- Lemon Press
- Posts
- 🍽️ Хоолны ширээний туйлшрал
🍽️ Хоолны ширээний туйлшрал
Замбараагүй олон EV | Кодекс хэвийн $SBM | Lemonade in Japan
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Бидний Япон Улсад хийсэн Lemonade in Japan контентын маань эхний дугаар цацагдсан шүү. 🎉 Уг контент нь Японд амьдарч байгаа залуус санхүүгээ хэрхэн зохицуулж, карьераа хэрхэн босгож байгаа талаар өгүүлнэ. ЭНД дарж Lemonade контентын маань цоо шинэ улирлын эхний дугаарыг үзээрэй. 🙌🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
DBM: Хөгжлийн банк олон улсын зах зээлд жилийн 6.9%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, $500 саяын бондыг амжилттай арилжаалав. Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан анхны нээлттэй хэлбэрийн бонд боллоо.
POL: Нийт 52.8 тн-н алтны нөөцтэй Гацуурт болон Эрээн-Баавгайтын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮208.9 тэрбумын болон $1.2 саяын арилжаа явагдсан байна. Тус хугацаанд $-ын бондын анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй аж.

🍛 Монгол өрхийн хоолны ширээний туйлшрал

Монголчуудын орлогын тэгш бус байдал зөвхөн үл хөдлөх хөрөнгө, унаж буй машинаар хязгаарлагдахгүй, тэдний өдөр тутамдаа худалдан авч буй хоол хүнсний чанар, нэр төрлөөр шууд хэмжигдэж байна.
🍽️ Зөрүү гаарчээ
Хамгийн энгийн жишээ бол монголчуудын стратегийн гол хүнс болох махны хэрэглээ. Судалгаагаар хамгийн бага орлоготой өрх сард мах худалдаж авахад дунджаар ₮80.7 мянгыг зарцуулдаг бол өндөр орлоготой өрх ₮241.6 мянгыг зарцуулдаг байна. Энэ нь даруй 3 дахин их үзүүлэлт бөгөөд ширээн дээрх махны хэмжээ төдийгүй чанар, нэр төрлийн асар том зөрүүг илтгэнэ.
📌 Гэхдээ хамгийн түгшүүртэй дүр зураг амин дэм, эрүүл хүнсний хэрэглээ дээр харагдаж байна. Тухайлбал, жимс, самрын зардлыг харвал орлого багатай бүлэг сард ердөө ₮5.5 мянгыг зарцуулж байхад, чинээлэг өрхүүд ₮45.2 мянга буюу 8.2 дахин их мөнгө зарцуулдаг. Цэвэр ус, ундааны хэрэглээ ч 5.2 дахин зөрүүтэй.
🗣️ Амьд л үлдье: Энэхүү тоо баримт нь ядуу буурай болон дундаас доогуур орлоготой өрхүүд зөвхөн өлсөхгүй байх буюу гурил, өөх тосны хэрэглээнд хамаг мөнгөө шавхаж, эрүүл мэндэд нэн тустай витаминлаг хүнснээс бүрэн таслагдаж байгааг харуулж байна.
💳 Өрхийн хэтэвчний бүтэц
Том зургаараа монгол өрхүүдийн амьдралын хэв маяг улам бүр зах зээлээс хамааралтай буюу хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн дарамтад илүү өртөх болсон нь харагдаж буй. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага жилийн өмнөхөөсөө 19.7% өсөж ₮3 сая болтлоо өссөн. Үүний цаана:
🥶 Инфляцын дарамт 87%: Нийт зарлагын ₮487.4 мянгын өсөлтийн дийлэнхийг буюу 87%-ийг байр, цахилгаан, тээвэр, боловсрол гэх мэт зөвхөн хүнсний бус бараа, үйлчилгээний зардал эзэлж байна. Өрхүүд илүү чанартай хүнс авсандаа биш, амьдралын суурь өртгийн нэмэгдэлд хамаг мөнгөө тушаажээ.
🔻 Зах зээлийн хамаарал: Нийт зарлагад бэлэн мөнгөний зарлагын жин 0.5 нэгж хувиар өссөн бол өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнс -0.4 нэгж хувь, бусдаас үнэгүй авсан зүйлс -0.1 нэгж хувиар тус тус буурав.
Эцэст нь… Инфляцад идэгдсэн өрхийн орлого, хүнсний зардлын туйлшрал нь зөвхөн өнөөдрийн хэтэвчний асуудал биш. Энэ нь ирээдүйд иргэдийн эрүүл мэнд, дундаж наслалт, цаашлаад хүүхдүүдийн өсөлт хөгжилтөд заналхийлсэн нийгмийн суурь хямрал болон хувирчээ.

🚬 Тамхины хяналтын тухай хууль бол популизмын сүлд мод. (Baabar.mn)
📈 Туршлагын эдийн засгаар хөлбөмбөгийн ДАШТ-ийг тайлбарлахуй. (ProfGMedia)
🏴 Чингис хааны амьдралыг харуулсан үзэсгэлэн Английн Лийдс хотод дэлгэгдлээ. (BBC)
👀 2026 онд хүмүүс AI-г ямар зорилгоор ашиглаж байна вэ? (HBR)

👍🏻 Кодекс хэвийн $SBM
SBM: Төрийн банк ХК-ийн компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн нэгдсэн дүн 95.8%-иар үнэлэгджээ. Энэ нь компанийн засаглал хэвийн байгааг илтгэх бөгөөд аудит, эрсдэлийн удирдлага, ил тод тайлагнал, ТУЗ-ийн хороодын бүтэц гэх мэт чиглэлд сайн үнэлгээ авсан байна. Харин ТУЗ-ийн залгамж халаа, нэр дэвшүүлэх бодлого, цалин урамшууллын тогтолцоо зэрэг үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгджээ. Сонирхуулахад, он гарснаас хойш компанийн нэгж хувьцааны үнэ 9.2% унаж ₮447-т хүрээд байна.

🇨🇳 Замбараагүй олон EV

Өнгөрсөн 4-р сард Хятадад дотоодын EV-н эрэлт суларснаас шалтгаалж нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 20% буурсан нь дараалсан 7 дахь сарын уналт болжээ. Тэгвэл өнөөдөр нэлээдгүй олон тоглогчтой болсон энэ зах зээлийн сонин, хачныг хуваалцъя.
🔥 Зах зээлийн халуурал
2025 оны байдлаар Хятадын EV зах зээлд дор хаяж 1 EV борлуулсан брэндийн тоо 143-т хүрээд байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр компаниудын 46 нь 1,000-аас илүү автомашин борлуулж чадаагүй гэнэ. Нөгөөтээгүүр, энэ зах зээлээс 9 үйлдвэрлэгч хаалга барьсан бол 23 тоглогч шинээр орж иржээ.
🔎 Бодит байдал: Эдгээр олон компанийн ихэнх нь EV-н томчуудын тансаг зэрэглэлийн загваруудаа масст зориулсан загвараас тусгаарлаж, ялгарал үүсгэхээр байгуулагдсан охин брэндүүд юм. Жишээлбэл, Хятадын аваргуудын нэг Geely нь доороо Zeekr, Polestar, Lynk & Co зэрэг 10 орчим брэндтэй аж.
Цэгцрээгүй зах зээл: Өнгөрсөн онд EV үйлдвэрлэгч ТОП-10 компани тус бүр 1 саяас доошгүй автомашин борлуулж, нийт зах зээлийн 84%-ийг эзэлжээ. Гэвч энэ нь 2024 оныхоос үл ялиг буурсан үзүүлэлт бөгөөд мэргэжилтнүүдийн эртнээс таамагласан зах зээлийн нэгдэх, цэгцрэх үйл явц хараахан эхлээгүй буюу өрсөлдөөн улам ширүүсэж байгааг харуулав.
🧹 Гэр ахуйн бараанаас эхлэв
Хятадад гэр ахуйн цахилгаан бараанаас гараагаа эхлүүлж, өдгөө EV үйлдвэрлэх болсон компаниуд олширч байна. Тодруулбал, ирэх жил робот тоос сорогчоороо нийтэд танигдсан Dreame тансаг загварын EV худалдаалж эхлэхээр төлөвлөжээ. Мөн өмнө нь тоос сорогчийн магнат болох Rox Motor 2023 оноос цахилгаан SUV борлуулж эхэлсэн бол гар утасны аварга Xiaomi ч үүнээс жилийн дараа спорт загварын EV худалдаалж эхэлсэн түүхтэй.
Эцэст нь… Өнгөрсөн долоо хоногт ЕС-ын санаачилсан Чөлөөлье бодлогын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөрт EV цэнэглэх станцтай ногоон өртөөний нээлт боллоо. Нэг ёсондоо EV-тэй бол Булганаас цааш саадгүй зорчих боломж бүрдээд байна. Энэ нь дотоодын EV-н борлуулалт өсөхөд эерэг мессеж өгч магадгүй байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд дуусаж, өчигдөр шөнө шигшээ шат эхний тоглолт болоод өнгөрлөө. Энэ жил төсөөлөхөд бэрх олон үйл явдал тохиож байгаагийн нэг нь Кабо-Верде улс анх удаа ДАШТ-д орсон, бүр цаашлаад шөвгийн 32-т шалгарсан явдал байв. Тэгвэл энэхүү амжилттай холбоотой тус улсын хаалгач 40 настай Возиньягийн IG дээрх дагагчийн өсөлтийг толилуулъя.
📅 ДАШТ эхлэхийн өмнө: 50 мянга
🇪🇸 тоглосны дараа (6-р сарын 15): 7.3 сая
🇺🇾 тоглосны дараа (6-р сарын 22): 15.4 сая
🇸🇦 тоглосны дараа (6-р сарын 28): 17.1 сая
Сонирхуулахад, энэ Бямба гарагийн үүрээр Кабо-Верде нь хүчирхэг Аргентины багтай учраа таарах хуваарьтай байна. Хэрэв дараагийн шатанд шалгарвал дагагчдын тоо дахин огцом өсөх нь ойлгомжтой биз ээ. 😬🇨🇻

✅ Байр хайж байвал blist.mn-г сонирхоорой

Компаниудын эзэмшиж буй орон сууц, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэг дор төвлөрүүлсэн blist.mn платформ хэрэглэгчдэд үүд хаалгаа нээгээд байна.
💯 Уян хатан нөхцөлүүд: Худалдан авах байрнаас шалтгаалан хэсэгчлэн төлөх, бартерын хувилбар ашиглах, зээлийн процессоо илүү хурдан шийдвэрлэх боломжтой.
👁️ Баталгаажсан байр: Blist.mn дэх бүх байруудын өмчлөл тодорхой бөгөөд байр худалдан авахад бүртгэлтэй компаниудтай холбогдоно.
🆕 Түрүүлж харах боломж: Зарим үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл олон нийтэд түгэхээс өмнө хэрэглэгчдэд хүрдэг тул сонирхсон байраа бусдаас түрүүлж олж мэдэх боломжтой.
Эцэст нь… blist.mn-н тусламжтай олон төрлийн байрны мэдээллийг харьцуулж, найдвартай эсэхийг нь шалгах бүрэн боломж бүрдээд байна. Хэрэв та байр сонирхож байвал blist.mn-д үнэгүй бүртгүүлж, 7299-9989 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 👓


GIPHY
🍋 Америкчууд Prime Day-д $26.4 тэрбум гаруйг зарцуулсан нь өмнөх оноос 9.3% өсжээ. Энэ жилийн Prime Day-н хөнгөлөлт болон татварын буцаан олголт нь электроник, гэр ахуйн хэрэгслийн борлуулалтыг голлон дэмжсэн байна. Гэвч захиалгын дундаж дүн $47.6 болж буурсан нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларсныг илтгэлээ.
🍋 Улаанбаатар хотод 6 өдрийн турш зохиогдсон олон улсын 3x3 сагсан бөмбөгийн 3 тэмцээнд Монгол багууд амжилттай оролцлоо. Тодруулбал, 6 сарын 26-нд болсон FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series-д Ulaanbaatar Amazons баг түрүүлсэн бол Ulaanbaatar MMC Energy баг 6-р сарын 24-нд дууссан FIBA 3x3 Sukhbaatar Challenger 2026-д аваргалж, өчигдөр өндөрлөсөн FIBA 3x3 World Tour Ulaanbaatar 2026 тэмцээнд удаах байрыг эзэлжээ.
🍋 Нийслэл хот 2024 онд босгосон ₮100 тэрбумын дотоод бондыг хөрөнгө оруулагчдад хугацаанд нь эргүүлэн төлжээ. Энэхүү санхүүжилтээр 2024 онд нийт 62 байршилд 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийг хийсэн байна. Бондын хөрөнгөөр хэрэгжүүлж буй нийт төсөл, арга хэмжээний ажлын дундаж гүйцэтгэл одоогийн байдлаар 74%-тай байна.
🍋 Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгав. Тодруулбал, хугацааг 3 жилээр сунгаж, нөхцөлийг сайжруулсан байна. Уг хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.

Даваа: Өнгөрсөн 5-р сард Өмнөд Солонгосын аж үйлдвэр хэр байв?
Мягмар: $NKE, $STZ, $PRGS нарын санхүүгийн гүйцэтгэл танилцуулагдана.
Лхагва: Minions & Monsters кино нээлтээ хийнэ.
Пүрэв: Домгийн шувуу үргээж Playtime Festival 2026 хөшгөө нээнэ.
Баасан: Японы хамгийн том стартапын арга хэмжээ болох IVS2026 эхэлнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply