• Lemon Press
  • Posts
  • 😵‍💫 ЗГ: Үг баруун ууланд, үйлдэл зүүн ууланд

😵‍💫 ЗГ: Үг баруун ууланд, үйлдэл зүүн ууланд

Сагсны баг ашигтай | $ERDN-н анхны алт | Ташкент руу шууд нис

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  Дуулиан шуугианы эзэн Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх 7 хоногт гадаадаас ирж, АТГ-д тайлбар өгөхөөр болжээ. Ирэх 7 хоногт цаг агаар +20°C дулаан. Харин улс төр тэрнээс ч халах төлөвтэй шүү. 🙄

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Үнэт цаасны арилжаа 4-р сард өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж ₮260 тэрбумд хүрчээ. Үнэт цаасны гүйлгээний 41.5%-ийг ХБҮЦ, 26.8%-ийг компанийн бонд, 23.9%-ийг хувьцаа бүрдүүлэв.

MNG: Өнгөрсөн сарын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр ₮57.9 тэрбумын алдагдалтай гарав

UZB: Узбекистан болон Монгол агаарын замаа холбож, Хүннү Эйр ХХК ирэх 9-р сараас Ташкент-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 2 удаа нислэг үйлдэхээр болжээ

😵‍💫 ЗГ: Үг баруун, үйлдэл зүүн 

Өчигдөр Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хэлэлцүүлэг боллоо. Ирэх жил 300 төсөл арга хэмжээг ₮17 их наядаар санхүүжүүлнэ. Энэ нь ирэх оны төсвийн 50.7%-тай тэнцэх хэмжээний дүн.

🤔 Юу, юу хийнэ гэнэ?

Нийт ₮17 их наядын ₮4.5 их наядыг гадаадын санхүүжилтээр, ₮4.4 их наядыг төр хувийн хэвшлийн санхүүжилтээр, ₮3.5 их наядыг улсын төсвөөр, ₮1.5 их наядыг орон нутгийн төсвөөр санхүүжүүлнэ. Үлдсэн ₮3 гаруй их наяд хаанаас гарах нь тодорхойгүй. Ирэх жил хэрэгжүүлэх төслийн тоо энэ оныхоос 2.1 дахин буурсан ч санхүүжилт нь 37% нэмэгдэж байгаа

  • 🏃🏻‍♀️💨 ЗГ-ын чиглэл: ЗГ ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэх, ядуурлыг бууруулж, боловсролыг дэмжих, бизнесийн орчны реформ, чөлөөлт зах зээлийг цогцлоох, AI-г төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох гэсэн 4 чиглэлд онцгой анхаарал хандуулах аж. 

  • ✊🏻 Үр дүн: Эдгээр бодлогыг амжилттай хэрэгжүүлбэл ирэх онд эдийн засаг 6% өсөж, 1 хүнд ногдох ДНБ $8,090-т хүрснээс ядуурлын түвшин 5 нэгж хувиар буурч 22.1%-д хүрнэ гэнэ ээ. Бусад нь яах вэ гэхэд ядуурлын түвшинг жилийн дотор ингэж бууруулна гэхээр сүүлийн 9 жилд хэний ч хийж чадаагүй ажлыг хийнэ гэсэн үг. 

😵‍💫 Хэмжих боломжгүй зорилт

УИХ-ын зарим гишүүд ЗГ-ын өнгөрсөн жилийн үйл ажиллагааг үнэлсэн дүгнэлтийг ямар ч үндэслэлгүй, шугамаар жингээ хэмжих гэлээ хэмээж байсан. Нэг үеэ бодоход ЗГ зорилтын хэрэгжилтээ хэмжих гэж оролдож байгаа нь сайхан ч хүршгүй, зарим нь хэмжигдэшгүй зорилт тавьж байгаа нь хэцүүдэлтэй.

  • 🤑 Төсөв 2026: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлого, зарлагыг эн тэнцүү ₮33.5 их наяд байхаар тусгасан. Өөрөөр бол 2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй, суурь тэнцлийг ДНБ-ий 3%-тай тэнцэх хэмжээний ашигтай байхаар төлөвлөв. Үүний тулд төсвийн зарлага 2026 онд ДНБ-ий 31.7%, 2027 онд 30.4%, 2028 онд 29.6% гэхчлэн үе шаттай буурах ёстой.  

Эцэст нь… ЗГ урьдын адил янзын өөдрөг төсөөлөлтэй төсөв, хөгжлийн төлөвлөгөөг гаргав. Замын дундаас бидний нөхцөл байдал ийм, тийм гээд тодотгол хийхээс эхлээд үг нь баруун ууланд, үйлдэл нь зүүн ууланд байх нь олонтоо. Хэзээ бодит нөхцөлөө харж, хөрс шороон дээрээ буусан зорилт, амлалт өгдөг болох вэ?

  • 🕵️ Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх зөвшөөрөлтэй байгууллагын жагсаалт. (ЦХИХХЯ)

  • 💥 AI математикийн шинэ нээлтүүдийг хийж чаддаг боллоо. (VentureBeat)

  • 🌏 Air India Монголын агаарын орон зайг ашиглаж зарим зардлаа танадаг. (TheHindu)

  • 🏃 Warner Bros HBO брэндээ эргүүлэн авчирна. (WBD)

$ERDN: III улиралд ☀️ гарна 

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн 2025 оны III улирлаас анхны алтаа олборлохоор төлөвлөж байна. Баян Хөндий алтны төслийн гүйцэтгэл 92% хүрсэн бөгөөд төслийн нийт гарсан зардал 2025 оны эхний улирлын байдлаар $96 саяд хүрсэн аж. Сонирхуулахад, тус компанийн нэгж хувьцааны үнэ өчигдрийн байдлаар ₮2,514 дээр хаагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 160%, оны эхнээс 58% тус тус өсчээ.

🏀 Гэрлийн хурдаар хөгжиж буй MBA 

Хэдхэн жилийн өмнө дотнын хүн чинь сагсан бөмбөгөөр хоолоо олж иднэ гэж хэлсэн бол та тэгж байхаар хичээлээ хий гэж хэлэх байсан нь баараггүй. Гэвч энэ үе ард хоцорч, Монголын сагсан бөмбөгийн хөгжил дараагийн түвшинд хүрчээ. Яаж хөгжсөн бэ гэж үү?

3️⃣0️⃣ Үндэсний дээд лиг

Тэртээ 1994 онд Үндэсний Дээд Лиг эхэлж өдгөө 30 дахь улирал үргэлжилж байна. 2024-2025 оны улиралд NBA-н супер од асан Демаркус Казинс ирсэн, ₮450 саяын гэрээ зурагдсан, томоохон ивээн тэтгэгчид, үнэ цэнтэй тоглогчийн шагналын төлөөх өрсөлдөөн, гал гарсан аваргын өрсөлдөөн зэрэг дурдаад байвал дуусашгүй олон онцгой үйл явдал тохиов.

🚀 Сагсны баг ашигтай

Энэ жил Үндэсний дээд лигийн эрэгтэй баг дунджаар 5 ивээн тэтгэгчтэй оролцсон ба ивээн тэтгэгчдийн дунд Шунхлай групп, АПУ (APU), ХААН Банк (KHAN), Таван Богд гэх мэт томчууд бий. Ашигтай ажилладаг баг өдрийн од шиг байсан бол одоо шагналын сан, ивээн тэтгэлэг, тасалбарын борлуулалт гэх мэт олон орлогын сувагтай болсноор ашигтай ажиллах боломжтой болсон аж. Жишээлбэл энэ жилийн аварга баг ₮500 саяын шагнал аваад дээр нь ирэх жил $2.5 саяын шагналын сантай EASL-д өрсөлдөх тасалбараа халааслах юм. 

⛹🏻‍♂️ Тамирчдын тухайд 

Монголын аль ч лигт байхгүй цалин, тамирчдын солилцоо Үндэсний дээд лигт л бий. Тухайлбал, Сэлэнгэ Бодон багийн А.Базаргүр энэ улиралд 3 жилийн ₮450 саяын гэрээг үзэглэв. Тэрээр энэ улиралд SG Apes багаас ₮120 саяын солилцоогоор ирсэн. Мөн цагтаа NBA-г донсолгож явсан Демаркус Казинс тус багт сарын $1 саяын цалинтай ирсэн хэмээх шуум гараад амжив. Багуудын зардал жил ирэх бүр нэмэгдсээр 2022 оныхоос 5 дахин өсөж ₮1 тэрбумд хүрээд буй. Энэ жил SG Apes багийн тамирчдын дундаж цалин л гэхэд сарын ₮4.4 сая байжээ.

  • 🏆 Хамгийн олон: Үндэсний Дээд Лигт Хасын Хүлэгүүд хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн бол удаах байранд 6 аварга авсан Харцага баг орж байна. Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг мөн л Хасын Хүлэгүүд багаас 11 тоглогч авчээ. Харин Т.Санчир тус шагналыг хамгийн олон удаа буюу 4 удаа хүртсэн аж. 

Эцэст нь.. BCL хэсгийн тоглолтууд дуусаж, аваргын төлөөх цуврал маргааш 15 цаг 10 минутаас M bank arena-д үргэлжилнэ. Хасын Хүлэгүүд цувралыг 3:1 болгож тэргүүллээ баталгаажуулах уу эсвэл Бишрэлт Металл цувралыг тэнцүүлж анхны аваргын цомоо өргөхөд нэг алхам ойртох уу гэдгийг харцгаая. 

💡 Таавар таацгаая.

… нь компанийн зах зээлийн үнэ цэн болон нийт активын үнэ цэний харьцааг харуулна. Харьцаа 1-ээс их (бага) бол компанийн зах зээлийн үнэ цэнэ активын үнэлгээнээс их (бага) болохыг илэрхийлнэ. Эсвэл хувьцаа дутуу (илүү) үнэлэгдсэн байх магадлалыг илэрхийлдэг. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Giphy

🍋 Өнгөрсөн онд Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70% нь ЗГ, түүний харьяа агентлаг руу чиглэжээ. Харин 11% нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14% нь эрүүл мэндийн салбар, 1% нь хууль сахиулах байгууллага руу хандсан болохыг тогтоож. Тэгвэл мөн хугацаанд Монгол руу Оросоос  хамгийн олон буюу 128 сая, Америкаас 65 сая, Хятадаас 50 сая гаруй сэжигтэй хандалт илэрсэн аж. 

🍋 ЕСБХБ ХААН Банк (KHAN)-д олгох $145 саяын санхүүжилтийн багцыг хэрэгжүүлж эхэллээ. Санхүүжилтийн багцыг ЕСБХБ-ны Ногоон ЭЗ-ийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд $75 саяын ногоон зээл, Төв Азийн эмэгтэйчүүдийн бизнес хөтөлбөрийн хүрээнд $70 саяын эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зээл бүрдүүлж. Ийнхүү энэ хэлцэл ЕСБХБ-ны Монголын 1 санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн том хэлцэл болжээ.

🍋 Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг $185 саяын гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Төслийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд иргэдийн саналыг авч эхэлжээ. Тэгвэл үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тн ахуйн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг болох юм гэнэ. 

🍋 Ford (F) 273 мянган тээврийн хэрэгслийг Америкийн хэрэглэгчид болон зах зээлээс эргүүлэн татна. Учир нь NHTSA тоормосны ажиллагаа алдагдах эрсдэл осол гарах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй гэж мэдээлжээ. Иймд Ford автомашинуудыг шалгаж, шаардлагатай сэлбэгийг үнэ төлбөргүйгээр сольж өгөхөөр болжээ. Гэснээс эргүүлэн татах тээврийн хэрэгслийн тоо Монголын нийт тээврийн хэрэгслийн ⅕-тэй дүйнэ. 

🍋 Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль зүйн шинэ орчин бий болгох шаардлагатай. Одоогоор зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг тусгасан хууль зүйн зохицуулалт байгаа аж. Иймд тус хөрөнгийн төрлүүдийг ангилах, эрсдэлийг тодорхойлох, криптовалютын бизнесийн харилцаанд оролцох иргэдийг дэмжих гэхчлэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.