• Lemon Press
  • Posts
  • 🤧 Хятад найтаахад Монгол хатгаа

🤧 Хятад найтаахад Монгол хатгаа

Оёдлын салбар | Бодлогын хүү буурна | XAC-н хэлцэл

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Ойрын хугацаанд гадаад явахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Тийзээ захиалах гэхээр өөр^2 үнэтэй байгаад байна уу? Тэгвэл яагаад тийм байдгийг нь ЭНД дарж үзээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: УИХ өнгөрсөн Бямба гарагт ээлжит бусаар хуралдаж өргөн баригдсан хуулиудад санал зөрөлдөж буйгаас болж МАН-ын бүлэг Даваа гараг хүртэл завсарлага авав.

US: ХНС-гийн дарга Жером Пауэл бодлогын хүүг бууруулах цаг нь болсон бөгөөд ирэх 9-р сард бууруулах төлөвтэй байгааг мэдэгдлээ

MSE: Тандэм Инвест ББСБ ХК (VIK) шинэ салбар байгуулна

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮47 тэрбумын болон $60,000-ын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮23.8 тэрбумын арилжаа хийгдсэн байна.

🧵🧶 Оёдлын салбар маань юу болж байна?

Экспортоо солонгоруулъя гэдэг яриаг бараг насаараа сонсож байна даа. Манай уул уурхайгаас бусад салбар бор зүрхээрээ л урагшилж байх шиг байна. Тэгвэл өнөөдөр оёдлын салбар руу өнгийе. Хэр юм байдаг бол доо? 

  • Судалгаа: NRCC Үндэсний судалгаа зөвлөгөөний төв Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр оёдлын салбарын нөхцөл байдлын судалгааны тайланг гаргажээ. Тайлангийн тоон судалгаанд 21 аймаг болон Улаанбаатарын 402 хэрэглэгч, 30 үйлдвэрлэгч хамрагдсан аж. 

🤑 Хэр их вэ?

Монголын оёдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,342 үйлдвэрлэгч байдаг аж. Үүний 23.1%-ийг аж ахуй нэгж (ААН), 76.9%-ийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрдүүлж буй. Эдгээр үйлдвэрлэгчид нийт 6,100 хүнийг ажлын байраар хангадаг. Ер нь бол манай жилийн хувцасны хэрэглээ ₮1.1 их наяд. Гэтэд үүний ердөө 8%-ийг л дотоодын үйлдвэрлэл хангаж байгаа бөгөөд ихэнхдээ үндэсний, хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас л үйлдвэрлэж байгаа. 

  • 🧵 Хэд вэ? Оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчид нийт хүчин чадлынхаа дунджаар 59.4%-ийг л ашигладаг аж. Улмаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 86.3%-ийнх нь жилийн орлого ₮50 саяас бага байгаа бол ААН-үүдийн 13.2% нь ₮750 саяас дээш орлого олдог байна. 

  • 💰 Ямар аргаар? Цаашлаад ААН-үүдийн 52% нь энэхүү орлогоо өөрийн дэлгүүртээ борлуулалт хийж олдог бол хөдөлмөр эрхлэгчдийн 77% нь хувь хүний захиалгаар орлого олдог гэнэ. Түүнчлэн тэд орлогынхоо дийлэнх хэсгийг түүхий эдэд зарцуулдаг. Учир нь судалгаанд хамрагдагсдын 86.4% нь импортоор түүхий эдээ авдаг аж. 

⁉ Асуудал нь юу байна?

Оёдлын салбарт тулгамдаж буй хамгийн түгээмэл асуудал нь хүний нөөц. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 57.1%, ААН-үүдийн 86.5% нь энэ төрлийн асуудалтай. Үүний хамгийн том шалтгаан нь ачаалал даах болон туршлага, ур чадварын асуудал. 

  • Нэмээд: Судалгаанд хамрагдагсдын 61.2% нь үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд санхүүжилт нь тийм ч асуудалтай биш гэж хариулжээ. Харин төрийн бодлоготой холбоотой бэрхшээлүүд их гардаг аж. Бодлогын тогтворгүй байдал тэр дундаа НӨАТ болон гаалийн татварын бодлого жигд биш байгаа нь хүндрэлтэй байдаг гэнэ. 

Эцэст нь… Заа оёдлын салбар маань нэг иймэрхүү. Түүхий эдийг нь дотооддоо үйлдвэрлээд ашигт ажиллагааг нь сайжруулж чадахгүйгээс цааш ядаж татвар, гаалийнхаа асуудлыг шийдээд өгчихвөл ч…

ЗАЛРУУЛГА: Өнгөрсөн Пүрэв гарагт нийтлэгдсэн Оюу толгойн тайлантай холбоотой нийтлэл дээр “Оюу толгой” ХХК-ийн төлсөн татвар, хураамжийн хэмжээ 2.2 дахин буурсан гэж ташаа мэдээлэл хүргэсэнд хүлцэл өчье. Бидний харьцуулсан дүн нь 2023 оны эхний хагас жилийн нийлбэр дүн байсан буюу Оюу толгой 2023 оны эхний хагас жилд ₮673 тэрбумын татвар, хураамж төлсөн бол энэ оны зөвхөн II улиралд л гэхэд ₮306 тэрбумыг төлжээ.

⚠ Их хэмжээний хэлцэл 

XAC: ХасБанк ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо тус банкны эрх бүхий албан тушаалтнууд болон тэдэнтэй холбогдох этгээдүүдэд олгосон зээлийг батламжлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, нийт ₮338 саяын үнийн дүн бүхий 5 зээлийг батламжилж байгаа аж. Сонирхуулахад, ХасБанкны хувьцааны үнэ он гарсаар 17.4% өсөж ₮720-т хүрээд байна.

🤧 Хятад найтаахад Монгол хатгаа тусна

Хятад 2020 онд цэвэр эрчим хүчинд шилжих зорилтоо зарласнаас хойш анх удаа энэ оны эхний хагаст зөвхөн цэвэр, цахилгаан нуман зуухны ган үйлдвэрлэх төслийг баталлаа.

🔙 Гангийн уналт эргэн ирэх үү? 

Ингэснээр Хятад цаашид нүүрсээр ажилладаг гангийн шинэ үйлдвэрүүдийн зөвшөөрөл олгохгүй болж байна. Гэхдээ үүнээс гадна өөр нэг асуудал нь тус улсын дотоодын зах зээлд гангийн эрэлт унаж буй явдал. Тодруулбал, өнгөрсөн 7-р сард гангийн экспорт нь 10% унаж 2020 оноос хойших хамгийн доод түвшинг заах болсон. Хятадын гангийн үйлдвэрлэл тэртээ 2008, 2015 онуудад дэлхийн эдийн засгийн уналттай давхцан ганхаж байсан. Гэхдээ энэ удаад тус салбарт зүгээр ч нэг өвөл болохгүй зуд тохиох магадлал өндөр байгаа. Яагаад?

  • 😷 Хорхойтой шүд: Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт 2 жилийн турш үргэлжилж байна. Энэ утгаараа дотоодын эрэлт буурч, хахир өвлийн дохиог өгсөөр. 

  • Харин нөгөө талд гангийн экспорт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 35% өсөж 24 сая тн-д хүрээд буй. Энэ нь 2016 оноос хамгийн өндөр өсөлт төдийгүй оны эцэс гэхэд тус дүн 100 сая тн-д хүрэх төлөвтэй байна

  • 🙊 Өндөр үнэтэй шилжилт: Хятад дахь түүхий гангийн үйлдвэрлэлийн 90% орчим нь нүүрсэнд суурилсан үйлдвэрүүд гэхээр ойрын хугацаанд бол ямар нэгэн өөрчлөлт харагдахгүй ч 2060 он хүртэл юу болохыг таашгүй. 

Тус улс бол дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч төдийгүй хэрэглэгч. Тэдний гангийн эрэлт буурна гэдэг ганц тус улсад сөргөөр нөлөөлөхөөс гадна нүүрсээр амь зогоодог улсуудад маш том асуудлыг үүсгэнэ. 

🔗 Гангийн үйлдвэрлэл ба нүүрс

1 тн ган хийхэд 770 кг нүүрс шаарддаг. Товчоор бол гангийн үйлдвэрлэлд нүүрс гол орц. Тэгэхээр Хятад гангийн үйлдвэрлэлээ цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэдэг болбол импортоор нүүрс авах хэрэгцээ нь ч багасна. Улмаар Монгол, Австрали тэргүүтэй нүүсний гол импортлогчид нь дагаад хямрах эрсдэлтэй. Гангийн үйлдвэрлэл бол томоохон үйлдвэрлэгч улсын эдийн засгийг тольдох нэг тусгал болж байдаг. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт даамжирч гангийн үйлдвэрлэл рүү орж буй нь ирэх жилүүдэд тус улсын эдийн засаг илүү гүн хямрахын дохио ч болж магадгүй л юм. 

Эцэст нь… Цар тахлын үед Хятад хилээ хаахад л Монголын эдийн засаг хэцүүдэж байсан. Аргагүй дээ хөршүүдийн оршихуй, сэтгэлзүй гээд хамаарал ихтэй эдийн засагтай хойно, тэдний найтаалт Монголын хатгаа болдгийг бишгүй л мэдэрсэн дээ. Тавилан юм даа…

Монгол Улс “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-тай болоод 14 жил болж байна. Тус хууль 2013 оноос бүрэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл хуульд 17 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. 

Одоо УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй ЗГ ирэх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн тодотголыг хийхийн тулд ахиад л Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар хүрэх гэж байна. Ингэхдээ “Нэгдсэн төсвийн суурь зарлага” хэмээх шинэ ойлголтыг нэмэхээр яригдаж байгаа.

Тогтвортой нэртэй хамгийн тогтворгүй хууль… 🤦

🏙️ Тав тухаа нэг дор цогцлоо

Их хотын түгжрэлд ахуй амьдралаа зохицуулах гэж ийш тийш явж цаг алдах үе бишгүй л биз дээ?

Тэгвэл таны завгүй амьдралын хэв маягт тохирох Orchlon Consulting ХХК-ийн “Orchlon Tower” төслийн B болон C блок хаалтын борлуулалтад 2-3 өрөө тун цөөн үлдсэн гэнэ шүү.

  • Хотын төв: Баруун 4 замд буюу Рокомон Бьюлдингийн чанх урд ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэх байршилтай.

  • Цогц үйлчилгээ: Спорт, энтертайнмент, хүүхэд болон ахмадын хөгжлийн төв, органик маркет, ухаалаг зогсоол зэргийг цогцлоожээ.

Жич: 8 сарын 31-нийг дуустал тусгай хөнгөлөлттэй  үнээр борлуулж байгаа гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Reuters

🍋 Америкийн анхны эмэгтэй Ерөнхий сайд асан Камала Харрис анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохоор өрсөлдөнө. Өдгөө 59 настай Камала Харрис 2020 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөн ялагдаж байсан ч энэ удаад тус намыг төлөөлөн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.  

🍋 Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Э.Золзаяаг нэр дэвшүүллээ. Тэрбээр Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад 2-рт, нөөцийн оноогоор 1-рт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч аж. Улмаар түүний томилгоог УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болов. 

🍋 8-р сарын байдлаар Монголд 527,000 жуулчин ирж эдийн засагт $1 тэрбумын орлого оруулжээ. Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 20% өсөөд буй. Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар анх удаа $1 тэрбумын орлоготой ажиллаж байсан бөгөөд энэ онд салбарыг орлого шинэ түүхэн дээд түвшинийг тогтоох төлөвтэй байна.

🍋 Global Finance сэтгүүлийн Central Banker Report Cards тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авав. Тус тайланг гаргахдаа 100 гаруй улсуудын төв банкны удирдлагын “А”-”F” хүртэлх үнэлгээгээр үнэлдэг аж. Харин “A-” ангилалд Европын холбоо, Америк, Норвег, Швед тэргүүтэй улсуудын төв банкны удирдлага багтжээ.  

  • Тунгаа: Аз жаргалтай менежер байх амархан. (HBR)

  • Анхаар: Цахилгаан машин шатах үед яах ёстой вэ? (Wired)

  • Танилц: Монголын шинэ Засгийн газрын талаар дэлгэрэнгүй. (GIS)

  • Сонирх: Хиймэл оюун ухаан удахгүй хөлийн мөр тогтоодог болно. (SmithSonian)

  • Даваа: Хятадын өнгөрсөн сарын аж үйлдвэрийн салбарын ашгийн үзүүлэлт танилцуулагдана

  • Мягмар: Bank of Montreal-н II улирлын тайлан гарах өдөр

  • Лхагва: Араас нь Nvidia болон BYD-н ээлжит санхүүгийн тайлан гарна

  • Пүрэв: Монгол болон Өмнөд Солонгосын Умард Чүнчон хотын бизнес уулзалт болно.

  • Баасан: Монголбанкнаас 8-р сарын гадаад өрийн болон төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг тус тус танилцуулна.

Reply

or to participate.