- Lemon Press
- Posts
- 💰 Win-Win хуримтлал
💰 Win-Win хуримтлал
ХААН Банкны IPO болон Canton Fair экспогийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Таны хөрөнгө оруулсан компанийн мэдээлэл хэр ил тод байдаг вэ? Зарим компанийн тайлан, мэдээлэл олдохгүй, ил байгаа нь шаардлага хангахгүй хэцүү байдаг даа. Тэгвэл ЭНЭ судалгааг бөглөж эл асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
US: Өнгөрсөн 7 хоногт Америкийн 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй ипотекийн зээлийн дундаж хүү 6.4% болж өссөнөөр ипотекийн зээлийн хүсэлт 10% буурав.
^GSPC: Оны эхэнд 3,824 нэгж байсан S&P 500 индекс 8.6% өсөж 4,154 нэгжид хүрээд байна.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮1.2 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
Хөрөнгийн зах зээлийн хамгийн том IPO
Монголын хамгийн том банк ХААН Банкны IPO ₮336 тэрбумын захиалга авч 183%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа. 🎉
Bigger than bigger!
Төрийн банк (SBM), Голомт банк (GLMT) зэрэг системийн нөлөө бүхий банкнуудын IPO-н захиалгын дүн болон гүйцэтгэлийн хувь нь Монголын ХЗЗ дээрх хамгийн хамгийн болоод байсан билээ. Тэгвэл энэ удаад нийт хувьцааныхаа 10%-ийг нэгж хувьцааг нь ₮959-өөр олон нийтэд санал болгосон ХААН Банкны IPO-н захиалгын үр дүн ХЗЗ-д тогтсон дээд амжилтыг бут ниргэлээ. Тодруулбал,
Илүү олон: Тус банкны IPO-д 31,561 захиалагч оролцсон нь өмнөх системийн банкнуудын IPO-д оролцогчдын нийлбэрээс 13.6% илүүрхэв.
Хамгийн өндөр: Түүнчлэн ХААН Банкны IPO нийт ₮336 тэрбумын захиалга авсан нь МХБ дээр бүртгэлтэй 10 компанийн IPO-н захиалгын дүнгээс 53.4% илүүрхэж ХЗЗ-д шинэ түүх бичлээ.
💭 Хуваарилалт юу болох вэ?
ХААН Банк нийтэд санал болгож буй хувьцааныхаа 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгосон. Гэхдээ олон нийтээс ₮180 тэрбум буюу төлөвлөгөөт дүнгээс 6.5 дахин их захиалга ирсэн билээ. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж, үлдсэн ₮27.5 тэрбумыг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх аргаар хуваарилах юм.
Яаж? Нийт хөрөнгө оруулагчийн тоо 30 мянга давсан тул хөрөнгө оруулагчдын ₮300,000 хүртэлх захиалга бүрэн биелж, харин энэ хэмжээнээс давсан захиалгын 11% нь биелэхээр байна.
Айн? Та тэдний IPO-д ₮10 саяын захиалга өгсөн бол таны захиалгын ₮300 мянга нь 100% биелж, үлдсэн дүнгийн 11% биелснээр нийт ₮1.4 саяын үнийн дүн бүхий хувьцааг эзэмших нь.
Эцэст нь… ХААН Банкны IPO амжилттай болсноор ХЗЗ-ийн үнэлгээ ₮8.5 их наяд болж буй. Нэмээд дараа дараагийн банкнууд IPO хийх үед ХЗЗ-ийн үнэлгээ нэлээд өсөх нь дээ. Заа тэгээд Монголын хамгийн том банкны хувьцаа эзэмшигч болсон хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.
⚠️ Сонирхлын зөрчилтэй хэлцэл
EER: Ариг Гал ХК-ийн охин компани Кашмер холдинг ХХК ЗГ-ын хэрэгжүүлж буй ХАА-г дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХасБанкнаас ₮15 тэрбумын зээл авч буй. Харин Ариг Гал ХК өөрийн ₮65.7 тэрбумын хөрөнгийг тухайн зээлийн барьцаа болгохоор шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэжээ. Түүнчлэн компанийн хувьцааны үнэ 3.3% унаад байна.
Canton Fair экспо 133 дахь удаагаа…
China Daily
Хятадын төдийгүй дэлхий нийтийг хамарсан томоохон худалдааны экспо болох “Canton Fair 2023” 66 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, оролцогчдын тоо болон цар хүрээгээ нэг шатаар ахиулав.
Хамгийн том сурталчилгааны орон зай
“Canton Fair 2023” нь энэ сарын 15-наас эхлэн 5 сарын 5-ныг хүртэл 3 хэсэгтэй явагдах юм. Эхний хэсэгт хүнд үйлдвэрлэл, цахилгаан бараа, автомашин, EV зэрэг бараануудын үзэсгэлэнгүүд багтаж буй. Харин II хэсэг нь 2 хоногийн дараа эхлэх бөгөөд үүнд экспод оролцож буй үйлдвэрлэгчид гэр ахуйн засал чимэглэл, тавилга зэрэг өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулах нь. Цаашлаад, III хэсэгт арьс ширэн эдлэл, хивс, нэхмэл эдлэл, хувцасны төрлийн бүтээгдэхүүнүүд багтах гэнэ. Дэлгэрүүлье,
Цар хүрээ: “Canton Fair 2023” энэ жил маш нүсэр болж байгаа. Учир нь тус экспо цар тахлын улмаас 3 жил цахимаар зохиогдсон бөгөөд энэ удаад экспо болох талбай нь л гэхэд 2019 оныхоос 50% томорсноор 60,000 гаруй лангуу нээгджээ. Харин нөгөө талд экспог үзэж сонирхохоор 226 орноос 1.25 сая хүн оролцож буй. Манай Монголчууд ч тэр дунд яваа нь ойлгомжтой.
Түнш: Түүнчлэн тус экспо зохион байгуулагдаж буй Гуанжоу хот нь Хятадын үйлдвэрлэл болон худалдааны томоохон боомт хот билээ. Энэ нь ч ханган нийлүүлэгч, түнш хайсан бизнес эрхлэгчдэд эрсэн зүйлээ олох маш том боломж юм.
Эцэст нь… Тус экспо том жижиг гэлтгүй Хятадын ЗЗ-д орох хүсэлтэй компаниудын гол гүүр болдог. Жилд 2 удаа зохиогддог тус экспогоор худалдааны, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэн оролцож төрөл бүрийн бизнес хэлэлцээр хийх боломжтой ажээ.
Та манай сошиал хаягуудад орж байгаа мэдээллийг хэр анхааралтай уншдаг вэ? Бид энэ удаад сошиал хаягууддаа оруулж байсан мэдээгээ доор орууллаа. Харин та таагаарай.
Tiffany & Co брэнд анх ямар бүтээгдэхүүн гаргаж байсан бэ?
Хэрэв мэдэхгүй байгаа бол ЭНД дарж биднийг дагаад илүү ихийг мэдээрэй. 🤗
Win-Win хуримтлал
Алсын хараатай байж, ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэх нь мэдээж чухал байлгүй яах вэ. 💰
Дан ганц хуримтлал ч биш хуримтлалаараа дамжуулан хөрөнгө оруулалтын багц, амь насны даатгалтай болох боломжийг Нэйшнл Лайф Даатгалын “Зорилготой хуримтлалын даатгал” олгож буй.
Тус даатгалын үйлчилгээ нь танд өөрийн хуримтлалаа мэргэжлийн санхүүгийн байгууллагаар удирдуулан хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломж олгоно. Түүнчлэн та зорилгодоо тохируулан даатгалын жил, хуримтлалын хэмжээгээ тааруулж болно гээд бод доо. Хүүгийн хувьд,
Зоригтой хуримтлуулагч багц: Зорилтот өгөөж 18.5%
Тогтвортой хуримтлуулагч багц: Зорилтот өгөөж 15%, баталгаат өгөөж бодлогын хүүгээр өсөх гэнэ.
За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 📞7011-3366 дугаарт холбогдон аваарай.
The Japan Times
🔹Япон төрийн шийдвэрээ ойлгомжтой болгож хялбаршуулахад ChatGPT-г ашиглана. Тус улсын ХАА, газар тариалангийн яам ChatGPT-г ашиглан яамны цахим хуудас дээрх 5,000 гаруй захиргааны журмын гарын авлагын агуулга болон үг хэллэгийг засварлан иргэдэд илүү ойлгомжтой болгох аж.
🔹Дэлхийн даяарх финтек салбарын санхүүжилт энэ оны I улиралд өмнөх улирлаас 55% өсөж $15 тэрбумд хүрэв. Энэ дундаа Хятадын Ant Group болон JD Digits $7 тэрбумын санхүүжилт босгосноор Ази дахь санхүүжилт нийт санхүүжилтийн талаас илүүг бүрдүүлсэн байна.
🔹Rio Tinto-н өнгөрсөн улирлын төмрийн хүдрийн нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 16% өсөж дээд түвшинд хүрлээ. Тодруулбал, компани тус хугацаанд 82.5 сая төмрийн хүдэр экспортолсон аж. Цаашлаад, Rio Tinto энэ онд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 320-335 сая тн-д хүргэх гэнэ.
🔹Coinbase (COIN) ирэх 7 хоногоос оффшор арилжаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэд Бермудын оффшор бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан бөгөөд энэ нь компанийг ОУ дахь бизнесээ өргөжүүлэхэд томоохон түлхэц болох нь.
Монголд одоо Африк сургууль баригдах л дутуу байна. Гадны улсын нэртэй сургууль буруу гэж байгаа юм биш, гэхдээ энэ үзэгдэл бидний бодит байдлын талаар олон талт мэдээлэл агуулсан, 50-100 жилийн дараа түүх, социлогийн номонд бичигдэх бүлэг болох байх.
— Khulan Bat-Erdene, CFA (@BatKhulan)
8:58 AM • Apr 19, 2023
Оюу толгой усыг хэрхэн дахин ашигладаг вэ?
Оюу толгой уурхай усны менежментээрээ дэлхийд дээгүүр ордог гэдгийг та бүхэн дуулсан байх. Яг юу нь онцгой болохоор ингэж үнэлэгдэв?
Усны менежментийн 2 нууц жор
150-400 метрийн гүн дэх ус: Өмнөговийн оршин суугчдын хувьд ундны усаа 5-15 метрийн гүнээс авдаг бол Оюу толгой уурхай 150-400 метрийн гүн дэх усыг ашигладаг байна. Энэ ус нь ундны уснаас 3-4 дахин эрдэсжилттэй тул ахуйд хэрэглэх боломжгүйн дээр ундны уснаас 250 метр хүртэлх зузаан шаврын үеэр зааглагдсан учир ундны усны нөөцөд нөлөөлөхгүй аж.
Гүний усыг 87% дахин ашигладаг: Ийнхүү 150-400 метрийн гүнээс гаргаж авсан усыг дахин ашиглаж буй нь Оюу толгойн усны менежментийн бас нэг онцлог юм. Ингэхдээ хаягдал усыг эргүүлэн татах систем ашиглахын зэрэгцээ, шүүрсэн, автомашин угаасан, ахуйн бохирдсон, хөргөлтөд ашигласан усыг 100% дахин ашигладаг байна.
Ийм гүнээс ус гаргаж авна гэдэг нь амар ажил биш ч дахин ашиглах бүхий л боломжийг эрж хайж, бодит ажил хэрэг болгожээ. Тэдний энэхүү сайн туршлагыг яагаад бусад ААН, үйлдвэрлэл эрхлэгчид хэрэгжүүлээд үзэж болохгүй гэж.
Унш: Райан Рэйнолдс Канадын финтек компанид хөрөнгө оруулна. (Yahoo!Finance)
Танилц: Snapchat AI-н тусламжтайгаар хэрэглэгчдээ татна. (WION)
Яагаад? Илон Маск Microsoft-г сүрдүүлэв.(TheVerge)
Мэд: AI-н зохицуулалт хэр бодитой вэ? (Forbes)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply