- Lemon Press
- Posts
- 🥊 ШӨХТГ VS Арилжааны банкнууд
🥊 ШӨХТГ VS Арилжааны банкнууд
ICT EXPO 2023-Mindgolia арга хэмжээний талаар болон криптовалют хэрэглэгчдийн өөрчлөлтийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй хүмүүс 6 сарын 30-ны дотор авахгүй бол улсын орлого болох гэнэ шүү. 😲 Тухайн үед буцаан олголтоо аваагүй 41 мянган иргэн дансны мэдээллээ нягтлаад, хүсэлтээ EBARIMT системд гаргах нь ээ.
*Нэг өдрийн өөрчлөлт
IPO: Өнөөдрөөс ХасБанк (XAC)-ны үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
NSO: Улаанбаатарын орон сууцны үнэ өнгөрсөн 5-р сард өмнөх оны мөн үеэс 9.2% өссөн байна.
MSE: Өчигдрийн арилжаагаар ₮216.8 саяын үнийн дүн бүхий хувьцаа арилжаалагдсанаар 15 компанийн хувьцааны үнэ өссөн бол 27 компанийн хувьцааны үнэ буурав. Улмаар ХЗЗ-ийн үнэлгээ ₮10.2 их наяд болжээ.
🤖 ICT Expo 2023
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT Expo-2023 зохион байгуулагдлаа. 3 өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр юу юу болж өнгөрөв?
Mindgolia: ICT Expo нь өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Mindgolia уриан дор болов.
Үр дүн
Арга хэмжээний үеэр 200 орчим байгууллага өөрсдийн оюун санаагаар бүтээсэн 492 шинэ технологио олон нийтэд танилцууллаа. Эдгээр өдрүүдэд $41 саяын үнийн дүн бүхий 885 хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийг гадна, дотнын хөрөнгө оруулагчидтай байгуулж, ₮4 орчим тэрбумын борлуулалтыг хийжээ. Мөн технологийн салбарт 3,000 инженер бэлтгэхээр болов.
Онцлог:
Энэ жил анх удаа виртуал хэлбэрээр GUYUK Метаверст давхар зохион байгуулагдаж, "The Hu" хамтлагийн метаверс тоглолтыг толилууллаа.
Арга хэмжээний үеэр анх удаа ажлын байрын үзэсгэлэн гарсан бөгөөд нийтдээ 243+ хүн хамрагдсан байна.
Энэ удаагийн арга хэмжээг шууд дамжуулж онлайн болон биеэр үзсэн нийт хандалтын тоо 2.6 саяд хүрчээ.
Энэ жил тус экспог цаасгүйгээр зохион байгуулсан тул нийтдээ 216 модыг хэмнэсэн аж.
Шилдгүүд
Мөн тус арга хэмжээний хаалт дээр шилдэг оролцогч байгууллагуудыг шалгаруулав. Ингэхдээ 70%-ийн саналыг мини апп-аар үзэгчдээс авч, 30%-ийг шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр тодруулсан байна.
Шилдгийн шилдэг оролцогч - Юнител групп
Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ - Голомт банк
Шилдэг технологи, шийдэл - Чимэгэ системс
Шилдэг стартап - TEO
Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч - NAVER
Эцэст нь… Энэ жилийн ICT Expo нь компани бизнесүүд хоорондоо, мөн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах шийдэл, боломжийг олгоход түлхүү чиглэснээрээ өмнөх жилүүдийнхээс онцлог байв.
🍁 Илүү их хөрөнгө оруулалт
RIO: Rio Tinto Канад дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд $1.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Уг хөрөнгө оруулалт нь тус үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 160,000 тн-оор нэмэгдүүлэх аж. Энэ нь 400,000 цахилгаан машиныг эрчим хүчээр хангах хүчин чадал юм. Сонирхуулахад, Rio Tinto-н гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын үзэж байгаагаар энэ удаагийн ХО нь тэдний сүүлийн 10 жилийн хугацаанд хөнгөн цагааны бизнест оруулсан хамгийн чухал ХО гэнэ.
🪙 Крипто ба хэрэглэгчид
Энэ оны 5-р сарын байдлаар криптовалютын хэрэглэгчдийн тоо жилийн 36.9% өсөж 417.5 сая болсон байна.
Хаана нэмэгдэв?
Криптовалютын хэрэглэгчдийн тоог бүсээр нь харвал Ази тив хамгийн олон хэрэглэгчтэй болжээ. Тодруулбал, тэдний крипто хэрэглэгчдийн тоо 2 дахин нэмэгдэж 260 сая болсон нь хамгийн том өсөлт болов. Мөн Хойд Америкийнх 3 саяар өсөж 54 сая болсон аж. Харин Африкийн криптовалют хэрэглэгчид 28%, Европынх 38.7% тус тус буурсан байна.
Шалтгаан
FTX болон бусад биржүүд дампуурсны дараа крипто ЗЗ-ийн зохицуулалтын асуудал хурцадсан ч хэрэглэгчид үргэсэнгүй. Учир нь Америкийн банкны салбарын хямрал, криптовалютуудын өсөлт, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн авах компаниуд нэмэгдсэн нь хэрэглэгчдийн тоог олшруулсан аж.
🆙 Азийн технологийн хөгжил: Түүнчлэн Энэтхэг, Хятад, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын банк, санхүү, даатгалын салбарт блокчэйнд суурилсан төлбөрийн шийдлүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Азид криптовалют хэрэглэгчид нэмэгдэж буй.
Хатуу зохицуулалт ➡️ Бууралт: Харин Европт Crypto Assets (MiCA) хууль батлагдсан нь тус бүс нутгийн криптовалют хэрэглэгчдийг үргээв бололтой. Улмаар тэд Ази, Номхон далайн орнуудад крипто бизнесээ алдах төлөвтэй байна.
Хамгийн өндөр эзэмшил
Үргэлжлүүлээд, тивээс гараад улсуудын онцлог руу өнгийвөл, хамгийн их криптовалют эзэмшдэг улсаар Тайланд нэрлэгдэв. Тус улсын нийт хүн амын 9.3% нь криптовалют эзэмшдэг. Тэдний араас Энэтхэгийн криптовалют эзэмшигчдийн нийтэд эзлэх хэмжээ 7.2% байгаа бол Бразилд 7% байгаа аж.
Эцэст нь… Эдийн засгийн уналт нь хүмүүсийг уламжлалт бус санхүүгийн хэрэгсэлд хөтөлдөг тул инфляц өндөртэй улсад криптовалют эзэмших нь илүү өндөр байх хандлага ажиглагдав. Түүнчлэн дэлхийн томоохон эдийн засгууд, тэр дундаа Америк болон Европын эдийн засаг уналтад орж байгаа тул 2024 онд дэлхийн крипто хөрөнгийн эзэмшлийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна даа.
👨🏫 NEXT CEO - менторшип хөтөлбөр зарлагдлаа
Монголын шилдэг бизнесменүүдээс суралцах боломжтой NEXT CEO менторшип хөтөлбөр зарлагджээ.
Уг хөтөлбөрт 25-32 насны өөрийгөө дараагийн түвшинд сорих хүсэл тэмүүлэлтэй залуу манлайлагчдыг урьж буй.
Хэн менторлох вэ?
Мандал Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг удирдан явуулах аж.
Түүнчлэн та ажил хийдэг бол ажлынхаа хажуугаар хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэнэ шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг 8800-0288, 8818-6120 дугаарт холбогдон аваарай.
Бүртгэлийн хугацаа: 6 сарын 8-18
🔗 Хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД дараарай.
Bankrate
🔹Nasdaq (NDAQ) программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч Adenza-г $10 тэрбумаар худалдан авав. Тус хэлцлийн ачаар тэд Adenza-н технологийг ашиглан арилжааны платформоо сайжруулаад зогсохгүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломжтой болох нь.
🔹Шүүхээс ШӨХТГ-ын арилжааны 9 банкийг ₮20 саяар торгохыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Учир нь банкнууд ипотекийн болон өндөр дүнтэй зээл олгохдоо 1%-ийн шимтгэл авдгийг үндэслэлгүй гэж үзээд буй. Хэрэв тус шийдвэр эцэслэгдвэл иргэд тус 1%-ийг нэхэмжлэх эрхтэй болох аж.
🔹Улсын ерөнхий прокурорын газрын харьяа гадаадын хөрөнгө оруулагчдын хэргийг хянан шалгах ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг 17 прокурорын бүрэлдэхүүнтэй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-тэй холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх гэнэ.
🔹Microsoft (MSFT)-н Activision Blizzard-г худалдан авах хэлэлцээр ахин саадтай тулгарав. Тухайлбал, Холбооны худалдааны комисс тус хэлцлийг онлайн тоглоомын салбарын өрсөлдөөнд сөргөөр нөлөөлнө гэх үндэслэлээр шүүхэд өгөөд буй.
Санхүүгийн Зохицуулах Хороо нь Улсын Их Дэлгүүр ХК-н том хувьцаа эзэмшигчид буюу Шагдарсүрэн, Содном, Баярсайхан… нартай шүүхдэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ялсан бололтой. Одоо нөгөө хэд нь Дээд Шүүхэд гомдол гаргаад хурлын тов нь зарлагдаад бга юм бн.
1/3⬇️
— Angar Davaasuren (@angar_d)
2:35 AM • Jun 13, 2023
Товхимлоо анхааралтай уншдаг уншигчдадаа зориулсан бяцхан дофамин. Зөв хариултыг олоорой.
A. ШӨХТГ болон арилжааны 9 банкны давж заалдах шүүхийн маргаанд банкнууд ялав.
B. Rio Tinto дараагийн хөрөнгө оруулалтдаа $1.1 тэрбумыг зарцуулна.
C. Улаанбаатарын орон сууцны үнэ 5-р сард өнгөрсөн оны мөн үеэс 9.2% буурчээ.
Яаж: Хорт зуршлуудтайгаа тэмцэхэд тань туслах апп-ууд. (techboomers)
Унш: Шоколаданд дурлагсад ч хэцүүдэх нь дээ. (CNBC)
Яагаад: Metaverse хэнд хэрэгтэй юм? (TheGuardian)
Ахиад л AI: Үйлчилгээндээ AI-г нэвтрүүлж буй компаниудын эгнээнд Adobe нэгдлээ. (TheVerge)
Зөв харилут B. Rio Tinto Канад дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрээ өргөжүүлэхэд $1.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийх нь зөв шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply