• Lemon Press
  • Posts
  • 🧑‍🤝‍🧑 Монгол x Их Британийн шинэ эриний хамтрал

🧑‍🤝‍🧑 Монгол x Их Британийн шинэ эриний хамтрал

Монголын түүчээлэгч салбар | Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо | Их Британийн сайдын айлчлал

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манай Lemonade цувралын ээлжит дугаарт 93//Kidult брэндийн Art Director, артист, хөтлөгч, IHC Apes багийн менежер Г.Тэнүүн буюу бидний мэддэгээр Tenne Kaze оролцлоо. Түүний ямар, ямар ажил хийж, санхүүгээ хэрхэн удирддаг тухай ЭНД дарж үзээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Зэсийн баяжмалыг цахимаар борлуулах арилжааны цан цохих ёслол боллоо

CHN: Ши Жиньпин 5 сарын 5-10-ны өдрүүдэд Франц, Серби, Унгарт төрийн айлчлал хийнэ.

GEC: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтын дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4 сарын 29-нөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.

⚒️ Түүчээлэгч салбар = Уул уурхай

Монголчуудын сарын дундаж цалин ₮2.2 сая байгаа. Харин томоохон уул уурхайн төсөл хэрэгжиж буй аймгуудын дундаж цалин энэ тооноос нэлээд өндөр байна. 

Яагаад?

Уул уурхайн томоохон төслүүд орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгож, ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Эдгээр төслүүд нь ихэвчлэн инженер, геологи, машин механизмын ажиллагаа зэрэг тусгай ур чадвар шаарддаг ажлын байрны эрэлт их байдаг тул өндөр цалинтай байдаг. Тиймээс уул уурхайн томоохон төслүүд нь тухайн бүс нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд ихээхэн нөлөө үзүүлж буй. Тодруулъя. 👇

+₮650 мянга

Уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж буй аймгуудаас дурдвал Орхонд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Өмнөговьд “Оюу толгой” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар Орхон аймгийн дундаж цалин улсын дунджаас 29.1% өндөр буюу ₮2.9 сая, Өмнөговийнх 23.5% илүү буюу ₮2.8 сая байна. 

  • Ядуурал бага: Тус аймгуудад цалин өндөр гэдэг утгаараа ядуурал ч бага. Тодруулбал, ядуурлын хамралтын хүрээ улсын дунджаар 27.8% байхад Өмнөговьд хамгийн бага буюу 16.4% байгаа юм. 

Өндөр цалин ➡️ Өндөр бүтээмж

Түүнчлэн уул уурхайн салбарын 1 ажилтны бүтээмж өнгөрсөн онд 16% өсөж жилийн нийлбэр дүнгээр ₮60 саяд хүрэв. Энэ нь улсын дунджаас 2.4 дахин их үзүүлэлт. Тиймээс уул уурхайн салбарын ажилтнуудын 64.7% нь Оюу толгой шиг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллах хүсэлтэй байгаа аж. 

Бусад үзүүлэлтүүд… 

Цаашлаад Өмнөговь болон Орхон аймгийн иргэдийн ногоон эдийн засгийн ойлголт, амьдралын чанар, хүний хөгжлийн индекс, хүн амын дундаж наслалтын индекс улсын дунджаас илүү байна. Түүнчлэн уул уурхайн бүсийн иргэдийн амьжиргааны түвшин бусад аймагтай харьцуулахад 10% орчмоор өндөр аж. Энэ ч утгаараа, Өмнөговь болон Орхон аймгийн иргэдийн нийт хадгаламжийн хэмжээ 21 аймгийн нийт хадгаламжийн 17.7%-ийг бүрдүүлж байгаа юм. 

Эцэст нь… Уул уурхайн салбар манай улсын ГШХО, ДНБ-д томоохон түлхэц болохоос гадна нийгэм өрхийн сайн сайхан байдалд ч шууд нөлөө үзүүлж байна даа. 

✈️ Илон Маск Хятадад

TSLA: Tesla-н хувьцаа өнгөрсөн Даваа гарагт арилжааны бус цагаар 8% өсөж $182-т хүрлээ. Компанийн хувьцаа ийн өссөн нь Илон Маскийн Хятад дахь айлчлалтай холбоотой байсан юм. Тухайлбал, Tesla автомат удирдлагатай автомашины технологийг Хятадад нэвтрүүлэх Хятадын эрх баригчидтай ярилцаж буй. Сонирхуулахад, Хятадын хувьд одоогийн байдлаар жолоочгүй автомашины системийг хангалттай боловсронгуй болоогүй гэх шалтгаанаар зах зээлд нэвтрүүлэхэд эрсдэлтэй гэж үздэг аж.

🧑‍🤝‍🧑 Монгол x Их Британийн шинэ эриний хамтрал

Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны айлчлалаар Монгол болон Их Британи газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдав. Юу болох гээд байна? 

  • Их Британийн Төв Ази дахь түншлэл: Дэвид Камерон Монголоос гадна Казакстан, Киргизстан, Узбекстан тэргүүтэй Төв Азийн 5 орноор айлчлал хийж буй. Тус айлчлалын гол зорилго нь Төв Ази дахь тэдгээр орнуудад Их Британийн бизнесийг дэмжих, хараат бус, бие даасан байдлыг сайжруулахад чиглэх бөгөөд нийт £50 саяын тусламж үзүүлэх гэнэ. 

Хамтын ажиллагааг ахиулах замын зураглал

Тус айлчлал Их Британийн талаас Монголд 11 жилийн дараа гадаад харилцааны сайдын түвшний айлчлал хийсэн нь онцлог тохиосон юм. Айлчлалын үр дүнд талууд Монгол болон Их Британийн дипломат харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалыг үзэглэв. Ингэснээр 2 орны хамтын ажиллагаа худалдаа, боловсрол, соёл, байгаль орчин, ШУ, геологи, эрүүл мэнд тэргүүтэй чиглэлд гүнзгийрэх суурь болж буй. 

Ховор металлаа манайд нийлүүлээрэй!

Энэ дундаас хамгийн чухал нь Монгол болон Их Британи газрын ховор металлын чиглэлд хамтран ажиллахаар болсон явдал байв. Тухайлбал, 

  • Суурь баримт бичиг: Талууд тус чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж газрын ховор металлын нөөц тогтоох, судалгаа хийх буюу худалдаа, хөрөнгө оруулалтын суурь баримт бичигтэй болов

  • Хэнд ховор металлаа нийлүүлэхээ сайн бодоорой! Түүнчлэн Дэвид Камерон Монгол дахь айлчлалынхаа үеэр “Монгол эдийн засгаа өсгөе, иргэддээ үр шимийг нь хүртээе гэвэл ардчиллыг сонгох хэрэгтэй төдийгүй газрын ховор металлаа хэнтэй хуваалцах, хэнтэй хамтран ажиллахаа сонгохдоо чөлөөт эдийн засгийг дэмждэг, ил тод, авлигатай тэмцдэг, Монголд үр шим хүртээх компани болон улс орныг сонгох хэрэгтэй” хэмээсэн юм. Товчоор бол Орос, Хятад руу ховор металлаа нийлүүлэх эсэхээ сайн бод л гээд байх шиг.

Эцэст нь… Өнгөрсөн жил Монгол болон Их Британийн дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ой тохиосон. 2 орны худалдааны нийт эргэлт 2023 онд $65.7 саяд хүрсэн төдийгүй Их Британиас Монголд хийж буй хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин болох $644 саяд хүрсэн байх жишээний. Хэрэв 2 орон газрын ховор металлын чиглэлээр амжилттай хамтран ажиллаад эхэлбэл Их Британиас орж ирэх хөрөнгө оруулалт илүү нэмэгдэх л шинжтэй байна даа.

Зиа, энэ удаад оффисын амьдралыг тань хөнгөвчлөх нэгэн Google өргөтгөлийг танилцуулъя. 

Чухал имэйл явуулаад хариу ирэхгүй удахаар нь “Яана аа, миний имэйл очоогүй юм болов уу, яагаад хариу өгөхгүй байгаа юм бол?” гээд утсаар лавлах, ахин имэйл бичих гэхээр хэцүү үеүүд тулгарч л байсан биз дээ. Тэгвэл Mailsuite-н тусламжтайгаар нөгөө тал имэйлийг тань хэзээ, хэдэн удаа нээснийг харах боломжтой шүү. Хэрэглэхэд үнэгүй, мэдээж нөгөө тал нь имэйл чинь ирээгүй шүү дээ гээд бултах аргагүй болно. 😈

Мэдээгүй нэгэнд нь дуулгаарай. Мэдсэн, сурснаа хуваалцдаг хүмүүсийг Буддагийн хойд дүр гэмээр байдаг шүү. 😂 🙏

🌉 Зуны амралтаараа Лондонд

Эцэг, эхчүүд ээ! Хүүхдүүддээ зуны амралтаар нь Лондон хотод англи хэл сурч, аялах боломжтой хөтөлбөрийг сонирхоорой. 🔍

Ямар хөтөлбөр вэ? 

  • Салбартаа 3 жилийн туршлагатай Хан Хул Трэвэл компани St Giles International сургуультай хамтран 12-17 насныханд зориулсан 14 хоногийн англи хэл сурангаа Лондон хотоор аялан, Кэмбрижийн Их сургуультай танилцах хөтөлбөрийг санал болгож байгаа аж.

  • Түүнчлэн хөтөлбөрт далайн эргийн Брайтон хотоор зугаалах аялал багтсан бөгөөд мэргэжлийн багш нар хүүхдүүдийг дагалдан явах юм.

За тэгээд хүүхдүүд англи хэл суралцахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, Англи соёлтой танилцан, бие даах чадвараа хөгжүүлэхэд түлхэц болох биз ээ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг 77079079, 80079079 дугаарт холбон аваарай.

MainChina

🔹Иений доллартой харьцах ханш суларч ¥160-д хүрлээ. Энэ нь сүүлийн 34 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрч буй тохиолдол аж. Сонирхуулахад, өнгөрсөн Баасан гарагт Америкийн ХНС-гаас гаргасан инфляцын түвшин төсөөлснөөс өндөр буюу 2.8%-тай гараад буй.

🔹Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталжээ. Улмаар Нийслэлээс дотоодын зах зээлээс ₮500 тэрбумын бонд босгохоор тооцоолоод буй. Уг бондоос Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон бохир усны Туул-1 гол цуглуулагч шугам, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулах юм.  

🔹Хятадын газрын ховор металл олборлогч болон боловсруулагчдын ашиг буурав. Тухайлбал, Хятадын томоохон газрын ховор металл олборлогчийн охин компани болох China Rare Earth Resources & Technology (000831.SZ)-н орлого нь 2023 онд 5.4% буурч $550 сая болжээ. Улмаар ашиг нь 45.7% бууран $57 сая болсон байна.

🔹МИАТ ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж нислэг үйлдэж эхэллээ. Тодруулбал, компани өнгөрсөн Ням гарагт Ховд аймаг руу Мазаалай хөлгөөр анхны нислэгээ үйлсэн юм. Цаашид тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэх аж.

  • ТУЗ-ийн хараат бус гишүүн / Омни капитал ББСБ: Зээлийн эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр та банк болон ББСБ салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан бол доорх хаягаар CV-гээ явуулаарай. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалын чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Хаалттай: L’Occitane хаалттай компани болох уу? (SCMP)

  • +1: CU Замын-Үүдэд ээлжит салбараа нээжээ. (iKon)

  • Нээлттэй: ТОП-100 аж ахуй нэгжтэй холбоотой СЗХ-ны журмын төсөлд саналаа явуулах боломж. (FRC)

  • Сонирх: Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл. (LemonPress)

  • Мэд: Их Британийн Төв Ази рүү чиглэсэн бодлого. (TheDiplomat)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.

Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.