- Lemon Press
- Posts
- 🍵 Эрчийг авсан матча!
🍵 Эрчийг авсан матча!
Өөдрөг хүрээ | $RDDT-н гайхалтай тайлан | Улаанбаатар марафон
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр хүн төрөлхтний бүтээсэн хамгийн алдартай франчайзын нэг “Star Wars” буюу бидний сайн мэдэх “Оддын Дайн” киноны тэмдэглэлт өдөр тохиож байна. Тэртээ 1977 онд хамгийн анхны кино болох “Star Wars: Episode IV - A New Hope” гарсан цагаасаа эхлэн л дэлхийн поп соёлын ноён оргилд суух замаа зассан түүхтэй. May the Force be with you! 🚀🌌


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк өнгөрсөн 3-р сард 1.1 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 30.7% өссөн дүн болсон бөгөөд энэ оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ.
MSE: Өнгөрсөн Баасан гарагт 56 ХК-ийн ₮575.5 саяын үнийн дүн бүхий 1.3 сая ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны үнэ өсжээ. Үүнээс Булигаар ХК (MBG)-ийн хувьцааны үнэ 15%, Шарын гол ХК (SHG) 12.28%, Монгол Шуудан ХК (MNP) 5.97% тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болов.
POM: Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд ₮15.3 их наядын 124 төсөл, 186 арга хэмжээ тусгагдсан ба бодлогын гол чиглэл нь ЗГ-ын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн 4 чөлөөлөлтөд төвлөрчээ.
UB: НИТХ-ын төлөөлөгчдийн 94.4%-ийн саналаар НИТХ-ын даргаар Д.Ихбаяр сонгогдлоо.

👺 Өөдрөг хүрээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Ер нь энэ улс орны эдийн засаг урагшлах нь уу?
🧮 Төсөөллийн хэмжээс
ДНБ-ий өсөлт 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3%-д тус тус хүрнэ гэнэ. Энэхүү өсөлтийг уул уурхай, ХАА-н салбарын төслүүд & боловсруулах үйлдвэрлэлийн сэргэлтээр дэмжинэ гэнэ. Цаашлаад, инфляцыг 2027 онд 7%, 2028 онд 6%, 2029 онд 5%-д барих аж.
🃏 Төсвийн сахилга бат: Мөн үрэлгэн зангаа багасгаж төсвийн мөнгийг хямгадна гэнэ. Энэ хүрээнд суурь тэнцэл ДНБ-ий 2%-иас доошгүй ашигтай байхаар, урсгал зардлыг ДНБ-ий 30%-иас хэтрүүлэхгүй байхаар, өрийн таазны хувьд ЗГ-ын өрийн үлдэгдлийг 2029 он гэхэд ДНБ-ий 45% хүртэл бууруулахаар тус тус тусгажээ.
📌 Хөрсөндөө буугаагүй таамаг
Эдийн засгийн шинжээчид болон олон улсын байгууллагуудын дүгнэлтийг харвал ЗГ-ын дээрх төсөөлөл нэлээд амбицтай буюу хэт өөдрөг байгааг дараах 3 гол зөрүүнээс харж болно.
1️⃣ Эдийн засгийн өсөлтийн зөрүү: Дэлхийн банк болон бусад ОУ-ын байгууллагуудын ЭЗ-ийн өсөлтийн таамаг ЗГ-ынхаас бага байгаа. Учир нь уул уурхайн олборлолтын биет хэмжээ нэмэгдэх боломж хязгаарлагдмал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж сулрах эрсдэлтэй байгаа юм.
2️⃣ Нүүрсний үнэ = хамгийн том эрсдэл: Нүүрсний экспортыг тогтвортой, үнийг өөдрөгөөр төсөөлж байгаа ч нүүрсний үнэ 2028 он гэхэд хамгийн ихдээ $74.4 л болохоор байгаа юм. Хэрэв үнэ сэргэхгүй улам буурвал төсвийн орлого тасарч, суурь тэнцэл алдагдал хүлээх эрсдэлтэй.
3️⃣ Инфляцын наалдамхай чанар: Инфляцыг бууруулна гэж байгаа нь Төв банкны зорилтот түвшинтэй нийцэж байгаа боловч Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж шатахууны үнэ өсөх, импортын зардал нэмэгдэх хандлагатай байна. Мөн шинжээчид инфляцыг 2028 он дуустал 7%-иас доош орохгүй гэж үзэж буй.
Эцэст нь… Төсвөө ийм өөдрөгөөр төсөөлж баталчхаад, орлого нь тасарч эхэлбэл дахиад л тодотгол хийж, бүр цаашлаад 2027-2029 оны гадаад өрийн томоохон төлбөрүүдийг төлөхөд хүндрэл үүсэж, дахин зээл авахад хүрэхээр байна даа.

🇲🇳 Бүтцийн шинжтэй хүнсний инфляц өрхийг хэрэглээний зээл рүү түлхэж байна. (ThinkMongol)
😢 Өнгөрсөн улиралд Meta-н өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 20 саяар буурчээ. (TheVerge)
🗻 Отгонтэнгэр хайрхан руу аялахаар төлөвлөж буй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс. (gogo)
🏠 Өмнөд Солонгосын ТОП захирлууд хаана амьдардаг вэ? (TheKoreaHerald)

🤖 $RDDT-н гайхалтай тайлан
RDDT: Энэ оны I улиралд Reddit $204 саяын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 7 дахин өссөн үзүүлэлт боллоо. Задлаад харвал, компанийн борлуулалт 69% өсөж $663 саяд хүрсэн бөгөөд үүнээс зар сурталчилгааны орлого 74% нэмэгдэж $625 саяд хүрсэн нь цэвэр ашиг огцом өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн компанийн удирдлагууд энэ оны II улиралд борлуулалтын орлого $715-$725 саяд хүрнэ гэж тооцоолсноо мэдэгдсэн аж. Тус мэдээтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 13.1% өсөж $166.5-т хүрээд байна.

⭐️📊 “Financial Elites International Conference & Networking Event”

Энэ Пүрэв гарагт санхүүгийн салбарынхан нэг дор цугладаг “Financial Elites International Conference & Networking Event” арга хэмжээ болох гэж байна.
Онцлох сэдэв: СЭЗИС-иас 3 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд AI-н санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөө болон санхүүгийн тайлагнал, аудит, өгөгдлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, стратегийн шийдвэр гаргалтад гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг хэлэлцэнэ
Санхүүгийн салбарын элитүүдтэй уулзаж, “networking” хийхийг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.
📅 Хэзээ: 5 сарын 7
📍 Хаана: Галлериа Улаанбаатар

🍵 Эрчийг авсан матча!

Матча уух дуртай хэр олон хүн байна? Цаана чинь Японд матчаны нөлөөгөөр ногоон цайны экспорт суга өсөж байгаа сурагтай. За тэгээд дэлхий даяар матчагийн хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээг хуваалцаж байна.
⚡️ 2 нугарсан экспорт
2025 оны санхүүгийн жилд буюу 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд Япон 13,125 тн ногоон цай экспортолсон нь өмнөх оноос 42% өссөн талаар Японы Сангийн яам мэдээлжээ. Харин үнийн дүнгээр яривал энэ нь 2 дахин нэмэгдэж ¥84.7 тэрбумд хүрснийг илтгэх аж. Цаашлаад, нийт экспортын 70%-ийг матча болон бусад нунтаг ногоон цай эзэлсэн бол сенча зэрэг бусад төрлийн цайны экспорт эсрэгээрээ буурчээ.
🔎 Зах зээлийн трэнд: Японд ногоон цайны нийт үйлдвэрлэл жил бүр аажмаар буурч байгаа ч матчагийн түүхий эд болох тэнчагийн үйлдвэрлэл 2024 он хүртэл 4 жил дараалан өссөн байна. Үүний нөлөөгөөр тэнчагийн үнэ өсөж, бизнес эрхлэгчид уламжлалт сенча үйлдвэрлэхээс илүү тэнчагийн үйлдвэрлэлийг илүүд үзэж эхэлсэн аж.
🇯🇵 Дотоодын төлөв: Матчаны эрэлт өсөхийн хэрээр Японы ногоон цай үйлдвэрлэгчид эсрэгээрээ цөөрч байна. 2025 онд нийт 13 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь бүх цагийн дээд үзүүлэлт болж, 2024 оны хаалгаа барьсан 8 үйлдвэрээс огцом өссөн дүн боллоо.
📈 Эрэлтийн цаана
Өнгөрсөн жил дэлхийн матчаны зах зээл $4.5 тэрбумаар хэмжигдсэн бөгөөд ирэх 2033 онд $9.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Товчхондоо, хүмүүс олноороо матчаг хэрэглэх болсон нь байгалийн кофейныг агуулдагтай холбоотой буюу матча ууснаар эрч хүчээ авахын зэрэгцээ тайвшрах боломжтой байдагт энэ бүхэн холбоотой аж. Мөн матчаг агуулсан бялуу, зайрмаг, шоколад, гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл зах зээлд худалдаалагдаж буй нь матчаны эрэлт өсөхөд нөлөөлж байна.
Эцэст нь… Монголын зах зээлд ч матчаны эрэлт өндөр байгааг дурын кафе руу ороод харж болно. Уншигч нар дунд маань матча уух дуртай хэр олон хүн байна даа. 😎

🏙️ Хотын төвийн шинэ бизнес цэг

Олон төрлийн боломжийг нэг дор бүрдүүлсэн Encanto Centro Mall-н талаар сонссон уу? Encanto Centro Mall нь нийт 7 барилгаас бүрдэх бөгөөд өндөр зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, алжаал тайлах төвийг багтаасан гэдгээрээ онцлог юм.
📢 Encanto Centro Mall нь 2026 оны 1-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, олон улсын франчайз брэндүүд, кофе шоп, ресторан, гоо сайхан, хувцасны дэлгүүрүүд шат дараатайгаар нээгдсээр байна.
📍 Хаана билээ?: Циркээс урагш 100 метр, Нарны зам дагуу байрлах энэхүү төсөл нь завгүй хотын хэмнэлд амьдардаг хүмүүст гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
Мөн энэ сард нээгдсэн брэндүүдээс хямдрал, хөнгөлөлттэй худалдааг зарласан байгаа аж. Түүнчлэн үйлчилгээ, түрээсийн талбай сонирхож байгаа ЭНД дарж мэдээлэл авах боломжтой шүү.
📞 9919-1522, 9405-8858

Нэгэнт “Оддын Дайн” киноны өдөр тохиож байгаа тул лимонууддаа энэхүү франчайзын кино театраас олсон орлогыг толилуулъя. Өнгөрсөн 49 жилийн хугацаанд кино театраар нийтдээ 25 удаа “Оддын Дайн”-ы кинонууд нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн Америкт гэхэд $5.1 тэрбумын орлого олжээ. Тэгвэл хамгийн өндөр орлого олсон 5 киног нь харвал:
$936.7 сая: Star Wars: Episode VII - The Force Awakens
$620.2 сая: Star Wars: Episode VIII - The Last Jedi
$532.2 сая: Rogue One: A Star Wars Story
$515.2 сая: Star Wars: Episode IX - The Rise of Skywalker
$431.1 сая: Star Wars: Episode I - The Phantom Menace
Сонирхуулахад, эдгээр 25 кино нээлтээ хийх үедээ $1.3 тэрбумыг олсон байна. Манай лимонуудын бодлоор “Оддын Дайн”-ы хамгийн шилдэг кино нь аль бүтээл вэ?


tenor
🍋 “Улаанбаатар марафон-2026”-д 46,306 хүн бүртгүүлжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдсэн дүн юм. Хамгийн анх буюу 2014 онд 16 мянган хүн оролцож байсан гэдэг. Сонирхуулахад, энэ жилийн Лондоны марафонд 42 км-н рекорд 1 цаг 59 минут болж эвдэгдсэн билээ. Харин Монголын 2019 оны эрэгтэй ангиллын рекорд 2 цаг 23 минут аж.
🍋 Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ. Одоогоор тус бүсэд 16 ААН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011-2017 онд тус бүсэд дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгдсэн аж. Харин одоо дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх шаардлага үүссэн тул хөрөнгө оруулалт татах ажлыг хууль эрх зүй болон бусад хүрээнд хурдлуулна гэнэ.
🍋 "The Devil Wears Prada 2" кино нээлтийн амралтын өдрүүдээрээ Америкт $91.2 сая, олон улсад $142.4 сая, нийт $233.6 саын орлого олж, box office-г тэргүүллээ. Энэ нь Disney (DIS)-н таамаглаж байсан $150-$170 саяас хол давсан үзүүлэлт бөгөөд 2026 оны хамгийн өндөр орлоготой нээлт болов.
🍋 Чингэлтэй дүүрэгт 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 50%-тай үргэлжилж байна. Тус станцыг ирэх 10-р сард ашиглалтад оруулснаар Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангаж, гэр хорооллыг орон сууцжуулах боломж бүрдэх юм.

Даваа: Олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохионо.
Мягмар: Америкийн гадаад худалдааны тэнцэл танилцуулагдана.
Лхагва: $NVO, $DIS, $UBER, $WBD нар санхүүгээ тайлагнана.
Пүрэв: Financial Elites International Conference & Networking Event болно.
Баасан: Өнгөрсөн 4-р сард хэрэглээний үнийн индекс хэрхэн өөрчлөгдөв?


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply