- Lemon Press
- Posts
- 🛸 Тэнгэрт дүүлэх үнэ
🛸 Тэнгэрт дүүлэх үнэ
Өндөр унацтай хувьцаанууд | Alibaba-н эерэг мэдээнүүд | ШУ-ны салбарын санхүүжилт
POWERED BY
Hey! Өнгөрсөн оноос иргэд замын хөдөлгөөний зөрчлийг 102 Police апп-аар дамжуулан мэдээлэх боломжтой болсон. Зөрчил гаргасныг нь торгож, илрүүлснийг нь урамшуулах системтэй. Улмаар 11-р сараас он дуусах хүртэл 127 мянган зөрчлийн алтан хошуу өргөгджээ. Урамшуулалд нь ₮143 саяыг олгох юм гэнэ ээ. 1 зөрчил ₮1.1 мянга бололтой. Сэтгэгдэл хэсэгт нэг иргэн ₮1 саяыг авна гэж бичиж. Хурган бурзайх нь дээ. 🫣🙄


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: Сүүлийн таван жилийн хугацаанд банк бус санхүүгийн 10 байгууллага нийт 21 удаа нээлттэй хэлбэрээр үнэт цаас гарган ₮416.9 тэрбумыг зах зээлээс татан төвлөрүүлэв.
UBX: 2025 онд Улаанбаатар хөрөнгийн биржээр дамжуулан ₮128 тэрбумын үнэлгээ бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хийгджээ.
MSE: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 4 багц 25,600 тн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс $1.3 сая буюу ₮4.6 тэрбумаар арилжаалагдав.

🤑 Өндөр унацтай хувьцаанууд

Ногдол ашгийн дуу ойртсонтой холбоотой Монголын “Blue Chip” хувьцаануудыг сонжоод үзье. Энэ удаад Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн I ангиллын компаниудыг онцлон харьцуулсан юм шүү.
🔍 Blue Chip хувьцаанууд юу байна?
Биржийн I ангилалд бүртгэлтэй 25 компанийн олонх нь буюу 21 компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд ямар нэг байдлаар ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан бөгөөд жилийн дундаж ногдол ашгийн өгөөж нь 6.8% аж. Түүнчлэн 2023 оноос хойш жил бүр Тавантолгой (TTL), АПУ (APU), ЛэндМН ББСБ (LEND), Голомт банк (GLMT) тэргүүтэй 10 компани тогтмол ногдол ашиг олгоод байна.
🔝 Тэргүүн эгнээнд: $TTL ногдол ашгийн өгөөжөөр бусад компаниудыг тэргүүлж байна. Компанийн жилийн дундаж ногдол ашгийн өгөөж 31.4% ба хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй жил нь 50.8%-ийн өгөөжтэй 2023 он байжээ.
💪🏼 Яван чангарна: Хөрөнгө оруулагчдын дунд “Blue chip” нэрээрээ тамгалагдсан $APU-н жилийн дундаж ногдол ашгийн өгөөж 4.8% аж. Компанийн хувьд сүүлийн 4 жилд ₮429.6 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилжээ.
☄️ Өсөн нэмэгдсээр
Сүүлийн 4 жил буюу 2022 оноос хойш МХБ-ийн I ангиллын компаниуд нийт ₮2.9 их наядыг ногдол ашгийг тараажээ. Үүний 38%-ийг 2025 оны ногдол ашиг дангаар бүрдүүлсэн. Сонирхуулахад, өнгөрсөн оны тухайд ногдол ашгийн дүнгээр ₮373.5 тэрбумыг хуваарилсан ХААН Банк (KHAN) тэргүүлсэн бол удаах байранд ₮366.5 тэрбумыг тараасан $TTL оров.
Эцэст нь… Энэ жил компаниуд цэвэр ашгийнхаа хэр их хэсгийг ногдол ашигт хуваарилах нь тун сонирхолтой. Шинэ он гараад удаагүй тул манай лимонууд энэ мэдээг уншаад хөрөнгө оруулалтын багцаа хэрхэн шинэчлэхээ нэг бодно биз ээ. 😎

🙋 Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломж. (E-Mongolia)
😍 Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид тэнгэр баганадсан барилгууд руу хошуурах болов. (BBC)
⚖️ Улсын төсөв ба олон нийтийн хяналт. (MineProTv)
👀 Хятадад моодонд орж буй шинэ апп. (Yahoo)

📈 Alibaba-н эерэг мэдээнүүд
BABA: Хятадын технологийн аварга Alibaba AI-н талбарт цахиур хагалж эхэллээ. Тухайлбал, энэ сарын байдлаар компанийн QWEN AI загварын нийт таталт 700 саяыг давсан нь OpenAI, Meta зэрэг бусад тэргүүлэгчдийг ардаа орхисон явдал болжээ. Мөн Хятадын төрийн зүгээс хоол хүргэлтийн салбарт үнийн зохицуулалт хийх хүлээлттэй байгаа нь $BABA-н ашгийн маржиныг сайжруулах боломжтой аж. Эдгээр мэдээтэй уялдан компанийн нэгж хувьцааны үнэ 10.2% өсөж $166.3-т хүрчээ.

🛸 Тэнгэрт дүүлэх үнэ

Залуусын орон сууцтай болох мөрөөдөл өдрөөс өдөрт, сараас сард улам холдож, хүрэхэд хэцүү болж байна даа. Сүүлийн 47 сард хуучин орон сууцны м.кв-н дундаж үнэ 72.1%, шинэ нь 63.3% өсөж аль аль нь ₮5 сая даваадахлаа.
🎩 Хамгийн үнэтэй байршил
Лавшруулаад Улаанбаатарын 6 дүүрэг дэх шинэ орон сууцны үнийн ялгааг харвал Сүхбаатар дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ хамгийн их буюу 1 м.кв-н дундаж үнэ нь ₮5.97 сая байна. Харин Сонгинохайрхан дүүргийнх хамгийн бага буюу ₮3.4 сая аж.
💨 Чингэлтэйгийн хурдтай өсөлт: Нөгөөтээгүүр сүүлийн 47 сар буюу 2022 оны 2-р сараас хойших шинэ орон сууцны үнийн өсөлтөөр Чингэлтэй дүүрэг тэргүүлж байна. Тус хугацаанд тухайн дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ 111.8% буюу дунджаас 36.5 нэгж хувиар илүү байжээ. Хотын төвтэй харьцангуй ойр хэр нь шинэ төсөл ховор байгаагийн илрэл.
🧗 Харьцангуй бага: Эсрэг талд Хан-Уул дүүргийн шинэ орон сууцны үнэ хамгийн багаар буюу 50.8% өсжээ. Үүнд Яармаг дахь их хэмжээний шинэ орон сууцны нийлүүлэлт нөлөөлж буй. Мөн Баянзүрх дүүргийн хуучин орон сууцны үнэ хамгийн бага нэмэгджээ. Орон сууцтай болох байршлаа хайж буй хүмүүс санаад авахад гэмгүй биз ээ.
😭 Гутрам тооцоолол
Анх удаа орон сууцтай болохын тулд урьдчилгаа хуримтлуулж, ипотект хамрагдах гэж байгаа ганц бие залуу байлаа гэж үзье. Дундаж үнэтэй буюу 1 м.кв нь ₮5 сая гэх 50 м.кв байр сонговол ₮250 сая болно. Ипотекийн зээл хамгийн ихдээ ₮150 саяар гарах тул ₮100 саяыг цуглуулах шаардлагатай. Манай залуу сард ₮2 саяыг цуглуулбал 50 сар буюу 4.2 жилийн дараа хүссэн дүндээ хүрнэ. Гэвч энэ үед өнөө ₮250 саяын байр нь ₮180 саяар нэмэгдэж ₮430 сая болсон байх нь дээ.
🌌 Гэрлийн хурдаар
Орон сууцны үнийн өсөлт инфляц, орлогын өсөлтөөс хэд дахин хурдан байна. Үүний шалтгаан нь зах зээлийн энгийн эрэлт нийлүүлэлтийн мөчлөгөөс хальж барилгын салбар, хот төлөвлөлт, ипотекийн зээлийн хүртээмж зэрэг олон асуудалтай холбогдож буй. Иймд хотын төвлөрлийг задалсан ажлын байр + дэд бүтэц + орон сууц гэсэн гуравласан бодлого, нэмээд анх удаа байр авч буй залуус болон бодит хэрэгцээтэй сегментэд чиглэсэн оновчтой санхүүжилтийн нөхцөл хэрэгтэй байна.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Нийслэлээс цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаныхан гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авдаг болох үүднээс автомат хаалт онгойлгодог чипийг орон сууцны бүх хотхон, хороололд суурилуулахаар болжээ. Энэ тал дээр таны байр суурь? |

🛡️ CallPro: Мэдээллийн хамгааллыг шинэ түвшинд

CallPro-н хэрэглэгчдэд дуулгах таатай мэдээтэй! Тэд дуудлага, мессеж, бүх төрлийн сошиал сувгуудыг нэг платформ дээр нэгтгэх омничаннел систем нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлаа ISO/IEC 27001:2022 стандартаар баталгаажуулжээ. 📢
Компани ISO стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснээр компани болон харилцагчдынхаа мэдээллийг найдвартай хамгаалах боломж бүрдэж буй. Тодруулбал,
🕵️♀️ Дата-гаа даатга: Эрсдэлийг тогтмол үнэлж, хянаснаар мэдээлэл алдагдах, халдлагад өртөх эрсдэл буурах,
👊 Нуун дарагдуулахгүй: Алдаа, зөрчлийг хурдан илрүүлж, хариу арга хэмжээ авах,
♾️ Тасралтгүй ажилла: Улмаар харилцагчдынхаа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах бүрэн боломжтой болж буй.
За тэгээд төгс хамгаалагдсан CallPro омничаннел системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас болон www.callpro.mn вэбсайтаас лавлаарай.


Getty
🍋 Alphabet (GOOG) Вьетнамд ухаалаг утасны хөгжүүлэлт, үйлдвэрлэлээ шинээр эхлүүлнэ. Тэднээс гадна Apple (AAPL) ч мөн Хятад, Америкийн тарифийн бодлогоос дайжиж ухаалаг утасны үйлдвэрллээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэхээр зэхэж буй. Сонирхуулахад, ухаалаг утасны 1 үйлдвэрт 200-300 инженерийг байршуулан ажиллуулах шаардлагатай байдаг аж.
🍋 Голомт банк (GLMT) Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд талууд Хятадын бизнес эрхлэгчдэд чиглэсэн банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх аж. Мөн экспорт, импорт, хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэхэд мэдээлэл солилцох нь.
🍋 Meta (META)-н шинэ Ерөнхийлөгчөөр Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Дина Пауэлл МакКормик томилогдлоо. Тэрээр Жорж Бушийн үед Төрийн Департаментын туслах сайд, мөн Goldman Sachs (GS)-д 16 жил ажилласан туршлагатай бөгөөд бусад орнуудад Meta-н AI дэд бүтцийг байгуулах стратегитай ажиллах нь. Meta мөн өнгөрсөн оны 1-р сард Жорж Бушийн ахлах зөвлөх асан Жо Капланыг дэлхийн бодлогын асуудал хариуцсан тэргүүнээр томилсон юм.
🍋 Монгол Улс ШУ-ны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Тодруулбал, тус салбарын санхүүжилт сүүлийн 10 жилд ДНБ-ий 0.1% орчмыг эзэлж буй бөгөөд цаашид шинжлэх ухаан, технологийн бодлогыг ЭЗХЯ хариуцаж санхүүжилтийг үе шаттай нэмэх зорилт тавьж уг тоог 2%-д хүргэх гэнэ. Харин эрдэмтэн судлаачдын зүгээс юун түрүүнд тэдний судалгааны үр дүнг мега төслүүдэд тусган хэрэгжүүлэхийг хүссэн байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply