• Lemon Press
  • Posts
  • 🙊 Алдагдсан боломжийн өртөг

🙊 Алдагдсан боломжийн өртөг

Технологийн томоохон эвэнт WMC өнөөдөр эхэллээ | Ногдол ашгийн төлөлтийн өдөр | ЭТТ ХК-ийн хувьцааг нээлттэй арилжих

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет захидлаараа дамжуулж найз, хамтрагч Чарли Мунгерт хүндэтгэл үзүүлжээ. Харин манай ХК-иудад хүндэтгэл үзүүлэх, хөрөнгө оруулагчдадаа захиа явуулах соёл суух ч хол байна даа. Ядаж нийтээрээ мэдээллээ ил тод тавьдаг болоосой. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Монгол Алт ХК (ERS), Хасу-Мандал ХК (HSR), Увс чацаргана ХК (CHR) зэрэг компаниуд ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдлээ

RUS: Их 7-гийн орнууд Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг чангатгахаар төлөвлөж байна

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮40.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮14.9 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

⛏️ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах боломж

Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарт Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнийн “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах боломж” нийтлэлийг хүргэж байна.

Монголын Засгийн газрын (ЗГ) 2012 оны 181-р тогтоолын дагуу, иргэд өөрсдийн эзэмшиж буй ЭТТ ХК-ийн хувьцааг ЗГ-т нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан байдаг. 

Ингэснээр олон нийтийн зүгээс хувьцааг ЭЗ-ийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх шаардлага, хүлээлт үүсгээд байгаа тул ЭТТ хувьцааг эргэлтэд оруулахын тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй.

Гэснээс хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй. 🤓

🗓️ Алдагдсан боломжийг өртөг өө гэж…

Монголд хөрөнгө оруулагч нар 4%-ийн өгөөжтэй ногдол ашгаа авах гэж дунджаар 4 сар хүлээдэг бол Америкт улирал бүр ногдол ашиг авч ногдол ашгийн мөнгөө өсгөх боломжтой байдаг. Бидний 4 сар хүлээсэн алдагдсан боломж хэр их бол?

  • Төсөөлье: Иргэн Батаа ногдол ашиг тараахдаа төлөлтийн өдрөө тодорхой зарласан, нэмээд 41 компанийн медиан ногдол ашгийн өгөөжтэй ойролцоо Ард Даатгал (AIC) ХК-ийн 1 сая ширхэг хувьцаатай. Тэгвэл ногдол ашгийн төлөлтийн хугацаа урт байх нь Батаад ямар алдагдсан боломж бий болгох вэ?

Тоо бодъё

Ард Даатгал нэгж хувьцаанд ₮30-ийн ногдол ашгийг 8 сарын 28-нд олгох бөгөөд ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход ногдол ашгийн өгөөж 4.1%-тай гарав. Тэгвэл Батаагийн хувьд ₮30 саяыг ТУЗ-ийн шийдвэрээс хойш 202 хоног буюу 6 сар 22 өдрийн дараа хүлээж авах аж. Хэдий удаан хүлээж байгаа ч гэсэн авах өдөр нь тодорхой болсон нь сайшаалтай. Гэхдээ,

  • Салхинд хийссээр: 2023 оны эхний 8 сард инфляц 6.6%-тай гарсан. Батаагийн ногдол ашиг авах үе буюу 2024 оны 8 сарын 28-нд инфляц өмнөх онтой адил байна гэж төсөөлбөл ₮30 саяын 6.6% буюу ₮2 сая нь үнэгүйдэж салхинд хийснэ гэсэн үг.

Тэгвэл улирал бүр ногдол ашиг тараадаг Nvidia (NVDA) дунджаар бүртгэлийн өдрөөс 22 хоногийн дараа ногдол ашгаа тараадаг аж. Батаад 202 хоног биш 22 хоногийн дараа ногдол ашгаа авбал үлдсэн 6 сард ямар ямар боломж гарч ирэх вэ?

  • Өндөр өгөөж рүү: Хамгийн сүүлд олонд нээлттэй арилжаалсан ХААН Банк (KHAN)-ны жилийн 16%-ийн хүүтэй Ногоон бондод ₮30 саяар хөрөнгө оруулбал 6 сарын туршид бондын хүүгээс ₮789 мянгыг олох боломжтой. Мөн тус бондыг МХБ (MSE) дээр арилжих боломжтойг мартаж болохгүй.

  • Дахиад дахиад: Эсвэл дахин хувьцаа авч тухайн хувьцааны ногдол ашгаас нэмэлт мөнгө олох боломжтой. Жишээ нь, ногдол ашгийн өгөөж нь 19.9%-тай гарсан Тавантолгой (TTL)-н хувьцаанаас ₮30 саяар 1,207 ширхгийг авбал ногдол ашгаас л гэхэд ₮6 саяыг олох нь.

Энэ мэт ногдол ашгийг богино хугацаанд тараавал хөрөнгө оруулагчдын мөнгө эдийн засгийн эргэлтэд орж, тэдэнд хөрөнгө оруулалтын өгөөжөө төлөвлөгөөтэйгөөр зөв зарцуулах боломжийг олгож байна. Тэгэхээр ХК-иуд ногдол ашгаа богино хугацаанд тараадаг болбол ХЗЗ-ийн идэвхжил нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл манайд бол ногдол ашгаа богино хугацаанд авах нь битгий хэл яг хэдэнд авах нь ч тодорхойгүй. Зарим нь бүр компанийнхаа байр дээрээс бэлнээр тараана ч гэх шиг. Тоогүй, тоогүй.

💰 Ашгийн 14.3%

MMX: Махимпекс ХК-ийн ашиг 2023 онд 2.4 дахин өсөж ₮2.7 тэрбумд хүрэв. Үүнд тэдний борлуулалтын орлого 2 дахин өсөж ₮65.3 тэрбум, ерөнхий болон удирдлагын зардал 52.5% буурч ₮890 саяд хүрсэн нь нөлөөлжээ. Улмаар P/B харьцаа 1.7, эздийн өмчийн өгөөж 38.7%, P/E харьцаа 5-тай гарлаа. Тэд ашгийнхаа 14.3% буюу ₮380 саяыг ногдол ашиг болгон 8 сарын 1-нээс эхлэн тараана. Ингэхдээ нэгж хувьцаанд ₮100-ийг олгох ба ногдол ашгийн өгөөжийг шийдвэр гаргасан өдрөөр тооцоход 2.5% байна.

🔥 Ирээдүйн технологи: Бид бэлэн, харин та?

Харилцаа холбооны луугарууд болон технологийн салбарынхан чемоданаа баглаад Барселона хотноо болж буй World Mobile Congress (WMC)-г зорьж байна. Ямар хэргээр? 

  • Товчхон: Тус арга хэмжээ нь өнөөдрөөс эхлэн Пүрэв гараг буюу 2 сарын 29-нийг хүртэл зохиогдох бөгөөд ирээдүйн технологи, инновацын өнгийг шинжих толь болох юм шүү.

Яагаад чухал гэж?

WMC-н ачаар дэлхийн технологи, харилцаа холбооны хөгжлийг өнгөлж буй томоохон компаниудын удирдлагууд нэгэн дээвэр дор цуглаж технологийн салбарын өнгөрсөн болон ирээдүйг хэлэлцдэг уламжлалтай. Нэг талаас томоохон компаниуд үнэнч хэрэглэгчдийнхээ магнайг тэнийлгэх бэлгээ задалдаг бол нөгөө талд жижиг компаниудад олны хараанд өртөх, цаашдын бизнес хамтрагч нартайгаа холбогдох боломж олддог учраас технологийн салбарынхны нэтворк хийх хамгийн том талбар болдог. 

Ирэх оны технологийн трэнд хаашаа чиглэж байна? 

Энэ жил хиймэл оюун ухаан (AI) болон 5G утаснууд WMC-н тайзыг эзэгнэх төлөвтэй байгаа. Зүгээр ч нэг хэлэлцүүлгийн гол сэдэв байх бус гар утас, компьютерүүд AI тусламжтайгаар хэрхэн хувьсаж буйг бодитоор харуулах технологиуд олны нүдийг хужирлах гээд эгнэж буй. Тухайлбал, Brain.ai хэмээх AI стартап гэхэд Deutsche Telekom хамтран апп-гүй утас хөгжүүлж байгаа бөгөөд үүнийгээ WMC-д танилцуулах гэнэ.

  • Цаашлаад, Lenovo-н тунгалаг дэлгэцтэй зөөврийн компьютер, Samsung-н Galaxy Ring, Xiaomi-н AI гар утас Xiaomi 14, One Plus-н ухаалаг цаг, 5G утас гээд олны нүдийг орой дээр нь гаргах олон бүтээгдэхүүнүүд танилцуулагдана. Анхаарч байгаарай. 

Starlink Монголд

Өнгөрсөн сард ЦХХХЯ болон технологийн салбарынхны Америкт хийсэн айлчлалын дүнд Starlink Монголд нэвтрэхээр болж тус мэдээг WMC-н тайзнаас дэлхий дахинд зарлахаар болсон. Түүгээр ч зогсохгүй Монгол энэ жил тус арга хэмжээнд анх удаа бүүт засан оролцож тул бидний хувьд ч маш онцлог жил тохиож буй.

Эцэст нь… Бидний одоо хэрэглэж буй ухаалаг утас AI-с болоод ухаалаг гэх утгаа хэдийн алдсан гэвэл та итгэх үү? Цаана чинь гар утсан дээр апп ч байх хэрэггүй, дуудлага хийхэд заавал товчлуур ч ашиглах шаардлагагүй болоод байна шүү дээ. Технологийн хувьсгал хэдийнээ хаяанд ирсэн байна шүү. Харин бид бэлэн үү? 

Эрдэнэс Тавантолгой ХК 2022 онд ₮1.3 их наядын ашигтай ажилласан ба ойролцоогоор ашгийн 27% буюу ₮351 орчим тэрбумыг иргэдэд олгосон билээ. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой ХК өмнөх жилүүдэд хэр их ашигтай ажиллаж байсныг харъя.

  • 2022: ₮1.3 их наяд, ногдол ашигт 27% буюу ₮351 тэрбум

  • 2021: ₮110 тэрбум

  • 2020: ₮161 тэрбум

  • 2019: ₮1 их наяд, ногдол ашигт 17.6% буюу ₮176 тэрбум

  • 2018: ₮807 тэрбум

Удахгүй буюу 2023 оны санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа нэгж хувьцаанд ₮266.8 буюу ойролцоогоор нийт ₮849 тэрбумыг олгохоор байна. Энэ нь урьдчилсан гүйцэтгэлээр гарсан цэвэр ашгийн 26.5%-тай тэнцэж байгаа юм.

Mining Technology

🔹Францын Монголтой хийх $1.6 тэрбумын ураны хэлэлцээр хойшлогдож магадгүй. Уг хөрөнгө оруулалтын гэрээ нь улс төрийн саадуудтай тулгарч байгаа тул эцэслэх хугацаа сонгуулийн дараа болж хойшлох эрсдэлтэй тулгарчээ. Гэтэл ураны үнэ он гарснаас хойш л гэхэд 12% өссөн тул илүү өндөр үнээр хойшлогдох нь дээ.

🔹Талх Чихэр ХК (TCK) 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮400-ийн ногдол ашиг олгоно. Компанийн ногдол ашгийн өгөөжийг Баасан гаргийн хаалтын ханшаар тооцоход 1.1% байна. Сонирхолтой нь тэд ногдол ашгаа 8 сарын 1-нээс эхлэн бэлнээр өөрийн компаниар дамжуулан олгох аж.

🔹Чипийн зах зээлийн мангас Nvidia (NVDA)-н үнэлгээ $2 их наядад хүрэв. Өнгөрсөн 6-р сард $1 их наядад хүрч байсан тэдний үнэлгээ ийнхүү 14 сарын дараа 2 дахин өслөө. Сүүлийн улирлын орлого нь л гэхэд жилийн өмнөхөөсөө 265% өссөн байхад зах зээлийн үнэлгээ нь ингэж өсөх нь аргагүй биз ээ.

🔹Япон TSMC (TSMC34.SA)-д $4.9 тэрбумын татаас олгоно. Учир нь Тайваний чипийн акул TSMC геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Японд үйлдвэр барихаар шийдэж $20 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Тэдний үйлдвэрлэсэн чипийг Sony (6758.T), Toyota (7203.T) зэрэг үйлдвэрлэгчид ашиглах юм.

  • Сонс: Цастай, бороотой, салхитайд ч хийнэ гэснээ хийх хүчирхэг сэтгэлзүйг бүтээх нь. (BetterUp)

  • Унш: Метротой болох хүслэн ба сайхан хэрүүл. (Baabar)

  • Мэд: X-р дуудлага хийж дүрсээ хараад ярьж болох нь ээ. (TheHill)

  • Танилц: Blue Origin-н сансарт гарах аялал ойртсоор. (TheNewYorkTimes)

  • Даваа: Аялал жуулчлал 7 хоног эхэлж байна.

  • Мягмар: Dell өнгөрсөн жил хэр ажилласнаа тайлагнана

  • Лхагва: HR-үүдийн өглөөний уулзалт болно шүү

  • Пүрэв: Энэтхэгийн 2023 оны ДНБ-ий үзүүлэлт зарлагдах өдөр

  • Баасан: Өмнөд Солонгост “Тусгаар тогтнолын өдөр” тохиох тул биржүүд амарна

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.