🧻 Уналтын барцад

Даатгалын өнгө 2025 онд | $NEH: Маржин 2.7Х өсөв | Америк амлалт

POWERED BY

Өглөөний мэнд! Энэ Ням гарагт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр тохиож байна. Эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүддээ ямар цэцэг бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол ЭНД дарж санаа аваарай. За тэгээд бүгдэд нь баярын мэнд ээ. 🤗🌹

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: ХААН Банк ХК (KHAN) холбогдох этгээд болох Жуулчин ХХК-тай аялал зохион байгуулах үйлчилгээгээр хамтран ажиллах 1 жилийн хугацаатай гэрээ хийнэ.

NCAC: Өчигдөр олон улсын эрх зүйч, арилжааны нисгэгч мэргэжилтэй Э.Энхзориг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээн авчээ.

CN: Хятад ирэх оны ДНБ-ий өсөлтийн зорилтоо 4.5%-5%-д хүргэсэн нь 1991 оноос хойших анхны тохиолдол болжээ.

☂️ Даатгалын өнгө 2025 онд

2025 онд даатгалын салбарын нийт хөрөнгө 2024 оны мөн үеэс 16.4% өсөж ₮771.3 тэрбумд хүрчээ. Энэ салбарт 22 даатгалын компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ердөө 2 компани салбарын нийт хөрөнгийн 1/3-ийг бүрдүүлж байна. 

💰 2 компани

Тодруулбал, Мандал Даатгал (MNDL) болон Тэнгэр Даатгал (TGI)-ийн хөрөнгийн хэмжээ 2025 онд ₮213.4 тэрбумд хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 27.6%-тай тэнцэх дүн юм. Тус компаниуд Мандал Санхүүгийн Нэгдэлийн охин компаниуд гэдгээрээ онцлог төдийгүй мөнгөн хөрөнгийн хэмжээ ₮145.7 тэрбумд хүрсэн нь ойрын өрсөлдөгч компаниудаас ойролцоогоор 3 дахин өндөр үзүүлэлт аж. Эндээс тэдний нөлөө салбартаа хэр их байгааг харж болно.

  • 🔭 Салбарын зураглал: Нийт даатгалын салбарын хөрөнгийн 87.4% буюу ₮674.4 тэрбумыг ердийн даатгалын компаниуд эзэлж байна. Харин үлдсэн 8.8%-ийг давхар даатгал компаниуд, 3.8%-ийг урт хугацааны даатгалын компаниуд тус тус бүрдүүлжээ. 

  • 🤔 Ашиг яав? Хөрөнгө нэмэгдсэний хажуугаар тус салбарын цэвэр ашиг ч жилийн өмнөхөөсөө 119.8% өсөж ₮56 тэрбумд хүрсэн ба цэвэр ашиг нь 100%-иас дээш өссөн 6 компани байсан аж. Нөгөөтээгүүр даатгалын салбарын нээлттэй 5 ХК байгаа тэгэхээр тэдний хувьцаа эзэмшигчид цэвэр ашгаас өгөөж хүртэх боломжтой гэсэн үг.

  • 📊 Ногдол ашиг: Тодруулбал, тус 5 ХК-ийн 4 нь 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон. Ингэхдээ ойролцоогоор ₮18 тэрбумын ногдол ашиг тараах ба ногдол ашгийн дүнгээр ₮8.7 тэрбумыг олгох Мандал Даатгал тэргүүлж, ₮6.9 тэрбумыг хуваарилах Тэнгэр Даатгал удаалжээ. 

🔎 Ашгийн хөдөлгүүр

Даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох хураамжийн орлогын харьцаа 2024 оноос 15.1% өсөж ₮163.2 мянга болсон нь цэвэр ашиг ихсэхэд жинтэй нөлөө үзүүлэв. Цаашлаад, голлох бүтээгдэхүүнд болох хөрөнгийн даатгалын хураамж өмнөх оноос 25.1%, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 23.8% өсжээ. 

Гэснээс даатгалын салбарт AI нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Зарим нэг жишээг харвал, Америкийн Lemonade (LMND)-н AI бот даатгалын нэхэмжлэлийг 2 секундэд шийдвэрлэж, нийт нэхэмжлэлийн 30%-ийг хүний оролцоогүйгээр гүйцэтгэж эхэлсэн аж. Заа тэгээд даатгалын компаниа сонгохдоо нөхөн төлбөр төлөх чадварыг илэрхийлэх нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө гэх мэт гол үзүүлэлтийг нь сайтар судлахаа мартав.  

  • Монгол Улс Төв Азийн орнуудаас суралцах нь. (CMM)

  • 🏆 Сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 улирлын MVP тодорчээ. (Ikon)

  • 🚿 Нийслэлийн иргэдийн ундны усны чанар хэр байна? (Gogo)

  • 💻 Бусад загваруудаасаа 2 дахин хямд үнэтэй MacBook худалдаанд гарлаа. (Entrepreneur)

📈 $NEH: Маржин 2.7Х өсөв

NEH: 2025 онд Дархан Нэхий ХК-ийн нийт ашгийн маржин 43.1%-д хүрсэн нь өмнөх оноос 27.2 нэгж хувь буюу 2.7 дахин өссөн үзүүлэлт болжээ. Задлаад харвал, компанийн борлуулалтын орлого 11.6% өсөж ₮18.5 тэрбумд хүрсэн бол борлуулалтын өртөг 24.5% буурч ₮10.5 тэрбумд хүрсэн аж. Гэвч 2025 онд $NEH ₮4.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь 2024 оноос 23% буурсан явдал бөгөөд үүнд бусад орлого 99.5% багассан, ерөнхий ба удирдлагын зардал 138.1% өссөн нь голлон нөлөөлөв. Цаашлаад, $NEH 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮0.2 буюу ₮250 саяыг ногдол ашигт олгохоор шийджээ.

💥 Мөргөлдөөн ба хөдөлгөөн

Израйл Ираны мөргөлдөөнөөс үүдэн зах зээлд олон хөдөлгөөнүүд болж байна. Үүний нэг нь Өмнөд Солонгосын томоохон компаниудын хувьцааны савлагаа. 

🎢 Галзуу хулганын эргэлт

Лхагва гарагт Өмнөд Солонгосын гол индекс болох KOSPI (^KS11) 12.1%, KOSDAQ индекс (^KQ11) 14% тус тус унаж, зах зээлийн үнэлгээ нь 1 өдрийн дотор ₩662 их наядаар агшив. Шинжээчдийн хувьд Америк болон Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг цөөн хэдэн том компанид төвлөрсөн гэж үздэг. Гэхдээ Солонгосын төвлөрөл бүр илүү ажээ. Тодруулбал, KOSPI индексийн 1/3-аас илүүг Samsung Electronics (005930.KS) болон SK Hynix (000660.KS) гэсэн 2 компани л бүрдүүлдэг.

  • 🧻 Уналтын барцад: Өмнөд Солонгос газрын тосныхоо 70% орчмыг, шингэрүүлсэн хийн 30% хүртэлх хэсгийг Ойрх Дорнодоос импортолдог. Гэтэл Иран болон Израйлд мөргөлдөөн гарсан тул Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид шатахууны үнэ өсөж, инфляц хөөрөгдөхөөс болгоомжилсон аж.

  • 🧼🫧 Хэт хөөсрөл: Нөгөө талаас 2026 оны эхний хоёр сард AI-н давлагаагаар KOSPI индекс бараг 50% орчим өссөн. Тэр дундаа Samsung-н хувьцааны үнэ сүүлийн 12 сард 216%, SK Hynix-нх 356% нэмэгдэв. Иймд хөрөнгө оруулагчид хэт хөөсөрсөн, хангалттай ашгаа өгсөн хувьцаагаа зарахыг илүүд үзсэн бололтой.

🤒 Улааныг харж урваж, шарыг харж…

Энэ уналтаас 1 өдрийн дараа буюу өчигдөр зах зээл эргэн сэргэж KOSPI 9.63% өсөж унасан шархныхаа тодорхой хэсгийг нөхөв. Энэ нь газрын тосны үнэ тогтворжиж, хөрөнгө оруулагчид технологийн хувьцаануудыг хэт хямдарсан гэж үзэн эргэн худалдан авах шийдвэр гаргасантай холбоотой аж.

Эцэст нь… Ойрх Дорнодын нөхцөл байдал хэвийн болох хүртэл зах зээлийн нөхцөл байдал хэдэнтээ хувирах бололтой. Манай уншигчид яг энэ эгзэгтэй цаг үед томоохон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол сайтар тунгааж, болгоомжтой хандана биз ээ. Гэснээс Монголын хувьцаанууд иймэрхүү үйл явдалд өртөж, унаж босдог бол үзээтэй байх сан даа.

💡 Таавар таацгаая. 

Автобусны жолооч урсгал сөрж явж байв. Цагдаа нар түүнтэй таарсан ч зогсоолгүй өнгөрчээ. Яагаад вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. ✌️

🧠📈 Трейдэрийн гарааг системтэйгээр эхэл

Арилжаа хийдэг болмоор байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш. 📢

Дижитал хөрөнгө болон уламжлалт зах зээлийг нэг дор цогцлоосон нэгдсэн санхүүгийн платформ Bybit хэрэглэгчдээ криптовалютын суурь ойлголттой болохоос эхлэн зах зээлийн гүнзгий шинжилгээ хийдэг болтол бэлтгэдэг гэнэ.

  • 💪 Трейдэр болох замнал: Өөрөөр хэлбэл, аль ч түвшний хэрэглэгчид тус платформоос зах зээлийн механизм, төрөл бүрийн активийн үүрэг, ач холбогдлыг алхам алхмаар тайлбарласан гарын авлагыг ашиглан тохирсон мэдлэгээ олж авах боломжтой. 

  • Сонирхогч ➡️ Чадварлаг трейдэр: Цаашлаад туршлагатай трейдэрүүд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад Bybit-н график, аналитикийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой гэнэ шүү.

Ийнхүү Bybit хэрэглэгчдээ анхан шатнаас нь суралцахад дэмжлэг үзүүлснээр дэлхий даяар 82 сая гаруй хэрэглэгчийг татаж чадсан байна даа. 😎

ABC12

🍋 Америкийн технологийн компаниуд цахилгааны үнийн өсөлтөөс хэрэглэгчдийг хамгаалах амлалт өгөв. Үүнд Oracle (ORCL), OpenAI тэргүүтэй цахилгаан эрчим хүч асар ихээр хэрэглэж буй технологийн 7 компани нэгдсэн бөгөөд тэд дата төвүүдийг ажиллуулахад шаардлагатай их хэмжээний цахилгаан эрчим хүч үүсгэгчийг өөрсдөө барих эсвэл худалдан авах, мөн уг цахилгааныг эрчим хүчний сүлжээнд холбох дэд бүтцийг бий болгох үүрэг хүлээжээ.

🍋 Нийслэл энэ онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замын шинэчлэл хийнэ. Авто замын засварын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бөгөөд хичээлийн жил эхлэхээс өмнө дуусгах аж. Нийслэлийн Замын хөгжлийн газрын зүгээс жил тутам авто замын чанар байдлын үнэлгээ хийдэг болсон бөгөөд урт хугацаандаа 10 жилийн авто замын төлөвлөгөөг гаргах юм гэнэ.

🍋 Казакстан 7 олон улсын коридор байгуулж Төв Азийн тээврийг зангилахаар төлөвлөж байна. Тэдгээрээс 2,000 км бүхий 4 коридорыг байгуулж дууссан бөгөөд ирэх 3 жилийн дотор 3,250 км бүхий үлдсэн 3 коридорын барилгын ажлыг хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ. Гэснээс замын барилгын ажилд ашиглагдаж буй материал, үйлчилгээний 90% хүртэлх нь дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлэгдэж байгаа гэнэ дээ.

🍋 ЗГ улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хаврын тариалалтад зориулж ₮130 тэрбумын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг тариаланчдыг сайн чанарын үрээр хангах, тэднээс 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.