• Lemon Press
  • Posts
  • 😶‍🌫️ Цагаан сар ба хар нулимс

😶‍🌫️ Цагаан сар ба хар нулимс

Spotify-н бахдам жил | $MLG: Ногдол ашиг хуваарилна | шатахуун нөөцөлнө

POWERED BY

Өглөөний мэнд! Энэ жил Америкчууд гэгээн хайрын Валентины баярт зориулж дунджаар $200-ыг зарцуулах төлөвтэй байна. Том дүнгээр нь харвал энэ нь $29 тэрбумтай тэнцэх буюу бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай Валентинд тооцогдох аж. Ингэхэд манай лимонууд маргааш хэдэн төгрөгөөр баярлах гэж байна? ❤️‍🔥🤔

NSO: Мөнгөний нийлүүлэлт 1-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 14.1% өсөж ₮46.9 их наядад хүрлээ. Тус хугацаанд ₮-ийн хадгаламж 20% өсөж ₮26 их наяд, валютын хадгаламж 16% өсөж ₮5.6 их наядад хүрсэн байна. 

MSE: АПУ ХК (APU) 2025 оны II хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮65 буюу нийт ₮69.2 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.  

MNG: Монгол Оростой өөрийн хэрэгцээний шатахууны нөөцийг хил орчмын бүсэд хадгалах, агуулах түрээслэн нөөц бүрдүүлэх боломжийн талаар санал солилцож, талууд хамтран ажиллахаар тохиролцов.

🫢😶‍🌫️ Цагаан сар ба хар нулимс

Ирэх Лхагва гараг буюу 2 сарын 18-нд монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын Шинийн нэгэн тохионо. Цагаан сарын бэлтгэл ажил гээд оволзож л байна уу? Бэлтгэлээ хэр хангав? Гадуур юмны үнэ ханш хэр байна? 

👆 Өртөг өссөөр

Цагаан сар монголчуудын хувьд хамгийн өндөр өртөгтэй баярын тэргүүнд зүй ёсоор ордог. 10 жилийн өмнө 1 өрхийн Цагаан сарын баярын зардал ₮742 мянга орчим байсан бол өдгөө 3 нугарч дор хаяж ₮2.2 саяыг зарцуулах болжээ. Цар тахлын жил буюу 2020-2022 онд Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй хэр нь л баярын зардал ₮1-₮1.5 саяд хэлбэлзэж байсан юм даа. Улмаар 2024 эдийн засаг арай сэргэх чиглэлд орж, төдий чинээнд айл, өрхийн баярын зардал ч нэмэгдсэн байна. 

🧮 Тоон задаргаа  

2017 онтой харьцуулахад энэ онд Цагаан сарын баярын ширээний гол идээ болох ууц, хэвийн боов, ааруулын үнэ мэдэгдэхүйц өсжээ. Дунджаар тооцоход л хонины ууц өнгөрсөн 10 жилийн хугацаанд 150% өсөж өдгөө ₮300-₮850 мянга, 2 кг ааруул 179% өсөж ₮34-₮100 мянга, харин хэвийн боов 299% өсөж ₮100-₮252 мянгад хүрээд байна. Өөрөөр хэлбэл, хэвийн боов бараг 3 дахин, ууц 2.5 дахин, ааруул 1.8 дахин нэмэгдсэн гэсэн үг.

  • 🥴 Үүн дээр нэмээд бууз, салад, чихэр жимс гээд баярын ширээгээ дүүргэе гэвэл зардал талийж өгнө. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 5 жилд бидний халаасыг хэрхэн  хоосолсныг ЭНД-ээс уншаарай. Зүрх зүсэм тоонууд бий. 

🥹 Халаас хоосон ч сэтгэл дүүрэн… 

Өв уламжлал, дэлхийд ховорхон Цагаан сарын баярыг тэмдэглэх нь зөв, буруу гэх талцалд үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байгаа. Үндэсний Статистикийн Хорооноос хамгийн сүүлд буюу 2020 онд гаргасан Цагаан сар ба эдийн засгийн судалгаанаас харахад, нийт өрхийн 64% нь уг баярыг тэмдэглэсэн байгаа юм. Тухайн үед улсын хэмжээнд ₮1.2 их наядыг зарцуулж байв. Одоогийн үнийн өсөлтийг нэмээд тооцоолж үзвэл Цагаан сарын үеэр зах зээлд хэр их мөнгө эргэлдэж буй нь сонирхолтой. 

Эцэст нь… Ядаж байхад яр гэдэг шиг Цагаан сарын баярыг зээл аваад ч болов тэмдэглэдэг хүмүүс олон. Өөрөөр бол энэ хэмжээнд л хайрлаж, нандигнадаг баяр. Гэсэн хэдий ч үнийн өсөлт, дээрээс нь нэмээд орлогоосоо ахадсан зарлага гаргаж буй нь нэг талаас санхүүгийн маш том алдаа. Санхүү, мөнгөндөө тааруулж, мөнгөний ухаантай тэмдэглэж байхгүй бол ч…

  • 🫙 Худалдааны дайн Америкчуудын халаасыг хэрхэн сэгсрэв? (Yahoo!Finance)

  • 4 жил хойшилсон ядуурлын индекс ирэх 6-р сард зарлагдана гэнэ. (iToim)

  • 🔢 Зээлийн оноогоо хэрхэн сайжруулах вэ? (Монголбанк)

  • 💊 Хайж буй эмийнхээ байршил, үнэ болон бусад мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ. (dhealth)

🚂 $MLG: Ногдол ашиг хуваарилна

MLG: Өнгөрсөн онд Монложистикс Холдинг ХК-ийн цэвэр ашиг ₮9.6 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 7.2% буурсан үзүүлэлт болжээ. Үүнд нийт орлого 2.3% багасаж ₮289.9 тэрбумд, ачаа эргэлт 29% буурч 808 мянган тн-д тус тус хүрсэн нь нөлөөлсөн аж. Хэдий цэвэр ашиг буурсан ч компани цэвэр ашгийн 23.9% буюу нийт ₮2.3 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэрлэсэн. Ингэснээр нэгж хувьцаанд ₮5.8-ийн ногдол ашиг олгогдох бөгөөд үүнтэй холбоотой $MLG-н нэгж хувьцааны 2.3% өсөж ₮184-т хүрээд байна.

🎺 Spotify-н бахдам жил

Энэ 7 хоногт дэлхийн хамгийн олон хүн ашигладаг хөгжмийн апп-ийн нэг Spotify (SPOT)-н 2025 оны үйл ажиллагааны тайлан ил боллоо. Товчхондоо 2025 онд нэлээдгүй олон хүн дуу, хөгжмөө тус апп-аар сонссон ажээ.

📲 2025 оны тойм

2025 оны IV улиралд $SPOT-н идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх улирлаас 38 сая буюу 11%-иар нэмэгдэж 751 саяд хүрчээ. Энэ нь нэг улиралд шинээр нэмэгдсэн идэвхтэй хэрэглэгчдийн тоо хамгийн ихээр өссөн явдал байсан аж. Нийт идэвхтэй хэрэглэгчдийн 38.6% нь төлбөртэй хэрэглэгчид бөгөөд компани эдгээр хэрэглэгчдээс €4 тэрбумыг, зар сурталчилгаанаас €518 саяыг тус тус олсон байна.

  • 💶 Ашгийн өсөлт 47%: $SPOT-н үйл ажиллагааны ашиг 2024 оны мөн үеэс 47% өсөж €701 саяд хүрсэн. Тус өсөлт нь Латин Америк, Европ болон дэлхийн бусад орнуудын хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой аж. Үүнээс гадна $SPOT бизнесээ аудио номын зах зээл рүү эрчимтэй тэлсээр байгаа нь хэрэглэгчдийн тоо өсөхөд нөлөөтэй байв. 

  • 👩🏻‍🎤 Уран бүтээлчдэд: Мөн өнгөрсөн онд Spotify дууны стримингийн төлбөрт уран бүтээлч болон холбогдох байгууллагуудад $11 тэрбумыг олгосон нь жилийн өмнөхөөсөө 10% өссөн буюу түүхэндээ хамгийн өндөр дүнгээр орлого хуваарилжээ. Дуучдын тоглолтын тасалбарын борлуулалт ч $1 тэрбумд хүрсэн аж.

🎁 Хамгийн амжилттай “Wrapped”

Spotify хэрэглэгчдийн сонсолтын датад тулгуурлаж, жил бүрийн төгсгөлд “Wrapped” компанит ажлаа хийсээр 11 дахь жилийн нүүрээ үзэж байна. Өнгөрсөн “Wrapped”-н тухайд, компанийн түүхэн дахь хамгийн амжилттай маркетингийн компанит ажил байсан ба ойролцоогоор 300 сая хэрэглэгч хамрагдаж, хэрэглэгчид сошиал медиад 630 сая удаа өөрийн “Wrapped“-аа хуваалцжээ.

Эцэст нь… Монгол дуучдын хувьд өөрсдөө эсвэл дистрибьютер компаниар дамжуулан уран бүтээлээ гадны хөгжмийн платформууд дээр байршуулж байна. За тэгээд одоо Жавхлан ахаас эхлээд Gen Z нарын сонсдог ихэнх уран бүтээлчдийн дуунуудыг Spotify шиг дотоод гадаадын хүссэн хөгжмийн платмформоос сонсох боломжтой болсон нь нэг үеэ бодвол амжилт юм даа. 🤪

💡 Таавар таацгаая. 

Найз тань таны ард зогсож байхад та хэрхэн биеэрээ түүний ард зогсох вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 🤓

Shutterstock

🍋 Softbank (SFTBY)-ны цэвэр ашиг сүүлийн 9 сард өнгөрсөн оноос 5 дахин өсөж ¥3.17 их наяд хүрэв. Угаас ч Softbank AI-г өсөлтийн гол тулгуур хэмээн тодорхойлж OpenAI-д их хэмжээний хөрөнгө оруулсан нь сүүлийн хэдэн жил алдагдалтай ажилласан Vision Fund-г нь тэнхрүүлэх нүдээ олсон хөрөнгө оруулалт болоод буй. Тодруулбал, Vision Fund нь OpenAI-д нийт $35 тэрбумын хөрөнгө оруулснаас ¥3.91 их наядын хөрөнгө оруулалтын өгөөж хүртээд байгаа.

🍋 ХББОСЯ, ЭЗХЯ, Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамтай 20 минутын хот бодлогын хүрээнд хамтран ажиллана. Энэ хүрээнд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж Монголд хэрэгжүүлэх боломжтой хот байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг албан ёсоор тодорхойлон Японы хувийн хэвшлийн компаниудад санал болгох юм гэнэ. Мөн судалгаа, техник-ЭЗ-ийн үндэслэл, санхүүжилтийн боломжийг хамтран боловсруулах аж.

🍋 Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд түүхэн дээд түвшинд хүрлээ. Өсөлтийг технологийн салбар голлон хөтөлсөн бөгөөд улмаар Ази-Номхон далайн бүсийн MSCI (MSCI) Пүрэв гарагт 0.7%, он гарснаас хойших эхний 6 долоо хоногт ойролцоогоор 13% тус тус өсөөд буй. Нэмээд Японы сонгуулийн үр дүнд Nikkei 225 (^N225) оны эхнээс ойролцоогоор 15% орчим өссөн байна.

🍋 Нийслэл сүүлийн 1 жилд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ. Энэ нь тогтмол хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ойролцоогоор 10% нь аж. Тэгвэл 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байгаа бөгөөд бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгож байгаа гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.