- Lemon Press
- Posts
- 🍀 Монголын анхны ногоон бонд
🍀 Монголын анхны ногоон бонд
T-Mobile-н худалдан авалт болон Монголын анхны ногоон бондын талаар тоймлов.
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд. НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг "Олон улсын аз жаргалын өдөр" болгон тунхагласан билээ. Тэгэхээр өнөөдөр хэн нэгнийг аз жаргалтай болгох ямар нэгэн зүйл хийгээрэй! 😉
*Нэг өдрийн өөрчлөлт
FED: ХНС энэ 7 хоногт бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх хүлээлттэй байна.
MNG: Улсын нэгдсэн төсвийн тэнцэл оны эхний 2 сарын байдлаар ₮22.6 тэрбумын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8% буурлаа.
OTC: ББЗЗ дээр өнгөрсөн 7 хоногт ₮11.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮10.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагджээ.
🍀 Монголын анхны ногоон бонд
Олон улсын санхүүгийн корпорац (IFC) ХААН Банкнаас гаргасан Монголын хамгийн анхны ногоон бондод хөрөнгө орууллаа.
IFC: Тэд хөгжиж буй орнуудын уур амьсгалд тохирсон ухаалаг төслүүдийг санхүүжүүлэгч томчуулын нэг. IFC 2022 онд 20 валютаар 187 бонд гаргаж, $11.6 тэрбумын санхүүжилт босгожээ.
$60 сая & Ногоон бонд
IFC нь Монголын анхны ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг зохион байгуулж, $15 саяын хөрөнгө оруулалт хийсэн аж. Түүнчлэн Нидерландын хөгжлийн банк $35 сая, байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулдаг MicroVest компани $10 саяын санхүүжилтийг тус тус олгосноор ХААН Банкнаас гаргасан ногоон бонд нийт $60 саяын санхүүжилт татаад буй.
Зорилго: Тус санхүүжилтээр Монголын ногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих юм. Түүнчлэн энэхүү бонд нь 5 жилийн хугацаатай байх аж.
🔍 Том зургаар…
Монгол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулахаар зорилт тавиад буй. Энэ зорилтод хүрэхийн тулд жилд ойролцоогоор $413 саяын санхүүжилт шаардагдана. Үүний 80%-ийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлээс бүрдүүлэх юм. Тэгэхээр анхны ногоон бондоор татсан санхүүжилт нь энэ жил шаардагдах санхүүжилтийн 14.5%-ийг бүрдүүлсэн гэсэн үг.
Ач холбогдол: IFC-с ХААН Банкны ногоон бондод оруулсан хөрөнгө оруулалт нь Монголын банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн багцын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Тодруулбал, одоо 1.4% байгааг 2030 он гэхэд 10% болгох юм.
Асуудал ба шийдэл
Та бидний мэдэж байгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлын түвшин дэлхийд өндөрт эрэмбэлэгдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй дундаж температурын өсөлт, ган гачиг гээд манай экосистемд дарамт учруулж буй зүйлс зөндөө. Тиймээс ногоон бонд, ногоон зээл нь эдгээр асуудлыг шийдэх боломж. Гол нь боломжийг ашиглаж үр дүн гаргах чухал…
Өрсөлдөгчөөс ➡️ аврагч руу
UBSG.SW: Швейцарын томоохон хөрөнгө оруулалтын банк UBS дампуурлын ирмэгт ирсэн Credit Sussie (CS)-г авах талаар хэлэлцэж байна. Улмаар тэд тус худалдан авах саналд ЗГ-аасаа $6 тэрбумын батлан даалт хүсэж буй. Учир нь Credit Sussie өөрсдийн нөхцөл байдлыг тогтворжуулахаар Швейцарын төв банкнаас $54 тэрбумын зээл авсан ч байдал сайнгүй байгаа аж. Юутай ч ЗГ-аас тус худалдан авалтын асуудлыг Даваа гаргийн арилжаа эхлэхээс өмнө шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Бизнест одтой од
T-Mobile
Яагаад Mint Mobile гэж вэ?
Америкийн 2 дахь том утасгүй сүлжээ (Wireless)-р хангагч T-Mobile нь Ka'ena Corp болон түүний охин компаниуд болох Mint Mobile, Ultra Mobile нарыг худалдан авахаар болсон. Тэд уг худалдан авалтынхаа 39%-ийг бэлэн мөнгөөр, 61%-ийг нь хувьцаагаар санхүүжүүлэх аж. Яагаад тэднийг худалдах авах болов?
Бэлэн сүлжээ: Mint Mobile нь T-Mobile-н үүрэн холбооны дэд бүтцийг ашиглан Америк дахь хамгийн хямд утасгүй интернэтийн үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр T-Mobile үйлчилгээгээ нэмэлт зардал гаргах шаардлагагүй нэвтрүүлэх боломжтой гэсэн үг.
Шууд хэрэглэгчид: Мөн Mint Mobile нь Direct to Customer (D2C) бизнесийн загвар ашигладаг бөгөөд тэдний үйлчилгээг шууд цахим хуудаснаас нь авах боломжтой байдаг. Ойртуулаад хэлэх юм бол үүрэн холбоонд хүч түрэн орж ирж буй ONDO-той төстэй гээд ойлгоход болно.
Олон улсын яриа: Харин Ultra Mobile-н олон улсын дуудлагын үйлчилгээ нь T-Mobile-д энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэм болох нь лавтай.
За тэгээд энэ бүхнээс харахад T-Mobile зах зээлээ тэлэхэд шаардлагатай зарим зүйлсийг эдгээр брэндүүдийг өөртөө нэгтгэн авч буйг харж болох юм.
Сонирхуулахад
Deadpool дүрээр нь илүү мэдэх Райн Рейнольдс Mint Mobile-н нүүр царай хэвээр үлдэх аж. Учир нь тэр бизнест нэлээд авьяастай гэнэ.
2018 онд: Тэрээр 2018 онд Aviation Gin-д хувь эзэмшдэг болсон бөгөөд 2 жилийн дараа тус компанийг Johnnie Walker, Smirnoff-г үйлдвэрлэгч Diageo (DGE.L) $610 саяар худалдаж авч байв.
2019 онд: 2019 онд Mint Mobile-д хөрөнгө оруулж компанийн 25% гаруйг эзэмшдэг болсон ба тус компанийн нүүр царай болсоор ирсэн байна. Харин одоо компани нь $1.4 тэрбумаар үнэлэгдэж байна.
Хувийн байгууллагын хадгаламж сүүлийн жилүүдэд хэр байсныг харцгаая. 🤓
2018 он: ₮482 тэрбум
2019 он: ₮454 тэрбум
2020 он: ₮584 тэрбум
2021 он: ₮1 их наяд
2022 он: ₮626 тэрбум
Өнгөрсөн онд хувийн байгууллагын хадгаламж 2018 оноос 30% өсөж ₮626 тэрбумд хүрсэн ч 2021 оноос 37% буурсан байна.
🔹 Түүхэн хэлцэл: UBS банк гол өрсөлдөгч Credit Suisse-ийг авахаар боллоо. Баасан гарагт $8 тэрбумд үнэлэгдэж байсан Credit Suisse-ийг UBS $2 тэрбум гаруйгаар авах аж. Ийнхүү Швейцарын хамгийн 2 том банк нэгдэж байна. Дампуурлын ирмэгт хүрээд байсан Credit Suisse-ийг аврах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд Швейцарын төв банк энэхүү хэлцэлийг анхнаас нь дэмжсэн юм.
🔹 NFT-н арилжааны идэвх буурсаар. Тодруулбал, тус зах зээл дээр 3-р сарын 11-нд 11,440 идэвхтэй арилжаачны нийт $44 саяын арилжаа хийгдсэн. Тус идэвхтэй арилжаачдын тоо нь 2021 оны 11-р сараас хойших хамгийн бага тоо байв.
🔹Монгол ба НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал боллоо. Хуралдаанаар ирэх 5 жилд Хүний хөгжил, Ногоон хүртээмжтэй өсөлт, Хүн төвтэй засаглал чиглэлүүдээр хамтран ажиллахаар болов. Харин дараачийн хурлыг 10-р сард хийхээр товложээ.
🔹Америкийн системийн нөлөө бүхий 11 банк First Republic Bank (FRC)-д $30 тэрбумын тусламж үзүүлнэ. Банкны салбарын хүндхэн нөхцөлөөс болж үнэлгээгээ хэдийн 72% алдаад байгаа тус банканд ийн тусалснаар Америкийн банкны салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж буй.
🔹Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумын үеэр 17 компани $258 саяын хөрөнгө оруулалт авахаар боллоо. Тус хөрөнгө оруулалт татсан компаниудыг дотооддоо өр зээлгүй зэрэг шалгуураар сонгосон. Уг форумд Монголын 100 гаруй бизнес эрхлэгчид, Хятадын 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцсон юм.
Хөгжлийн банкны сонсголоос зарим хүмүүсийн хоорондын хамаарал, ойлгомжгүй тансаг амьдралын хэв маягийг ойлгож авлаа. Ил тод байдлаас ингээд нийгэм илүү ойлгомжтой болж ирж байна шд. Боломжоо дээрэмдүүлж ирсэн олонхийн хохирол, гомдлыг харин яаж тайлах юм бол доо...
— Эрдэнийн ЛХАГВА (@Lkhagva)
4:29 AM • Mar 19, 2023
🤝 Эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжье
Бизнесээ өргөжүүлэх гэж байгаа бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. ХААН Банк таны бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг санхүүжүүлэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл олгож байгаа гэнэ. 😎
Энэхүү зээл нь эмэгтэй ЖДҮ эрхлэгч иргэн, ААН-г дэмжих зорилгоор:
Өндөр дүнтэй
Бага хүүтэй
Уян хатан нөхцөл санал болгож байгаа аж.
Хэрэв та зээлийн тавигдах шаардлагыг хангаж байгаа бол ₮100 сая хүртэлх дүн бүхий зээлийг хөдлөх хөрөнгө барьцаалан авах боломжтой юм байна.
Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ХААН Банкны 7 төрлийн зээлийг хүү бууруулан авах боломжийг олгож буй гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Даваа: Америкийн нөөцийн банкнууд тайлангаа мэдээлнэ.
Мягмар: Nike (NKE), Tencent (TME), Manchester United (MANU) компаниудын тайлан гарна.
Лхагва: Их Британийн 2-р сарын инфляц зарлагдана.
Пүрэв: ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно.
Баасан: Western Copper and Gold (31WN.F) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply