🪩✨ Ретро маркетинг

Аварга нь хэн бэ? | ЗЗ-ийг аврагч $NVDA | ГВУН буурав

POWERED BY

Өглөөний мэнд! Битүүний өдөр Мягмар гарагт тохиож бүх нийтээр амарсан тул тухайн ажлын өдрийг маргааш буюу 2-р сарын 28-ны Бямба гараг руу шилжүүлсэн. Тиймээс төрийн байгууллагууд болон зарим нэг хувийн хэвшлүүд ажиллана. За тэгээд маргааш ажилтай лимонууддаа ажлын өндөр амжилт хүсье. 🙌🏻

BOM: Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн 1-р сард өмнөх сараас 3.8% буурч $6.7 тэрбумд хүрчээ.

EBRD: ЕСБХБ-наас 2026 болон 2027 онуудын Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.5%-д хэвээр хадгалав

TDB: Худалдаа Хөгжлийн Банк ХК иргэний нисэхийн салбарын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд Францын төрийн хөрөнгө оруулалтын Bpifrance банктай хамтран ажиллана.  

ETT: 2026 онд Эрдэнэс Тавантолгой ХК 35 сая тн нүүрс олборлож, 32.9 сая тн нүүрс борлуулан, ₮7.9 их наядын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

🏀 Аварга нь хэн бэ?

Маргааш сагсан бөмбөгийн эрэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын Playoff-н тоглолтууд эхлэх хуваарьтай байна. Үүнээс өмнө та бүхэнд энэ улиралд тохиосон онцлох үйл явдлыг хуваалцъя.  

🥇 Улирлын амжилт

Өнгөрсөн Лхагва гарагт улирлын сүүлийн тоглолтууд болж дууслаа. Айхтар өрсөлдөөнтэй 10 багаас энэ удаад 18-9 амжилтаар SG Apes баг хүснэгтийг тэргүүлсэн бол өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд хүснэгтийг үзүүрлэсэн аж. Сонирхуулахад, 3-т орсон BCH Knights багийг оруулаад эхний 3 багийн хожил, хожигдлын харьцаа эн тэнцүү өндөрлөжээ.

  • 🥸 Өөр юу болов? Энэ улирал лигийн өнгө төрхийг шинээр тодорхойлсон залуу тамирчид, өрсөлдөөнийг шинэ түвшинд авчирсан импорт тоглогчид, бизнесийн ертөнцийн аваргууд ивээн тэтгэгчээр оролцсон гээд дуулиант үйл явдлууд ихтэй байв. 

  • 🆕 Холбооны цом: Түүнчлэн МСБХ-ноос Үндэсний Дээд Лиг, М Хөгжлийн Лиг, Оюутны Лигийн багууд эмэгтэй 16, эрэгтэй 32 баг оролцсон Холбооны Цомын тэмцээнийг зохион байгуулсан. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тэмцээний аварга баг ₮100 саяыг халаасалсан билээ.

💰 Багуудын төсөв 

2025-2026 оны улиралд нэг баг дунджаар 5-6 байгууллагаар ивээн тэтгүүлсэн ба үүнд шинээр Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Монложистикс Холдинг (MLG) зэрэг ХК-иуд багтжээ. Хамгийн олон ивээн тэтгэгчтэй багаар нийт 8 байгууллагатай гэрээлсэн Сэлэнгэ Бодонс болон Darkhan United багууд тодорлоо. Сэлэнгэ Бодонсын хувьд энэ playoff-д NBA-д гялалзаж явсан Демаркус Казинсыг дахин нэгтгэхээс гадна ₮2 тэрбумаар монголын 3х3-н шигшээ багийн 4 тамирчныг эгнээндээ нэмжээ

  • 📰 Нээлттэй мэдээлэл: Цаашлаад, SG Apes-н энэ улирлын нийт төсөв 2 жилийн өмнөхөөс 81.8% өсөж ₮4 тэрбумд хүрчээ. Төсвийн ойролцоогоор 70% буюу ₮2.8 тэрбумыг ивээн тэтгэгчид бүрдүүлсэн гэнэ. 

🏆 Аваргын таамаг… Сагсан бөмбөг сонирхогчид аваргын таамгаа Toki апп дээр хуваалцсан ба оролцогчдын хамгийн их буюу 36% нь SG Apes-г түрүүлэх багаар сонгоод байна. Харин удаах байранд 26%-ийн санал авсан Хасын Хүлэгүүд, гутгаар байранд 20%-ийн саналтай Сэлэнгэ Бодонс тус тус бичигджээ. Та юу гэж бодож байна? 👀

  • 👤 Сэжигтэй дугаараас мессежээр ирсэн холбоос дээр хэрхэвч дарж болохгүй. (ЦЕГ)

  • 💳 Galaxy S26 өмнөх загвараасаа $100-ын үнэтэй худалдаалагдаж байна. (Wired)

  • ☀️ Нарны энергийг хадгалж дулаан болгон ялгаруулдаг молекул бүтээжээ. (Futurity)

  • 📚 AI ашиглан сард 100-аас дээш ном бичих болсон гэнэ. (TheKoreaTimes)

🦸🏻‍♂️ ЗЗ-ийг аврагч $NVDA

NVDA: Технологийн томчуудын нэг NVIDIA-н өнгөрсөн улирлын тайлан танилцуулагджээ. Тэдний орлого өмнөх оны мөн үеэс 73% өсөж $68.1 тэрбумд хүрснээр 2025 онд нийт $215.9 тэрбумын орлоготой ажилласан аж. Мөн компанийн цэвэр ашиг өмнөх оноос 65% нэмэгдэж $120.1 тэрбумд хүрэв. AI-тай холбоотой чипийн эрэлт өндөр хэвээр байгаа нь компанийн санхүүгийн гүйцэтгэлд эергээр нөлөөлсөөр. Энэ мэдээтэй холбоотой $NVDA-н нэгж хувьцааны үнэ Лхагва гарагт 1.4% өсөж $195.6 дээр хаагджээ.

🌈📌 Ретро гангарал

Өнөөдөр “Retro Day” буюу өнгөрсөн үеийн хэв маяг, соёл, загварыг эргэн дурсах өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд Ретро соёл өнөө цагийн соёлд нөлөөлж, загвар, хөгжим, техник, интерьер дизайн зэрэг олон салбарт дахин амилж буй.

♻️ Хуучин ✁ Шинэ ✁ Ногоон

Орчин үеийн хэрэглэгчид хуучин хувцас, пүүз, хөгжим, интерьер зэргийг ихээр сонирхож түүхэн үнэ цэнийг эрэлхийлдэг болсон. Энэ утгаараа зөвхөн хуучин хувцасны зах зээл л гэхэд шинэ хувцасныхаас 3 дахин хурдан өсөж 2027 он гэхэд $350 тэрбумаар хэмжигддэг болох нь. Энэ өсөлтөд Z үе & Миллениалууд хамгийн ихээр нөлөөлж буй. Тэдний хуучин хувцасны худалдан авалтын өсөлт бусад үеийнхээс 2.5 дахин их. 

  • ☯︎ Улам тэлнэ: Энэ чиг хандлагаас үүдэн хувцасны дахин борлуулалт 2023 онд хувцасны зах зээлийн ойролцоогоор 10%-ийг эзэлж байсан бол 2029 он гэхэд дундаж хувцасны шүүгээний 23%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа гэнэ.

  • 🌳 Байгальд ээлтэй трэнд: Цаашлаад, хуучин хувцасны эрэлт нэмэгдэж байгаа нь ногоон шилжилтэд ч нөлөөтэй. Хувцас үйлдвэрлэл нь хүн төрөлхтний нүүрстөрөгчийн ялгарлын 10%-ийг эзэлдэг бөгөөд хувцасны хэрэглээний насыг ердөө 9 сарын турш сунгаснаар нүүрстөрөгч, ус, хог хаягдлын ул мөрийг 20%-30% бууруулдаг аж. 

🪩✨ Ретро маркетинг

Хуучин хувцас моодонд орж, пянзны борлуулалт CD-н борлуулалтаас илүүрхэж байгаагаас гадна ретро маркетинг ч хүчээ авч байгаа гэнэ. Тодруулбал, 1990-ээд оны хэв маягийг маркетингдаа ашигласан брэндүүд хандалтаа ойролцоогоор 30%-иар нэмэгдүүлсэн аж. Мөн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолдоо ретро фонтууд, өнгө, загварыг ашигласнаар борлуулалтаа 16% нэмсэн гэнэ шүү.

Эцэст нь… Манай маркетерууд, бизнес эрхлэгчид иймэрхүү трэндийг ажиглаад авахад гэмгүй биз ээ. Монголд ч хуучин хувцас болон гоёл чимэглэл, эдлэл хэрэгсэл зардаг газар олон болсон харагдана лээ. Тэдний борлуулалт ч шинэ хувцасныхаас илүү байдаг болов уу, яадаг бол. 

💡 Таавар таацгаая. 

Ажилтан болон түүний дарга нэг эцэг эхтэй боловч тэд ах дүүс биш. Яаж ийм байж болох вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉

💸 Bybit: Дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтэр! 

Трейдэрүүдийн сонорт: Крипто зах зээл болон уламжлалт санхүүгийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой болжээ! 📢

2018 оноос криптовалютын бирж хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Bybit энэ оноос үйл ажиллагаагаа тэлэн дижитал хөрөнгө болон уламжлалт зах зээлийг нэг дор цогцлоосон нэгдсэн санхүүгийн платформ болоод буй. 

  • 🎯 Нэг дороос: Улмаар Bybit-г ашиглан крипто арилжаанаас гадна хувьцаа, форекс, түүхий эд, индексийн арилжааг Европ, АНЭУ болон Их Британийн зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хийж болох нь.

  • 👑 Хэр том бэ?: Bybit-н хувьд дэлхий даяар 82 сая хэрэглэгч, 2,000 гаруй банк, 200,000 гаруй peer-to-peer трейдэрүүдтэй дэлхийн хэмжээний сүлжээ юм.

Ийнхүү Монгол хэрэглэгчдийн хувьд олон платформ, данс, зуучлагчаар дамжиж байж хүрдэг байсан дэлхийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломж бүрдлээ. 

iStock

🍋 Өнгөрсөн онд ган, мөндрийн улмаас ургац алдсан тариаланчдын зээлийн төлөлтийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулна. Үүнд 2023-2025 онд арилжааны банкнуудаас ЗГ-ын хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, ААН хамрагдах нь. Энэ хүрээнд ХХААХҮЯ ган, мөндөрт өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгтгэн холбогдох арилжааны банкнуудад хүргүүлсэн гэнэ.

🍋 Toyota (TM) энэ онд багтаан ¥3 их наядын хувьцаагаа худалдахаар төлөвлөж байна. Угаас сүүлийн жилүүдэд Японд корпорацийн засаглалын шинэчлэл ихээр өрнөж үүнийг Токиогийн Хөрөнгийн Бирж (TSE) тууштай дэмжсээр буй. Үүнтэй холбоотойгоор Toyota-с гадна Sony Group (SONY), Mitsubishi Corporation (8058.T) тэргүүтэй томоохон компаниуд солбисон хувьцаа эзэмшлээ багасгаж, нээлттэй зах зээлд хувьцаагаа худалдах арга хэмжээ авч эхэлсэн байна.

🍋 ЭМДҮЗ анхан шатны эрүүл мэндийн тусламжийн санхүүжилт, төлбөрийн системийг шинэчиллээ. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд ₮56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд ₮77 тэрбум, нийт ₮133 тэрбумын зузаатгал хийсэн байна. Мөн архаг өвчний хяналт, хүн амын дундаж наслалт тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах, хүний нөөцийн бодлого, нэг иргэний суурь тарифыг нэмэгдүүлэх тэргүүтэй зохицуулалтыг тусгажээ.

🍋 Улаанбаатар трамвай төслийн I шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлжээ. Харин тус төслийн II шугамын санхүүжилт 28 жилийн турш эргэн төлөгдөх нөхцөлтэй тул уг шугамыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн компани байхгүй гэнэ. Иймд II шугамыг барих төсөвт өртгийг Нийслэлийн төсвөөс ₮350 тэрбумаар нэмэгдүүлж ₮1.5 их наяд болгосноор тус төслийн нийт төсөвт өртөг ₮2.7 их наяд болоод байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.