👺 UB Arena-тай болно

Хүчээ авч буй HYROX | Intel-н тухай эерэг мэдэгдэл | Бортээг ба эдийн засаг

POWERED BY

Нар буцах өдрийн мэнд! Өнөөдөр Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр. Жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохионо. Дорнын гүн ухаанд үүнийг "Ян" буюу гэрэл, гал, амьд эрчим дээд цэгтээ хүрч, харин "Инь" буюу сүүдэр, сэрүүн эрчим дөнгөж төрж эхлэх торгон агшин гэж үздэг ажээ. ☯️🌞 

*Нэг өдрийн өөрчлөлт.

LEND: ЛэндМН ББСБ ХК (LEND) үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр ₮20 тэрбумын өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэйгээр гаргана. Уг бондын хугацаа 24 сар, жилийн хүү нь 18.5%, нэрлэсэн үнэ нь ₮100 мянга байх аж. 

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮189.9 тэрбумын болон $289.4 мянгын арилжаа хийгджээ. $-ын арилжаа тэр чигтээ хоёрдогч зах зээл дээр явагдсан байна.

POL: Өнгөрсөн онд ажил нь хийгдсэн ч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн ₮286 тэрбумын үлдэгдлийг 2026 оны төсвөөс гаргажээ.

⛏️ Бортээг ба эдийн засаг

Өнгөрсөн Бямба гарагт Тавантолгойн бүлэг ордын томоохон жигүүр болох Бортээгийн ордын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Сүүлийн үед нэлээд бэрхшээл, хэл ам дагуулаад буй уул уурхайн салбарт энэ орд ямар нөлөө үзүүлэх вэ? 

💰 Цар хүрээ томорно 

Бортээгийн орд нь 424.2 сая тн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай. Ордын дийлэнх нь сул коксжих нүүрс буюу зах зээлд эрэлт ихтэй, үнэ цэн өндөртэй нүүрс. Үүний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортын орлого нэмэгдэх боломжтой.

  • 🔺 Өсөлт +50%: ЭТТ 2025 онд 27.6 сая тонн нүүрс борлуулсан. Тэгвэл Бортээгийн ордын нөлөөгөөр энэ тоо 54.3% өснө гэсэн үг. Том зургаар уг ордын нөлөөгөөр улсын нийт нүүрсний экспорт 18%-19% нэмэгдэх нь. 

  • 🤔 Орлого яаж өсөх вэ? Бортээгийн сул коксжих нүүрс эрчим хүчний нүүрснээс өндөр үнэтэй тул жилийн орлого нь $975 саяас $1.5 тэрбум байх боломжтой аж. 

  • 📈 Эдийн засгийн нөлөө: Уг уурхайтай холбоотойгоор говьд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болж, төсвийн эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт ₮4.4 их наядын татвар хураамжийн орлого төвлөрөх гэнэ. Мөн тус хугацаанд ₮10.2 их наядын дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх нь. 

📌 Засаглалын шинэчлэл ба IPO хүлээлт

Ордын нээлттэй зэрэгцэн ЭТТ олон улсын БДО аудит болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-тэй санамж бичиг байгуулсан байна. Улмаар ЭТТ-н IPO ойртож байна уу даа гэсэн хүлээлт үүсэв. Гол нь энэ шинэчлэл хэр хурдан, бодитойгоор хэрэгжих вэ гэдэг л байна даа. 

Эцэст нь... Бортээгийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл өдөрт дунджаар 41,000 тн нүүрс тээвэрлэгдэх нь. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын холболт, төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал бэлэн байх ёстой. Том хэмжээний төсөл хөдөлж эхэлж байгаа нь сайшаалтай ч бэлтгэл ажлыг сайн хангах, ил тод байдлыг эрхэмлэж өмнөх авлигын бараан түүхийг давтахгүй байх нь чухал байна.

  • 🇲🇳 Ван И-гийн айлчлал Монголын гадаад бодлогын тэнцвэрт хэрхэн нөлөөлөх вэ? (iKon)

  • 🔻 MSCI-с SpaceX-д боломжит хамгийн доод ESG-н үнэлгээг өглөө. (FT)

  • 🕵🏻‍♂️ Камбожийн кибер гэмт хэргийн систем хэрхэн хүмүүсийг залилдаг вэ? (business.mn)

  • 🦋 Зарим халуун орны эрвээхэйнүүд урт наслах нууц аргыг нээжээ. (CNN

📣 Intel-н тухай эерэг мэдэгдэл

INTC: Өнгөрсөн Пүрэв гарагт Доналд Трамп Apple (AAPL) Америкт гар утас болон компьютерын чип үйлдвэрлэхээр Intel-тэй тохиролцоонд хүрснийг мэдээлжээ. Apple өмнө нь голчлон TSMC (2330.TW)-н чипийг ашигладаг байсан бөгөөд энэхүү Intel-тэй хийсэн тохиролцоо нь нийлүүлэлтийн сүлжээ болон үйлдвэрлэлийн стратегид томоохон өөрчлөлт авчрах магадлалтай байна. Мөн өнгөрсөн оны 8-р сард Америк дотоодын чипний нийлүүлэлтийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Intel-д $8.9 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, 10%-ийг эзэмшиж эхэлсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 10.6% өсөж $134 дээр хаагдаад байна.

📈 Хүчээ авч буй HYROX

Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй спорт бизнест тооцогдож буй HYROX-н талаар та сонсож байсан уу? Тэгвэл өнөөдөр энэ спортын тухай хэд хэдэн сонирхолтой мэдээллийг хүргэе.

  • 🏃🏻‍♀️ HYROX нь хүчний дасгал болон кардио хосолсон, мэргэжлийн тамирчдаас эхлээд энгийн фитнесээр хичээллэгчид оролцох боломжтой заалны фитнес уралдаан юм. Оролцогчид 1 км гүйлт хийсний дараа 1 дасгал гүйцэтгэх зарчмаар нийт 8 км гүйлт, 8 төрлийн дасгалыг дараалан хийдэг бөгөөд анх 2017 онд Германд зохиогдсон түүхтэй.

🏆 ДАШТ өндөрлөлөө

Өнгөрсөн долоо хоногт HYROX-н 7 дахь удаагийн ДАШТ Шведийн Стокхольм хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн 101 орны 7,200 орчим тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон байна. Том зургаар, 2025-2026 оны улирлын турш дэлхийн олон хотод зохион байгуулагдсан цуврал тэмцээнүүдэд нийт 1.5 сая орчим тамирчин бүртгүүлж оролцсон нь 2017 оны анхны тэмцээнээс хойш 2,308 дахин өссөн үзүүлэлт болжээ. 

  • 🇭🇰 Анх удаа: Ирэх жилийн HYROX-н ДАШТ Хонконгод зохион байгуулагдах болсон нь Ази-Номхон далайн бүсэд анх удаа болж буй түүхэн үйл явдал болно. Мөн шинэ улиралд нийт оролцогчдын тоо 2 саяыг давах төлөвтэй байна.

💵 Утгаараа бизнес болов

HYROX-г анх Германы Upsolut Sports компани үүсгэж, өдгөө жилийн орлого нь $270 саяар хэмжигдэж байна. Мөн Олимп болон Хөлбөмбөгийн ДАШТ-ий маркетинг, медиа эрхийг баздаг Infront Sports & Media-д давуу эрхтэй хувьцааны 50%-ийг худалдаж, стратегийн хөрөнгө оруулалт татсан аж. 

  • 👀 $1 тэрбумын үнэлгээ: Хамгийн сүүлийн мэдээллээр, LVMH Moet Hennessy (MC.PA)-н дэмжлэгтэй L Catterton хөрөнгө оруулалтын сан HYROX-г $1 тэрбумын үнэлгээтэй болгох аварга дүнтэй хэлцлийг хийж байгаа гэнэ.

Эцэст нь… Upsolut Sports төлбөртэй сурталчилгаанд бараг мөнгө зарцуулдаггүй буюу тамирчид өөрсдөө сошиал медиад бэлтгэлээ хуваалцах замаар HYROX-н органик өсөлтийг бий болгож байна. Энэхүү хүчтэй давлагаа Монголд ч аль хэдийн ирж, фитнес сонирхогчдын дунд HYROX-г зорьж, хичээллэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт эрчтэй нэмэгдсээр байна даа. 🌱

Лимонууд маань хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудыг хэр их үзэж байна даа? Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь Fox Corporation-н эрхтэй тоглолтуудын үеэр орж ирж буй hydration break буюу усны завсарлага юм. Сонирхуулахад, 30 секундийн нэг рекламын үнэ ойролцоогоор $300 мянгад хүрч байгаа аж. 💦💸

  • 🤯 $250 сая: Нэг тоглолтод 2 удаагийн усны завсарлага явагдаж, нийтдээ 8 сурталчилгааны зай гарч байна. Харин нийт 104 тоглолт гэж үзвэл, тэмцээний турш усны завсарлагын үеэр нийт 832 сурталчилгаа цацагдах боломжтой аж. Энэ бүгдээс харахад Fox Corporation зөвхөн усны завсарлагаас нийтдээ $250 сая орчмын орлого олох боломжтой гэсэн тооцоо гарч байна. 💰

🎵 Playtime Festival эхлэхэд 10 хоног үлдлээ!

Амьд хөгжим болон электроник хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 124 хамтлаг, уран бүтээлч энэ жилийн Playtime Festival-д ирэх болсныг дуулсан уу? 

  • 🔟 Ердөө 10 хоногийн дараа буюу 7 сарын 2-нд эхлэх Playtime Festival-д Беларусаас Molchat Doma, Норвегоос Kings of Convenience, Америкаас DIIV, Өмнөд Солонгосоос Hyukoh, Англиас Stereolab, Германаас Helena Hauff, Нидерландаас Identified Patient зэрэг дэлхийн хөгжмийн салбарт хэдийн танигдсан нэр хүндтэй артистууд хүрэлцэн ирэхээр байна.

  • 🌐 Олон улсын баг: Энэ жил Playtime Festival нь Нидерланд болон Японы мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайзны дизайн, визуал концепцоо шинэчилж, тайз хоорондын дууны давхцалыг бууруулах техникийн шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. 

Эцэст нь… Энэ зуныг мартагдашгүй болгох Playtime Festival-н тасалбараа хараахан авч амжаагүй бол одоо л авах цаг нь шүү. Хэдэн жилийн дараа ч тод санагдах зуны дурсамжаа Playtime Festival дээр бүтээгээрэй.

Euronews

🍋 "Toy Story 5" кино нээлтийн өдрүүдээрээ нийт $312 саяыг олж энэ оны хамгийн том дебютыг хийлээ. Түүнчлэн $160 саяыг зөвхөн Хойд Америкийн 4,425 театраас цуглуулснаар франчайзынхаа түүхэн дээд амжилтыг эвджээ. Нийт $250 саяын төсөвтэй, Rotten Tomatoes-с 94%-ийн үнэлгээ авсан уг киноны хөгжмийг Тейлор Свифт бичсэн нь үзэгчдийн анхаарлыг улам татаж буй.

🍋 Монгол Улс эрчим хүчний хараат байдлаа бууруулах салбарын анхны өрсөлдөөнт үнийн дуудлага худалдааг зохион байгуулав. Үүгээр 5 аймагт хувийн хөрөнгө оруулалтаар нарны станц, батарей хуримтлуур барих компаниудыг шалгаруулжээ. Шалгарсан ААН-үүдтэй энэ сард гэрээ байгуулж, станцуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

🍋 Нийслэлийн Ногоон нуур орчмын газрыг чөлөөлж, хиймэл нууртай 5.5 га цэцэрлэгт хүрээлэн, сургууль, UB Arena спортын ордон барихаар төлөвлөжээ. Үүнээс гадна Баянгол дүүрэг болон Жуковын хөшөөний ард газар чөлөөлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа л гэнэ. Цаашид хотын төвд барилга, газрын зөвшөөрөл олгохгүй бөгөөд орон сууцжуулах бодлогыг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлнэ гэв.

🍋 Монгол ноолуурын өвөрмөц чанар, байгалийн суурь 5 өнгийг Оюуны өмчийн газарт "Хамгаалагдсан газар зүйн заалт"-аар баталгаажууллаа. Японд хийсэн судалгааны дүнд бүтээгдэхүүний чанар, өнгөний ялгааг газар зүйн байршлаар нь мөшгөх шинжлэх ухааны тогтолцоо бүрджээ. Цаашид үүнийг Европын холбоонд бүртгүүлж, монгол ноолуурын европын зах зээл дэх үнэ цэн, өрсөлдөх чадварыг өсгөх аж.

  • Даваа: Хятадын Ардын банк 5 жилийн хугацаатай LPR-н шийдвэрээ танилцуулна.

  • Мягмар: Олон улсын олимпын өдөр тохионо.

  • Лхагва: $MU, $CUK, $PAYX, $TCOM нар ашиг, орлоготой танилцана.

  • Пүрэв: Grand Theft Auto VI тоглоомын урьдчилсан захиалга эхэлнэ.

  • Баасан: Future of Finance & Professional Leadership 2026 зохион байгуулагдана.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.