- Lemon Press
- Posts
- ⚙️ Монголчууд Цахиурын хөндийд
⚙️ Монголчууд Цахиурын хөндийд
Дэлхий даяарх Цагаан сар | Говь ХК-ийн тайлан | Uber-н анх удаагийн ашиг
POWERED BY
Битүүний өдрийн мэнд ээ! Эрхэм уншигч та бүхэн XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй! Луу жилийн хөрөнгө оруулалт тань өнгөтэй, зүстэй байг ээ. Шинийн 4-нд шинэхэн дугаараар уулзъя. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Өнгөрсөн сарын инфляц улсын хэмжээнд 7.6%-тай гарлаа. Улмаар инфляцын өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурав.
BOM: Монголбанк 1-р сард 1,015 кг үнэт металл худалдаж авлаа. Алт худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сараасаа бага зэрэг буюу 1% өсөж ₮225 мянга болжээ.
STAT: Цагаан сараар түгээмэл хэрэглэгддэг хүнсний бараануудын үнэ жилийн өмнөхөөсөө дунджаар 46% өсөв.

⚙️ Монголчууд Цахиурын хөндийд

Өнгөрсөн сард Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн өнгөтэй өөдтэй хэд маань Америк руу айлчилж, нийт 8 компани Цахиурын хөндийд гарлаа.
Юу болов?
Өөрөөр хэлбэл тус 8 компани Төв Азийн 8 оронтой хамтарсан санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацын төвд албан ёсоор бүртгэгдэж буй. Ингэснээр тэд дэлхийн зах зээлд нэвтрэх боломжтой болж байна.
Монгол 🦄: Торгоны зам инновацын төвийн дэргэд Төв Азиас $1 тэрбумын үнэлгээтэй гарааны бизнес буюу “Unicorn”-г төрүүлэх зорилгоор $30 саяын венчур санг байгуулж буй. Тэгэхээр манай 8 болон төв азийн 8 орны гарааны компаниуд хамт бойжих, $30 саяын хөрөнгө оруулалтаас хүртэх хаалга нээлттэй гэсэн үг.
Эрэлхийлэл: Түүнчлэн манай технологийн акулууд Америк явахдаа NVIDIA Ventures, DX Ventures, Network Venture Capital, Ven Elite зэрэг томоохон венчур сан, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай уулзаж, хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах боломжийн талаар судлаад амжжээ.
Өнгөтэй, өөдтэй 8
Ямар гээч компаниуд нь цахиурын хөндийд гарчхав аа, гэж үү? Тэргүүлэгч 8 дунд Монголын харилцаа холбооны салбарт шинэ давлагааг авч ирж 385 мянган хэрэглэгчтэй болсон ONDO багтаж буй. Тэд ашиг гэхээсээ илүү Монголд хийсэн технологио дэлхийн зах зээлд хүргэхээр ажиллаж буй тул энэ жагсаалтад байхаас аргагүй. Цаашлаад 8 компанид хэн, хэн багтсаныг харвал,
Технологи урлагсад: Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг анхны компани болох Fibo Cloud багтав. Мөн 68 охин компаниараа дамжуулж 2.8 сая хэрэглэгчид хүрч байгаа ICT Group ч цахиурын хөндийд гарсан. Мөн та бидэнд хэдийнээ танил болж, хаа холын бичиг баримтыг ойртуулагч Гэрэгэ Системс ч жагсаалтад нэгдээд байна.
Хөгжүүлэгчид: Монгол дахь бизнесийг дижитал болгож, өөрсдийн сүлжээ, нөөц бололцоо, авьяас чадвараараа компаниудыг хөгжүүлэгч Intelmind ч цахиурын хөндийн 8-ын нэг. Түүнчлэн Lifestyle бүтээгдэхүүн урлагч, таны тархин дахь төслийг бодит болгож UNICORN бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах зорилготой Mezorn жагсаалтад багтжээ.
Investment x2: Мөн тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг хэрэгжүүлэх зорилготой Тэсо Инвестмэнт болон системийн инженерчлэл, дижиталчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийгч Гүнд Инвестмент цахиурын хөндийд гарлаа.
Эцэст нь… Түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засагтай, далайд гарцгүй манайх шиг оронд технологи хөгжүүлнэ гэхээр хэт алс хол санагддаг байсан цаг саяхан. Гэтэл одоо Монголын мэдээлэл технологийн салбар хөгжих, хөрөнгө оруулалт татах, технологийн экспорт хийх үүд хаалга нээгдэж байна.

🎥 Илүү их ногдол ашиг
DIS: The Walt Disney $3 тэрбумын хувьцаагаа халааслахаар болж ногдол ашгаа 50% нэмлээ. Тэд өнгөрсөн улиралд $23.5 тэрбумын орлогыг олж, нэгж хувьцаанд $0.45-ын ногдол ашиг олгохоор болсон нь өмнөх ногдол ашгаас 50% нэмэгдсэн дүн байв. Мөн энэ онд багтаан $3 тэрбумаар хувьцаагаа халааслахаар болжээ. Тус мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ 6.7% өсөж $105.8-т хүрээд байна.

🐉 Дэлхий даяарх цагаан сар

Маргааш Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг томоохон баяр болох цагаан сар болох гэж байна. Бидний үндэсний гэгдэх цагаан сарын баярыг хэр олон улс тэмдэглэдэг вэ? Товхимлоо үргэлжлүүлэн уншихаас өмнө таагаарай!
Сүр хүчит Луу жилийг угтъя!
Дэлхий даяар цагаан сарыг 20 улсын 2 тэрбум гаруй хүмүүс тэмдэглэдэг. Гэсэн ч өрнийн орнууд дунд тус баярыг Хятадын цагаан сараар л төсөөлөх нь элбэг. Гэтэл Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Муслим, Еврей шашинтай хүмүүс буюу сарны хуанлийг ашигладаг улсууд цагаан сарыг тэмдэглэж байна. Тэгвэл бусад оронд…
Хавар ирлээ! Хятадад цагаан сар бол хахир хатуу өвлийг давж хавартай золгож буй баяр. Сонирхолтой нь 2024 онд луу жил тохиож байгаа учраас тус улсад төрөлт нэмэгдэх хандлагатай байна. Учир нь тэднийхээр луу бол хүч чадал, эрх мэдэл, аз, оюун ухааны бэлгэдэл. Тиймээс ч Хятадад луугийн ээж, аав болохын хүслэн бологсод олшрох магадлалтай байгаа юм.
Тоогоор яръя: 2012 оны луу жилд л гэхэд Хятадын 1,000 хүнд ногдох төрөлтийн тоо 15-т хүрч дээд амжилт тогтоосон. Харин өнгөрсөн туулай жилд тус тоо 6.39-т хүрсэн аж. Тэгэхээр энэ онд яах бол?
Азийн сондгой улс: Азийн орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарыг япончууд онцлон тэмдэглэдэггүй. Үүний оронд тэд шинэ он гарлаа гээд 1 сарын 1-нд л баярладаг аж. Цаг тооллын хувьд Грегорийн тооллыг ашиглах болсноос гадна баярлаж байхын оронд ажиллахыг илүүд үзэх хандлага ч түгээмэл байдаг гэнэ дээ.
Сонирхолтой фактууд
Хятадын нөлөөгөөр улаан өнгө цагаан сарын бэлгэдэл өнгө болсон. Тиймээс ч Монголоос бусад Азийн орнуудад аз жаргал, эд баялаг дууддаг гэгдэх улаан өнгийн дугтуйтай мөнгө бэлэглэх нь түгээмэл. Харин Монголд бол мөнгийг шоколад, ундаа гээд амттантай хамт өгдөг дөө. За тэгээд цагаан сарын домогт бэлэг оймстой ч юу ярих вэ.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд дорнын орнуудад уламжлал болгон тэмдэглэдэг цагаан сарын баярыг дорнын залуус тэмдэглэх сонирхолгүй болсоор. Учир нь залуусын хувьд 3-5 хоногийг баярлаж өнгөрөөхийн оронд ажилласан нь дээр гэх сэтгэлгээтэй түгэх болсон. Монголд ч энэ асуудлаар талцаж байгаад л мэтгэлцдэг дээ. Харин та цагаан сарыг тэмдэглэх хэрэгтэй, хэрэггүй гэх асуудалд ямар бодолтой байдаг вэ?

Оньсого таах цаг ирлээ. Нэгэн ухаантай хүн танаас ингэж асуув. Хариултыг нь та мэдэх үү? 🔍
Би чиний бүх хөдөлгөөнийг мэдэрдэг. Бүх бодлыг чинь мэднэ. Төрөхөд чинь ч хамт байж, үхэхийг чинь харна. Би юу вэ?


Reuters
🔹Alibaba (9988.HK) охин компани болох Cainiao-н IPO-г хойшлууллаа. Тэд Хятадын хөрөнгийн зах зээл уналттай байгаа энэ үед IPO хийх нь тохиромжгүй гэж үзсэн байна. Харин IV улиралд Alibaba-н орлого 5% нэмэгдэж $37 тэрбумд хүрсэн бөгөөд хувьцаа халааслахдаа дахин $25 тэрбумыг зарцуулахаар болжээ.
🔹Говь (GOV) ХК 2023 онд ₮3.9 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Тэд 2022 оны алдагдлаа ₮3.1 тэрбумаар бууруулсан нь энэ. Түүнчлэн тус компанийн нийт хөрөнгө 4.6% өсөж ₮311.8 тэрбум, өөрийн хөрөнгө нь 62.8% буурч ₮2.2 тэрбумд хүрсэн байна. Улмаар тэдний P/B харьцаа 98.6-т хүрэв.
🔹Uber (UBER) IPO хийснээсээ хойш 5 жилийн дараа анх удаа ашигтай ажиллав. Тодруулбал, тэд 2023 онд $1.9 тэрбумын ашигтай ажиллажээ. Үүнд IV улирлын орлого нь 15% өсөж $9.9 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлсөн аж. Улмаар хувьцааны үнэ нь 3.2% өсөж $70.6-т хүрчээ.
🔹Зохицуулалттай салбарын компанийн засаглалын кодексийн үнэлгээ 2023 онд 26.4 нэгж хувиар сайжирсан байна. Тус салбарт даатгагч, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч ББСБ, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд багтдаг. Кодексийн үнэлгээний хэрэгжилтийг харвал даатгалын компаниудынх 84.5%, ББСБ-ынх 80.6%, ХОМК-ийнх 89.5% байна.

Energy: Монголд нүүрсээр ажилладаг 44 цахилгаан станц бий. (GlobalEnergyMonitor)
Media: Хэрхэн сэтгүүл зүйн салбарын арга зальд хууртахгүй байх вэ? (BBC)
Business: Жорж Сорос хэрхэн Их Британиас $1 тэрбум олж байсан бэ? (BusinessCasual)
History: 100 жилийн өмнөх Америкийн хотууд. (Twitter)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply