- Lemon Press
- Posts
- 🇲🇳🇮🇩 Монгол Индонезийг давав
🇲🇳🇮🇩 Монгол Индонезийг давав
Компанийн засаглал хэр байв? | $MCH: Цэвэр ашиг -86% | Future of Tendering 2026
POWERED BY
Happy Monday! Дундаж ажилтан Даваа гарагт ойролцоогоор 12 минутыг зүгээр л "Даваа гараг ямар ядаргаатай юм бэ", "Амралтын өдөр ямар хурдан өнгөрчхөв өө" гэж гомдоллоход зарцуулдаг гэнэ. Жилдээ 624 минут буюу 10.4 цагийг ийм бодолд зарцуулдаг болж таарах гээд байдаг. Хэрэв танд ийм бодол орж ирдэг бол багасгахыг бодохгүй бол горьгүй нь байна шүү. 🤪🤭


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Арилжааны банкнуудын гадаад зах зээлээс татсан бонд болон зээлийн нийлбэр дүн нь банкны салбарын нийт эх үүсвэрийн 19% орчмыг бүрдүүлж, банкны салбарын зээл ба хадгаламжийн харьцаа 138%-д хүрчээ.
GOV: ЗГ хаврын тариалалтад зориулж 7 сая л түлшийг литрийг нь ₮3,400-өөр нийлүүлснээс гадна хөнгөлөлттэй зээлийн хэмжээг ₮70 тэрбумаар нэмж ₮200 тэрбум болгосны 22.6% нь Сэлэнгэ аймгийн 208 ААН-д олгогджээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮108.2 тэрбумын болон $2.2 саяын үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдсан байна. ₮-ийн арилжааны 69%, $-ын арилжааны 75% нь хоёрдогч зах зээлийн арилжаа аж.

🧐 Компанийн засаглал хэр байв?

Өнгөрсөн 7 хоногт Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2025 оны компанийн засаглалын кодексын үнэлгээний тайланг танилцуулжээ. Товчхондоо 160 этгээдийн засаглалын кодексын хэрэгжилт өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурч 77.8%-д хүрээд байна.
📕 Тооцооллын цаана: Судалгаа нь Компанийн засаглалын кодексын 36 зүйлийн хэрэгжилтийн асуумжид үндэслэн хийгдсэн бөгөөд 160 зохицуулалттай даатгалын компани, ББСБ, ХОМК, ВХҮҮ-ийн анхны үнэлгээ, 114 компанийн давтан үнэлгээ, мөн СЗХ-ноос хэрэгжүүлсэн судалгааны үр дүнг нэгтгэн тооцоолжээ.
🔻 Ерөнхийдөө бууралттай
2025 оныг нэг үгээр дүгнэвэл бууралттай гэж хэлж болно. Тухайлбал, жилийн эцсийн байдлаар тайлангаа шинэчлэн илгээсэн 114 зохицуулалттай этгээдийн засаглалын кодексын хэрэгжилт өмнөх оны мөн үеийнхээс дунджаар 3.9 нэгж хувиар буурчээ. Үүнээс даатгагчийн үнэлгээ 1.6, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ын үнэлгээ 4.8, ХОМК-ийн үнэлгээ 8, ВХҮҮ-ийн компанийн үнэлгээ 1.1 нэгж хувиар тус тус буурсан аж.
🔦 Салбаруудын задаргаа
Компанийн засаглалын кодексын хэрэгжилтээр даатгалын компаниуд бусад салбарыг цойлжээ. Учир нь өнгөрсөн онд нийт 21 даатгагчийн кодексын хэрэгжилтийн давтан үнэлгээ 89.6%-д хүрсэн бөгөөд энэ нь ББСБ-уудаас 7.6, ВХҮҮ-ээс 8.8, ХОМК-иудаас 15.7 нэгж хувиар өндөр дүн байв. Нөгөөтээгүүр, ХОМК-иудын кодексын хэрэгжилтийн давтан үнэлгээ 73.9% байсан нь бусад салбаруудаас сүүл мушгихад нөлөөлжээ.
🎨 ТУЗ-ийн сонин хачин
ТУЗ-ийн хурлын идэвхийг харвал мөн л даатгалын компаниуд бусдыгаа тэргүүллээ. Даатгалын компаниуд жилд дунджаар 14 удаа хуралдаж, 18 асуудал хэлэлцсэн нь бусад салбараас 2 дахин өндөр үзүүлэлт болсон байна. Харин ББСБ, ХОМК, ВХҮҮ нар нь жилд дунджаар 5 удаа хуралдаж, 7 орчим асуудлыг хэлэлцжээ. Том зургаар нь харвал ТУЗ-ийн хурлын ирц бүх салбарт 94%-96% буюу гишүүд хуралдаа идэвхтэй суудгийг харуулав.
Эцэст нь… 2022 оноос хойш компанийн засаглалын кодексын хэрэгжилт жил бүр сайжирсаар ирсэн ч өнгөрсөн онд анх удаагаа буурлаа. Тайлан дээрх дүгнэлтээс харахад энэ бууралтад зөвхөн засаглал муудсаны илүүтэй тооцох аргачлал чангарсан болон шинэ компаниуд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

🔎 Улаанбаатар хотын сүүлийн 5 даргын огцорсон шалтгаан юу байв? (iKon)
🤔 Samsung-н чипний үйлдвэрийн ажилчдын $340 мянгын бонус бодох дүрэм. (TheKoreaHerald)
🔫 The MongolZ багийн тамирчид шинэхэн стикерээ танилцууллаа. (TheMongolZ)
🎫 Spotify үнэнч хэрэглэгчдэдээ зориулж тоглолтын тасалбар өгнө. (TicketNews)

🔻 $MCH: Цэвэр ашиг -86%
MCH: Өнгөрсөн онд Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн цэвэр ашиг 2024 оны мөн үеэс 86% буурч ₮8.2 тэрбумд хүрчээ. Үүнд, компанийн борлуулалтын орлого 25% буурч ₮18.8 тэрбум болсон бол нийт зардал 16.2% өсөж ₮7.2 тэрбум болсон нь нөлөөлсөн аж. Зардлын бүтцийг харвал, ерөнхий ба удирдлагын зардал 99% өсөж ₮4.3 тэрбум болсон нь хамгийн өндөр өсөлттэй дүн байв. Харин бусад зардал 94.4% буурч ₮47.2 сая болсон нь хамгийн их танагдсан дүн болжээ. Сонирхуулахад, $MCH-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 19.7%, өнгөрсөн оны мөн үеэс 26.9% тус тус буурч ₮570-өөр арилжаалагдаж байна.

🔮📑 Future of Tendering 2026

Энэ Лхагва гарагт “Ил тод тендер. Хамгаалагдсан бизнес” уриа дор TenderHub болон Тэнгэр Даатгал ХК нар хамтран Future of Tendering 2026 арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
🌟 Ямар онцлогтой вэ?: Тус арга хэмжээнд оролцсоноор Монголын тендер, худалдан авалтын салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, баталгааны дижитал шилжилт чиглэлээр мэдлэг хуваалцах, туршлага солилцох боломжтой бөгөөд цаашид улиралд тутам зохион байлуулагдана гэдгээрээ онцлог аж.
Future of Tendering 2026 арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.
📅 Хэзээ: 5 сарын 27
📍 Хаана: Shangri-La Ulaanbaatar

🇯🇵 Японыг нөмөрсөн "Нафта"-гийн хямрал

Өмнө нь “нафта” (naphtha) гэдэг үг сонсож байв уу? Хэдхэн сарын өмнө жирийн Япончууд ч бас энэ химийн нэршлийг мэддэггүй байлаа. Гэвч өнөөдөр энэ үг тус улсын хэвлэл мэдээллийн хамгийн халуун сэдэв, иргэдийнх нь түгшүүрийн гол шалтгаан болжээ.
🏭 Нафта гэж юу вэ? Энэ нь түүхий тосыг нэрэх явцад гардаг, химийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд аж. Үүнийг бензин гаргахад ашиглахаас гадна хуванцар сав, гялгар уут, эмнэлгийн тариур, барилгын тусгаарлагч хөөс, будаг, тэр ч байтугай хэвлэлийн үйлдвэрийн өнгөт бэхний уусгагч болгон ашигладаг байх нь.
🎑 Чипсний уутнаас эхэлсэн түгшүүр
Бүх зүйл дайнаас эхтэй. Японы газрын тосны 90% гаруй хувь нь Ойрх Дорнодоос хамааралтай тул Ормузын хоолой хаагдахад тус улс шууд цохилтод өртөв. Улмаар нафтагийн бөөний үнэ хэдхэн сарын дотор огцом буюу 79.4% нэмэгдсэн байна.
🎎 Calbee-н цочрол: Улмаар Японы хүнсний аварга Calbee компани алдарт төмсний чипснийхээ баглаа боодлыг бүрэн хар цагаан өнгөтэйгөөр гаргахаа зарласан. Энэ нь иргэдэд геополитикийн хямрал дэргэд нь ирснийг бодитоор мэдрүүлж байгаа гэнэ.
㊙️ Нафта эффект: Тодруулбал, Kyodo News-н санал асуулгад оролцогчдын 70% нь Ормузын хоолойн бүслэлтээс үүдэлтэй нафтагийн тасалдал тэдний өдөр тутмын амьдралыг орвонгоор нь эргүүлэх вий гэхээс туйлын их айж байгаа гэжээ.
🎌 Аргацаасан тактик
Энэхүү түгшүүртэй нөхцөл байдлын эсрэг тус улсын шинэхэн Ерөнхий сайд Санаэ Такаичи болон түүний ЗГ тайван байхыг хүссэн мэдэгдэл хийж байгаа ч бодит байдал дээр цавууны хомсдол, сав баглаа боодлын үнийн өсөлт, будгийн үйлдвэрлэлийн доголдол гээд олон асуудал үүсээд буй.
🫵🅵 Суу муу: Үр дүнд нь Такаичигийн кабинетийн дэмжлэг 61.3% болж 2.5 нэгж хувиар буурсан байна. Хэдийгээр энэ нь шинэ ЗГ-ын бал сарын үе дуусаж буй хэвийн үзэгдэл мэт боловч, инфляц хяналтаас гарвал түүний үнэлгээ цаашид ч унах эрсдэлтэй байгаа юм.
Эцэст нь... Нафтагийн хямрал дэлхий ертөнц хоорондоо ямар хүчтэй харилцан хамааралтай болсныг бэлхнээ харуулсан жишээ боллоо. Хэдэн мянган километрийн цаана болж буй зэвсэгт мөргөлдөөн дэлхийн нөгөө өнцөгт байгаа өндөр хөгжилтэй орны чипсний уутны өнгө, ЕС-ынх нь дэмжлэгт хүртэл нөлөөлж байна даа.

🇮🇹 Дизайны төгс шийдэл

Хотын төвийн хойморт буюу Бага тойрогт итали дизайнерын гаргасан архитектурын төгс шийдлийг цогцлоосон тансаг зэрэглэлийн “Их хүрээ” резиденс цогцолбор баригдаж байна. Хамгийн чухал нь уг төсөл төрийн байгууллага, бизнес төв, сургууль болон үйлчилгээний газрууд руу богино хугацаанд хүрэх боломжтой байршлаараа давуу талтай аж.
🌃 Нийт 16 давхар: Эхний 3 давхарт худалдаа, үйлчилгээний төвүүд байрлах бол 4–16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээх шинэ үеийн фасадын шийдэл, дөрвөн улирлын турш дулаан тав тухыг мэдрүүлэх ухаалаг инженерийн систем зэрэг тансаг зэрэглэлийн шийдлүүдийг багтаасан орон сууц төлөвлөгджээ.
Цаашлаад, төслийн хүрээнд ил болон дулаан авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, өндөр түвшний хамгаалалт, хяналтын систем, орчин үеийн smart solution зэрэг багтаж байна. Ирэх оны IV улиралд ашиглалтад орох уг төслийг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 👓
📞 Холбогдох утас: 72882244, 72992244

Өчигдөр Чингисийн Хүлэгүүд буюу Хасын Хүлэгүүд баг 2 дахь жилдээ дараалан BCL Asia тэмцээнд 3-р байр эзэлж, хүрэл медалийн эзэд болжээ. 🥉 Тэгвэл Facebook дээрх Үндэсний Дээд Лигийн хамгийн олон дагагчтай ТОП-5 багийг хамтдаа харцгаая. 🏀
▪️ 1. Хасын Хүлэгүүд: 99 мянга
▪️ 2. Сэлэнгэ Бодонс: 94 мянга
▪️ 3. SG Apes: 72 мянга
▪️ 4. BCH Knights: 66 мянга
▪️ 5. Omni Erdenet Miners: 43 мянга

🍋 Монголын Хятад руу гаргасан нүүрсний экспорт өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 61% өссөнөөр Индонезийг гүйцэн Хятадын гол нийлүүлэгч боллоо. Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл өссөн тул Индонези, Орос, Австралиас авах импорт нь мэдэгдэхүйц буурсан байна. Нөгөөтээгүүр Индонез нүүрсний экспортоо төрийн компанид төвлөрүүлэх шинэ төлөвлөгөө боловсруулсан нь зах зээлд цаашид тогтворгүй байдал үүсгэж болзошгүй байна.
🍋 ЗГ-аас бэлчээрийн мал аж ахуйг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүллээ. Төслийн эхний шатанд 17 аймгийн 25 сумын багуудад атаршсан талбайд тариалах ногоон тэжээлийн үр, модны үрсэлгээ олгож байгаа гэнэ. Цаашид ган зудын эрсдэлийг бууруулахын тулд нийт 1,071 багт үе шаттайгаар тэжээл тариалж, малчдын хоршоог дэмжихээр төлөвлөжээ.
🍋 AI дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 2030 он гэхэд Америкийн нийт цахилгааны 9%-17%-д хүрэхээр байна. Энэхүү эрчим хүчний огцом өсөлтийг тогтвортой байлгахын тулд эрчим хүч хуримтлуулах батарейны системүүд чухал үүрэгтэй. Гэвч дата төв барихад 18-24 сар шаардагддаг байхад түүнийг тэжээх батарей болон эрчим хүчний дэд бүтцийг нэгдсэн цахилгаан сүлжээнд холбох зөвшөөрөл авахад Америкийн зарим мужуудад 3-аас 7 жил зарцуулагддаг аж.
🍋 Япон Улсын хөрөнгө оруулагчид Монголд $7 саяын хөрөнгө оруулалтыг хийж, 20 жилийн дараа $400 сая хүртэл өсгөжээ. Өөрөөр хэлбэл, нийлмэл хүүгээр тооцвол жилийн дундаж өгөөж нь 22.42% байжээ. Түүнчлэн өнгөрсөн Баасан гарагт Монгол, Японы санхүү, бизнесийн байгууллагуудын уулзалт болсон бөгөөд ирэх 9-р сард Канагава мужийн захирагч болон тойргийн гишүүд Монголд ирэх магадлалтай байна.

Даваа: Америк, Өмнөд Солонгос, Хонконгод бүх нийтээрээ амарч, биржүүд ажиллахгүй.
Мягмар: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.
Лхагва: $COST, $DELL, $DLTR, $BBY нар санхүүгийн тайлангаа дэлгэнэ.
Пүрэв: Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүгээ танилцуулна.
Баасан: Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохионо.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply