• Lemon Press
  • Posts
  • 🤔 Крипто зах зээл сэргэх үү?

🤔 Крипто зах зээл сэргэх үү?

Эдийн засгийн Нобелийн шагналтан | Web 3.0-н ирээдүй | UID-н хурлын шийдвэр

POWERED BY

Morning! Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг ЭМД-аас 100% хариуцдаг гэдгийг мэдэх үү? Тэгэхээр ЭМД-аараа амбулаторийн үзлэг, оношилгоо, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авах боломжтой байх нь ээ. 🏥

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанкны төсөөллөөр инфляц 2024 онд 7.8%, 2025 онд 6.7%-д хүрэх төлөвтэй байна.

MNG: Монгол Узбекистаны нийслэл Ташкентад ЭСЯ нээнэ.

MSE: Симпл II бондын анхдагч зах зээлийн арилжаа 10 сарын 11 буюу өнөөдөр эхэлнэ.

🤔 Крипто зах зээл сэргэх үү?

Крипто сонирхогчид байна уу? Арай итгэл найдвараа алдчихсан яваа юм биш биз? Удахгүй салхи эргэх шинжтэй байна гэнэ шүү.

Баавгайн самардалт

Аливаа ЗЗ өсөлт, бууралттай байдаг нь жам. Энэ жишгээр ЗЗ-ийн нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 11-р сард оргил үедээ буюу $3 их наядад хүрээд байсан криптовалютын ЗЗ-ийн нийт үнэлгээ одоо $1.1 их наяд болтлоо буураад буй. Харин одоо хүн бүр крипто ЗЗ хэзээ сэргэх бол гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа ирэх онд ЗЗ сэргэх болов уу гэсэн шуум крипточдыг нөмөрчээ.

🐂 Бух айсуй?

Хэдий ЗЗ-ийн хүнд үе ирсэн ч криптовалютын хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр 417.5 саяд хүрэв. Биткойны ханш л гэхэд энэ онд 1.7 дахин нэмэгдэж $27,592-т хүрээд байна.

  • Шинжээчдийн нүдээр: Түүнчлэн Биткойны дүр зураг 2024 онд сайжрах төлөвтэй байгаа гэнэ. Учир нь ХНС 2024 онд бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь крипто ЗЗ-н сэргэлтэд нөлөөлж крипто ЗЗ-ийн хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих юм.

  • Томчуудын хандлага: Томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд ч крипто сэргэлтэд итгэж Биткойн эзэмшлээ нэмэгдүүлж буй. MicroStrategy (MSTR)-н Биткойн эзэмшил л гэхэд өнгөрсөн II улиралд 12,333-аар нэмэгдсэн нь 2021 оны II улирлаас хойших нэг улиралд гарсан хамгийн том өсөлт болсон аж.

Монголын их шуурга

2021 онд Монголд “Крипто” гэх сэдэв эрчийг авч, амтай болгон л койн, токен гэж шуурах болсон. Одоо бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж нийт 12 крипто хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж буй.

  • Одоо: Уг биржүүдэд дотоодын 41, ОУ-ын 170 гаруй койн, токен бүртгэлтэй байгаа бөгөөд өдрийн дундаж арилжаа нь ₮410 сая байгаа. Тэгэхээр уг нь Монголд ч гэсэн крипто ЗЗ тогтвортой хөгжих нөхцөл бүрдсэн гэсэн үг. Гэхдээ Монголын крипто ЗЗ ч дэлхийн ЗЗ-ийг дагах нь мэдээж.

Эцэст нь… Энэ нийтлэл нь ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтын зөвлөгөө, зөвлөмж биш таамаг төдий гэдгийг санаарай. Хөрөнгө оруулалт, арилжааны алхам бүр эрсдэлтэй байдаг тул шийдвэр гаргахдаа сайтар судалгаа хийх нь зүй.

🥤 PepsiCo шинжээчдийг давав

PEP: PepsiCo-н орлого III улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 7.3% өсөж $23.5 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамгийг давлаа. Улмаар нь ашиг нь 14% өсөж $3 тэрбумд хүрсэн аж. Тус тайлангийн араас хувьцааны үнэ нь 2% өсөж $161 боллоо.

💸 Эмэгтэйчүүд бага цалин авсаар л…

Клаудия Голдин Эдийн засгийн Нобелийн шагнал авсан 3 дахь эмэгтэй боллоо. Түүний ямар судалгаа үнэлэгдэв?

Түүний нээлт

Нобелийн шагналын хороо түүний 1990 оноос хойших олон судалгааны ажлууд дундаас хөдөлмөрийн зах зээлийг тайлбарласан 4 нээлтийг онцолсон байна. Түүний 4 нээлт бол,

  • Эргэн ирэлт: XVIII-XIX зуунд эмэгтэй хүний гэрлэсний дараах ажил эрхлэлт багассан бөгөөд XX зуун хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Харин XX зуунд эмэгтэйчүүд гэрлэлтийн дараа ажлын байранд эргэн ирснээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн юм.

  • U: Клаудия Америкт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн талаарх датаг 1700 оноос хойш цуглуулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн график U хэлбэртэйг баталжээ. Ингэснээр гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт зөвхөн өнөө цаг үед өссөн биш ХАА зонхилсон XVIII зуунд ч өндөр байсныг тодорхойлсон.

  • Ялгаварлалын үндэс: Хэдий XX зуунаас хойш эмэгтэй хүний нийгэм дэх байр суурь өөрчлөгдсөн ч эрэгтэй, эмэгтэй хүний орлогын зөрүү удаанаар багасаж байв. Үүнээс гадна Клаудия XX зууны дунд гарсан хөдөлмөрийн зах зээлийн хөгжил нь эмэгтэйчүүдэд цалингийн ялгаварт байдлыг эхлүүлсэн гэх парадокс санааг дэвшүүлсэн юм.

  • Мэргэжил доторх ялгаа: Мэргэжил хоорондын цалингийн ялгаанаас илүүтэй нэг ажлын байран дээр буй эрэгтэй, эмэгтэй хүний орлогын зөрүүний учир шалтгааныг хайсан нь хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийг тодорхойлоход тусалсан.

Түүний нөлөө

Түүний 30 гаруй жил судалсан чиглэл, үр дүн болгоныг бичнэ гэдэг хэцүү. Гэхдээ 1960-аад онд гарсан жирэмснээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн гэх сонирхолтой ЭЗ-ийн онолууд олон улсын эдийн засагчдыг чиглүүлж байна. Харин бодлого зохицуулагчдад түүний онолууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцүүлэг зохиоход нөлөөлжээ.

🎪 Дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүд Монголд

Гиннесийн амжилт тогтоосон дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүдийг дэргэдээс нь үзвэл ямар вэ? 🤹

Хятадын Аньхуй муж дахь улсын цирк “Diamond Circus III - Dragon Eye” 20 жилийн дараа Монголд ирлээ. Тэгвэл тэдний үзүүлбэрүүдээс онцолбол,

  • Азийн хамгийн том аварга могойн үзүүлбэр,

  • Лууны бүжгийн үзүүлбэр,

  • Сармагчны хаан Сон Вуконгны үзүүлбэр,

  • Дэлхийд алдартай арслангийн бүжиг зэрэг олон сонирхолтой номерууд тоглох гэнэ.

За тэгээд, эдгээр гайхалтай үзүүлбэрүүдийг дэргэдээс нь үзэж амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлээрэй.

📅 Хэзээ: 10 сарын 14-15, 21-22, 28-29-ний өдрүүдэд
🗺️ Хаана: UG Arena

Cnet

🔹OpenAI өнгөрсөн 9-р сард ChatGPT-н гар утасны апп-аас $4.6 саяын орлого олж дээд амжилт тогтоов. Энэ нь өнгөрсөн сараасаа 20% өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн тус апп-ийн татан авалт 15.6 саяд хүрээд буй. Сонирхуулахад, ChatGPT-н орлогын 60%-ийг Америк бүрдүүлж байна.

🔹Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилна. Түүний айлчлал Франц дахь Монголын соёлын өдөрлөгтэй давхцаж байгаа. Түүнчлэн айлчлалаар Orana-тай хийх ураны ХО-ын гэрээг хэлэлцэх хүлээлт үүсээд буй. Сануулахад, өнгөрсөн 5-р сард Францын Ерөнхийлөгч Макрон Монголд айлчилж байсан билээ.

🔹Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан Захирлаар Г. Золжаргал томилогдлоо. Тэрбээр Санхүүгийн магистрын зэрэгтэй бөгөөд Mitsubishi (8058.T)-д 10 гаруй жил ажиллаж байжээ. Түүнчлэн Монголын анхны болон цор ганц мэргэшсэн ESG аналист (CESGA) цолтой нэгэн юм.

🔹Улсын их дэлгүүр (UID) ХК-ийн ТУЗ-өөс шүүхийн шийдвэрийн дагуу ₮1 тэрбумын нөхөн төлбөрийг төлөхөөр шийдвэрлэв. Ингэснээр тус дэлгүүр Ард Даатгал (AIC) ХК, Миг Даатгал ХХК тэргүүтэй 21 хуулийн этгээдийн нэхэмжлэлийг барагдуулах юм. Үүнээс гадна тэд бусад төлбөр авагчдад ₮5 тэрбумыг төлөх ёстой аж.

🤝 Web3.0-н чиг хандлага

Крипто зах зээл, блокчэйны халуурал буураад буй энэ цаг мөчид Web 3.0-н трэнд хаашаа чиглэж байна?

Web 2.0-оос Web 3.0 руу

Web 3.0 гэх нэршил хоёрхон жилийн өмнө алдаршиж өдгөө мэдэхгүй, ярихгүй, үгүй ядаж сонсоогүй хүн мазаалайнаас ч ховорджээ. Энгийнээр хэлбэл, Web 3.0 бол блокчэйн технологид суурилсан, төвлөрсөн бус, өндөр нууцлалтай интернэтийн хамгийн сүүлийн үеийн хөтөч гээд ойлгоход болно. Цаашлаад,

  • AI: Web 3.0-н трэнд төвлөрлийг сааруулахад чиглэсээр байх бөгөөд ингэхдээ хиймэл оюун ухаан (AI)-г ашиглан ямар нэгэн программын оролцоогүйгээр системийн бүхий л асуудлыг шийдэх боломжтой юм.

  • P2P: P2P буюу Peer to Peer зарчим нь Web 3.0 ертөнцөд аливаа шилжүүлгийг 3-дагч талын оролцоогүйгээр явуулах боломжийг олгодог зарчим юм. Энэ нь Web 3.0 шиг төвлөрсөн бус, шилэн ертөнцөд хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах замаар төгс хоршин ажиллах боломжийг үүсгэж буй.

Эцэст нь… Web 3.0 шиг технологийн ачаар интернэт орчин улам л төвлөрсөн бус, шилэн болж байна. Харин та интернэтийн шинэ эринд бэлэн үү?

Доор бэлтгэсэн мэдээний хэсгээс бурууг олоорой.

A. Клаудия Голдин Эдийн засгийн Нобелийн шагнал авсан 3 дахь эмэгтэй боллоо.
B. Kриптовалютын зах зээлийн нийт үнэлгээ $1.1 их наяд болжээ.
C. Симпл II бондын анхдагч зах зээлийн арилжаа 10 сарын 12-нд эхэлнэ.

  • Law: 2024 оны төсвийн төслийн тухай хуульд санал өгөх боломжтой. (D-Parliament)

  • Game: Activision Blizzard-н тоглоомууд 2024 оноос Xbox дээр. (TheVerge)

  • AI: Холливүүд дэх хиймэл оюун ухааны эрсдэл. (Variety)

  • Fashion: Загварын ертөнцийг өөрөөр тольдсон зурагчин. (CNN)

Зөв хариулт C буюу Симпл II бондын анхдагч зах зээлийн арилжаа 10 сарын 12-нд биш өнөөдөр эхэлж байгаа шүү.

Reply

or to participate.