- Lemon Press
- Posts
- 🔍 Хэнийх өсөж, хэнийх буурав?
🔍 Хэнийх өсөж, хэнийх буурав?
Travel w/ Lemon Press | Онгоцны буудлын такси үйлчилгээ | Америкийн анхны ял авсан Ерөнхийлөгч
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өчигдөр буюу 6 сарын 2-нд Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ой тохиолоо. Бүх банкирууддаа, банкны салбарынханд ойн баярын мэндийг хүргэе! 🎉
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.
MSE: Өнөөдөр “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр MGLA үсгэн кодтойгоор эхэлнэ.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮29.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮19.7 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.
🏥 Натур Мед Уламжлалт Сэргээн засах төвөөр аялсан түүх
Бид компаниудын үйл ажиллагааг уншигчдадаа танилцуулах зорилготой “Travel with” контентынхоо ээлжит дугаараар Натур Мед Уламжлалт Сэргээн засах төвийг танилцуулж байна. Уг төв нь 2020 оны 11-р сард байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл 13,000 орчим үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Сэргээн засах эмчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нойргүйдлийн эмчилгээг Монголдоо амжилттай нэвтрүүлсэн Натур Мед төвийн үйл ажиллагаатай танилцъя.
Өмнөх үг
Бидний аялал тус төвд шинээр нэвтрүүлээд буй нойргүйдэл, ядаргааны эмчилгээний талаар мэдээлэл авснаар эхэлсэн юм. Монголд 5 хүн тутмын 1 нь нойрны асуудалтай байна гэсэн судалгаа бий. Бидний амьдралын буруу хэв маяг, биеийн хий ихдэх, сэтгэлзүйн асуудлууд зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа. Сайн мэдээ гэвэл тус төв нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CBT-I буюу нойргүйдэлд зориулсан танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээг энэ оны 5-р сараас нэвтрүүлж буй.
🔍 Хэнийх өсөж, хэнийх буурав?
Уншигч та дотоодоос ямар, ямар компаниудын хувьцааг эзэмшиж байна вэ? Энэ онд компаниудын 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо хэр их өөрчлөгдсөнийг харцгаая.
🆙 Хөрөнгө оруулагчид нэмэгдэв
Ерөнхийд нь том зургаар харвал нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 2023 оны эцсээс 22,731-ээр нэмэгдэж 584 мянгад хүрсэн байна. Банкны реформоос гадна өнгөрсөн оны сүүлийн хагаст логистик болон төлбөр тооцооны салбарын компани IPO хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмсэн биз ээ.
Өсөлттэй = 71
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн сар бүр гаргадаг үнэт цаасны төвлөрлийн судалгаанаас харахад 2024 он гарсаар нийт 71 компанийн жижиг хөрөнгө оруулагчийн тоо нэмэгджээ. Энэ дундаасаа АПУ ХК (APU)-ийнх хамгийн ихээр буюу 9,125-аар нэмэгдсэнээр 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо нь 29,678-д хүрсэн аж. Улмаар тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.1%-ийг дангаараа бүрдүүлж буй.
Хүнсний акулууд: Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчид нь хамгийн ихээр нэмэгдсэн 10 компанийг салбараар нь харвал 4 нь хүнсний салбарын акулууд байна. Эдгээр компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 13,917-оор нэмэгдсэн аж.
Банк, санхүүгийн мундгууд: Үлдсэн 6 компани дунд МХБ (MSE), ХААН Банк (KHAN) байгаа бол 3 нь ББСБ, үлдсэн 1 нь Мандал даатгал (MNDL) аж. Эдгээр компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 14,385-аар нэмэгджээ.
Бууралттай = 45
Харин эсрэг талд нийт 45 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буурсан аж. Эндээс Премиум Нэксус ХК (CUMN)-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр буюу 99-өөр буурсан байна. Үүний араас Ард Даатгал ХК (AIC), Улсын Их Дэлгүүр ХК (UID) орж буй. Хөрөнгө оруулагчдынх нь тоо буурч байгаа компаниуд “Investor Relations” буюу хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаандаа анхаарч, мэдээллийн ил тод байдал, зөв залруулга хийх тал дээрээ ч анхаарах хэрэгтэй болов уу.
Эцэст нь… Эндээс харахад хөрөнгө оруулагчид банк, санхүү, хүнсний салбар руу л хошуурч байгаа бололтой. Бусад салбарын компаниуд маань үйл ажиллагаа, ил тод байдал, хөрөнгө оруулагчид хүрч ажиллах дээрээ анхаарчихвал ч… Гэснээс бид хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад дэм болох үүднээс компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг тоймлосон контент гаргаж эхэлсэн. Цаашид ч үргэлжлээд явна шүү.
💹 $10 их надын үнэлгээ
NVDA: Хиймэл оюун ухааны чипийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nvidia дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниудын эгнээнд нэгдэхээс гадна зах зээлийн үнэлгээгээрээ Microsoft (MSFT) болон Apple (AAPL)-н араас нэхэж буй. Түүнчлэн шинжээчид тэдний зах зээлийн үнэлгээг 3 дахин өсөж $10 их надад хүрнэ гэж таамаглаж байна.
✈ Онгоцны буудлын такси үйлчилгээний зах зээл
Онгоцны буудлаас хүн тосох ч том ажил шүү. Тосоод өгөөч гээд гуйх бол бүр ч амаргүй даваа гэдгийг хүн гуйж үзсэн хүмүүс гадарлах биз ээ. Үүнтэй холбоотойгоор энэ удаад онгоцны буудлын таксины үйлчилгээний зах зээлээр зочлох болно оо.
Аян замын анд
Аялал жуулчлалын салбарт онгоцны буудлаас тосох үйлчилгээ нэг үеэ бодоход овоо дэлгэрч хэрэглэгч нар ёоз ёозоороо гэдэг шиг хүссэн компаниудаасаа үйлчилгээ авах сонголт нь элбэг болжээ. Тус үйлчилгээний зах зээлийн төлөвийг харвал 2022 онд $219 тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд 2028 он гэхэд $432 тэрбумын үнэлгээтэй болох төлөвтэй байгаа юм. Цаашлаад, одоогийн байдлаар Америкт л гэхэд Access Line Transportation, NYC Perfect Transportation, AirTrain JFK-н такси үйлчилгээ хамгийн алдартай байгаа аж.
Харин Монголд
iTrip саяхан онгоцны буудлын такси үйлчилгээг нэвтрүүлээд буй. Тэгвэл тэд бусдаас юугаараа ялгарч буйг шинжицгээе.
Такси захиалга: Хэрэглэгчид iTrip апп-аас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашиныг тогтсон үнийн тарифтайгаар захиалах боломжтой төдийгүй VIP такси үйлчилгээ, Ubus, TMA, Billionaire X зэрэг сонголтуудыг санал болгож буй.
Үнэ, хөлс: Гаднын аялагчид гэлтгүй дотоодын иргэдэд ч жолоочийн аманд багтсан үнээр таксидах асуудал цөөнгүй гардаг тул тус апп-аар дамжуулан такси захиалж буйн хэргийг гаргаж хэрэглэгчид таксигаа захиалах үедээ л үнэ хөлс нь хэд болохыг харчих боломжтой гэнэ. Ингэхдээ хүний тоо болон ачааны тооноос шалтгаалан дунджаар ₮100 мянгаас ₮300 мянга хүртэлх үнэ бүхий таксинаас сонгох боломжтой.
Урьдчилаад төлөвлө: Цаашлаад iTrip хэрэглэгчдэдээ аяллаа төлөвлөх үедээ унаагаа ч хамтад нь төлөвлөж урьдчилан захиалах боломжийг санал болгож буй. Үндсэндээ нислэгээс хамгийн багадаа 6 цагийн өмнө таксигаа захиалах эсвэл 7 хоногийн өмнө ч урьдчилаад захиалж болох аж. Аан бас бусад аялагчтай холбогдож, унаагаа хуваалцах боломжтой бөгөөд үнэ ханш нь дунджаар ₮30 мянгаас ₮50 мянгын хооронд байгаа юм.
За тэгээд, аялал жуулчлалын ид сар эхэлж байна. Гадна, дотнын бизнес түншүүдээ өөрсдөө тосох боломжгүй бол Mercedes Benz, Rolls Royce захиалаад л тосуулчих боломжтой болжээ. Ялангуяа Монголд анх удаа ирж буй аялагчдын хувьд анхны сэтгэгдэл ахин ирэх эсэхийг нь шийдэж байдаг тул онгоцны буудлаас буухад нь л анхаарч байхад гэмгүй дээ.
Улсын хэмжээнд 2024 оны I улиралд 184 хадгаламж зээлийн хоршоо 61 салбар, 73,293 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоо хэр олон зээлдэгчтэй, хэдий хэмжээний хөрөнгөтэй байна вэ?
Зээлдэгчдийн тоо: 31,619
Зээлийн үлдэгдэл: ₮220.3 тэрбум
Зээлдэгчдийн эзлэх хувь: Улаанбаатарт 47%, орон нутагт 53%
Татан төвлөрүүлсэн хадгаламж: ₮219.9 тэрбум
Зах зээлийн хөрөнгө: ₮316.1 тэрбум байна.
🛒 Нууцхан хүслээ бодит болго!
Зуны хамгийн том хямдрал “6.18” эхэллээ! Авахаар төлөвлөсөн зүйлс байгаа бол анхаарлаа нааш нь. 😎
Уг хямдрал нь Хятадын цахим худалдааны томоохон платформууд болох Taobao, T-Mall дээр жил бүрийн 5 сарын 31-ээс 6 сарын 20 хүртэл болдог ба энэ үеэр хүссэн бараагаа Cheepah-н апп, вебсайтаас шууд худалдан аваад үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ шүү.
Сонирхуулахад, Cheepah-р дамжуулан олон улсын худалдааны платформоос бараа захиалахад ямар ч шат дамжлага, нэмэлт өртөггүй, шуурхай хүлээж авах боломжтойгоороо онцлог юм.
Мөн уг хямдралын үеэр 80 гаруй брэндийн өргөн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан бараа, хувцас, спорт бараа, гэрийн тавилга, тэжээвэр амьтны хэрэгслүүд гээд олон төрлийн бүтээгдэхүүн хямдардаг.
🔗Cheepah апп-аа ЭНД дарж татаарай.
BBC
🍋 Америкийн Ерөнхийлөгч асан Доналд Трамптай холбоотой хэргийн шүүх хурал Баасан гарагт болж түүнийг гэмт хэргийн 34 зүйл ангиар буруутгасан байна. Ингэснээр тэрбээр Америкийн түүхэн дэх шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч асан хүнээр тодорч байна. Түүнд ямар шийтгэл оноохыг шийдэх шүүх хурал 7 сарын 11-нд болох юм.
🍋 Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаагаар 2023 онд Монгол 100 онооноос 62 оноо авчээ. Тухайлбал, ЗГ-ын төсвийн ил тод байдал дээшилсэн ч төсвийн үйл явцад иргэд оролцох боломж хангалтгүй хэвээр байгаа аж. Харин төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 80 оноотой үнэлэгджээ.
🍋 Golomt Capital Championship-н ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 8 дахь долоо хоногт 50.38%-тай байлаа. Харин нийт харилцагчийн өгөөж тус 7 хоногт 3.45% байсан нь тухайн хугацааны S&P 500 (^GSPC) индексийн уналтаас давсан үзүүлэлт юм.
🍋 Нийслэл дэх төрийн аудитын байгууллага нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй хэмээн дүгнэлээ. Тус тайланд 9 дүүргийн төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 106 төсвийн байгууллага, орон нутгийн 13 тусгай сан, орон нутгийн өмчит 93 ААН зэрэг 221 санхүүгийн тайлан нэгтгэсэн аж.
Унш: Монгол хүүхдүүдийн талаарх сонирхолтой баримт. (LemonPress)
Хөөх: Онгоцоор зорчиж байхдаа ч интернэт ашиглах боломжтой. (X)
Танилц: Япончуудын бүтээсэн модон хиймэл дагуул. (TheJapanTimes)
Мэд: Сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллийг хаанаас авах вэ? (LeadAlumni)
Даваа: Өмнөд Солонгос өнгөрсөн сарын инфляцын үзүүлэлтээ зарлана.
Мягмар: Германы өнгөрсөн сарын ажилгүйдлийн түвшин гарна.
Лхагва: Монгол, Куба хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд сэдэвт арга хэмжээ болно.
Пүрэв: Америкийн гадаад худалдаа 5-р сард нь хэр байсантай танилцах юм байна даа.
Баасан: ҮСХ-ноос өнгөрсөн 5-р сарын хэрэглээний үнийн индексийг танилцуулна.
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply