• Lemon Press
  • Posts
  • ❗ Дундаж ба медиан цалин Монголд

❗ Дундаж ба медиан цалин Монголд

Газрын тосны нийлүүлэлт буурах талаар болон медиан цалингийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. НӨАТ-ын баримтаа бөөгнүүлж байгаад бүртгүүлдэг хүмүүс анхаараарай. Энэ I улирлын баримтаа 4 сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авах юм байна шүү. 📃 

*Нэг өдрийн өөрчлөлт

SK: Өмнөд Солонгосын экспорт 3-р сард жилийн өмнөхөөс 13.6% буурч $55.1 тэрбумд хүрснээр 6 сар дараалан буурав.

IND: Энэтхэгийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 7.8% болж сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрлээ.

PAK: Пакистаны 3-р сарын инфляц 35.4%-д хүрснээр сүүлийн 50 жилийн түүхэн хэмжээнд хүрсэн байна.

💰 Дундаж цалин & Медиан цалин

Өнгөрсөн оны IV улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 21.7% өсөж ₮1.75 сая болсон бол голч буюу медиан цалин 20.3% өсөж ₮1.29 саяд хүрсэн аж. Улмаар дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэж ₮464.9 мянга боллоо.

Дундаж & Медиан

Дундаж цалин ₮1.75 сая байна гэхээр дийлэнх хүмүүс хэн, хаана тийм өндөр цалин аваад байгаа юм бэ, гээд гайхширдаг даа. Тэгэхээр бид дундаж цалинг медиантай андуурч ойлгоод байгаа хэрэг.

  • Медиан: Энэ нь манай нийт 1.2 сая ажилчдын яг тал нь медиан цалингаас их, үлдсэн тал нь багыг авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажил хийдэг Монголчуудын тал нь ₮1.29 саяас бага цалинтай гэсэн үг.

  • Харин: Дундаж цалин нь нийт цалингийн нийлбэрийг нийт ажилчдын тоонд хуваасан утга юм. Тэгэхээр маш өндөр цалин авдаг ажилчид их байх тусам дундаж цалин медиан цалингийн зөрүү ихсэх юм.

Орлогын тэгш бус байдал

Энэ онцлоод буй “зөрүү” нь өөрөө нийгмийн орлогын тэгш бус байдлын тусгал болдог. 2014 онд дундаж болон медиан цалингийн ялгаа ₮204.9 мянга байсан бол 2022 оны эцэст энэ зөрүү 2.3 дахин өссөн байна.

  • Нөлөө: Дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэх нь хүн амын цөөн хэсэг илүү өндөр цалин авч, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад бага цалинтай хүмүүсийн дунд ядуурлын түвшинг нэмж болзошгүй.

  • Түүнчлэн: Орлогын тэгш бус байдал нэмэгдсэнээр орлого багатай хүмүүсийн боловсрол эзэмших, орлогоо нэмэгдүүлэх боломж багасна. Цаашлаад бараа, үйлчилгээнд зарцуулах орлого нь багасаж хэрэглээний зардал нь буурснаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм.

Эцэст нь… Манайд цалингийн ялгаа маш өндөр. ОУ-ын байгууллагад ажиллагсдын цалин ₮5.2 сая байхад урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын ₮1.1 сая байх жишээний. Энэ байдал л дундаж болон медиан цалингийн зөрүүг холдуулаад байгаа хэрэг. Тэгэхээр цалин багатай салбаруудыг хөгжүүлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар орлогын тэгш бус байдлыг бууруулах хэрэгтэй байна даа.

❗ INVESTIGATION ALERTED

UBS: UBS Credit Suisse (CS)-н худалдан авалтыг эцэслэвэл нийт ажиллах хүчээ 20%-30% цомхотгоно. Ингэснээр Швейцар дахь салбараас 11 мянга, олон улсын салбараас 25 мянган ажилтнуудыг тус тус цомхотгох нь ээ. Тус 2 банк нь өнгөрсөн оны байдлаар нийт 125 мянган ажилтантай байжээ. Түүнчлэн UBS-н Credit Suisse-н худалдан авалтад асуудал байгаа эсэхийг Швейцарын прокуророос шалгаж байгаа сурагтай.

Газрын тосны нийлүүлэлт буурна

OPEC+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррель орчим илүү хэмжээгээр танах болсноо гэнэт мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дунджаар 6% өсөж Брент төрлийн газрын тос баррель нь $84.7, WTI төрөл баррель нь $80.4 болов.

Яагаад?

Орос болон Саудын Араб тус бүр газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 500,000 баррелиар бууруулахаар болов. Газрын тосны томоохон нийлүүлэгчдийн уг шийдвэр нь эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагддаг энэхүү зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэнэ. Учир нь энэ оны эцэст уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давах хандлагатай байсан аж. Харин уг шийдвэр нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг 1% гаруй бууруулах аж.

Тэгээд юу гэж?

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40%-ийг хангадаг OPEC+ орнуудын сайн дурын уг шийдвэр нь төв банкнуудын жил гаруй хугацаанд тэмцэж ирсэн өндөр инфляцыг бууруулахад саад болох тул Америкийн эрх баригчид уг шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буй.

ЗЗ-ийн тодорхойгүй байдлын энэ үед газрын тосны үйлдвэрлэл буурах нь өндөр инфляцын дарамтад буй ЭЗ-уудад сөргөөр нөлөөлнө. Тиймээс бусад газрын тос үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалав.

Цаашид

Мэдээж нийлүүлэлт буурч байгаа тул эрэлт өмнөхөөсөө харьцангуй нэмэгдэж газрын тосны үнэ нэмэгдэх нь лавтай. Тиймдээ ч Goldman Sachs (GS) өөрсдийн Брент газрын тосны үнийн жилийн эцсээрх таамаглалаа $90-оос $95 болгов. Мөн тэдний үзэж буйгаар уг газрын тос олборлолтын бууралтын нөлөө нь 2022 оны 10-р сарынхаас бага байх аж. Учир нь газрын тосны томоохон хэрэглэгч болох Хятадын ЭЗ сэргэж буй тул салбарын эрэлт тогтвортой байна гэж үзжээ.

Эцэст нь... Улс орнуудын ЭЗ сэргэж буйтай холбоотойгоор газрын тосны нийлүүлэлтийн нөлөө нь түр зуурынх байх болов уу, эсвэл эсрэгээрээ ЭЗ-уудыг илүү дарамтад оруулж инфляцыг нэмэгдүүлэх болов уу?

Excel дээр “Pivot table” ашиглаж ажлаа хөнгөвчлөөрэй. 😎 

Giphy

🔹McDonalds (MCD) Америк дахь хэд хэдэн оффисоо түр хаана. Ингэснээр тэд ашиггүй ажиллаж байгаа салбаруудаа мэдэж, цомхотголын хүрээгээ тооцоолох боломжтой болох аж. Түүнчлэн компаниас ажилчдадаа илгээсэн имэйлд тэднийг 1-3 дахь өдөр хүртэл гэрээсээ ажиллах саналыг тавьжээ.

🔹Tesla (TSLA)-н автомашин нийлүүлэлт I улиралд 36% өсөж 422.8 мянгад хүрсэн байна. Түүнчлэн тэд оны эхний улиралд 440.8 мянган автомашин үйлдвэрлэжээ. Үүнээс хамгийн үнэтэй загвар болох Model X, Model S-н нийлүүлэлт 10 мянгад, хамгийн хямд загвар Model 3 болон Y-нх 412 мянгад хүрээд буй.

🔹Талын металл нунтаг ХХК болон ШУТИС Өмнөд Солонгосын их сургуультай хамтарна. Тус хамтралаар дэвшилтэт нунтаг материал, түүнд суурилсан сэлбэг, эд ангийн чиглэлээр хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх, үйлдвэрлэл бий болгохоор ажиллах гэнэ.

🔹ByteDance-н орлого өнгөрсөн онд 30% өсөж $80 тэрбумд хүрлээ. Ийнхүү тэдний өнгөрсөн жилийн орлого өрсөлдөгч Tencent (0700.HK)-н орлоготой тэнцээд буй. Тус өсөлтөд TikTok Америкт 150 сая хэрэглэгчтэй болсон болон Douyun-н зар сурталчилгааны орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

  • Health: Улсын II төв эмнэлгийн сонгодог хөгжмөөр эмчлэх булан. (SSCH)

  • Tech: AI салбар удаашрах ёстой. (Platformer)

  • Politics: Уул уурхайн салбарт тулгамдаж буй 6 асуудал. (Mongolia.Gov)

  • Worthy: XX зууны эхэн үеийн Америкийн тэнгэр баганадсан барилгуудыг дроноор. (HighRises)

Reply

or to participate.