• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 10 монголын 8 нь эргэж ирэх хүсэлгүй

🇲🇳 10 монголын 8 нь эргэж ирэх хүсэлгүй

Уул уурхайн салбарын татвар | XAC-н санхүүжилт | TDB-н хэлцэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Автобусаар зорчдог хүмүүс байна уу? Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болсон байна шүү. ЭНД дарж хараарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Монголын Хөгжил Үндэсний Нэгдэл ХК (HAM) зарласан боловч гаргаагүй ₮99.99 тэрбумын үнийн дүн бүхий хувьцаагаа эргэлтэд гаргана

MRTD: Ирэх сараас Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ

MNC: МҮХАҮТ болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

🏘 360.365 Mandala Residential Tower

Орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Бид компаниудын үйл ажиллагааг уншигчдадаа танилцуулах зорилготой “Travel with” контентынхоо ээлжит дугаараар 360.365 Mandala Residential Tower-р аялсан түүхээ хуваалцъя. Орон сууцаа сонгохдоо юуг анхаарахаа мэдэхгүй байгаа эсвэл өндөр зэрэглэлийн орон сууцын давуу талыг сонирхож байгаа ч судлах цаг завгүй уншигчдад тун их тус болох биз ээ. 

Өмнөх үг

360.365 Mandala Residential Tower нь өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхгийн төсөл юм. “Монкон групп” ХХК-ийн энэхүү төсөл нь өвөрмөц дизайны шийдэл, чанар, технологийн дэвшлийг цогцлоон ийнхүү биеллээ олжээ.

Одоогоор Mandala 360 ашиглалтад орсон бөгөөд Mandala 365 төсөл нь 2025 оны III улиралд ашиглалтад орох аж. Уг хос цамхгууд нь 1-2 давхартаа худалдаа үйлчилгээтэй, 3 давхартаа фитнес спорт комплекстэй, 4-10 давхартаа орон сууцтай, 11 давхартаа “Community space” буюу нийтийн эзэмшлийн хэсэгтэй. Нийтийн эзэмшлийн хэсэг нь дотроо хүүхдийн тоглоомын өрөө болон хурал уулзалт явуулах танхимтай гээд л бод. 

⚒️ Уул уурхай ба татвар

Уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого сүүлийн 10 жилд 6.8 дахин өсөж ₮8.1 их наядад хүрсэн билээ. Өнөөдөр энэ тухай нэлээд дэлгэрэнгүй авч үзье. 

51.3% = АМНАТ

Уул уурхайн салбараас өнгөрсөн жил орж ирсэн нийт татварын 51.3% буюу ₮4.2 их наядыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) бүрдүүлсэн байна. Ер нь бол уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр 2023 онд төсвийн нийт орлогын 31.3%-ийг бүрдүүлсэн аж. 

  • Нүүрс + Зэс: Уул уурхайгаас орж ирж буй татварын орлогод зэс, нүүрс жин дарж буй. Тодруулбал, 2014 онд зэсийн олборлолтоос орж ирсэн татвар нийт төсвийн 10%-ийг бүрдүүлж байсан бол 2023 онд 12% болсон байна. Харин нүүрснээс орж ирсэн татварын орлого харьцангуй хурдацтай нэмэгдэж 10 жилийн өмнө 4% байсан бол 21% болж нэмэгджээ. 

ТОП-5 ➡️ 73%  

Уул уурхайн салбараас орж ирж буй татварын орлогын дийлэнх хэсгийг уул уурхайн ТОП-5 компани бүрдүүлж байгаа. 2022 оны байдлаар нийт уул уурхайн татварын 73% буюу ₮3.9 их наяд нь Эрдэнэт, Оюу толгой тэргүүтэй 5 компанийн татвар аж. 

  • ₮10 их наяд шүү дээ: Оюу толгой л гэхэд энэ оны I улиралд ₮629 тэрбум, 2010 оноос хойш ₮10.9 их наядыг татвар, хураамж, НӨАТ хэлбэрээр төлсөн байхад арга ч үгүй биз дээ. 

АМНАТ-өөр ажиллах сан

АМНАТ-ийн нийт уул уурхайн татварт эзлэх хувь нэлээд өндөр гэдгийг харлаа. Харин саяхан батлагдсан үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийн нэг хэсэг нь АМНАТ. Тэгэхээр АМНАТ-ийн дүн энэ эрчээрээ нэмэгдвэл уг санд төвлөрөх орлого ч бас нэмэгдэх юм. Тэгэхээр уул уурхайн салбарын нөлөө, цар хүрээ улам тэлнэ л гэсэн үг болж байна даа. 

🎯 TEDxUlaanbaatar 2024

TEDxUlaanbaatar 2024 арга хэмжээ болоход 4 хоног үлдлээ. 🚀

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зорилготой аж. 

Түүнчлэн арга хэмжээний үеэр “Ignite in nature: Creative Space” хэсэгт Тойрог, Ойм ногоон урлан, Ré цаасны студи, Foody Mongolia, Treelings, Инмогийн сонирхолтой үзэсгэлэн гарах гэнэ шүү.

📄 Сонирхлын зөрчилтэй хэлцэл

TDB: Худалдаа Хөгжлийн Банк Монголын Ипотекийн Корпораци (МИК)-тай буцаах нөхцөлтэй зээлийн багц худалдах, холбогдох, гэрээ хэлцэл байгуулна. Худалдаа Хөгжлийн банк МИК-ийн толгой компани болох МИК Холдинг ХК (MIK)-ийн 10%-ийг эзэмшдэг тул энэхүү хэлцэл нь сонирхлын зөрчилтэй болж байгаа хэрэг. Сонирхуулахад, Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааны үнэ он гарсаар 21.9% унаж ₮26,000 болоод байна.

🇲🇳 Хаягдсан Монгол

Гадаадад оршин сууж буй монголчуудын 10 хүн тутмын 8 нь Монголд эргэн ирэхийг хүсэхгүй байна. Тэгвэл ЗГ уг асуудлын эсрэг ямар арга хэмжээ авч буйг харцгаая. 

  • Судалгаа: ҮСХ-ны гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1,900 гаруй иргэнээс авсан судалгаанд 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр хилийн чанадыг зорьдог аж.

Чадварлаг боловсон хүчний хомсдол

ЗГ-ын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт тусгагдсан ажлууд дунд гадаадад суралцаж, амьдарч буй монголчуудыг Монголд авчрах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн ажил бий. Өнгөрсөн оны байдлаар 220 мянга гаруй иргэн буюу нийт хүн амын 6.1% нь хилийн чанадад сурч, ажиллаж байна.

  • Brain drain: Дээр дурдсанчлан хилийн чанадад суралцаж, амьдарч буй иргэдийн 70% гаруй нь диплом, магистр, докторын зэрэгтэй. Та бүхний мэддэгчлэн аливаа улсын ид хөдөлмөрлөх насан дээрээ явж буй өндөр боловсролтой иргэд амьдралын чанараа сайжруулах болон бусад шалтгаанаар эх орноо орхин явах үзэгдлийг Brain Drain хэмээдэг.  

Урсаж л байг уу?

Гол асуулт нь ЗГ гадаадад амьдарч буй иргэдээ эргүүлэн авчрах нөхцөлийг бүрдүүлж чадсан уу, гэдэг байна. Тэдний ажлыг хувь хүний өнцгөөс биш Brain Drain Index-р үнэлэхэд 2020-2023 оны дундаж оноо 4.2 байгаа юм. Энэ нь өнгөрсөн 4 жилээсээ 1.2 оноогоор нэмэгдсэн үзүүлэлт. Тэгэхээр хариулт нь үгүй. 

  • Асуудал: Иргэдийн гадагшаа явж буй шалтгааныг их өгөгдөлд шинжилгээ хийснээр агаарын болон орчны бохирдол, цалин, хүүхдэд зориулсан орчин муу байгаатай холбоотой гэж тодорхойлсон байдаг. 

  • Brain Drain ➡️ Brain Gain: Улмаар ЗГ болон БШУЯ хамтран хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж буй монголчуудын урсгалыг татах үндэсний тусгайлсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Одоо үр дүн л хэрэгтэй байна даа.

Эцэст нь… Эргэн тойрны тань хүмүүсийн гадаад улс зорих шалтгаан нь юу байсан билээ гээд нэг сана даа. “Өндөр хөгжилтэй, илүү олон брэндийн дэлгүүртэй, үзэж харах юмтай улс руу явлаа” гэхээс илүүтэй “Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод явж байна” гэх хариулт нийтлэг сонсогддог. Монголыг “хөгжүүлэх” залуус нь гадагшаа урсаад алга болж байгаа нь харамсалтай, Монголд үр хүүхдээ тавтай өсгөөд тухтай амьдрах нөхцөлгүй үлдэж байгаа нь бүр ч харамсалтай…

❣️ Таны нурууг хайрлана

Олон цагаар суугаа ажил хийдэг хүмүүст нуруундаа тохирсон тухтай сандал сонгох бол нэлээн чухал сонголтын нэг дээ. 💯

Тэгвэл хүний биеийн бүтцэд тулгуурлан бүтээсэн Merryfair брэндийн сандлыг сонирхуулж байна.

  • Эргономик дизайн: Уг дизайн нь суух үед нуруунд ирэх ачааллыг жигд хуваарилдаг ба зөв байрлалаар суухад тусалдаг аж.

  • Тохируулах боломжтой: Гарын түшлэг, нурууны тулгуур болон суудлын өндрийг нурууныхаа онцлогт тохируулах боломжтой.

Сонирхуулахад, Merryfair брэнд нь Малайзад төвтэй Азийн тэргүүлэх тавилга үйлдвэрлэгч ба тэдний сандлыг BSB Мебель албан ёсоор худалдаалж буй.

Мэдээж орчин үеийн оффисын орчинд тохирох загварлаг дизайнтай учир өөрт тохирсон сандлаа тэднийхээс сонгоорой. 😎

Reddit

🍋 Жо Байден Хятадын зарим гол барааны импортын татварыг 2-4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал, энэ оноос эхлэн цахилгаан автомашины татварыг 4 дахин, нарны эрчим хүчний төхөөрөмжийн татварыг 2 дахин, ган, хөнгөнцагааны татварыг 3 дахин нэмэгдүүлэхээр болжээ. Тус шийдвэр нь Америкийн аж үйлдвэрийн салбарыг шудрага бус өрсөлдөөнөөс хамгаална гэж үзэж буй аж.

🍋 Барилга угсралт, их засварын ажил 2024 оны I улиралд 30.6% өсжээ. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үеэс ₮278.2 тэрбумаар нэмэгдэж ₮1.2 их наядад хүрсэн аж. Үүн дотроо ₮1.2 их наядын ажлыг дотоодын, ₮33.9 тэрбумын ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. 

🍋 Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 5 сарын 1-ний байдлаар 54.1 мянган тн-д хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 мянган тн-р буюу 2.4% өссөн үзүүлэлт аж. Буудайн үрийн 44.1 мянган тн-г иргэд, ААН байгууллага, 9.9 тн-г бусад эх үүсвэрээс бэлтгэсэн байна. 

🍋 ХасБанк (ХАС) Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас $25 саяын санхүүжилт авчээ. Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус санхүүжилтийн $18.75 саяыг ЕСБХБ, $6.25 саяыг Уур Амьсгалын Ногоон Сан (GCF)-аас олгосон байна. ХасБанкны хувьд 2009 онд банкны салбартаа анхлан Эко банкны хэлтсийг байгуулсан ажээ.  

Саяхан л шинэ 7 хоног эхлэх шиг болсон чинь хэдийнээ дундаа орчихсон явж байдаг шүү. Цаг хугацаа арай л хурдан урсаад байна уу даа? Уншигчид маань бас товхимлоо урсгаж уншаад байгаа юм биш биз? Тогтож уншиж байгаарай. Доор нэг ташаа агуулгатай мэдээний хэсэг оруулсан байгаа олно шүү. 😉

A. Хилийн чанадад Монголын хүн амын 6% нь оршин сууж байна. 🧑‍🤝‍🧑
B. Уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлого сүүлийн 10 жилд 6.8 дахин өсөв. 💰
C. Барилгын салбарын орлого энэ оны эхний улиралд ₮2.2 их наядад хүрчээ. 🏗️

  • Хэн? Дэлхийг донсолгож буй 11 хиймэл оюун ухаан (AI)-н ардах эрхмүүд. (QZ)

  • Яагаад? Менежерүүдийн бүтэлгүйтдэг 4 шалтгаан. (HBR)

  • Хэрхэн? Google санамсаргүйгээр $125 тэрбумын тэтгэврийн сангийн хаягийг устгажээ. Хүн болгон л алддаг хорвоо доо. (CyberSecurityNews)

  • Ямар? Тийрэлтэт онгоцны Монголын анхны эмэгтэй нисгэгч. (LemonPress)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Барилгын салбарын орлого энэ оны эхний улиралд ₮2.2 их наяд биш ₮1.2 их наядад хүрсэн нь шүү. 😉

Reply

or to participate.