- Lemon Press
- Posts
- 🤯 Шалаар нэг итгэл
🤯 Шалаар нэг итгэл
Ойрх Дорнодын зөрчил | Ялагдсан ч ашигтай Netflix | Уоррен Баффеттын халааг хэн авав?
POWERED BY
Шинэ сарын мэнд! Өдөр уртсахын хэрээр тархины сэтгэл санаа болон ой тогтоолт хариуцдаг хэсэг болох гиппокампусын хэмжээ томордог гэх судалгаа бий. Нэг ёсондоо хаврын улирал таны ой тогтоолт сайжирч, сэтгэл санаа дээрдэхэд нөлөөлөх нь байна шүү. 🌱


*Нэг өдрийн өөрчлөлт.
BRK: Уоррен Баффетт 60 жилийн дараа Berkshire Hathaway (BRK-B)-н CEO-н үүргээ хүлээлгэн өгч шинэ CEO Грег Абел анхны захидлаа бичиж гаргалаа.
GAZR: Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) 2025 оны цэвэр ашгаасаа нийт ₮2.98 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮2.49-ийн ногдол ашиг хуваарилна. НА авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр 3 сарын 4-нд хаагдах нь ээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮88.3 тэрбумын арилжаа явагдлаа. Үүний дийлэнх буюу 58.4% нь хоёрдогч зах зээлийн арилжаа байсан аж.
POL: 4 сарын 1-нд Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээг өргөтгөнө.

🤯 Шалаар нэг итгэл

NRCC буюу үндэсний судалгаа, зөвлөлийн төвөөс хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ)-ийн судалгааг тогтмол танилцуулдаг. Энэ удаад байдал улам эвгүйрчээ.
📌 Юуг илэрхийлэх хэмжүүр вэ: Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) нь иргэд өнөөгийн болон ойрын ирээдүйн эдийн засгийн нөхцөл, орлого, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хүлээлт, итгэлийг илтгэдэг үзүүлэлт юм.
🤒 Итгэл: -13
NRCC-н 2025 оны IV улирлын судалгаанд 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 859 иргэд хамрагдаж, эдийн засгийн өнөөгийн төлөв, ойрын ирээдүйн хандлагын талаар мэдээлэл өгсөн байна. Улмаар хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл буурч, ХИИ 91.9-д хүрсэн үр дүн гарчээ.. Энэ нь өмнөх улирлаас 6.5 пунктээр, жилийн өмнөхөөс 13 пунктээр буурсан дүн аж. Учир нь:
🥲 Одоогийн нөхцөл муу: Бизнес болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх хэрэглэгчдийн итгэлийг харуулдаг индекс дордов. Тодруулбал, бизнесийн нөхцөлийг “сайн” гэж үзэх хувь буурч, “муу” гэж үзэх нь нэмэгдсэн аж. Ажлын олдцын талаарх үнэлгээ ч мөн сулрав. Өөрөөр хэлбэл, иргэд өнөөдрийн эдийн засгийн орчныг өмнөхөөсөө илүү хүнд гэж харж байна.
😵 Ирээдүйн хүлээлт суларсаар: Ирэх 6 сарын бизнес, ажлын байр, орлогын талаарх хүлээлт бүгд буурчээ. “Бизнес сайжирна” гэсэн итгэл, “Ажлын байр нэмэгдэнэ” гэсэн хүлээлт багассан хэрэг. Орлогын хувьд тодорхой бус байдал давамгай байгаа аж. Энэ нь зах зээл дээр итгэл бус, болгоомж давамгайлж байгааг илтгэнэ.
📉 Итгэл ба өсөлт
Өмнөх динамикаас харахад ХИИ 100-гаас дээш үед эдийн засаг дунджаар 6% орчим өсдөг. 100-гаас доош үед өсөлт 2%-3% орчимд саардаг. 91.9 гэсэн үзүүлэлт бол эдийн засгийн хүлээлт хэвийнээс доош түвшинд орсны дохио юм. Цаашлаад, өрхийн санхүү сайжирсан гэж хэлэх хүн цөөрч, орлого мэдэгдэхүйц буурсан гэж хариулах хувь хадгалагдсаар байна.
Эцэст нь… Дээрх дүр зургийг илэрхийлэх үг нь болгоомж. Иргэд өнөөдрийг эргэлзээтэй, маргаашийг тодорхойгүй гэж харж байна. Итгэл суларсан энэ мөчид бизнес, бодлого, зах зээлийн дохио бүр илүү чухал болж байна даа.


🎖️ Ялагдсан ч ашигтай Netflix
NFLX: Өнгөрсөн Баасан гарагт Warner Bros (WBD)-г худалдан авах хэлцэлд ялагдсан Netflix-н нэгж хувьцааны үнэ 13.7% өсөж $96.2 дээр хаагдлаа. Угтаа тус хэлцэлд ялагдсан нь $NFLX-д муу мэдээ ч тэд 2026 онд $20 тэрбумаар өөрсдийн өөрсдийн оригинал контентоо баяжуулахаар төлөвлөсөн нь нэгж хувьцааны үнэ өсөхөд эергээр нөлөөлжээ. Түүнчлэн, энэ онд $NFLX хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө сэргээхээ мэдэгдсэн аж.

🧨 Ойрх Дорнодын ширүүн зөрчил

Амралтын өдрүүдэд дэлхий нийтийг анхаарлын хамгийн их татсан сэдэв яах аргагүй л Ойрх Дорнодод үүссэн Америк, Израил, Иран хоорондын хурцадмал байдал байлаа. Тиймээс юу болсныг тоймлон хүргэе.
⚠️ Дуулиант өдөр
Өнгөрсөн Бямба гарагт Америк болон Израил хамтран Ираны 31 мужийн 24-т агаарын цохилт өгсөн. Ойрх Дорнодын бүс нутагт энх тайвныг тогтоох зорилготой энэхүү ажиллагаа нь Ираны цөмийн байгууламж, пуужингийн дэд бүтэц, удирдлагын төвүүд рүү чиглэсэн аж. Үр дүнд нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени нас барсан бөгөөд үүнтэй холбоотой тус улсад 40 хоногийн гашуудал зарлаж, төрийн эрхийг парламент дахь түр зөвлөл хариуцахаар болжээ.
🥊 Хариу цохилт: Дайралтад өртсөн Ираны хувьд 300 орчим баллистик пуужин, дрон ашиглан Израил болон Америкийн цэргийн баазууд байрлах Бахрейн, Кувейт, Катар, АНЭУ, Саудын Араб зэрэг орнууд руу хариу цохилтыг өгчээ.
📊 Зах зээлийн хөдөлгөөн
Үүссэн асуудлын улмаас Биткойн (BTC)-ы үнэ $64 мянгаас доош огцом унаж, 15 минутын дотор $100 саяас дээш хэмжээний өндөр хөшүүрэгтэй арилжаанууд салхинд хийссэн. Харин Ираны дээд удирдагч нас барсан мэдээний дараа богино хугацаанд $BTC-н үнэ $68 мянгад хүрчээ. Нэг үгээр криптовалютын зах зээл утгаараа савласан юм.
🛢️ Газрын тос: Ойрх Дорнодын асуудлаас үүдэн ОПЕК+ орнууд газрын тосны нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх зорилгоор 4-р сард олборлолтоо 206 мянган баррелиар өсгөхөөр шийджээ. Хэрэв энэ хурцадмал байдал удаан үргэлжилбэл брент төрлийн газрын тосны үнэ $120–$150 хүртэл өсөх магадлалтай хэмээн шинжээчид үзсэн аж.
🇲🇳 Холбоотой мэдээ
МИАТ ТӨХК нь Бахрейны Gulf Air компанид Boeing 787-9 онгоцоо түрээслүүлж, тус онгоцны нисэх бүрэлдэхүүнээ хамт ажиллуулж байна. Үүссэн нөхцөлийн улмаас МИАТ ТӨХК Бахрейны Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүсэд нүүлгэн шилжүүлэв. Сонирхуулахад, Ойрх Дорнодын бүс нутагт 350 орчим Монголчууд оршин сууж буйг Гадаад Харилцааны Яамнаас мэдээлээд байна.

Гэснээс томоохон компаниуд $1 тэрбумын цэвэр ашгийг хэр их хугацаанд олдог бол гэж бодож байсан уу? Зах зухаас нь сонирхоцгооё. 👇
🤳 Хамгийн богино хугацаанд олдог нь Nvidia гэж бодож байвал хараахан биш шүү. Харин таны барьж буй гар утас, эсвэл зүүж буй цагийг үйлдвэрлэгч Apple хамгийн богино буюу 2.1 өдрийн дотор тус дүнг олдог аж. Араас нь Nvidia 2.4 өдрийг зарцуулах нь.
🔢 10 өдрийн дотор: Цаашлаад Гайхамшигт-7-оос маань Alphabet 2.8, Microsoft 2.9, Amazon 3.4 Meta 4 гэхчлэн өдрийг зарцуулах нь.
Харин тэдний араас энтертайнмент салбарын гигант Netflix орж байна. Тэдний хувьд $1 тэрбумын цэвэр ашиг олох нь сар гаруй хугацааны буюу 38 өдрийн ажил байх нь ээ.


Quartz
🍋 Paramount Skydance (PSKY) Warner Bros. Discovery (WBD)-г худалдан авах хэлцэлд ялалт байгууллаа. Он дамжин үргэлжилсэн тус хэлэлцээрт нөгөө талаас Netflix (NFLX) жинтэйхэн санал тавьж ялах шатандаа явж байсан ч эцсийн мөчид тоглоомоос гарчээ. Хэлцлийн хүрээнд Netflix $WBD-н нэгж хувьцааг $27.75 буюу нийт $72 тэрбумаар худалдан авах санал тавьсан бол Paramount нэгж хувьцаанд $31 буюу нийт $81 тэрбумыг амласан байна.
🍋 Нийслэлийн 6 дүүрэгт нийт 39,649 м урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ бохир усны шугамыг “trenchless” буюу гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэх технологиор сэргээн засварлах аж. Тэгвэл төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 9,892 м бохир усны шугам засах бол Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 2,690 м байгаа гэнэ.
🍋 Дэлхий даяар энэ онд ухаалаг утасны зах зээл түүхэнд байгаагүй хэмжээгээр агших төлөвтэй байна. Үүнд санах ойн чипийн нийлүүлэлтийн хомсдол голчлон нөлөөлж байгаа бөгөөд хомсдолыг санах ойн чипийн нийлүүлэлт нэн шаардлагатай AI салбар үүсгэж буй. Улмаар компьютер ба ухаалаг гар утасны зах зээл тус бүр 11% ба 13% агших эрсдэлтэй байгаа аж.
🍋 Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ. Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болгохоор заажээ. Тэгвэл энэ мэдэгдлийн дараахан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундра зэрэг гишүүдийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж байгаагаа зарласан байна.

Даваа: S&P Global-н Худалдан авагчдын менежерүүдийн индекс (PMI) гарна.
Мягмар: Тоо бодох чадварын хоцрогдлыг таниулах өдөр тохиож байна.
Лхагва: Америк хэр их түүхий нефть импортлов?
Пүрэв: Оросын ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдана.
Баасан: Гадаад өрийн статистик гарах нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply