• Lemon Press
  • Posts
  • 👨‍💼 YouTube-с төрсөн бизнес

👨‍💼 YouTube-с төрсөн бизнес

БИД ХБҮЦ | Инфляцын төсөөлөл | Крипто Үндэстэн ХК-ийн шинэчлэл

POWERED BY

Morning! Та бүхэн манай 777 дахь дугаарыг уншиж байна. Бүгдийг нь аз ивээг. Гэснээс та 777 дугаарын хэдэн хувийг нь уншсан бэ? Хамгийн эхний дугаараас хойш тасралтгүй уншиж байгаа хүн байна уу? 🤗

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Дотоодын хэрэгцээнээс давсан хүнсний улаан буудайг экспортолно

POL: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

BOM: Инфляц 2024 оны эцэст 8.4%, 2025 оны эцэст 7.3%, 2026 оны эцэст 6% байх төсөөлөлтэй байна.

🎉 Шинэ ХБҮЦ

БИД ББСБ ХХК ХБҮЦ гаргаж буй. Тэгвэл тэдний ₮17.8 тэрбумын зээлийн багцаар баталгаажсан ХБҮЦ-тэй танилцъя. 

Компанийн түүх 

Бизнес Инвест Девелопмент буюу БИД ББСБ ХХК нь 2005 оноос зээлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол өдгөө онлайн төлбөр хийх, худалдан авалт, зээлийн үйлчилгээ үзүүлэх BiD апп-тай болж 18 салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй. 

Санхүүгийн хувьд тогтвортой юу? 

БИД ББСБ бол үйл ажиллагаагаа тэлж, санхүүгийн үзүүлэлтээ дээшлүүлж буй компани. Тодруулбал, тэдний цэвэр зээлийн багц өнгөрсөн онд 28.9% нэмэгдэж ₮67.2 тэрбумд хүрснээс гадна чанаргүй зээлийн хувь нь 2.2 нэгж хувиар буурч 2.4% болжээ. Тун дажгүй шүү. 

  • Улмаар: Компанийн хүүгийн орлого 25% нэмэгдэж ₮23.9 тэрбум болсноор цэвэр ашиг нь ч 20.3% өсөж ₮8.5 тэрбум болжээ. Түүнчлэн тэдний нийт хөрөнгө 2020 оныхоос 2 дахин нэмэгдэж ₮85.2 тэрбум болсон бол ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж нь 21.7% байгаа юм. 

Туршлага байна уу? 

БИД ББСБ-ын хувьд өнгөрсөн оны 6-р сард жилийн 18.5%-ийн хүүтэй нээлттэй бонд гаргаж олон нийтээс ₮8 тэрбумыг татан төвлөрүүлж байв. Мөн тус оны 12-р сард биржийн бус зах зээл (OTC) BID BOND гарган ₮5 тэрбумыг босгожээ

ХБҮЦ-ны тухайд

БИД ХБҮЦ нь хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан 100% хэвийн төлөлттэй ₮17.8 тэрбумын үнийн дүн бүхий автомашины зээлийн багцаар баталгаажсан гэдгээрээ онцлог. БИД ХБҮЦ-ны нэрлэсэн үнэ ₮100,000 бөгөөд нийт ₮15 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн аж. 

  • Хүү хэд вэ? БИД ХБҮЦ-ны хүү 18% байх бөгөөд эзэмших хугацааны турш хүлээн авсан хүүгийн орлого болон үндсэн төлбөрөөр дахин хөрөнгө оруулалт хийхэд боломжит өгөөж 19.25%-тай дүйцэхүйц байна. Мөн хүү төлөх давтамж нь улирал тутамд байх аж. Сануулахад, ХБҮЦ-ны хүүгийн татвар 10% биш 5% гэдгээрээ давуу. 

  • Үндсэн төлбөр төлөгдөх давтамж? БИД ХБҮЦ-ны үндсэн төлбөр нь 18 дахь сарын эцэст ₮5 тэрбум, 21 дэх сарын эцэст ₮5 тэрбум, 24 дэх сарын эцэст ₮5 тэрбумаар 3 тэнцүү хувааж төлөгдөх нөхцөлтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчид 18 дахь сараас эхлэн хүлээн авсан үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөр, мөн улирал бүр төлөгдөх хүүгийн төлбөрөөр дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой болох аж.  

Эцэст нь… Тус ХБҮЦ-ны андеррайтераар Голомт Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан захиалга нь аль хэдийн эхэлчихсэн шүү. 

👔 Удирдлагын шинэчлэл

CNF: Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чадраабалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Мөнх-Оргилыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо. Түүнчлэн тус компанийн эцсийн өмчлөгч нь Г.Мягмаржав байсан бол өөрчлөгдөж О.Мөнх-Оргил болов. Юутай ч тэд удирдлагын түвшинд нэлээд том өөрчлөлт хийжээ. Харин цаашид үйл ажиллагаа нь хэр зэрэг тэлэх нь сонирхолтой байна даа.

👨‍💼 YouTube-с төрсөн бизнес

Dude Perfect гээд 60.1 сая subscriber-тай YouTube сувгийн талаар дуулж байсан уу? Тэгвэл тэд хувийн хөрөнгө оруулалтын компани болох Highmount Capital-с $100 гаруй саяын хөрөнгө оруулалт татжээ. $100 саяын хөрөнгө оруулалт босгож чадсан гэхээр зүгээр ч нэг YouTube суваг биш бололтой шүү.

Бизнес эрхлэгч YouTuber-үүд

Dude Perfect нь спорт тэр дундаа сагсан бөмбөг, комедигийн контентоор дагнасан YouTube суваг бөгөөд өдгөө 15 нас хүрээд буй. Тэд бол зүгээр ч нэг YouTube суваг биш. Nike (NKE)-с эхлээд спортын брэндүүд болон олон төрлийн компаниудтай хамтардаг, өөрийн гэсэн цахим дэлгүүртэй, уламжлалт ТВ, видео тоглоомын салбар гээд хуруу дүрээгүй салбар тун цөөхөн сүйхээтэй 5 YouTuber-үүдтэй. 

  • Орлого $50 сая: Сонирхуулахад, тэдний орлого энэ онд $50 саяыг давах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнх нь орлогыг 2 нугалсан дүн аж. Цаашлаад тэд шинэхэн татсан хөрөнгө оруулалтаараа менежментийн багтай болохын сацуу 👇

  • Dude Perfect 2.0: Бизнесээ өргөжүүлж нэрийн дэлгүүр болон стрийминг платформтой болох бүр цаашлаад Walmart (WMT)-д биет болон видео тоглоомуудаа нийлүүлж, $100 саяын үнэ бүхий тоглоомын парк байгуулна гэж байгаа. Бараг л групп компанийн хэмжээний бизнестэй дүйхээр амбицтай байгаа биз? 

Маркетингийн зах зээл инфлүнсэрүүд дээр тогтож байна

Dude Perfect ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татахад инфлүнсэр маркетингийн буян их бий. Тухайлбал, Goldman Sachs (GS)-н тооцоолсноор контент бүтээгчдийн зах зээл өдгөө $250 тэрбум руу мацаж байгаа төдийгүй ойрын 2-3 жилд бараг 2 дахин өсөж, $480 тэрбумаар үнэлэгдэх төлөвтэй байгаа юм

  • Түүнчлэн Америкчуудын 3 хүн тутмын 1, Z болон миллениал үеийнхний бараг талтай дүйх хүмүүсийн худалдан авалтад инфлүнсэрүүд нөлөөлж байгаа гэхээр Highmount Capital шиг компаниуд залууст хүрэхийн тулд инфлүнсэр, YouTuber-үүдэд мөнгө зарцуулахаас аргагүй болж буй. 

Сонирхуулахад, 2022 онд YouTube-н контент бүтээгчид Америкийн ДНБ-д $35 тэрбумыг оруулахын сацуу 400,000 гаруй бүтэн цагийн ажлын байртай тэнцэх хэмжээний ажлын байрыг дэмжсэн аж. Контент бүтээгчдээс гадна бүхэл бүтэн улс YouTube-с орлого олж байна гэхээр YouTube-н сүр хүчинд сөгдөн мөргөхөөр... 

+15.3%
Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс I улиралд өмнөх оноосоо 15.3% өсжээ
+15.5%
Тус өсөлтөд богино  хугацаагаар  байр,  сууцаар  хангах  үйл  ажиллагааны  дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.5% өссөн нь голлон нөлөөлсөн аж. 
+3%
Cонирхуулахад, тус хугацаанд нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 3% өссөн байна.

🏦 ХХБ: Долларын cashback

Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ)-аар долларын шилжүүлэг хийж, хүлээн авдаг харилцагчдадаа дуулгах сайхан мэдээтэй. 💵

Тэд эдгээр харилцагчдадаа зориулан долларын шилжүүлгийн “Долларын cashback” урамшууллыг зарлажээ.

Ямар урамшуулал вэ?

  • Cashback: Дэлхийн 100 улс руу долларын шилжүүлэг хийгээд 5 сарын 15-ныг дуустал $40 хүртэлх буцаан олголт авах боломжтой.

  • Яаж?: Долларын шилжүүлгээ онлайнаар болон салбар дээр очин хийх боломжтой ба урамшууллыг тухайн шилжүүлэг хийсэн сарын 15, 30-ны өдөр олгох юм.

Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол тэдний салбараар үйлчлүүлэн шилжүүлгээ хийж уг урамшуулалд оролцох боломжтой ба мөн Бритто картаа бэлгэд авах гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

The Citizen

🔹Биржийн бус зах зээлийн М-OTC платформ дээр блокчэйн үнэт цаасны анхны арилжаа эхэллээ. Тодруулбал, ЛэндМН ББСБ ХК (LEND) болон Тера Анлимитед ХХК-ийн бондуудыг тус платформ дээр арилжаалж эхэлсэн байна. Сонирхуулахад, М-ОТС платформыг Анд Глобал группийн охин компани Анд Системс ХХК хөгжүүлж, нэвтрүүлжээ.

🔹Америкийн ЗГ Samsung (005930.KS)-д $6 тэрбумын татаас олгоно. Энэ нь Samsung-н Техас мужид барих 4 чипийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулагдах бөгөөд үүнд нь компанийн 2021 онд зарласан $17 тэрбумын өртөгтэй чипийн үйлдвэр багтах аж. Үүнтэй холбоотойгоор компани Америк дахь ХО-аа 2 дахин нэмэгдүүлж $44 тэрбумд хүргэх аж. 

🔹ЗГ-аас 2025 оны хөгжлийн бодлогод тэргүүлэх 8 чиглэлийг танилцууллаа. Өчигдөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болсон бөгөөд тус 8 чиглэлд эдийн засаг, технологи, ногоон хөгжил, бүсчилсэн хөгжил тэргүүтэй чиглэлүүд багтжээ.

🔹Өнгөрсөн 3-р орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1% өсжээ. Улмаар шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ жилийн өмнөхөөс 9.6% өсөж ₮3.9 сая, хуучин орон сууцных 8.7% өсөж ₮3.7 саяд тус тус хүрээд буй. Сонирхуулахад, шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу ₮4.2 сая, хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу ₮4.3 сая байгаа юм.

⚒️ Уул уурхай ба AI 

Зиа, Mining 101 булан эргэн ирлээ. Энэ удаагийн дугаараар хиймэл оюун ухаан (AI)-н уул уурхайн салбарт үзүүлж буй нөлөөг судалцгаая. 

AI-р ангилуул

AI-д суурилсан ангилах систем нь олборлосон эрдэс бодисыг сканердах замаар ашигт малтмалыг тодорхойлж олборлолтын хурдыг нэмэгдүүлж, зардлыг бууруулдаг. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Vale 2020 онд AI төвөө нээж уг технологийг ашиглан хүдрийн дээжид дүн шинжилгээ хийж буй. 

⚡ Эрчим хүчний шийдэл

Түүнчлэн AI-г ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийх замаар эрчим хүчийг хэмнэх боломжийг тодорхойлох, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Rio Tinto (RIO) л гэхэд эрчим хүч, автоматжуулалтад чиглэсэн төвүүдийг байгуулж, уул уурхайн салбарт илүү их инновац нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүгээр ч зогсохгүй 

Цаашлаад, AI-г ашиглан уул уурхайн салбарын нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг урьдчилан таамаглах, хайгуулын шинэ технологи нэвтрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг боломжууд бий. Дараа дараагийн дугаараар сонирхолтой өнцгүүдийг хүргэмз. 

Эцэст нь… Сүүлийн үеийн халуухан сэдэв болсон AI уул уурхайн салбарт ч ийм их нөлөөтэй байна. Шинэ технологиудын нөлөөгөөр уул уурхайн салбарын үйл ажиллагаа маш их эрсдэл дунд, өндөр зардалтайгаар явагддаг гэх ойлголт хаягдаж байна уу даа.

  • Financial Writer / Lemon Press: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Ахлах хуульч / ТЭСО Инвестмэнт: Эрх зүйч мэргэжилтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бие даан ажиллах чадвартай хүн байна уу? (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Үзсэн үү? Spotify AI цэстэй болсон байна. Туршиж үзсэн үү? (TechCrunch)

  • Хаана? OpenAI Ази дахь анхны салбараа байгуулна. (NikkeiAsia)

  • Пүүх: Google-н экосистемд нэгдэх шинэ AI бүтээгдэхүүн. (TheVerge

  • Мэдсэн үү? Алтны үнэ яагаад галзуураад байна? (CNN)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.

Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.