• Lemon Press
  • Posts
  • 🔻 Хэдэн зуугаар сулрав

🔻 Хэдэн зуугаар сулрав

Валют руу хошуурав | Хүн шиг AI | УИД-ийн хөөсрөлтийн дараах уналт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Шинэ ЗГ кабинетаа цомхон бус хуучнаараа 16 сайдтай байхаар танилцууллаа. Нэр дэвшсэн эрхмүүдийн зарим нь хүчээр шахуу улиран томилогдож, зарим нь ямба биш ялд уначихлаа гээд явж байна. 🫢

*Нэг өдрийн өөрчлөлт.

UB: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг 7-р сард нээнэ.

EBRD: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк MSM Group-т $26.2 тэрбумын санхүүжилт олгохоор болов

CHN: Хятад болон Казакстан бүс нутаг, энх тайван, хамтын хөгжлийн төлөө харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

🤑 Валют руу хошуурав 

Та төгрөгийн хадгаламжтай юу, эсвэл валютын хадгаламжтай юу?

Login or Subscribe to participate in polls.

😞 Сулралын нөлөө

Яг нэг жилийн өмнө төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютын хадгаламж буурч байлаа. Тодруулбал, 2024 оны 2-р сарын байдлаар төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөсөө 35.8% нэмэгдэж байсан бол валютынх 15.6% буурч байв. Гэтэл ганцхан жилийн дотор энэ байдал орвонгоороо эргэв. Шалтгаан нь мэдээж төгрөгийн сулрал!

🔻 Хэдэн зуугаар сулрав 

Төгрөг ганц $-ын эсрэг л гэхэд сүүлийн 1 жилийн хугацаанд 5.8% буюу ₮200-өөр, €-гийн эсрэг 14.5% буюу ₮525-өөр суларсан. Нүүрснийх нь үнэ ч сэргэх сураггүй, экспортын орлого нь муудаад, инфляц нь өсөөд ₮ нь ингэж үнэгүйдээд байгаа учир валютын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж 2023 оны оргил түвшнийг давж нийт ₮5.3 их наядад хүрээд байна.  

  • 📉 Хөдөлбөл хөдөлнө: Угаас валютын хадгаламжийн хэмжээний савлагаа ₮-ийн $-той харьцах харьцааны харьцаатай ан цав таардаг. 2022 онд ₮ суларч эхэлснээс хойш валютын хадгаламж өсөж 2023 онд ₮5.2 их наядад хүрч байсан бол 2024 онд ханш тогтворжих үед ₮4.4 их наяд болтлоо буурсан. Одоо харин жилийн дотор 20.9% өсчхөөд байгаа нь энэ. 

  • 🔝 Өссөн тоо: Нөгөө талд бодлогын хүүгээс үүдэн хадгаламжийн дундаж хүү 13% буюу харьцангуй өндөр хэвээр байгаа тул ₮-ийн хадгаламж ч нэмэгдсээр байгаа. Сонирхолтой нь ААНБ-уудын хадгаламжийн хэмжээ 2021 оноос хойш нэлээдгүй буюу 86.7% өсөж ₮2.8 их наяд болжээ. 

  • 📌 Чимх баримт: Сонирхуулахад, 1992 оноос хойш хадгаламжтай иргэдийн статистикийг тогтмол, нээлттэй гаргахаа больсон байдаг. Харин Монголбанкны 2022 оны судалгааны үр дүнд нийт иргэдийн 51.3% нь хадгаламжтай буюу 2 хүн тутмын 1 нь хадгаламжтай гэж гарсан байдаг. Гэхдээ ердөө 13.9% нь хадгаламжаараа гэнэтийн зардлыг дааж чадахаар байгаа юм. 

Юутай ч нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Валютын эрэлт ингэж өссөөр байвал валютын ханш нэмэгдэж, төгрөг улам сулрах эрсдэлтэй. Төгрөг нь хүчгүй, төр нь замбараагүй үе хэзээ дуусна даа. 

  • 🚪 Луврын музей түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоолоо. (CNN)

  • 🆕 Трамп ухаалаг гар утасны зах зээлд эргэлт буцалтгүй хөл тавив. (Mint)

  • 🛵 Улс орнууд цахилгаан скүүтэрийг хэрхэн зохицуулж байна? (Bloomberg)

  • 😶‍🌫️ Ураа! Бид 2032 он гэхэд утаанаасаа ангижрах нь ээ. (Gogo)

 📉 УИД-ийн хөөсрөлтийн дараах уналт

UID: Улсын Их Дэлгүүрийн хувьцааны үнэ 6 сарын 10-ны оргил үнээсээ 9.7% буюу ₮350-өөр унаад байна. Өчигдрийн арилжаагаар л гэхэд 7.1% унав. Тус хувьцааны үнэ 2022 онд оргил цэгтээ буюу ₮4.1 мянгад хүрч байсан билээ. Хэдий $UID-н үнэ тус үеэс хойш унаж байгаа харагдавч 2018 оноос хойш огцом буюу 6.5 дахин өссөн байдаг. Уг нь компани ₮9.3 тэрбумын хуримтлагдсан алдагдалтай явж байгаа даа.

🦹🏻 Хүний түвшний AI

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн AI-д ажлаа алдаж, хэнд ч хэрэггүй болох вий, гэх айдас дунд амьдрах болсон. Гэвч бодит байдал дээр бид AI биш AGI-с айх хэрэгтэй. 

🥹 2030 он хүртэл тайван байж болох уу?

Технологийн томчууд Artificial General Intelligence (AGI) буюу хүний түвшинд сэтгэж, суралцах, даалгавар гүйцэтгэх чадвартай AI бүрэн хөгжиж, зах зээлд нэвтрэх хугацааг өөр өөрийнхөөрөө таамаглах болов. Илон Маск, Сэм Алтман нар 2025-2028 он гэхэд тус төрлийн AI хэрэглээнд нэвтэрнэ гэж таамагласан бол Nvidia (NVDA)-н Үүсгэн байгуулагч Женсен Хуан 2029, харин AI-н загалмайлсан эцэг Жеффри Хинтон хамгийн хол буюу 2028-2043 он гэх таамаглалыг гаргаад буй. 

🔮 Зөгнөл биелэх нь гарцаагүй

AGI нь одоогийн AI-н хүрч болох ноён оргил нь юм даг уу даа. Учир нь одоогийн AI технологиуд бүгд бэлэн өгөгдөл, урьдчилан тодорхойлсон параметрийн хүрээнд ажилладаг. Харин AGI энэ давуу тал дээр нэмээд алгоритмын заагаагүй, бэлдэж өгөөгүй зүйлсийг ч суралцах, түүнийхээ төлөө эрэл хайгуул хийх когнитив чадвартай байна. 

  • 🤔 Дараагийн тэргүүлэгч? AI-н уралдаанд OpenAI ялсан бол одоо хэн хамгийн түрүүнд хэрэгцээнд бүрэн нийцсэн AGI бүтээх вэ, гэдэг нь сонин. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар AGI-н тэргүүлийг атгасан компани технологийн салбарт төдийгүй дэлхийн эдийн засгийг ноёрхоно гэж буй.  

  • 👀 Тэд хэрхэн харж байна? Сэм Алтманы хувьд AGI эдийн засгийн үр ашигтай ажлыг автоматаар хүнээс давсан гүйцэтгэлтэй хийх систем бол Илон Маскийн хувьд  дэлхийн хамгийн ухаантай хүнийг ч даван гарах чадвартай AI хэмээв. 

Эцэст нь… Хүнтэй өрсөлдөх хэмжээний AI гарч ирэх зөгнөл 2030 он гэхэд биежих магадлал өндөр байна. Зарим судлаачид, эрдэмтэд AI-н хөгжлийг сааруулж болох байгаль орчны, ёс зүйн олон хүчин зүйл байгааг сануулж байгаа ч ойр, холын алинд нь ч хүн төрөлхтөн өөрсдийн бүтээлтэйгээ өрсөлдөх нь гарцаагүй болж байна даа. 

💡 Бяцхан кейс задлан

  • Асуудал: Иргэн … сүү, сүүн бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг. Түүний бизнес орон нутагтаа хөөрхөн эрэлттэй ч, шилжин суурьших шаардлагаас үүдэн шинэ зах зээлд нэвтрэх хэрэгтэй болов. 

  • Шийдэл: Тэрээр үүний оронд давхар зах зээлд нэвтрэх стратеги баримталж, нэгэнт нөлөөллөө тогтоосон зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулсаар байхын зэрэгцээ юун түрүүнд шинэ зах зээлийн судалгаа хийхээр болов. 

Түүний бизнес энэ аргаар хөлөө олж чадах болов уу? Саналаа бидэнтэй хуваалцаарай. 

🍺 Амьд шар айргийн гайхамшиг 

Cheers! Чингис шар айраг Монголын зах зээлд мэндлээд 28 жилийг үджээ. "Чингис шар айраг" ХХК анх 500 л шар айраг үйлдвэрлэдэг байсан бол өдгөө тн, тн-оор нь үйлдвэрлэдэг болтлоо тэлжээ. 🎉

Компани шар айргаа Герман тоног төхөөрөмж, түүхий эд, стандартаар үйлдвэрлэдэг бөгөөд хөргөлт, хадгалалт, тээвэрлэлт зэрэг бүх шат дамжлагыг нүд салгалгүй хянаж хэрэглэгчийн гарт хүргэдгээрээ онцлог аж. Ганхашгүй амт, чанарынх нь нууц энэ буй.

Хэр эд юм бэ дээ?

  • 🍻 Юу байна, түүгээрээ: Чингис шар айраг амт, бүтэц, өнгө төрхөөрөө ялгарах Original, Unfiltered, Dark гэх 3 төрөлтэй. ЭНД дарж ямар бүтээгдэхүүнтэй хоршин зохицохыг хараарай.

  • 🤝 Аяллын анд: Түүнчлэн хаа ч авч явахад аятайхан 2л-ийн савлагаатай болсон байна. Тус савлагааг Герман болон Чехээс оруулж ирсэн шилмэл түүхий эд ашиглан урлажээ.

🔗 Гэснээс ЭНД дарж тэдний домогт “Ам цангав!” сурталчилгааг үзээрэй.

Impact Alpha

🍋 AI-р ой хээрийн түймэр илрүүлэгч стартап Pano AI $44 саяын хөрөнгө босголоо. Компани уулын өндөрлөг газруудад панорама зураг авах камер суурилуулдаг бөгөөд тухайн орчны утааг AI-р таньж, болзошгүй түймрийн талаар эрх бүхий байгууллагад шууд мэдээлдэг аж. Тэгвэл компани энэ хөрөнгөөр Калифорни болон Австрали зэрэг түймэр ихээр гардаг бүс нутгуудад технологио өргөнөөр нэвтрүүлэх юм. 

🍋 Орон сууцны үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс дунджаар 14.3% өсөж ₮4.56 сая болжээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ мөн хугацаанд 13% өсөж ₮4.55 сая болсон бол хуучин орон сууцных 15.3% өсөж ₮4.57 сая болжээ. Сүүлийн үед хотын төвөөс гадуур шинэ орон сууц баригдаж буй болоод ч тэр үү хуучин орон сууцтай харьцуулахад эрэлт багатай байна даа.

🍋 Нийслэл энэ оноос эхлэн Улаанбаатарын нийт өрхийн 22% буюу 105 мянган өрхийг шатдаг хийн түлшинд холбоно. Энэ ажлыг төрийн өмчит Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц ХХК гардан гүйцэтгэх бөгөөд үе шаттайгаар буюу эхний ээлжид 7,000 өрх, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэх замаар хийн түлшинд холбох юм гэнэ. Харин хөрөнгө оруулалтыг Хятадын Чиндао хотын эрчим хүчний салбар гаргах сурагтай. 

🍋 23andMe (MEHCQ)-г Гүйцэтгэх захирал асан Анна Вожицки $305 саяар худалдан авахаар боллоо. Эргэн санавал, Regeneron Pharma 23andMe-г $265 саяар худалдан авахаар зэхэж байсан ч дахин дуудлага худалдаагаар үнээ өсгөхөөс татгалзан ийн бууж өгчээ. Тэгвэл Анна Вожицки худалдан авах бүх хөрөнгийг хувиасаа гаргаж, ийнхүү компанийг эргэн үнэ цэнтэй болгох алхмыг зориглон хийхээр шийдэв. 

🍋 Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 100-аас 40.91 оноо авав. Улмаар өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4 байр ухарч нийт 69 орноос 65-р байрт буюу Турк, Нигер, Намибиа, Венесуэлийн өмнө, Аргентин, Бразил, Перу, Ганагийн хойно эрэмбэлэгдэх болжээ. Үүнд экспортын төвлөрөл, хувь нийлүүлэгчийн эрх, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг үзүүлэлтээр сүүл мушгиж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.