• Lemon Press
  • Posts
  • 🧑‍💼 Ерөнхий сайдын Америк дахь айлчлал эхэллээ

🧑‍💼 Ерөнхий сайдын Америк дахь айлчлал эхэллээ

Америкийн томоохон тээврийн компани Yellow-н дампуурал болон Америк Монголын харилцааг тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Жил бүрийн 8-р сарын эхний Баасан гараг буюу өнөөдрийг олон улсын шар айргийн өдөр болгон тэмдэглэдэг аж. Шар айрагт дуртай найздаа үүнийг дуулгаарай. За тэгээд зохистой хэрэглээ л чухал даа. 🍻

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: 7-р сар гарсаар төгрөгийн ханш долларын эсрэг ₮31-өөр суларч $1=₮3,464 болов.

OIL: OPEC+ олборлолтоо бууруулсны дараа Америкийн түүхий газрын тосны нөөц 17.1 сая баррелиар буюу түүхэн дээд хэмжээгээр буурлаа.

MOFA: ХХААХҮЯ энэ оны эхний 7 сарын байдлаар арилжааны 10 банктай хамтран 1,597 иргэн, ААН-д ₮361.4 тэрбумын зээл олгожээ.

🤝 Америк Монголын харилцааг 4 чиглэлд

Ерөнхий сайдын Америкт хийж буй айлчлал эхэллээ. Бид айлчлалын эргэн юу болж буйг тухай бүрд нь энэ хуудсаар дамжуулан мэдээлэх тул сонирхож байвал уншаарай.

Өнгөрсөн хугацаанд Монгол гуравдагч хөрштэйгөө хийсэн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг 4 чиглэлд хэр ахицтай байсныг харцгаая.

Гадаад худалдаа

Монгол сүүлийн 10 жилд Хятадтай $84.7 тэрбум, Оростой $17.4 тэрбумын худалдаа хийжээ. Харин Америктай хийсэн худалдаа Хятадынхаас 31.4 дахин бага байна. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Америкаас импортоор $374.8 саяын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн авсан бол экспортолсон бараа бүтээгдэхүүн нь импортоосоо 29.5 дахин бага буюу $12.7 сая байв. Илүү гүн,

  • Бид Америкаас юу хамгийн их авдаг вэ? Америкаас агаарын тээврийн хэрэгсэл, ачааны болон суудлын автомашин, хийлдэг, хаймар дугуй, бусад хүнсний бүтээгдэхүүн зэргийг хамгийн ихээр авчээ.

  • Америк биднээс юуг хамгийн ихээр авч байна? Харин Америк Монголоос сүлжмэл цамц, агаарын тээврийн хэрэгсэл, гянт болдын хүдэр, баяжмал, дотоод шаталтын хөдөлгүүрийн эд анги, бусад сүлжмэл хувцас авч байна.

Хөрөнгө оруулалт

Өнгөрсөн III улирлын байдлаар Монголын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын ердөө 3.5%-ийг Америк бүрдүүлсэн бол Хятадынх 24.7%, Оросынх 0.1%-ийг бүрдүүлжээ. Сонирхуулахад, Америкаас Монголд орж ирсэн ГШХО 2013 онд хамгийн их буюу нийт ГШХО-ын 7.2%-ийг бүрдүүлж $232 саяд хүрч байв.

Аялал жуулчлал

Сүүлийн 8 жилд Америкаас 95,304 жуулчин ирсэн бөгөөд энэ нь нийт жуулчдын дунджаар 3.2%-ийг бүрдүүлсэн бол Оросынх 35.2%-ийг, Хятадынх 22.9%-ийг тус тус бүрдүүлжээ.

Тусламж дэмжлэг

2004 оноос хойш Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас Монголын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжихэд нийт $123 саяын дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн эхний болон хоёр дахь компакт гэрээгээр нийт $635 саяын буцалтгүй тусламж аваад буй. Хамгийн сүүлд гэхэд л цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрөөр $12 саяыг авсан аж.

Эцэст нь… Америк болон Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг хоёр хөршийнхтэйгөө харьцуулахад өдий байна даа гэж бодогдох шиг. Гэсэн ч хоёр хөршөөсөө хамааралтай байхаа багасгая л гэвэл дээрх салбаруудад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.

📈 Зардал буурч, ашиг өсөв

NEH: Дархан нэхий ХК-ийн эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 5.1% өсөж ₮1.5 тэрбумд хүрлээ. Үүнд тэдний борлуулалтын орлого 30.3% буурсан ч ерөнхий ба удирдлагын зардал 1.8 дахин буурсан нь нөлөөлөв. Түүнчлэн компаниийн борлуулалтын өртөг 28.7% багасаж ₮4.9 тэрбум болжээ.

99 жилийн түүх зогслоо

99 жилийн түүхтэй Америкийн авто тээвэр холдингийн Yellow (YELL) компани үйл ажиллагаагаа зогсоож 30 мянган хүн ажилгүй болжээ.

Тэд хэн байв?

Yellow нь Америкийн гурав дахь том ачааны ачаа тээвэрлэгч компани бөгөөд нийлүүлэлтийн сүлжээний удирдлага, гэрээт тээврийн үйлчилгээ зэрэг логистикийн цогц шийдлүүдийг санал болгодог. Мөн YRC Freight, Holland, Reddaway, New Penn зэрэг хэд хэдэн охин компанитай аж.

Юу болов?

Ер нь бол Yellow 20 жилийн санхүүгийн тэмцлийн эцэст хаалгаа хааж буй. Тодруулбал, энэ бүхэн 2000 оны эхээр компани хэд хэдэн компанийг худалдан авснаас эхлэлтэй. 2003 онд л гэхэд Roadway-г $1.1 тэрбумаар худалдан авсан аж. Гэвч үүний дараа ЭЗ хямрахад Yellow өрийн асуудал болон охин компаниудаа нэгтгэж чадаагүйн улмаас эмзэг байдалд оржээ. Улмаар энэ оны I улирлын байдлаар тус компани $806 саяын хөрөнгөтэй ч $1.47 тэрбумын өртэй болсон байна.

  • Хохирол: Тэдний дампуурал татвар төлөгчдийн хувьд муу мэдээ. Учир нь компани 2020 онд ЗГ-аас $700 саяын зээл авснаар татвар төлөгчид тэдний хувьцааны 30%-ийг эзэмшиж байсан аж. Мөн тус компани Төрийн сангийн хэлтэст $700 саяын өртэй буй.

  • Ёроол руу: Цаашлаад компани дампуурлын төлөвлөгөөгөө мэдээлсэн өдөр хувьцааны үнэ нь 82% унаж, нэгж хувьцаа нь ердөө ¢57 болов.

Том зургаар…

Yellow-н дампуурлаас үүдэн Америкийн авто тээврийн салбарт бага зэргийн тасалдал болон тээвэрлэлтийн үнэ өсөж болзошгүй байна. Учир нь тэд Америкийн 2022 оны нийт тээвэрлэлтийн 7%-ийг дангаараа бүрдүүлсэн төдийгүй өрсөлдөгчдөөсөө илүү хямдаар үйлчилгээ үзүүлдэг байж.

Ерөнхийд нь Америкийн авто тээврийн салбарын ЗЗ-ийн үнэлгээ 2020 онд $732.3 тэрбум байсан бөгөөд 902,000 гаруй жолооч ажилладаг байсан аж. Харин онгоц тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдсэний улмаас өнгөрсөн I улиралд авто тээврийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 5% буураад буй. Тэгэхээр Yellow-н өрсөлдөгчдийн ирээдүй ойрдоо тийм ч таатай байхгүй нь.

Эцэст нь… Олон Монголчууд Америкийн авто тээврийн салбарт өөрсдийн болон бусдын компанид ажиллаж буй. Тэгэхээр тэдний хувьд энэхүү нөхцөл байдал нь нэг талдаа ЗЗ-д эзлэх байр сууриа тэлэх боломж олгох ч нөгөө талд ажлын байрны өрсөлдөөнийг ширүүсүүлэх нь ээ.

Газарзүйн мэдлэгээ шалгацгаая. Доорх газрын зураг дээр тэмдэглэсэн газар аль улсын нутаг дэвсгэр вэ гэдгийг таагаарай.

👨‍👩‍👧‍👦 “ХАЙР”-аа даатгуулсан уу?

Таны хайртай хүмүүс амьдралын даатгалтай юу?Үгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 🤔

Амьдралын бүхий л үед бидэнд урьдчилж тооцоолшгүй эрсдэлүүд гардаг. Тэдгээр эрсдэлийг бууруулах арга зам нь даатгал байх нь ээ.

Тухайлбал амьдралын даатгал нь аливаа өвчин, гэнэтийн ослоор амь нас, эрүүл мэнд эрсэдвэл ар гэрт нь нөхөн төлбөр олгож, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн баталгаатай ирээдүй, санхүүгийн тогтвортой байдал болдог аж.

Сонирхуулахад, Монголд амьдралын даатгалын анхдагч нь Нэйшнл Лайф Даатгал бөгөөд 15 жилийн туршлагатай хамт олон гэнэ шүү.

🔗 Тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байвал ЭНД дараарай.

🔹Golomt Capital Championship-н 20 дахь 7 хоногийн тэргүүн байрын оролцогчийн өгөөж 186.7%-тай байлаа. Харин ТОП-100 оролцогчийнх 40.4%-тай байв. ТОП-100 оролцогчийн багцын 25% нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 15% нь технологи болон харилцаа холбооны салбараас бүрджээ.

🔹Хятадын эрх баригчид 18-аас доош насны хүүхдүүдийн ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах журмыг танилцуулав. Ингэснээр 8-аас доош насны хүүхэд өдөрт 8 минут, 8-16 насныхан өдөрт 1 цаг, 16-18 насныхан өдөрт 2 цаг ухаалаг утсаа ашиглах юм. Түүнчлэн хүүхдүүд 22 цагаас 6 цаг хүртэл утас ашиглах эрхгүй аж.

🔹Robinhood (HOOD)-н II улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 53% өсөж $486 сая боллоо. Улмаар өнгөрсөн жилийн мөн үед $295 саяын алдагдалтай ажиллаж байсан тэд $25 саяын ашигтай ажиллалаа. Үүнд компанийн үйл ажиллагааны зардал 24% буурсан нь голлон нөлөөлөв.

🔹Shopify (SHOP)-н II улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 31% өсөж $1.7 тэрбумд хүрээд байна. Гэсэн ч алдагдал нь 8.3% өсөж $1.3 тэрбумд хүрэв. Учир нь компанийн үйл ажиллагааны зардал 192% өсөж $2.5 тэрбум болжээ. Тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 7.4% унаж $62.4 боллоо.

  • Унш: Америкчуудад тэтгэвэрт гарахад $1.8 сая шаардлагатай. (TheHill)

  • Мэд: The Wall Street Journal Ерөнхий сайдын Америк дахь айлчлалын талаар юу гэв? (WSJ)

  • Таа: Аялгаар нь Америкийн аль муж вэ гэдгийг нь таагаарай. (BabbelMagazine)

  • Танилц: Meta-н ая бүтээгч AI. (TheVerge)

Reply

or to participate.