- Lemon Press
- Posts
- 🚀 Бооцоо x 50
🚀 Бооцоо x 50
Орос, Монгол, Хятад 3 | Нэгээс нөгөөд шилжих $MOST | Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц
POWERED BY
Өглөөний мэнд ээ! “Улаанбаатар марафон 2025”-даа бэлэн үү? Бэлтгэлээ хангаж байгаа биз дээ, марафон болоход яг 15 хоног үлдлээ шүү. ЭНД дарж гүйлтийн маршрутыг хараарай. 🏃🏃♀️


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: СЗХ Юбикаб Холдинг ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр болов.
MSE: Өчигдөр УУББ-ээр Монголросцветмет ТӨҮГ-ын 2 багц бүхий нийт 6,600 тн төмрийн хүдэр $405,900 буюу ₮1.5 тэрбумаар арилжаалагдлаа.
CUS: 2025 оны эхний 4 сарын гадаад худалдааны нийт бараа эргэлт $7.8 тэрбум болж жилийн өмнөхөөсөө 6.7% буурч, гадаад худалдааны ашиг 54.8% буурч $683.2 сая болжээ.

💂🏻♀️ Орос, Монгол, Хятад 3
Өнөөдөр Оросын Ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. Баярт оролцохоор Москва хотод Ши Жиньпин, У.Хүрэлсүх тэргүүтэй 29 орны төрийн тэргүүн нар цуглараад буй. Эдгээр өдрүүдэд В.Путин 15 гаруй улсын төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
🔎 Улаанбаатар-Москвагийн яриа
Өчигдөр В.Путин болон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нар уулзаж, уулзалтын эхэнд В.Путин 2 орны худалдааны эргэлт энэ оны эхний 2 сард 25% өссөнийг мэдэгдэн, Монголыг худалдааны чухал түнш хэмээн онцолсон юм. Цаашлаад, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэв.
🤓 Түүний ярианаас анхаарал татсан өөр нэг зүйл нь Орос, Монголын худалдаа доллар болон еврогоос бараг л бүрэн ангижирч, өөр валютуудаар хийгдэж байгаа гэдэг.
🥶 Худалдааны алдагдал $893 сая: Одоо Орос, Монголын худалдааг эхний 4 сараар харахад, экспорт $20.6 сая, импорт $913.8 саяд хүрээд буй. Худалдааны алдагдал $893 сая. Худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч нийт худалдааны 96% нь Монголын импорт гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
📄 Гол асуудал
Үргэлжлүүлээд, энэ удаагийн Ялалтын баярын үеэрх хэлэлцээрийн хамгийн том сэдэв нь Сибирийн хүч II хийн хоолойн асуудал. Сүүлийн үед Европын Холбоо 2027 оноос Оросоос авах хийн импортоо бүрэн хориглох төлөвлөгөө гаргаж байгаа талаар дуулдах болсон. Энэ ч утгаараа Ши Жиньпин Москвад ирсэн гол шалтгаануудын нэг нь Сибирийн хүч II хийн хоолойн ирээдүйг хэлэлцэх явдал.
🖊️ Гэвч Бээжин талаас байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Юутай 2 хөршийн төрийн тэргүүн нар стратегийн тогтвортой байдал, иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх талаар 2 хамтарсан мэдэгдэл гаргах гэнэ.
Эцэст нь… 2 орны төрийн тэргүүний уулзалт Орос, Монголын найрсаг ахан дүүгийн харилцааг нотлох мэт дүр зураглалтай болж өнгөрлөө. 2 орон ирэх жилүүдэд Эгийн голын усан цахилгаан станц, ДЦС III-н өргөтгөл гэхчлэн хамтран хэрэгжүүлэх төслүүдээс гадна Евроазийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээр, онгоцны түлш нийлүүлэх гэхчлэн хамтрал ч юм шиг, шахалт ч юм шиг хэлэлцээрүүд яригдаж буй. Украинтай дайтсан 3 жилээс одоо нэг сэхэл авч Монгол руу анхаарч байгаа мэт…


🔀 Нэгээс нөгөөд шилжих $MOST
ADB: Ард Кредит ББСБ нь Ард Тэтгэврийн Данс ХХК-ийн эзэмшиж байгаа МОСТ Финтек ХК (MOST)-ийн хувьцааг нэгж бүрийг нь ₮36-өөр тооцон ₮423 саяар худалдаж авна. Ард Тэтгэврийн Данс ХХК-ийн эзэмшиж байгаа $MOST-н хувьцааны тоо ширхэг нь $MOST-н нийт гаргасан хувьцааны 2.4%-тай тэнцэж буй. Харин ₮36-өөр үнэлж байгаа нь $MOST-н өчигдрийн хаалтын үнээс ₮1-өөр доогуур, 52 долоо хоногийн доод үнээс ₮23.6-өөр доогуур байна.

🏘️ Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц
Өнөөдөр 17:00 цаг хүртэл МАК-ийн 2 дахь жилдээ зохион байгуулж буй аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг хэлэлцэх MAKBM арга хэмжээ болно. 📢
Арга хэмжээний үеэр мөн барилгын материал үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх “Аж үйлдвэрийн парк”, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны “MAK Евро Хаус” төслөө танилцуулах аж.
Гэснээс тус орон сууцаас захиалбал ХААН Банк, ХасБанк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй, ногоон зээлд хамруулна гэсэн шүү.
📍 Хаана: MAK East борлуулалтын төв
📞 Холбогдох: 9595-0000

📿 Шинэ пап ба Бооцоо

“Betting” буюу бооцоо тавих ойлголт өнөөдөр зөвхөн спортын тоглолтоор хязгаарлагдахаа больж, улс төр, эдийн засаг, бүр шашны өндөр түвшний сонголт руу ч нэвтэрч эхэлжээ.
🚀 Бооцоо 50 нугарав
2025 оны Пап лам хэн байх вэ гэдгийг таах бооцоо л гэхэд $19 саяд хүрсэн байжээ. Уг дүнг Polymarket, Kalshi, Betfair дээр тавигдсан бооцооны нийлбэрээр гаргасан аж. $19 сая гэдэг нь 2013 оны бооцооны хэмжээнээс инфляц тохируулаад ч 50 дахин их байгаа юм. Мөн бооцоот зах зээл дээр гэнэтийн нэр дэвшигч гарч ирэх магадлал 6% байсан аж.
📌 Том зургаар
Цаашлаад, сүүлийн жилүүдэд цахим тоглоом болон спортын бооцооны зах зээл хурдтай тэлсээр байгаа. Жил бүрийн өсөлт дунджаар 10%-12% гэхээр арга ч үгүй биз. Спортын бооцооны зах зээлийн орлого 2025 онд $77.2 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа. Бооцоонд оролцогч нэг бүрээс олох дундаж орлого $389.6 аж.
🛐 Бооцооны хариу
Харин Монголын цагаар өчигдөр шөнө Ромын 267 дахь папаар Америк гаралтай Роберт Францис Превост сонгогдлоо. Шинэ папа Лео XIV-н хувьд сүмийн дотоод эв нэгдлийг хангах, бэлгийн хүчирхийллийн асуудлуудыг шийдвэрлэх, дэлхийн хэмжээний хямралуудтай нүүр тулах гээд шийдэх асуудал их.
Эцэст нь… Юутай ч шинэ пап тодорлоо. Харин бооцооны тухайд таамаглалын зах зээл хэлбэрээр эдийн засагт шинэ орон зай бий болгож буй ч ёс суртахуун, зохицуулалт, сэтгэлзүйн эрсдэлийг үл тоож болохгүй. Ялангуяа шашны болон нийгмийн мэдрэмтгий сэдвүүд бооцооны талбар болж хувирах нь “ёс суртахууны хязгаарыг давж байна уу” гэдэг асуулт төрж байна даа.

💡 Таавар таацгаая
… нь нoгдoл ашиг нь нэмэлт давуу эрxтэй xувьцаагаар төлөгддөг давуу эрxтэй xувьцаа юм. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉


Tenor
🍋 Apple (AAPL) жил бүр Google (GOOG)-с $20 тэрбумын төлбөр авдаг. Үүний хариуд Apple iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүд дээрээ Google-г анхдагч хайлтын систем болгодог аж. Харин AI гарч ирснээр хэрэглэгчид мэдээллийг Google-с илүүтэй AI-с авах болсон тул Apple төхөөрөмжүүд дээрх Safari-д AI хайлтын системүүдийг нэмэх сонирхлоо илэрхийлэв. Улмаар Google-н хувьцааны үнэ 7.5% унаж $152.8 болоод байна.
🍋 Энэ оны эхний 4 сард суудлын автомашины импорт 2 жилийн өмнөх мөн үеэс 2 дахин өсөж 45.2 мянган ширхэг болжээ. Энэ нь гол нэрийн барааны нийт импортын 12.2% буюу $435.2 саяыг бүрдүүлэв. Харин нефтийн бүтээгдэхүүн хамгийн их 20%-ийг эзэлж буй. Цаашлаад, өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт хамгийн их буюу өнгөрсөн оны мөн үеэс 71.5% өсөж 2.3 мянган тн боллоо.
🍋 Walt Dinsey (DIS) Абу Дабид сэдэвчилсэн парктай болно. Бүтэн байгуулах дүн тодорхой биш ч, АНЭУ-ын ЗГ-ын дэмжлэгтэй аялал жуулчлал, ҮХХ-ийн компани Miral бүх бүтээн байгуулалтыг хариуцаж, зардлыг даах бол Disney дизайн болон үйл ажиллагааны хяналтыг хариуцах нь. Ийнхүү Disney сүүлийн паркаа байгуулснаас 15 жилийн дараа 7 дахь паркаа байгуулж Ойрх Дорнод руу тэлэх нь ээ.
🍋 Нийслэлийн Хяналт шалгалтын газар барилгын салбарын ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж байна. Шалгалтыг 7 сарын 5 хүртэл 97 ААНБ-д 11 чиглэлээр хийх бөгөөд онцгойлон барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг шалгах нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц. Цэлмэг
Reply