- Lemon Press
- Posts
- 🏫 Бүтээнэ, сөнөөнө
🏫 Бүтээнэ, сөнөөнө
Хүүхдийн мөнгө VS хөрөнгө оруулалт | Хайсан талентаа хаанаас олох нь | TTL-н тайлан
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Нэг таавар таалгая. Улаанбаатарын зам дагуу солиод, солиод ханадаггүй зүйл юу вэ? Хариулт нь “Бродюр”! Одоо Яармагийн замын бродюрыг сольж байна гэнэ. Өөр шинэчлэх, солих зүйл зөндөө баймаар сан даа. 😓
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Сэндли ББСБ ХК (SEND) М банкнаас 12 сарын хугацаатай 20.5%-ийн хүүтэй ₮5 тэрбумын зээл авахаар болжээ.
MNG: Монголоос Хятадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
NSO: Өчигдрийн байдлаар Улаанбаатарт зарагдаж байгаа зарим хүнсний барааны үнэ сарын өмнөхөөсөө 4% буурсан байна.
🏫 Бүтээнэ, сөнөөнө
Хичээлийн шинэ жил айсуй. Төсөв мөнгө, цэцэрлэг, сургууль хүртээмж нь юу болж байна?
🪙 Хэдийг, юунд?
Энэ оны Боловсролын яамны төсөв өмнөх жилээсээ 36.2%-иар тэлж ₮4.2 их наяд байхаар тусгагдсан. Үүний ₮709.5 тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд дийлэнх нь барилга байгууламжид зарцуулагдана. Тодруулбал,
🤔 Барилга > Сургалт: ₮606 тэрбумаар нь сургууль, цэцэрлэг барьж, ₮51 тэрбумаар тоног төхөөрөмж авах юм. Нийслэлд л гэхэд 48 цэцэрлэг, 27 сургууль зэрэг нийт 158 төсөл хэрэгжиж буй. Өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэгийн барилга барихад зарцуулах мөнгө нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад зарцуулах мөнгөнөөс 38.8 дахин өндөр байгаа хэрэг.
❌ Дуусгадаггүй: Цаашлаад, жил бүр барилга байгууламжийн төсөв тавигддаг ч хугацаандаа дуусаж байгаа нь ховор. Хамгийн урт настай, удаан гацаатай төсөл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн төсөл л гэхэд 2014 оноос хойш дуншсаар энэ оны 1-р сард л ашиглалтад орсон. Энэ мэт жил жилийн төсвийг дамждаг цөөнгүй төсөл бий.
😓 Орхигдсон…
Харж байгаачлан боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилга байгууламжид зарцуулагдаж байна. Нэмж барьсан, зассан барилга байгууламжийн тоогоор сургалтын чанар сайжирдаг бол сайхан. Гэвч бодит байдал дээр их сургуулиудынх нь чанар муу, ЭЕШ-ын дундаж үзүүлэлт нь жил жилээр буурч буй.
Эцэст нь… Боловсролын яамны төсвийн дийлэнх нь цалин, урамшуулалд зарцуулагдаж үлдсэн цөөхөн төгрөг нь барилга байгууламжид үрэгдэж байна. Ийм байхад сургалтын чанар сайжирна гэдэг юу л бол. Харин энэ сонгуулиар шинэ, туршлагатай сайдтай болсон. Ямар өөрчлөлт авч ирэх бол оо?
🤔 Итгэх үү, эс итгэх үү?
TTL: Тавантолгой ХК МХБ (MSE) дээр хагас жилийн санхүүгийн тайлангаа нийтэллээ. Өнгөрсөн жилийн хувьд тэдний жилийн эцсийн цэвэр ашиг ₮375 тэрбум гэж зарлагдаж байсан ч засвар орж ₮475 тэрбум болсон. Тэгвэл энэ оны хагас жилийн тухайд цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 17.2 дахин өсөж ₮213.2 тэрбумд хүрсэн харагдаж байна. Гэхдээ 2023 оны эхний хагас жилийн тайлан нь ч асуудалтай байсан буюу компани цахим хаягтаа борлуулалтын орлого өссөн тайлан нийтэлсэн ч МХБ дээрх тайланд цэвэр борлуулалтын орлого нь жилийн өмнөхөөс 7.3 дахин буурсан байсан билээ. Энэ компанийн тайланд итгэх итгэл ч дундарч байна даа.
🧸 Халамж эсвэл хөрөнгө оруулалт?
Камала Харрис сонгуульд ялбал 1 удаа хүүхдийн мөнгөний дэмжлэг олгож хүүхэдтэй эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хөнгөвчлөх бодлого баримтлах гэнэ.
🐣 1 ой хүрчихвэл учиртай…
Америкт гэлтгүй хаа сайгүй л шинэ хүнтэй болсон өрхөд хүүхдийн 1 ой хүртэлх хугацаа санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч томоохон сорилт болдог нь гарцаагүй. Америкт л гэхэд хүүхэдтэй болсноор өрхийн сарын орлого 10.4% буюу дунжаар $1,400-оор буурдаг аж. Ийм ч учраас Камала шинэ төрсөн хүүхдүүдийн эцэг, эхэд татварын хөнгөлөлт хэлбэрээр $6,000-ыг 1 удаадаа дэмжлэг болгон олгох хуулийг батлуулна аа л гээд байгаа.
🫂 Хүүхэд төрүүл дэмжье: Ийн нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгохоос гадна тэрбээр цар тахлын үед хэрэгжүүлж байсан хүүхдийн татварын хөнгөлөлт буюу нэг хүүхдэд $3,600 хүртэлх мөнгөн дэмжлэг олгох бодлогыг эргүүлэн авчрах аж.
🤔 Үр дүн: Түүний хэлж буйгаар бол Цагаан ордон цар тахлын жилүүдэд тус бодлогыг хэрэгжүүлснээр 2.9 сая хүүхдийг ядууралд орохоос сэргийлж чадсан хэмээж буй.
🧸 Айлын хүүхдүүдийг хар! Дээрээс нь Америкт хүүхэд тээх болон төрүүлэх үед ямар нэгэн тэтгэмж олгодоггүй нь эцэг, эхчүүдэд дарамт болж байгаа тул үүнийг хуульчилах хэрэгтэй гэж үзэж буй.
Тус улсын иргэд бусад чинээлэг орнууд бага насны хүүхдийн асрамжид жилд дунджаар $14,000-ыг өгдөг байхад эрх баригчид таг гээд нэлээн шүүмжилдэг. Яг үүн дээр л Камала Харрис тоглохыг хүссэн бололтой.
🤨 ЗГ: Хаа очиж дэмждэг шүү!
Монголын хувьд хүн амаа өсгөх бодлого баримталдагтай холбоотойгоор сар бүр хүүхдийн ₮100 мянга, жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэхчлэн мөнгөн дэмжлэг үзүүлдэг.
🥇Цуу алдарт: Алдарт эхийн одон олгож буй асуудал дээр нийгэм баруун, зүүн жигүүрт хуваагдан талцан буруу, зөв гэж шүүх аргагүй ч Илон Маск ахад бол Монголын алдарт эхийн одонг таалагдсан бололтой.
😵 Трэнд: Өдгөө дэлхий даяар залуучууд хүүхэдтэй болохын оронд хамтдаа хөдөлмөрлөөд, хураасан мөнгөө өөрсдөдөө зарцуулах амьдралын хэв маяг (DINK) дэлгэрч байгаа. Мэдээж хүүхэд хүнстэйгээ хамт ирдэг гэх сэтгэлгээтэй монголчуудын хувьд тус амьдралын хэв маягийг шүүмжилмээр санагдаж болох ч хүүхэд хүнснээс гадна үүрэг хариуцлага, анхаарал халамжтайгаа хамт ирдэг гэдгийг мартаж болохгүй.
Эцэст нь… Дэлхийн тэргүүн баян Илон Маск хүн амын өсөлтийг идэвхтэй дэмждэг нэгэн. Чинээлэг эрхмүүд хүн амын өсөлт өндөр байж гэмээн илүү олон гоц ухаантай хүүхдүүд төрөх боломж нэмэгдэнэ гэж үздэг бол нөгөө талд дундаж давхарга, шинэ залуу үеийнхэн эдийн засаг ийм байхад хүүхэд төрүүлэх нь оновчгүй сонголт гэж хардаг. Та аль тал нь вэ?
🌱 Орчин үеийн Органик маркет
Органик хүнсний худалдаа эрхлэгчдийгээ баруун 4 замд байрлах Orchlon Tower цогцолборын “Organic Market”-д бизнесээ өргөжүүлэхийг урьж байна. Онцлогоос нь дурдвал,
🏬 Зай талбай: Тус цогцолборын А, В блокийг холбосон 4 давхар худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт “Organic Market” байрлах ба 5.2 метр өндөр тааз, нарны гэрэл шууд тусах том цонхнуудтай аж.
🎯 Чанартай, цөөн: Чанарыг эрхэмлэдэг, органик хүнс үйлдвэрлэлийн туршлагатай цөөн тооны үндэсний үйлдвэрлэгч, фермерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буй.
📦 Агуулах: Худалдаа эрхлэгчдэдээ зориулан хуурай, хөлдөөсөн хүнсний агуулах, няравтай агуулах гээд бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
За тэгээд иргэдийн заавал зорин үйлчлүүлдэг органик хүнсний худалдааны төв болохоор зорьж буй уг Organic Market-г сонирхож буй хэн бүхэн 88071398, 88071399 дугаарт холбогдоно биз ээ.
Pcmag
🍋 IBM (IBM) Хятадын зах зээлээс гарч буй сүүлийн технологийн компани боллоо. Тэд ийн Хятад дахь судалгаа, хөгжүүлэлтийн салбараа хааснаар 1,000 орчим ажлын байр устахаар байна. 2 орны харилцаа таарамжгүй байгаагаас үүдэн Microsoft (MSFT), Apple (AAPL)-с эхлээд Америкийн технологийн компаниуд тус улсаас ар араасаа гарч байна даа.
🍋 Энэтхэг Монголоос нүүрс импортлох боломжтой. Тодруулбал, МХБ ХК (MSE)-ийн удирдлага Энэтхэгт болсон “Нүүрсний зах зээлийн төлөв” форумд оролцож тус асуудлыг хэлэлцжээ. Энэтхэгийн хувьд 2023 онд 70 сая тн коксжих нүүрс импортолсны 55%-ийг Австрали, 21%-г Орос, 11%-ийг Америкаас авсан аж.
🍋 Өнгөрсөн онд Хятад Номхон далайд цэргийн сургуулилтдаа зориулан батлан хамгаалах зардлаа $15 тэрбумд хүргэв. Энэ нь Тайваний өнгөрсөн оны батлан хамгаалах төсвийн 85%-тай тэнцэх дүн юм. Тайваний орчимд Хятад цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь цаашид бүс нутаг дахь хүчний тэнцвэрийг өөрчлөх эрсдэлийг өдөөж буй.
🍋 МХБ ХК (MSE) Хятадын MySteel.com платформтой хамтран ажиллахаар судалж байна. Тус уулзалтаар талууд цаашид уул уурхайн бүтээгдэхүүн (УУБ)-ий зах зээлийн мэдээлэл солилцох, тус платформ дээр МХБ-ийн УУБ-ий арилжааны мэдээлэл байршуулах тусгай цэс үүсгэх зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон байна.
🤨 Хайсан талентаа хаанаас олох вэ?
Өнгөрсөн удаад чадвар, туршлагыг эрхэмлэдэг талент зуучлагч TalentSnipe-г онцолж байсан даа. Энэ удаад TalentSnipe-д ямар чиглэлийн, ямар чадвартай талентууд байгаатай танилцъя. Ажил олгогчид анхаараарай. 🔊
💑 Буга намнадаг нь TalentSnipe-д, булга зүүдэг нь…
Тус платформд бүртгүүлсэн ажил горилогчдын хэлний чадварыг харахад дийлэнх буюу 96.5% нь англи хэлтэй, 57.5% нь монгол, 19% нь орос, 10% нь хятад, 9.7% нь япон хэлтэй хүмүүс байна. Харин TalentSnipe-с ямар чадвартай хүмүүсийг олох магадлал өндөртэй вэ гэвэл,
💪 Чадваруудын хувьд Tөслийн менежмент, стратегийн төлөвлөгөө, бизнес хөгжүүлэлт, React.js, JavaScript, Python, тэргүүтэй чадвартай хүмүүсийг олох боломжтой. Өөрөөр бол бизнес төлөвлөлт, IT-н чиглэлд тохирох академик чадвартай хүмүүсийг шилж, сонгох боломж их гэсэн үг.
🔎 Сонирхолтой нь тус платформд бизнес болон IT салбарын академик чадвартай хүмүүс олон ч илүү уул уурхайн салбарт мэргэшсэн талентууд бүр ч олон. Жагсаан харвал, удаад нь банк, IT, санхүү, маркетингийн салбар гэхчлэн эрэмбэлэгдэж буй.
9 ➡️ 5: Хэрэв бүтэн цагаар ажиллах хүн хайж байгаа бол сайн мэдээ нь тус платформд бүртгэлтэй хүмүүсийн 82% нь бүтэн цагаар, 39.6% нь зайнаас, 30% нь хагас цагаар ажиллах сонирхолтой байгаа гэнэ.
Эцэст нь… Уг судалгааг харж байхад манай хүний нөөцийн технологийн компаниуд дээрх шиг судалгааг тогтмол гаргаж байвал ажил олгогч нарт дэмтэй байх болов уу. Үгүй тэгээд одоо цагт чинь хүссэн талентаа олж авна гэдэг цагаан морьтой ханхүүгээ олохоос хэцүү болчихсон байна шүү дээ. 😪
Алдаатай мэдээллийг олоорой! 🧐
A. Энэ оны ЭЕШ дээр 158 сурагч 800 оноо авсан.
B. Америкт хүүхэдтэй болсноор өрхийн сарын орлого 10.4% буюу дунжаар $1,400-оор буурдаг.
C. Энэ оны Боловсролын яамны төсөв өмнөх жилээсээ 36.2%-иар тэлж ₮4.2 их наяд байхаар тусгагдсан.
Зөв хариулт нь A буюу энэ онд биш өмнөх оны ЭЕШ дээр 158 сурагч 800 оноо авч байсан шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply