• Lemon Press
  • Posts
  • ⚠️ Төсвийн алдаа, зөрчил

⚠️ Төсвийн алдаа, зөрчил

АПУ Дэйри болон Yili | В.Путин Монголд | Nvidia болон OpenAI-н хамтрал

POWERED BY

Шинэ сарын мэнд! Ойрдоо Богдхан уул руу гарах гэж байгаа бол түр азнаарай! Уулын хортон шавж устгалын бэлдмэл цацах ажил хийгдэж байгаа бөгөөд 9 сарын 16-ныг дуустал ууланд аялж алхахгүй байхыг анхаараарай. 🚞

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргаж буй Инвескор ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны явц 100%-д хүрч ₮50 тэрбумын захиалга ирснээр амжилттай хаагдлаа

MFC: Монос Хүнс ХК (MFC)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 9 сарын 9-нд болно

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮42 тэрбумын арилжаа хийгдсэний ₮13.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

🤝 АПУ Дэйри болон Yili-н хамтрал 

АПУ ХК (APU) нийт бүтээгдэхүүн дэх сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ портфолиаг ихэсгэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ илүү амьд, хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй тал руу нь хөгжүүлж буйгаа мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор тэд саяхан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.

🔝 Азидаа №1

Тодруулбал, АПУ Дэйри ХХК Хятадын сүүн бүтээгдэхүүн хамгийн том үйлдвэрлэгч Yili-н нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох Ambrosial брэндийн таргуудыг зах зээлд нэвтрүүлээд буй. Yili бол Азид сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч төдийгүй дэлхийд ТОП-5-т эрэмбэлэгддэг компани. Мөн тэд бизнесээ тэлж өнгөрсөн 7-р сард Америкийн зах зээл рүү ороод буй

  • 🫡 ТОП гэсэн шалтгаантай: Yili-н Ambrosial таргийн 1 савлагаанд 1 өндөгтэй тэнцэх хэмжээний буюу 6-7 гр уураг, 20 гр байгалийн цэвэр жимсний чанамал болон Австрали овьёос агуулсан төдийгүй Грекийн ХААИС-д тусгайлан шүүж авсан пробиотикуудыг агуулсан аж. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүст тохиромжтой эд байх чинь вэ.

  • 🧐 Онцлог: Түүнчлэн Ambrosial нь хадгалагч бодис агуулахгүйгээр үйлдвэрлэсэн дэлхий дээрх хамгийн анхны өрөөний температурт хадгалах боломжтой тараг аж. Тиймээс ч амт чанар болон агуулж буй пробиотикоо алдахгүй гэдгээрээ давуу гэнэ. 

Yili өдгөө дэлхийн 60 гаруй оронд пробиотик ундаа, шингэн сүү, хуурай сүү, тараг, бяслаг болон зайрмагаа худалдааж байгаа бөгөөд АПУ Дэйри ХХК удахгүй пробиотик ундаануудыг нь Монголын зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа сурагтай. 

🥛 Инновацлаг Yili

Yili өдөрт 120 сая сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд үйлдвэрлэж, дэлхийн 6 тивийн 39 оронд 2,000 гаруй нийлүүлэгч түнштэй. Тэдний ондоошил бол бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, инновацлаг байдал нь. Тухайлбал, судалгаа болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 15 төв, 81 үйлдвэрлэлийн баазтай гэж байгаа. 

Эцэст нь… Таван хошуу малынхаа буянаар Монгол дэлхийд эрэмбэтэй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох нөөц бололцоотой. Гэсэн хэдий ч бүхий л үйлдвэрлэлийн салбарт инновац, технологиороо хоцрогдож байгаа нь нууц биш. АПУ Дэйри ХХК Yili шиг инновацлаг компанитай хамтран ажиллах болсон нь цаашид дотоодын үйлдвэрлэгчид тэднээс суралцаж шинэ, олон төрлийн инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохыг ч үгүйсгэхгүй.

🤑 Nvidia OpenAI-д хөрөнгө оруулах уу? 

NVDA: Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч гэх цолыг зүүж, ашиг, орлогоо хэд хэд нугалж байгаа Nvidia алдарт ChatGPT-н өвөг эцэг OpenAI-д хөрөнгө оруулахаар ярилцаж байна. Нэмээд Apple (AAPL), Microsoft (MSFT) ч хүртэл OpenAI-д хөрөнгө оруулагсдын эгнээнд нэгдэхээр төлөвлөж буй бололтой. Улмаар OpenAI $100 тэрбумаас дээш үнэлгээтэй санхүүжилтийн шатандаа ойртоод буй. Энэ хөрөнгө оруулалтын тойргийг $1 тэрбумын хөрөнгө оруулалттай Thrive Capital удирдах аж.

⚠️ Төсвийн алдаа, зөрчил

Өнгөрсөн 7 хоногт улсын төсвийн 2023 оны гүйцэтгэл Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцлээ. Зөрчил илрээдэхжээ. Зөрчлийн дүн нь бүр ₮151.6 тэрбум. Ямар учиртай зөрчил вэ гэхээр, 👇

Авсан арга хэмжээ нь 🤏

Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр ₮151.6 тэрбумын зөрчил илэрсэн аж. Уг зөрчлүүдэд албан шаардлага, зөвлөмж хүргүүлэх, акт тогтоох гэх мэтхэн арга хэмжээ авсан байна. 

  • 🤔 Яагаад зөрчил үүсэв? Зөрчил үүсэхэд олон шалтгаан бий. Төсвийн байгууллагуудын санхүүгийн удирдлага, хяналт хангалтгүй, санхүүгийн сахилга бат дутмаг, авлига, ашиг сонирхлын зөрчил ихсэх, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн алдаа гэх мэт. 

  • 💭 Чадвар??? Нийт гарсан зөрчлөөс нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой ₮15.4 тэрбумын үнийн дүн бүхий 39 алдаа илэрсэн гэнэ. Үүнээс аудитын явцад ₮15.4 тэрбумын алдааг залруулсан ажээ. 

😶 Дутмаг… 

Цаашлаад, санхүүгийн тайлангийн танилцуулгаас харахад дийлэнх төсөл, арга хэмжээний санхүүжилт 90%+ гүйцэтгэлтэй байгаа юм. Харин энэ санхүүжилт шингэж байгаа төслийн хэрэгжилт, үр дүн нь асуултын тэмдэг. Угаас санхүүгийн тайланд гарсан тодорхой зөрчил тус бүрийн тайлбар, авсан арга хэмжээний шалтгаан, гаргасан үр дүнгийн мэдээлэл нь маш бөөрөнхий утгатай байгаа юм.

  • Асуудал + Асуудал: Нэмээд угаас манай төсөвт жилээс жилд тодотгол орж ирэн тэлж, алдагдал нь ч нэмэгдэж байхад иймэрхүү байдлаар аудитын явцад зөрчил илрээд түүнийгээ зөвлөмж, албан шаардлага гэх зэргээр шийдэж байгаа нь үнэхээр харамсмаар. 

Эцэст нь… Төсвийг яагаад тодотгосон, алдагдал нь яагаад нэмэгдсэн, төсвийн тайлан яагаад зөрчилтэй байгаа гэх мэтийг нийтэд нээлттэй, ойлгомжтой тайлбарладаг байвал ч… Уг нь бол энэ төсвийн 90%+ хэсгийг татвар төлөгчид бүрдүүлж байгаа шүү дээ. Түүнийг нь ямар нэгэн санхүүжилтэд зарцуулж байгаа тохиолдолд ч хэрэгжилт, гаргасан бодитой үр дүнг нь танилцуулдаг байх нь чухал юм даа…

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2024 оны эхний 7 сарын макро эдийн засгийн тоймыг гаргажээ. Тус хугацаанд,

  • 153: Нийт худалдаа хийсэн улсын тоо

  • $15.7 тэрбум: Гадаад худалдааны нийт бараа эргэлт

  • $9.3 тэрбум: Экспортын тоо хэмжээ  

  • $6.4 тэрбум: Импортын тоо хэмжээ

  • $2.9 тэрбум: Гадаад худалдааны тэнцэл

🎯 Органик Market: Бизнесээ өргөжүүлэх шинэ боломж

Хотын төв, Баруун 4 замд байрлах Orchlon Tower цогцолборын шинэ үеийн органик хүнсний худалдааны төв “Organic Market”-д хүнсний худалдаа эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийгээ бизнесээ өргөжүүлэх боломжийг санал болгож байна. Тодруулбал,

  • 📐 Зай талбай: Нийт 2038 м.кв ашигтай талбай ба үүнээс 41% буюу 811 м.кв талбайг олон нийтэд худалдаж, үлдсэн хэсгийг тухтай худалдаа эрхлэх, хүнсээ цуглуулахад зориулах юм.

  • 💡 Талбайн сонголт: Худалдаа эрхлэгчдэд 10-30 м.кв хэмжээтэй цөөн тооны тохиромжтой талбайг санал болгох аж.

Жич: 9 сарын 15-ийг дуустал эхний ээлжийн талбайг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа ба одоо ердөө 5 талбай үлдээд байна.

📞 Борлуулалтын мэдээлэл авах бол 88071398, 88071399 дугаарт холбогдоно уу.

CNN

🍋 Энэ сард Хятад 16,000 автомат удирдлагатай автомашины тестийн лиценз олгожээ. Улмаар туршилтад зориулж 32,000 км бүхий замыг нээгээд буй. Сонирхуулахад, өнгөрсөн 6 сард BYD (1211.HK), Nio (NIO) тэргүүтэй 9 дотоодын EV-д туршилт хийх зөвшөөрөл олгож байсан юм.

🍋 Хятад $6.1 тэрбумыг мэдээллийн төвийнхөө төсөлд хөрөнгө орууллаа. Тэд 2022 оноос эхлэн тус салбарт хөрөнгө оруулах болсон бөгөөд "Eastern Data, Western Computing" төслийн хүрээнд баригдах 8 гол мэдээллийн төвд чиглэж буй. Төслийн гол зорилго нь Хятадын баруун бүсийн эрчим хүчний нөөцийг ашиглан зүүн эрэг орчмын төвүүдийн мэдээллийн төвүүдийг хүчирхэгжүүлэхэд чиглэх юм. 

🍋 ААН-үүд татварын хялбаршуулсан горим ашиглан борлуулалтын орлогын 1%-тай дүйцэх татвар төлнө. Тодруулбал, өмнөх жилийн орлого нь ₮50 саяас доош, хориглосон 4 салбар буюу ашигт малтмал, газрын тос, архи, тамхитай холбогдох үйл ажиллагаа эрхэлдэггүй, НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдээгүй тус горимыг ашиглах хүсэлтээ гаргах боломжтой аж.  

🍋 Улаанбаатарт зөвшөөрөлтэй 72 авто зогсоол байна. Эдгээр зогсоолууд нь 1,870 машины багтаамжтай бөгөөд нийслэлд 1 цагийн  ₮1,000 хураамж төлдөг аж. Нийтийн эзэмшлийн талбайд зогсоолын хаалт зөвшөөрөлгүй хийж, хууль бус орлого олох явдал  гарч байгаа тул зогсоолыг эзэмшигч иргэн, ААН, байршил, багтаамжийн мэдээллийг зарлажээ.

  • Сэрэмж: Оросын хакерууд Монголын ЗГ-ын вэбсайтуудыг хакердсан гэнэ үү? (MFCC)

  • Арга: QR ашиглан YouTube сувгаа хуваалцах боломжтой. (RNA) 

  • Айдас: Ямар ч урам зориггүй “NEET” үеийнхэн гэж хэн бэ? (TheHustle)

  • Анхаар: 9-р сард цахилгаан хязгаарлах хуваарь. (Tog)

  • Даваа: 2024-2025 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэллээ. 

  • Мягмар: В.Путин Монголд айлчилна

  • Лхагва: Америкийн 7-р сарын гадаад худалдааны үзүүлэлт танилцуулагдана

  • Пүрэв: Японы гадаад валютын нөөц гарна

  • Баасан: МХБ-ээс авч буй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зарим журмын төсөлд санал авах хугацаа дуусах өдөр.

Reply

or to participate.