- Lemon Press
- Posts
- 🌔 Сар руу очих төлөвлөгөө
🌔 Сар руу очих төлөвлөгөө
AI + Game = Санхүүгийн шинэ хандлага | TMK Energy-н шинэ санхүүжилт | Бодлогын хүү 12%
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн 7 хоногт “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аян албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ удаагийн аян “Мөнгөө ухаалгаар удирдъя” (Smart Money Talks) урианы дор орон даяар 4 сарын 10 хүртэл өрнөнө. Хаа хаанаа санхүүгийн мэдлэгтэй болж, нийтийн боловсрол нэмэгдэж байвал аштай юу даа. 📚🔥


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргав.
FRC: Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 52 хуулийн этгээдийн өнгөрсөн оны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 12.9% өсөж ₮14.1 тэрбумд хүрсэн байна.
EN: Эрчим хүчний салбар он гарснаас хойш ₮353 тэрбумын цахилгаан, ₮44.5 тэрбумын дулаан борлуулжээ.

🧠 AI + Game = Санхүүгийн шинэ хандлага

Санхүүгийн Зохицуулах Хороо болон Lemon Press-н хамтран зохион байгуулсан “Санхүүгийн Инновац ТекСпринт – 2026” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
📌 Ямар шийдлүүдийг хайв? ТекСпринт уралдаан 2 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад эцсийн шатанд тунаж үлдсэн 11 баг хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаж, өр төлбөрөө ухаалгаар зохицуулах технологид суурилсан инновац шийдлүүдээ танилцуулав.
🤖🎮 Нийтлэг шийдэл: AI + Game
Багуудын санал болгосон бүтээгдэхүүн, платформууд өөр өөр байсан ч нэг ижил чиг хандлага тод харагдсан нь хиймэл оюун ухаан болон тоглоомжуулалтыг хослуулсан шийдлүүд байв. За тэгээд урьдчилсан болон менторын шатыг давж ₮21 саяын шагналын эзэн болсон шилдэг багуудын шийдлийг харвал,
♣️ Centro (I байр): Зээлийн хэт өсөлтийг "Finance AI Advisor"-оор дамжуулан шийдвэрлэхээр зорьжээ. Тэд хэрэглэгчийн дата дээр анализ хийж, зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй зан төлөвийг нь сайжруулах зөвлөмж өгөхөд төвлөрсөн байна.
🏙️ FinMind (II байр): "FinCity" хэмээх виртуал хотыг санаачилсан нь сонирхолтой шийдлүүдийн нэг байв. Хэрэглэгчийн санхүүгийн эрүүл мэнд сайн байвал түүний виртуал хот үзэмжтэй, хөгжилтэй байх аж. Энэхүү сэтгэлзүйн холбоо нь санхүүгээ хянах сэдлийг төрүүлэх юм.
🐑 Тэнцэл (III байр): "Чиний санхүү - Чиний сүрэг" уриатайгаар 18-35 насныханд зориулсан "Sonor AI" шийдлийг санал болгов. Тоглоомын зарчмаар мөнгө хэмнэх сорилтуудыг (жишээ нь: 5 өдөр мөнгө үрэхгүй байх) зохион байгуулж, хуримтлалын дадлыг мал маллах соёлтой холбожээ.
📚 FinNova (Тусгай байр): Санхүүгийн боловсролыг бага наснаас нь олгох шаардлага байгааг хөндсөнөөрөө онцлог. Тэд хүүхдийг эцэг эхээсээ зээл авч, түүнийгээ хөдөлмөрөөрөө төлөх зэргээр бодит амьдралын дадлыг тоглоомын аргаар эзэмшүүлэх системийг танилцуулсан юм. Энэхүү шийдэл нь 17 хүртэлх насны 921 мянган хүүхдэд хүрснээр ирээдүйн санхүүгийн боловсролтой иргэдийг бэлтгэхэд нөлөөлөхөөр байна.
⛓ Блокчэйн технологи
Үлдсэн багуудын хувьд хэрэглэгчийн зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг харуулах биш, ирээдүйн эрсдэлийг тооцоолох, хамгийн оновчтой зээлийн хувилбаруудыг санал болгох, цаашлаад санхүүгийн шийдвэр гаргалтыг бүхэлд нь автоматжуулах зэрэг шинэлэг санааг гаргав. Тэр дундаас онцлууштай нь KhanSolution баг финтекүүдийн хоорондын мэдээлэл солилцооны хоцрогдол, давхардсан зээл олголтыг бууруулахын тулд блокчэйн ашиглан "Real-time API" систем санал болгосон нь чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөхүйц шийдэл байлаа.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд нэг талаасаа финтекийн хөгжил хурдсаж, нөгөө талаас хэрэглээний зээл огцом нэмэгдэж буй. Зохицуулагч байгууллагуудаас ч холбогдох хууль журмын өөрчлөлтүүдийг хийж байгаа. Энэ удаагийн ТекСпринт уралдаан нь энэ хоёр урсгалын огтлолцол дээр гарч ирж буй шинэ шийдлүүдийг нэг дор харуулсан талбар боллоо.
Зах зээл дээр үүсээд буй асуудлуудыг зөвхөн хязгаарлалт, зохицуулалтаар шийдэх бус, технологид суурилсан ухаалаг өөрчлөлтөөр даван туулах боломж байгааг харуулав. Ялангуяа хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх, санхүүгийн шийдвэр гаргалтыг илүү хариуцлагатай болгох, эрсдэлийг урьдчилан тооцоолох шийдлүүд давамгайлсан нь энэ салбарын дараагийн чиглэлийг тодорхойлж байна.

📝 Гадаад шууд хөрөнгө оруулалт татахад Монголын давуу болон сул тал нь юу вэ? (GRATAI)
📈 Google дээр байшингаа зарж чадахгүй байна гэх хайлт түүхэн дээд түвшинд хүрчээ. (Yahoo!Finance)
🇲🇳 Дотоодын халуухан сэдвүүдийг технологийн тусламжтай загварчлав. (ByamB4)
😖 Ираны дайн Доналд Трампыг ууртай бас сул дорой болгож байна. (TheEconomist)

🔔 TMK Energy-н шинэ санхүүжилт
TMK.AX: TMK Energy Гурвантэс XXXV төслөө эрчимжүүлэхээр AU$6 саяын санхүүжилт татжээ. Ингэхдээ, компани шинээр 50 сая ширхэг хувьцааг нэгжийг үнийг AU$0.12-оор гаргасан нь хамгийн сүүлийн хаалтын үнээс 17.2%, өнгөрсөн 15 хоногийн арилжааны жигнэсэн дундаж үнээс 7.1%-иар хөнгөлөлттэй дүн байв. Тус санхүүжилтийг нэмэлт туршилтын цооног өрөмдөх, нөөцийг бүртгэж, баталгаажуулах, оффтейк гэрээ байгуулах зэрэг ажлуудад зарцуулах аж. Үүнтэй холбоотой Баасан гаргийн арилжаагаар $TMK.AX-н нэгж хувьцааны үнэ 11.5% өсөж AU$0.125-т хүрчээ.

🌕 Сар руу очих төлөвлөгөө

Хүн төрөлхтөн 54 жил хүлээсний эцэст 9 өдрийн дараа буюу ирэх 4 сарын 1-нд сарны тойрог замд дахин нисэх гэж байна. Тэгвэл үүнтэй холбоотой NASA-н $93 тэрбумын зардалтай Artemis хөтөлбөрийн талаар сонирхъё.
🚀 Том хөтөлбөр: Анх 2017 онд Америкийн ЗГ-аас сар руу хүн төрөлхтийг эргүүлэн хүргэх үүргийг NASA-д олгож, одоогийн Artemis хөтөлбөрийн эхлэл тавигдаж байв. Artemis нь зөвхөн сар руу очих бус саран дээр байнгын бааз байгуулах, ангараг руу хүрэхэд зориулсан бэлтгэл сургуулилт хийх зорилготой аж.
👨🏻🚀 4 сансрын нисгэгч
Сар руу очих Artemis II даалгавар нь 10 хоногт үргэлжлэх ба сарны тойрог замд хөлгийн амьдрах орчин, холбоо болон удирдлагын системийг бодит нөхцөлд туршиж, сансарт хүн тээвэрлэх чадварыг батлахад чиглэнэ. Ингэхдээ нийт 4 хүн сансарт нисэх бөгөөд нислэгийн багт анх удаа эмэгтэй болон өнгөт арьст нисгэгч нар багтжээ. Сонирхуулахад, Artemis II-н нэг удаагийн хөөргөлтийн зардал ойролцоогоор $4.1-$4.2 тэрбумаар тооцогдож байна.
🇲🇳 Хүндхэн даалгавар
Дэлхийн томчууд сар руу явахаар дөхөж буй өнөө цагт Монголчууд ч сансарт нисэхээр төлөвлөж эхэлсэн. Тухайлбал, муу нэртэй, луу данстай олон мега төслийн нэг болох үндэсний хиймэл дагуулын төслийг дурдах нь зүйтэй. Интернэтийг орон даяар нэвтрүүлэхэд чиглэх тус төслийн нийт төсөв ойролцоогоор $329 саяар хэмжигджээ. Ингэхдээ улсын төсөв болон Францийн нэн хөнгөлөлттэй зээлээр шийдэх ч үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй хэмээн нийтийн шүүмжлэлд өртсөн.
😨 Этгээд үр дүн: Үндэсний хиймэл дагуултай болсноор гамшгаас шалтгаалж амиа алдах хүмүүсийн тоог 30%, зудын гамшиг 10%, ой хээрийн түймэр 10% тус тус буурах бол үүнийг дагаад боловсролын ялгаа 50% багасах аж.
Эцэст нь… Өчигдөр Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиолоо. Тэртээ 1981 онд Ж.Гүррагчаа нь дэлхийн 101, Азийн 2 дахь сансрын нисгэгч болж байсан бол саяхнаас дараагийн сансарт нисэх Монгол хүний яриа газар авчээ. Тухайлбал, хойд хөрштэй хийсэн төрийн тэргүүнүүдийн уулзалтаар энэ талаар нааштай хариутай улс төрийн шийдвэр гарсан гэнэ шүү.

Өнгөрсөн Бямба гаргийн үдэш Солонгосын алдарт BTS хамтлаг Сөүл хотын төвийн Гванхвамун талбайд BTS THE COMEBACK LIVE | ARIRANG нэртэй тоглолтоо хийлээ. Тэгвэл тус тоглолттой холбоотой галзуу тоонуудыг толилуулъя.
🇰🇷 104 мянган үзэгч: Гванхвамун дахь тоглолтод нийт 104 мянга гаруй хүн биечлэн оролцсон нь Солонгосын түүхэнд хамгийн олон цуглаж, тоглолт үзсэн тохиолдол болов.
💿 4 сая хувь: Баасан гарагт худалдаанд гарсан ARIRANG цомог эхний 24 цагт нийт 4 сая хувь борлуулагдаж, 2026 оны хамгийн богино хугацаанд хамгийн их борлуулагдсан цомгоор тодорлоо.
Ирэх сараас BTS хамтлаг дэлхийг тойрох 82 удаагийн аялан тоглолтоо эхлүүлнэ. Энэ хүрээнд тасалбар болон мерчандайзын борлуулалтаас $2 тэрбумын орлого олох тооцоолол гараад байна. Хэрэв ингэж чадвал Тэйлор Свифтийн ашиг, орлогоороо рекорд эвдсэн The Eras Tour тоглолттой эн зэрэгцэх магадлал өндөр гэнэ шүү.

🎸🍊 Mild Orange: Улаанбаатарт

🇳🇿 Шинэ Зеландын Indie-Dream Pop ертөнцийн хамгийн тод өнгө болох Mild Orange хамтлаг Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна! Тэдний хөгжим бол зүгээр нэг аялгуу биш, сэтгэл амраах дулаахан мэдрэмж, хязгааргүй эрх чөлөө юм.
Өөрсдөө дуугаа бичиж, өөрсдөө продюсерлож, өөрсдөө маркетингаа хийдэг нь тэдний хөгжмийн эрх чөлөөг хадгалдаг билээ. Сонирхолтой нь хамтлагийнхаа нэрийг сонгохдоо "Orange" буюу улбар шар өнгийг "эрч хүч, дулаан мэдрэмж" өгдөг гэж сонгосон бол "Mild" гэдэг нь тэдний хөгжмийн аядуу тайван талыг илэрхийлж буй.
Mild Orange хамтлаг сая сая хүний зүрхэнд хүрсэн "Some Feeling", "Mysight" зэрэг хитүүдээсээ эхлээд шинэхэн гаргасан The//Glow цомгийн уянгалаг бүтээлүүдээ Улаанбаатарын тайзнаа "амилуулах" нь ээ. Early Bird тасалбарын тоо хязгаартай тул амжиж аваарай!
🥁🎶 Indie, Dreamy, Chill... Энэ үдшийг зөвхөн өөртөө болон хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй. Mild Orange таныг хүлээж байна.
📍 Байршил: Улаанбаатар Зочид Буудал – Их Танхим
🗓️ Хэзээ: 2026.03.27 (Баасан гараг)
⏰ Цаг: Хаалга 18:00 цагт нээгдэж, 20:00 цагаас тоглолт эхэлнэ.


Getty Images
🍋 Tesla (TSLA) Хятадын компаниудаас $2.9 тэрбумын нарны эрчим хүчний тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Хэлэлцээр хийх компаниуд дунд дэлхийн хамгийн том тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Suzhou Maxwell Technologies (300751.SZ) багтжээ. Энэ нь $TSLA-н Америкт 100 ГВт нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөгөөнийх нь нэг хэсэг аж.
🍋 Монгол Казахстанаас газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг импортолно. Монголын хувьд энэ оны эхний 2 сард $408 саяыг нефтийн бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулсан бөгөөд энэ мөнгөний 95.3%-ийг Орост тушаасан. Энэ сард ч Роснефтэд 132.2 мян.тн-ы захиалга өгчихсөн байгаа. Тиймээс Казахстантай хамтарч энэ хамаарлыг багасгах боломжтой байгаа бөгөөд алтны талбарт ч гар нийлэх юм гэнэ.
🍋 Иран Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоц бүрээс ойролцоогоор $2 саяын төлбөр авч байна. Тус шийдвэрийг Иранаас усан замд хяналт тогтоох шинэ арга хэмээн тайлбарласан ба үүний хүрээнд төлбөртэй гарц байгуулж, зөвшөөрөгдсөн хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлж эхэлжээ. Мөн Америк болон Израйлтай холбоогүй зарим хөлөг онгоцыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.
🍋 Хаяж, үрэгдүүлсэн ҮХХ-ийн гэрчилгээг дахин авах шат, дамжлагыг хөнгөвчилжээ. 2020 оноос хойш ийм төрлийн 12 мянга гаруй тохиолдолд гэрчилгээг дахин олгохын тулд хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах шаардлагатай байсан нь үйлчилгээг удаашруулж байв. Харин шинэ шийдвэрээр улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй нэг удаагийн дүгнэлтэд үндэслэн гэрчилгээг дахин олгохоор болжээ.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply