• Lemon Press
  • Posts
  • 📚 Чанартай боловсрол эзэмш!

📚 Чанартай боловсрол эзэмш!

Америкт суралцаж буй ОУ-ын оюутнууд | Wolfest | Xiaomi-н зах зээлийн үнэлгээ өслөө

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өчигдөр амарчихсан чинь ажилдаа нэг л төвлөрч өгөхгүй байгаа юм биш биз? Тэгвэл дараах аргуудыг туршаад үзээрэй. 

  • Толгойд эргэлдэх олон бодлоо төсөөллийн хайрцагт хийгээд тавиур дээр дээш тавих,

  • Утсаа “Do Not Disturb” горим дээр нь шилжүүлэх,

  • Өөрийгөө үр бүтээлч горим дээрээ тохируулж, урдах ажлуудаа нэг нэгээр нь дуусгах. 💪

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдөр 13,400 тн төмрийн баяжмал $1.1 саяар арилжаалагдав

^GSPC: Morgan Stanley (MS) S&P 500 индексийг 2024 оныг 4,500-гаар дуусгана гэж таамаглалаа

^HSI: Hang Seng индекс он гарсаар 13.6% унаж 17,396.9 нэгжид хүрэв

Т.Цэрэнбадрал: Гаднын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь ХЗЗ-ийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй

ХЗЗ-ийн шилдгүүдийг шалгаруулах Grand Bull Awards-г угтан мэргэжлийн болоод зохицуулагч байгууллагын төлөөлөлтэй хийж буй цуврал ярилцлагын маань энэ удаагийн дугаарт СЗХ-ны Дэд дарга Т.Цэрэнбадрал оролцлоо.

🔝 Сонгуулийн сургаар суга өсдөг төсөв

Зээ, сонгуультай жилийн түүхэн том төсөв батлагдчихлаа. Ер нь сонгуультай жил бүрийн төсвийн зардал талийж өгөх юм даа. 

15.1% VS 28.5%

2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5% байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм

  • Өсдөг трэнд: 4 жил тутамд манай төсвийн зардал огцом өсдөг трэндтэй. 2008 онд л гэхэд жилийн өмнөхөөсөө 47.1% өссөн зардалтай төсөв батлагдаж байв. Үргэлжлүүлээд, 2012 онд 20.4% өсөж түүний дараа дараагийн сонгуулийн жилүүдэд ч өссөн. 

  • Хөөрхөн бууруулчихна аа: Харин сонгуулийн яг дараагийн жил нь төсвийн зардлаа бууруулж орхидог. Тухайлбал, 2009 онд 8% бууруулсан бол 2017 онд 5.1% бууруулсан байгаа юм. Ингээд харахаар төсвийн бодлогод зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал биш сонгуулийн шоу л нөлөөлөөд байна уу, гэлтэй. 

  • Ирэх оны аварга тоонууд: Дүрмийн дагуу ирэх оны төсвийн зардал ч 2023 оны төсвөөс 22.3% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагдсан. Улмаар МАН-ын төр барьсан 8 жилийн хугацаанд төсвийн зардал 3 дахин өсөх нь. 

Мэдээж алдагдал өснө өө

Заа тэгээд сонгуулийн жилүүдэд төсвийн зардлыг хөөрөгдүүлснээс үүдэн алдагдал нь тэнгэрт хадна. 2020 оны сонгуулийн жилийн төсвийн алдагдал ₮4.4 их наядад хүрч дээд амжилт тогтоосон. Түүний араас 2016 онд ₮3.7 их наядын алдагдал хүлээж байв. Угаас манай төсөв сонгуулийн бус 2 жилд л буюу 2010, 2018 онд л ашигтай гарч байсан билээ. 

  • Гамшгийн үр дүн: Мэдээжийн хэрэг зардлыг өсгөж алдагдлыг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, валютын худалдан авах чадварыг бууруулна. 

  • Муу нэрийг хусавч арилахгүй: Заа тэгээд, хөрөнгө оруулагчид манай өр зээлээ төлөх чадварт санаа зовж эхэлбэл өнөө Moody’s гэх мэт зээлжих зэрэглэлийн агентлагууд зээлжих зэрэглэлийг хайр найргүй бууруулна. Тэгэхээр ЗГ мөнгө зээлэх нь илүү үнэтэй болно л гэсэн үг. Ай даа, хэцүү, хэцүү. 

Эцэст нь… Ирэх жилийн төсвийн алдагдал ₮2.1 их наядад хүрэхээр байгаа. Хэзээ энэ сонгуулийн жилүүд төсвийн зардал тэнгэрт хаддаг чөтгөрийн тойрог дуусах юм бол доо?

⚔️ Өрсөлдөгчийн уналтаас хожсон нь

1810.HK: Xiaomi-н зах зээлийн үнэлгээ 6 сарын дотор $20 тэрбумаар нэмэгдэж $50.7 тэрбум боллоо. Учир нь Apple (AAPL)-н Хятад дахь борлуулалт өнгөрсөн улиралд 2.5% унаад буй. Үүний хажуугаар компанийн шинээр гаргасан Xiaomi 14 утасны борлуулалт гарснаасаа хойш 10 хоногийн дотор 1.4 сая ширхэгт хүрсэн юм. Улмаар тус утас 10-р сард Хятадын зах зээлд борлуулагдаж эхэлснээс хойш хувьцааны үнэ 21.2% өсөж HK$15.9 болоод байна.

📚 Чанартай боловсрол эзэмш!

Америкт суралцаж буй ОУ-ын оюутны тоо энэ онд 1.1 саяд хүрснээр сүүлийн 40 жилд хамгийн хурдацтай өссөн жил болов. За тэгвэл аль улсын оюутнууд хээрийн галуу нисэн үл хүрэх Америк руу номын дуу сонсохоор мордож байна?

Ази нүүдэл

Дэлхийн ТОП-10 их сургуулийн 7 нь Америкт байдаг. Энэ ч утгаараа чанартай дээд боловсрол эзэмшихээр тус улсыг зорих оюутнуудын тоо жил ирэх тусам л нэмэгдэж ирсэн ч 2019-2020 он буюу Ковид-19-ийн жилүүдэд анх удаа буурч байв. Гэхдээ энэ жил хурдацтай өсөхөд Энэтхэг оюутнуудын тоо 35% нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн юм. 

  • Тооны хэлээр: 2022-2023 оны хичээлийн жилд Америкт дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй ОУ-ын оюутнуудын тоо өнгөрсөн жилээсээ 12% өсөөд буй. 

  • Тивээр нь ангилан харвал Америкт суралцаж буй ОУ-ын оюутнуудад Ази оюутнууд даацтай жин эзэлдэг. Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй нийт оюутнуудын 61%-ийг Азийн 5 улсын оюутнууд эзэлж байх жишээтэй.

  • Сонирхуулахад, 2018 оноос эхлэн Хятад болон Энэтхэг оюутнуудын тоо бусад орны оюутнуудын тоог бут цохиж одоог хүртэл цойлсоор байгаа. Хятад оюутнуудын тоо энэ жил 0.2% буурсан ч тэргүүлэгчийн суулдаа суусаар л. Могой хэд тасарсан ч гүрвэлийн дайтай гэж… 😂 

  • ЭЗ-ийн дэмжлэг: Өнгөрсөн онд ОУ-ын оюутнууд тус улсын ЭЗ-т $32 тэрбумыг оруулсан байна. 

Монголчууд ч бас юугаараа дутах вэ?

Сүүлийн жилүүдэд Америкт суралцах сонирхолтой Монголчууд нэмэгдсээр өнгөрсөн жилд гэхэд 9.8% өсөж 1,488 болоод буй. Гэснээс ирэх онд Америкийн ЗГ-ын магистрын тэтгэлэг болох Fullbright-н тэтгэлэгт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлж 40 болгосон тул ирээдүйд илүү олон хүмүүс чанартай боловсрол эзэмших боломжтой болсон юм. 

За тэгээд, чанартай боловсрол гэрэлт ирээдүйн хөтөч болдог жамаар ОУ-ын оюутнууд Америк руу нүүдэллэсээр.

🚀 Хөгжлөө хурдасга | Melearn

Компанийн дотоод сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг багтаасан цогц шийдэл болох Melearn LMS 2.0 байгууллагын сургалтын системийг танилцуулж байна.

💡Тус систем нь,

  • Ажилтан бүрд тохирсон сургалт, вебинар, сонсдог ном зэргийг нэг дор багтаасан,

  • Melearn апп-ийн 200 гаруй сургалт, 100 гаруй номыг хязгааргүй ашиглах боломжтой,

  • Нэгдсэн хяналт удирдлагын системтэй ба дотоод сургалт бэлтгэх үйлчилгээтэй зэрэг олон давуу талтай аж.

Түүнчлэн уг системээр дамжуулан байгууллага бүр өөрсдийн сургалтын апп-тай болох боломжтой ба тус апп-аа татаад сургалтуудаа үзэх юм.

🎁 Melearn LMS V2.0-н нээлтийг тохиолдуулан эхний 100 ААН-д онцгой үнийн санал гаргаж байгаа гэнэ шүү.

Заа тэгээд ЭНД дарж амжиж бүртгүүлээрэй.

Reuters

🔹Mitsubishi UFJ Financial Group (8306.T) ¥400 тэрбумын үнийн дүн бүхий хувьцаагаа халаасална. Сонирхуулахад, тэдний энэ оны эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 21.3% өсөн ¥1.1 их наядад хүрээд буй. Ийнхүү тэд энэ оны зорьсон ашгийнхаа 75%-ийг биелүүлээд байна.

🔹Энэ оны нийслэлийн төсвөөс ₮42.8 тэрбумыг хэмнэхээр тооцжээ. Хэмнэсэн зардлын 64.5%-ийг сургууль, цэцэрлэг нэмэгдүүлэх, 33.6%-ийг нийтлэг үйлчилгээний машин механизм худалдан авах, 1.9%-ийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил гүйцэтгэхэд зарцуулах юм.

🔹Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд орон нутагт ажиллах ААН-үүдэд жилийн 1%-ийн хүүтэй ₮500 сая хүртэлх зээлийг олгохоор болов. Мөн тус бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг 80% хүртэл нэмж, зарим аймгийн ЭЗ-аас шалтгаалан тус нэмэгдлийг 100% олгох аж.

🔹Дэлхийн Банкны санхүүжилтээр 311 км автозам, 8 байршилд төмөр бетон гүүрэнд их засвар хийнэ гэв. Энэхүү санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлуулах бөгөөд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай зэрэг 9 аймгийн эвдрэл ихтэй замд зарцуулахаар гэнэ.

🚀 Монгол NFT дэлхийн зах зээл рүү

Амласан ёсоор энэ дугаарт NFT коммюнитигийн хамгийн том эвэнт болох ApeFest-д MongolNFT оролцож Wolfest арга хэмжээгээ зохион байгуулсан талаар бэлтгэн хүргэж байна. 

The Wolfest in Hongkong

Хонгконгт болсон тус арга хэмжээний үеэр ганц Монголоос буюу Wolfest л давхар арга хэмжээ болон зохион байгуулсныг мэдсэн үү? Яагаад үүнийг онцолж байгаа вэ гэхээр МоngolNFT ОУ-ын 2,000 гаруй NFT сонирхогчдын овоо хараанд өртөөд амжсан нь Монголын NFT төслүүд дэлхийн зах зээлд гарахад нэг шат ахисан үйл явдал болоод буй. Танигдаад авбал учиртай…

  • Сонирхуулахад, ApeFest-н зохион байгуулагч Yuga Labs-н CEO Даниел Алегре Wolfest-д биечлэн оролцож MongolNFT-н хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцсан аж. NFT сонирхогчид дунд түүнийг танихгүй бол нүгэл болно биз дээ. 

Гол төсөл Wolves NFT

Түүнчлэн Wolfest арга хэмжээний үеэр MongolNFT Wolves NFT-гээ гол төсөл болгон танилцуулсан бөгөөд 200 гаруй NFT цуглуулагчид MongolNFT-н мерч бүтээгдэхүүнтэй болж 20 орчим нь Wolves NFT-р түрийвчээ солонгоруулсан ч сурагтай. 

Товхимлоо хэр нухацтай уншсанаа шалгацгаая. Зөв хариултыг нь сонгоно шүү.

A. Сонгуультай жилүүдийн төсвийн зардал дунджаар 28.5% өссөн.
B. Энэ жил Америкт суралцахаар ирсэн Хятад оюутнуудын тоо өнгөрсөн жилээс 0.5% буурсан.
C. 300 гаруй NFT цуглуулагчид MongolNFT-н мерч бүтээгдэхүүнтэй болсон.

  • Оролц: Унгарын ЗГ-ын тэтгэлгийн сонгон шалгаруулалт. (БШУЯ)

  • Сонирх: Хуйвалдааны онолд хэр итгэдэг вэ? (TheConspiracyTest)

  • Мэд: PlayStation Portal-н талаарх сонин хачин. (TheVerge)

  • Танилц: 2024 оны Grammy-д нэр дэвшигчид. (GrammyAwards)

Зөв хариулт A буюу сонгуультай жилүүдийн төсвийн зардал дунджаар 28.5% өссөн байх нь ээ. Харин бусад үед дунджаар 15.1% өссөн шүү.

Reply

or to participate.