмнө нь Япон улсаас гарч буй аялагчдаас ¥1,000 авдаг байсныг нэмсэн нь энэ. Уг татварыг нислэгийн болон аяллын хөлөг онгоцны тасалбарын үнэд шууд багтаасан байна.

  • 🗾 Харьяалал хамаарахгүй: Энэхүү татварыг гадаадын жуулчид төдийгүй тус улсаас гарч буй Япон Улсын иргэд ч адилхан төлнө.

  • 🥢 Зарцуулалт, орлогын өсөлт: Энэхүү татварын нэмэгдлээс орж ирэх орлогыг жуулчдын хэт төвлөрлийг сааруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бэхжүүлэх, олон улсын зочдыг хүлээн авах чадамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Өмнө нь тус татвараас жилд ¥50 тэрбум төвлөрдөг байсан бол одоо энэ дүн ¥120 тэрбум болж өсөх хүлээлттэй байна.

🍥 Визний үнэ VS Паспортын үнэ

Энэхүү шинэчлэл зөвхөн гарах татвараар хязгаарлагдсангүй. Жуулчдын урсгалыг зохицуулахын тулд богино хугацааны жуулчны визний хураамжийг 5 дахин өсгөсөн. Нэг удаагийн виз ¥15,000, олон удаагийн виз ¥30,000 болсон хэрэг. 

  • 🇰🇷🇺🇸 Найзуудаа хөнгөлнө: Америк, Өмнөд Солонгос зэрэг визний хөнгөлөлттэй 74 орны иргэдэд энэ өсөлт хамаарахгүй боловч Хятад, Филиппин, Вьетнам зэрэг виз мэдүүлдэг орнуудын аялагчдад шууд нөлөөлөх юм. 

  • 🍜 Сонирхолтой зохицуулалт: Харин эсрэг талд гадагшаа аялах япончуудын санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд паспортын хураамжаа ¥7,000-ээр хөнгөлсөн аж.

Эцэст нь… Цаадуул чинь татвар, визний үнийг нэмж байгаа ч 2030 он гэхэд жилд 60 сая жуулчин хүлээн авах зорилтоосоо ухраагүй. Үнийн өсөлт нь жуулчдыг үргээх биш, харин чанартай аялал жуулчлалыг дэмжих зорилготой гэнэ дээ. Япон гэснээс манай Lemonade in Japan цуврал цацагдаад эхэлсэн шүү. ЭНД дарж үзээрэй. 🍋 

📐 X-г олоорой.

X^3+Y^3=370
(X^2*Y)+(X*Y^2)=189

Толгой тархиа сэргээгээд, эртний математикийн мэдлэгээ эргэн санаад дараах систем тэгшитгэлээс X-н утгыг олох гээд үзээрэй. Олсон бол математиктаа сайн байсан нэгнээр бодуулаарай. 🧮🧐

GIPHY

🍋 Америкийн Хууль зүйн яам болон 17 муж өндөгний үнийг хууль бусаар хуйвалдаж өсгөсөн хэргээр салбарын 3 том компанитай тохиролцоонд хүрэв. Компаниуд буруугаа хүлээгээгүй ч хэргийг хаахын тулд $3.3 саяыг төлж, 53 сая өндөг хандивлахаар болжээ. Тэднийг 2022-2025 онд хуурамч санал өгөх замаар үнийг зохиомлоор хөөрөгдөж, хэрэглэгчдийг хохироосон гэж буруутгасан байна.

🍋 ЗГ-аас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Шинэчлэлээр 2027 оноос ахмадуудад ₮100-₮300 мянгын суурь тэтгэвэр олгох бөгөөд 2033 оноос тэтгэврийг 10 жилийн цалингийн дунджаар бодно. Мөн наснаас хойш ажиллавал тэтгэврийг жил бүр 4% нэмэх, хувийн сан үүсгэх, оюутан болон зарим ажил олгогчийг шимтгэлээс чөлөөлөх заалтууд оржээ.

🍋 2026 оны 7 сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 19.8% өссөн үзүүлэлт болов. Зуны аяллын оргил үе болон Наадам хаяанд ирсэн тул цаашид жуулчдын урсгал улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ сард Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа эхэлсний 5 жилийн ой тохиож буй. 

🍋 Авлигатай Тэмцэх Газраас нэгтгэсэн 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-ын 126 гишүүний 110 нь буюу 87% нь тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй байна. Нийт хөрөнгөөрөө Д.Ганмаа ₮324 тэрбум, Ч.Анар ₮54.5 тэрбум, Ч.Номин ₮48 тэрбумаар жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээс Д.Ганмаа гишүүний хадгаламж ₮568 саяас ₮320.3 тэрбум болж огцом өссөн гэж мэдүүлсэн аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.