• Lemon Press
  • Posts
  • 🅾️ "F" үнэлгээтэй ХК-иуд

🅾️ "F" үнэлгээтэй ХК-иуд

Сонгуулийн донсолгоон ХЗЗ-д | XAC-н ногдол ашиг | Frontier Fintech Summit 2024

POWERED BY

Morning! Улаанбаатарт маань авто зам барих аян өрнөж байх шиг байна даа. Саппорогоос 25-р эмийн сан хүртэл, Нүхтийн ам чиглэлд гээд энд тэнд зам баригдаад л хэсэгтээ дахиад л ундуй, сундуй байх нь дээ. 🛣️

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Өнгөрсөн сарын инфляц улсын хэмжээнд 6.5%-тай гарлаа. Энэ нь 7-р сарынхаас 1 нэгж хувиар өссөн дүн юм. 

BANK: Moody’s агентлаг Капитрон банкны зээлжих зэрэглэлийн “B3/тогтвортой” үнэлгээг хэвээр үлдээлээ

MBA: Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 10 жилийн доод хэмжээ буюу 5.9%-д хүрсэн бөгөөд үйлчилгээний салбарын чанаргүй зээлийн хэмжээ хамгийн бага байна.

 ⚫ Нээлттэй, гэхдээ… 

Хар Тарвагатай ХК (TVT) гэж МХБ (MSE)-ийн III ангиллын компани байдгийг мэдэх үү? Энэ компанийг тойрсон хэд хэдэн асуудал байна аа. Юу вэ гэхээр, 

  • 💭 Хэн бэ? Уг компани чулуун, хүрэн нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1964 онд байгуулагдаж 1995 онд МХБ-д бүртгэгджээ. 

Хувьчилж авсан түүх

Компани Увс аймгийн Тариалан сумын Хар тарвагатайн нүүрсний ордыг дуудлага худалдаагаа хувьд шилжүүлж авсан бөгөөд 3 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж. Хар тарвагатайн орд нь 25 сая тн орчим нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон стратегид бүртгэлгүй орд. Хар Тарвагатай ХК уул уурхайн компанийнхаа хувьд тасралтгүй үйл ажиллагаа явуулж Увс, Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж буй. Энэ ч утгаараа тус аймгуудын 2 дулааны станцыг хувьчилж авчээ. Харин нээлттэй компани болохын хувьд асуудал өөр. 👇

😐 Хасагдах уу, эс хасагдах уу? 

Хар Тарвагатай ХК бол МХБ-ийн бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн компаниудын нэг. Тус компанийн үүргийн хэрэгжилт сүүлийн 3 жилийн хугацаанд дунджаар 9.76% буюу маш хангалтгүй байсан. МХБ уг компанийн үүргийн хэрэгжилтэд хамгийн сүүлд буюу 2020 онд анхааруулга өгсөн ч хэрэгжүүлэхгүй, хариу ирүүлэлгүй явсаар бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн нь энэ. Түүнчлэн, 

  • Ашигт ажиллагаа 👎: Өнгөрсөн 7 хоногт уг компани 4 жилийн дараа МХБ-ийн вебсайтад тайлангаа нийтэлсэнтэй холбоотойгоор хэсэг ухлаа. Санхүүгийн хувьд бол энэ оны эхний хагаст ₮71.3 саяын алдагдалтай ажиллажээ. Уг нь бол нийт хөрөнгө нь ₮5.7 тэрбум бөгөөд тайлант хугацаанд ₮1.6 тэрбумын цэвэр орлого олсон байгаа юм. 

  • 💰 Ногдол ашиг биш нутгийн хишиг: Компанийн 90.92%-ийг гэр бүлийн 3 этгээд, үлдсэн хэсгийг 242 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж буй. Арилжааны хувьд маш идэвхгүй буюу 2000 оноос хойш 173 өдөр буюу жилд дунджаар 7 өдрийн л арилжаа хийгджээ. Түүнчлэн компани жил бүр шахуу ногдол ашиг биш нутгийн хишиг тараадаг аж. 

Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд гаргахын тулд одоо байгаа нөхцөл байдлаа цэгцэлж, цэвэрлэх нь чухал. Манайд энэ мэт “ХК гэсэн нэр төдий” компаниуд бишгүй их. Энэ байдлыг засаж залруулж байж дараагийн шатанд гарах болов уу. 

🗓️ Бүртгэл хаагдсан ногдол ашиг 

XAC: ХасБанк энэ оны эхний хагас жилд ₮85.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнийхээ 22.2%-ийг ногдол ашиг болгоно тараана. Улмаар нэгж хувьцаанд ₮18-ийн ногдол ашиг оногдох юм. Тус банк энэхүү шийдвэрийг 9 сарын 4-ний хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдсэн бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг 8 сарын 8-ны өдрөөр гаргасан ч МХБ дээр Даваа гарагт нийтлэгджээ. Уг ногдол ашгийн өгөөжийг 8 сарын 8-ны хаалтын ханшаар тооцоход 2.5% болж байгаа юм.

  Frontier Fintech Summit 2024

Санхүүгийн салбарынханд дуулгах сайхан мэдээтэй! Удахгүй танилын хүрээгээ тэлж, туршлагаа хуваалцах сайхан боломж олдох нь. Учир нь, Монголын Финтекийн Холбооны жил бүр зохион байгуулдаг Санхүүгийн Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “FRONTIER FINTECH SUMMIT 2024” айсуй. 🔥

  • 👓 Онцлог: Энэ жилийн тухайд Финтекийн Холбоо нь Азийн Финтекийн нэгдэл болон Дижитал Санхүүгийн Холбоодын нэгдэл зэрэгт элссэн учраас олон улсаас финтекийн салбарын тэргүүлэгчид цуглах нь ээ. 

Уг арга хэмжээ нь салбарын экспертүүд, манлайлагч, удирдагчдын туршлага, ноу-хау зэргээс суралцан хүрээгээ тэлэх, бизнесээ өргөтгөх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй шүү. 

⌚: 9 сарын 26
📍 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

 🌊 Сонгуулийн донсолгоон ХЗЗ-д

Зиа, хөрөнгө оруулагчид маань 9-р сар дуусахаар сэрээгээрэй гэчихсэн сууж байна уу? Энэ жил 9-р сарын нөлөөнөөс гадна 11-р сарын 5-нд чөлөөт дэлхийн хамгийн хүчирхэг хүнийг сонгох сонгууль болно. Энэ үйл явдал хөрөнгийн зах зээлд нөлөөлөх үү?

✌️ Сонгууль шүү дээ!

Хөрөнгө оруулагчид болон бизнесийнхэн Камала Харрисаас илүү Дональд Трампыг сонгуульд ялаасай гэж хүсэж байгаа. Учир нь Трамп Камалаг бодвол бизнесийн туршлага ихтэйгээс гадна Ерөнхийлөгч байх хугацаандаа татвар бууруулах, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг багасгах зэрэг бодлого баримталж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор 1961-2023 онд S&P 500 (^GSPC) индексэд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын сонгуулийн үеэрх хөдөлгөөнийг хартал,

  • Улс төржөөгүй хэд: Тус хугацаанд аль ч намаас Ерөнхийлөгч сонгогдсоноос үл хамааран S&P 500-д $10,000-оор хөрөнгө оруулагсдын багц өдгөө 511 дахин өсөж $5.1 саяд хүрчээ.

  • ✅ Улс төржсөн хэд: Харин зөвхөн Ардчилсан намын Ерөнхийлөгчийн үед хөрөнгө оруулагсдын багц өдгөө $500 мянгад хүрсэн буюу улс төржөөгүй хөрөнгө оруулагчдын багцаас 10 дахин бага, зөвхөн Бүгд найрамдах намын үед хөрөнгө оруулагсдынх 50 дахин бага байгаа юм.

😪 Сэтгэлээ хатамжлахгүй бол ч

2016 оны Америкийн сонгуулийн өмнөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, санал асуулгаар Хиллари Клинтон ялах магадлал өндөр байгааг мэдээлж байв. Гэтэл сонгуулийн үр дүн эрс эргэж Дональд Трамп сонгуульд ялснаар зах зээлд томоохон савлагаа үүсэж байсан юм.

  • ⛓️‍💥 Тодруулбал, Дональд Трамп томоохон компаниудын татварын бодлогыг сулруулж, цаашлаад Amazon (AMZN)-н монопол байдлыг таслан зогсоох, Apple (AAPL)-г Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бодлого баримтлахаа зарласнаар олон ч хөрөнгө оруулагчид ирээдүйтэй технологийн компанийн хувьцааг хаяж байсан сан. 

  • 🙅‍♂️ Хуйлрал & туйлшрал: Улс төртэй холбоотойгоор зах зээл яаж ч эргэж болно. Гол нь энэ үед л өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа ирээдүйг тооцдог, судалгаандаа итгэх хэрэгтэй мэт.

Эцэст нь… Хөрөнгө оруулалт гэдэг бол хэзээний л санхүүгийн эрсдэлийг тэсвэрлэх чадвар дээрээс нь нэмээд сэтгэлзүйн савлагааг тэсвэрлэх тэмцэл дээ. 

 💳  Digi Pay: Цахим төлбөрийн шинэ стандарт 

Орчин үеийн төлбөр тооцооны дэвшилтэт шийдлүүдийг цогцлоосон ХААН Банкны Digi Pay апп-ийг танилцуулж байна. 

  • 💵 Хэмнэлттэй: Гүйлгээний шимтгэлгүй, хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшуулал болон лояалти хөтөлбөрт хамрагдах боломжтой.

  • 📱 Дижитал шийдэл: ₮100 мянгаас доош гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин түүнээс дээш дүнтэй гүйлгээнд царай болон хурууны хээ таних системтэй гэнэ дээ.

  • 🪪 Хялбар: Гүйлгээ хийхдээ дансны дугаар бичихийн оронд Digitag-р үүсгэсэн нэрээр болон утасны дугаараа ашиглахад л хангалттай шүү.

Гэснээс, апп-аа өөрийн хүссэн өнгөөрөө өөрчлөх боломжтой гэнэ. Догь байгаа биз дээ. 😎

🔗 ЭНД дарж апп дээрх урамшууллын мэдээллийг аваарай.

🍋 Энэ 7 хоногт Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн хэлцэл хийнэХэлэлцээрийг  Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийн ерөнхий удирдагчаар ахлуулсан төлөөлөгчид болон Монголын холбогдох албаныхан явуулах бөгөөд худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт болон оюуны өмч тэргүүтэй 17 сэдвийг хамрах аж.

🍋  Европын дээд шүүх Apple (AAPL)-д $14.4 тэрбум, Google (GOOG)-д $2.6 тэрбумын торгууль ногдууллаа. Тус компаниудад 2016 оноос хойш хэд хэдэн удаа торгууль ногдуулж байсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй юм. Тодруулбал, 2017 онд Google-д ногдуулсан монополийн эсрэг торгуулийн шийдвэр Google-ийн хувьцааг хэсэгхэн хугацаанд л савлуулсан байна.

🍋 Petro Matad (MATD.L) Тамсаг сав газар дахь Heron-2 уурхайн өрөмдлөгийг амжилттай хийв. Энэ нь Petro Matad компанийн Heron талбай дээр өрөмдсөн анхны уурхай бөгөөд 30 хоног үргэлжлэх аж. Цаашлаад энэ оныг дуустал уурхайн туршилтын ажлыг гүйцэтгэх ба оны сүүлчээр, эсвэл 2025 оны II улиралд уурхайг ашиглалтанд оруулах юм. 

🍋Америк цахилгаан хурдны галт тэрэгний үйлдвэртэй болно. Тодруулбал, Нью-Йоркийн Horseheads хотод баригдах тус үйлдвэрт Германы Siemens (SIE.DE) $60 саяын хөрөнгө оруулалт хийх гэж буй. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 2028 онд Лас-Вегас болон Лос-Анжелес цахилгаан хурдны галт тэргээр холбогдох нь.

  • 💪 Гүйцэтгэх захирлуудад ч гэсэн ажиллах урам зориг хэрэгтэй. (INC)

  • 🔌 Цахилгаан хэзээ тасалдахыг мэдэх боломжтой боллоо. (TOG)

  • 📈 Work smarter, not harder. (CNET)

  • ⭐ Starbucks-н шинэ Гүйцэтгэх захирал ямар төлөвлөгөөтэй байгаа бол? (BusinessInsider)

Reply

or to participate.