• Lemon Press
  • Posts
  • 🌶️ Халуухан төслүүд

🌶️ Халуухан төслүүд

ЭМ-ийн салбарт шинэ салхи | $CUMN: Орлого өссөн ч ЦА буурав | Сенчери-5 бонд

POWERED BY

Өглөөний мэнд! Өнгөрсөн шөнө сар бүтэн хиртэж, “Blood Moon” буюу улаан хүрэн сар тэнгэрт үзэгдлээ. Дараагийн бүтэн хиртэлтийг бид 3 жилийн дараа буюу 2028 оны 12 сарын 31-ны үдэш хуучин оноо үдэж байх цагтаа харах гэнэ дээ. За тэгээд энэ бол зүгээр л сар хиртсэн байгалийн үзэгдэл тул таны орд, зурхайд ямар нэг өөрчлөлт авчрахгүй гэдэгт бат итгэлтэй байна. 🥸

GOV: Засгийн газар $500 саяын үнийн дүнтэй, 6 жилийн хугацаатай, 5.95%-ийн хүүтэй "Сенчери-5" бондыг олон улсын зах зээлд шинээр гаргалаа.

UB: Улаанбаатар хотын 2026 оны төсвийг ₮438 тэрбумаар нэмж тодотгож орлогыг ₮5.3 их наядаар батлав.

HIF: Өнгөрсөн 1-р сард Эрүүл мэндийн даатгалын санд төрөөс ₮36.5 тэрбумыг төвлөрүүлсэн бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ₮133.5 тэрбумыг зарцуулжээ.

🏥 ЭМ-ийн салбарт шинэ салхи

Өчигдөр манай хувийн томоохон эмнэлэг Японы эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн тэргүүлэгч групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ. Тэгвэл өнөөдөр үүнтэй холбоотой анхаарал татах хэд хэдэн мэдээллийг хуваалцъя.

💴 2.2 тэрбум ¥

Интермед эмнэлэг International University of Health and Welfare (IUHW) группээс ¥2.2 тэрбумын хөрөнгө оруулалтыг татаж, нэрээ Интермед IUHW эмнэлэг болгож өөрчиллөө. Энэ хөрөнгө оруулалт нь 2015-2025 онуудын I улирал хүртэлх эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын нийт ГШХО-аас 3.6 дахин өндөр дүн бөгөөд хувийн эрүүл мэндийн салбарт орж буй хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байна. Үүнээс гадна,

  • 🩻 Арвин туршлага: IUHW нь Япон даяар харьяа 6 эмнэлэг, 65 гаруй эрүүл мэнд, нийгмийн халамжийн төв, 5 кампус, 11 сургуультай ба нийт 13 мянга орчим ажилтан, 12 мянга гаруй оюутан, 39 мянган төгсөгчтэй томоохон байгууллага юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд Японы эрүүл мэндийн салбарын стандарт, арвин туршлага, технологи Монголд нэвтрэх төдийгүй дэлхийд тоотой хэд байдаг 320 зүслэгтэй компьютерт томографын (CT) төхөөрөмж болон зүрх, тархи, судасны гээд бүтэн биеийн ангиографийн аппарат орж ирэх аж.

⛑️ Салбарын тойм

Монголд орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2025 оны эхний улиралд нийт $2.3 тэрбумд хүрсний 0.01% буюу $0.2 саяыг нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбар эзэлж байна. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй томоохон асуудал бол эмнэлгийн хүртээмжгүй байдал болон хүний нөөцийн дутагдал болоод байна. Энэ асуудлыг шийдэхэд төрөөс гадна хувийн хэвшлүүдийн оролцоо ч асар чухал билээ. 

Эцэст нь… Нэг үеэ бодвол хувийн хэвшлүүд маань дан ганц уул уурхайд бус бусад олон төрлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах болжээ. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт татаж чадаж буй нь хүн амын эрүүл мэнд хийгээд нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх боломжийг нээж байна даа. 🙌🏻

  • ⚔️ Иранд өгсөн цохилт, түүнээс гарах үр дагавар. (ThinkMongol)

  • 🆕 Дажгүй үзүүлэлтүүдтэйн дээр боломжийн үнэтэй iPhone гарчээ. (Apple)

  • 🔋 EV-н батарей дунджаар 8 жилийн эдэлгээ даадаг. (NPR)

  • 🚬 Нэг ширхэг тамхи = Амьд байх 20 минут. (SSA)

📉 $CUMN: Орлого өссөн ч ЦА буурав 

CUMN: 2025 онд Премиум Нэксус ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 33% өсөж ₮795.7 тэрбумд хүрчээ. Гэвч компанийн цэвэр ашиг ₮27.2 тэрбумд хүрч 2024 оноос 42.7% буурсан байна. Энэхүү бууралтад борлуулалт, маркетингийн зардал 2.4 дахин нэмэгдэж ₮8.1 тэрбумд, ерөнхий ба удирдлагын зардал 69.3% өсөж ₮53.2 тэрбумд хүрсэн нь томоор нөлөөлөв. Цаашлаад, өчигдрийн арилжаагаар $CUMN-н нэгж хувьцааны үнэ 3% унаж ₮290 дээр хаагджээ.

🇨🇦🥲 Канадад атаархав 

Биднийг өчигдөртэйгөө зууралдаж байх зуур Канад Улс уул уурхайн салбараа том алхмаар урагшлуулж бүр гараад өглөө. Юу болсон бэ гэхээр,

🤯 1 өдөрт $12 тэрбумын 30 гэрээ

Даваа гарагт Канадын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Тим Хожсон салбарын болон олон улсын түншүүдтэй хамтран “Critical Minerals Production Alliance” санаачилгын хоёр дахь шатны түншлэл, хөрөнгө оруулалтыг зарласан. Тус улс энэ хүрээнд 30 шинэ гэрээг 12 холбоотон улс болон томоохон компанитай байгуулснаар чухал ашигт малтмалын төслүүддээ $12.1 тэрбумын хөрөнгө оруулалт татахаар болов.

  • 📌 Ямар зорилго өвөртлөв? Хятад улсын энэ салбар дахь давамгайллыг сааруулж, өөрийн болон холбоотон орнуудынхаа эрчим хүч, батлан хамгаалах салбарт шаардлагатай литий, бал чулуу, никель, газрын ховор элемент гэх мэт түүхий эдийн нийлүүлэлтийг найдвартай болгож, уурхай байгуулахад зарцуулдаг 18 жилийн дундаж хугацааг багасгахыг зорьж байгаа аж.

  • 🤑 Нийт дүн хэд вэ? Улмаар 2025 оны 10-р сард зарласан төслүүдтэй нийлээд нийтдээ $18.5 тэрбумын хөрөнгө оруулалт Канадын чухал ашигт малтмалын төслүүдэд цутгагдахаар болоод байна. 

🌶️ Халуухан төслүүд

Канад дахь Rio Tinto (RIO)-н галлийн олборлолтын судалгаа, хөгжүүлэлтийн төсөл Natural Resources Canada-н Global Partnerships Initiative-с $18.9 сая хүртэлх нөхцөлт дэмжлэг авсан аж. Энэхүү төсөл нь Канадын өндөр нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын чадамжийг нэмэгдүүлэх зорилготой. Галли нь хагас дамжуулагч болон радарын системд чухал ач холбогдолтой тул Хятадаас хамаарах хамаарлыг бууруулах түлхэц болох учиртай..

  • 🍎 Apple-ийн оролцоо: Apple (AAPL)-н хувьд тус улсын Regeneration-н металл ялган авах, талбай нөхөн сэргээх төсөлд урт хугацааны худалдан авах гэрээг байгуулжээ. Ингэснээр Apple-н үйлдвэрт ашиглагдах ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлт хангагдах юм.

Эцэст нь… Ухаалаг гар утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний технологи гээд зах зээл дээр халуухан байгаа бүхий л бүтээгдэхүүнд чухал ашигт малтмал ашиглагдана. Уул уурхайн салбарт хүч үздэг улс орон, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч ер нь хэнбугай ч бай энэ салбарт анхаарлаа хандуулж улайрч байгаа. Гэтэл Монгол Улс Канад шиг олон гэрээ байгуулах байтугай ухуулна, ухуулахгүй гээд шууж байдаг. Халагламаар, ичмээр.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Нийслэлээс Гандангийн 55 газрыг бүхэлд нь чөлөөлж, оронд нь Улаанбаатарын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаа мэдэгджээ. Ингэхдээ тус бүс дэх барилга байгууламжуудыг зах зээлийн үнээр худалдан авах нь. Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

Starlink

🍋 SpaceX Starlink Mobile гар утасны сүлжээний V2-г нэвтрүүлж хэрэглэгчдийн тоогоо 25 сая болгохоо зарлалаа. Гол онцлог нь Starlink Mobile V2 нь суурин сүлжээнүүдийн хүрч чадахгүй алслагдсан бүс нутагт ч ашиглах өргөн зурвасын түвшний үүрэн холбооны үйлчилгээг 5G сүлжээний түвшинд үзүүлэх аж. Гэснээс SpaceX энэ сард багтаан IPO хийхэд бэлтгэж эхлэх сурагтай.

🍋 ЗГ ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ. Үүнд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гүн боловсруулалт хийх, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, ОУ-ын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцох, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллах нь. Мөн нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох талаар судлах аж.

🍋 Америкийн Төрийн департамент Anthropic-с нүүр буруулж, OpenAI-тай хамтран ажиллахаар болжээ. Эргэн санавал, Америкийн Төрийн департамент Anthropic-тай өнгөрсөн оны 7-р сард $200 саяын гэрээ байгуулж Claude-г батлан хамгаалахын чиглэлээр ашиглахаар болсон. Харин Anthropic-н зүгээс Claude-г дотоодын тагнуул, хараа хяналтын чиглэлээр ашиглуулахгүй гэсэн байр суурь баримталснаар талууд хамтын ажиллагаагаа зогсоожээ.

🍋 Монголын төмөр зам ТӨХК төмөр замын болон автотээвэр хосолсон холимог тээврийг эхлүүлэв. Энэ хүрээнд компани Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК-иудтай хамтран Тавантолгой–Гашуунсухайт–Ганцмод, Тавантолгой–Ханги–Мандал чиглэлүүдэд уурхайгаас хил хүртэлх тээврийг холимог хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.