- Lemon Press
- Posts
- 🚗 Намайг сонгооч
🚗 Намайг сонгооч
Invest Gobi 2023 | TikTok Shop Америкт | Хамгийн эрэлттэй NFT-нүүд
POWERED BY
Morning! MLBB тоглоомын Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа Монгол баг оролцох гэж байна. Ялагч баг WILDCARD эрхийг авах юм. 👏
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: УУХҮЯ, АМГТГ болон ҮГА нэгдсэн мэдээллийн системтэй болно.
EU: 2027 он гэхэд Европт хиймэл оюун ухаанд жил бүр $96.1 тэрбумыг зарцуулах төлөвтэй байна.
MSE: Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийн Гүйцэтгэх захирал И.Галбуянг ажлаас нь чөлөөлж, Х.Эрдэнэбаатарыг томилов.
🐫 Invest Gobi 2023
Энэ сарын 28, 29-нд Өмнөговь аймагт “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум болно. Ер нь яагаад заавал Өмнөговь гэж?
Өмнөговьд хөрөнгө оруулах 3 шалтгаан
Шалтгаан №1: Том эдийн засаг
2010-2021 оны хугацаанд Монголын ДНБ 4.5 дахин өссөн бол Өмнөговийнх 4.8 дахин өсөж ₮1.1 их наяд болжээ. Улмаар улсын ДНБ-ий 2.6%-ийг дангаар бүрдүүлж буй. Сонирхолтой нь, 2010 онд Өмнөговийн ДНБ-ийн дийлэнх буюу 69.5%-ийг уул уурхай бүрдүүлж байсан бол 2021 оны байдлаар энэ тоо 29.8% болтлоо буурч эсрэгээрээ үйлдвэрийнх 44.9% болж өсжээ.
Том төсөв: Түүнчлэн тус аймгийн энэ оны эхний 7 сарын төсвийн орлого нийт 21 аймгийн төсвийн орлогын 43.7%-ийг бүрдүүлжээ. Энэ ч утгаараа улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нь хамгийн өндөр буюу ₮385.1 тэрбум байна.
Шалтгаан №2: Өрсөлдөх чадвар
Үргэлжлүүлэн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг харвал аймгуудын дунджаас 20.3 оноогоор илүү буюу 85.3 оноогоор 4-рт эрэмбэлэгдсэн аж. Тэгэхээр эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлгийн үзүүлэлт нь дунджаас нэлээд дээгүүр гэсэн үг.
Шалтгаан №3: Худалдан авах чадвар
Иргэд, ААН-үүдийн харилцах дансны үлдэгдлийг харьяа аймгаар нь салгаж харвал Өмнөговь аймгийнх 21 аймгаас 2-рт эрэмбэлэгддэг бөгөөд төгрөг гадаад валютын үлдэгдэл нь тэнцүүхэн байдгаараа онцлог. Мөн хадгаламжийн үлдэгдлийг харвал ₮148 тэрбум байгаа бөгөөд уг үзүүлэлтээр 21 аймгаас 3-рт эрэмбэлэгдэж байна. Энэ нь тус аймгийн худалдан авах чадвар бусдаас харьцангуй өндөр байгааг илтгэж буй.
Ийм л учраас Өмнөговь аймагт хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бизнес эрхлэгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад нэгдсэн мэдээлэл хүргэх, тодорхой асуудлыг хэлэлцэн гарц, гаргалгаа хайх зорилгоор “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум болж буй. Форумын хөтөлбөрийн мэдээллийг ЭНД-ээс аваарай.
🚗 Намайг сонгооч
TSLA: Саудын Арабын ЗГ Tesla-н үйлдвэрийг барих хүсэлтэй байна. Тус мэдэгдэл Туркийн Ерөнхийлөгч Илон Маскт шинэ EV-н үйлдвэрээ Туркт барих санал тавьсаны дараахан гараад буй. Tesla-н хувьд шинэ үйлдвэр нь үйлдвэрлэлийн өртгөө бууруулах ашигтай бол ЗГ-ууд жилд 30% өсөж буй EV-н зах зээлийн төлөө өрсөлдөж байна.
🛒 TikTok Shop-р ороод гарах уу?
Өнгөрсөн 9 сарын 12-нд TikTok Америкийн цахим худалдааны зах зээлд сүр хүчээ гайхуулахаар TikTok Shop-г танилцуулсан. Улмаар TikTok-г худалдааны салбарын хүчтэй тоглогч болох нь гээд гол усаар нэг цуурч байна даа.
7 хоногийн хугацаанд юу болов?
Товчхондоо, TikTok Америк дахь 150 сая хэрэглэгчээ ашиглан тус улсын цахим худалдааны салбарт хөл тавиад буй. Хэрэглэгчид ч TikTok Shop-д ам сайтай байгаа сурагтай. Учир нь тэд жижиг бизнес эрхлэгчдэд бизнесээ тэлэх таатай боломжийг олгохын дээр дийлэнх хэрэглэгч нь 30-аас доош насныхан байгаа юм.
Энэ ч утгаараа, өдгөө Америкийн цахим худалдааны салбарын 40%-ийг эзэгнэж буй Amazon (AMZN)-тай өрсөлдөх боломжит өрсөлдөгчийн нэг гэгдэх болов.
Сайн зөвлөгч: Ер нь л TikTok хэрэглэгчийн датаг боловсруулах тал дээр гарамгай. Худалдаа наймааны одтой ойр хавийнхандаа хөөрхөн юм шахчихдаг эгч нар байдаг даа? TikTok-н алгоритм яг л тийм маягаар хэрэглэгчдэд олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийхэд нь тусалдаг.
#TikTokMadeMeBuyIt: гэх хаштагаар хаанаас юу худалдаж авсанаа хуваалцдаг соёл дэлгэрчээ. Контент бүтээгчдийн хувьд брэнд маркетингийг шимтгэлтэй хийх боломжийг олгож буй.
TikTok-н аалзны тор
Одоогоор компани Азиас Вьетнам, Сингапур, Индонез тэргүүтэй 7 орон, Европоос Их Британи зэрэг нийт 9 оронд тус үйлчилгээг нэвтрүүлээд буй. Оны эхэнд компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн 12 улсын цахим худалдааны зах зээл рүү өргөжихөө ч мэдэгдсэн. Мөн компани энэ оны эцэс гэхэд борлуулалтаа 4 дахин нэмэгдүүлж $20 тэрбумд хүргэхээр зорьж байгаа гэнэ.
🌏Хиймэл оюун ухаан ба маркетингийн судалгаа - APRC 2023
Aзи, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны холбоо (APRC)-ны зохиож буй 15 дахь удаагийн APRC 2023 чуулган “Хиймэл оюун ухаан ба маркетингийн судалгааны интеграци” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Уг чуулганд: 800 гаруй бизнесийн байгууллагын оролцогч, олон улсын 50 гаруй маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид цуглах юм.
Сонирхуулахад, APRC нь Австрали, Хятад, Япон, Солонгос, Монгол, Сингапур зэрэг 11 орны 900 гаруй зах зээлийн судалгааны агентлагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо аж.
📅 Хэзээ: 10 сарын 12, 13
📍 Хаана: Корпорэйт зочид буудал конвеншн центр
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол ЭНД дараарай
Qualcomm
🔹Baidu (9888.HK) болон Qualcomm (QCOM) метаверсд хамтран ажиллахаар боллоо. Тус хамтрал нь виртуал болон бодит ертөнцийг холбох AI-г хөгжүүлэхэд чиглэх юм. Улмаар энэ мэт технологийн салбарын хамтрал Хятадын ЭЗ-ийн тодорхойгүй байдлыг бууруулахад нөлөөлөх төлөвтэй байна.
🔹Silver Elephant Mining (ELEF.TO) Улаан овоо нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлөө сунгуулав. Компани 2007 оноос хойш уурхайг 100% эзэмшиж байгаа ба энэ оны 5-р сараас хойш үйл ажиллагаагаа зогсоосон байв. Харин 2022 оны 12-р сараас энэ оны 5-р сар хүртэлх хугацаанд экспортолсон нүүрс нь нийт нүүрсний экспортын ердөө 0.1%-ийг бүрдүүлжээ.
🔹Microsoft (MSFT)-н бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Панос Панай ажлаа өглөө. Тэрбээр 2018 онд Windows 11-н хөгжүүлэлтийг удирдаж байсан нэгэн юм. Түүний оронд түр хугацаанд хэрэглэгчийн маркетинг хэлтсийн ахлах Юсуф Меди ажиллах аж.
🔹Binance (BUSD-USD)-н эсрэг SEC-н хүч дутав. Тодруулбал, SEC компанийн технологийн бүтцэд шалгалт оруулж, шаардлагатай мэдээллийг авах хүсэлтийг холбооны шүүгчид гаргасан аж. Гэсэн ч холбооны шүүгч тэдэнд нэмэлт гэрчтэйгээр дахин хүсэлт гаргах үүрэг өглөө.
✨ Хамгийн, хамгийн нь
Өнөөдөр хэдүүлээ хамгийн алдартай, хамгийн эрэлттэй гээд хамгийн хамгийн гэгдэх NFT-нүүдтэй танилцах болно.
9-р сарын ТОП-ууд
NFT ертөнцөд гэлтгүй хаана ч арилжааны хэмжээ өндөр байх нь зах зээл дэх эрэлтийг харуулж байдаг. Энэ утгаараа 9-р сард хамгийн эрэлтэй байсан ТОП-5 NFT-н жагсаалтыг Mutant Ape Yacht Club тэргүүлж буй. Учир нь тус NFT-н арилжааны дүн $9.3 саяд хүрчээ. Араас нь Bored Ape Yacht Club (BAYC)-н арилжааны дүн $7.5 сая, Gods Unchained-нх $4.4 сая, DeGods-нх $3.2 сая байжээ.
Харин OpenSea дээрх хамгийн эрэлттэй NFT нь BAYC, CryptoPunks, Mutant Ape Yacht Club, Azuki тэргүүтэй NFT-нүүд байгаа аж.
Тэгвэл Монголд
Эрэлттэй: Монголын хамгийн анхны Marketplace-н нэг MongolNFT дээрх NFT цуглуулгууд дундаас арилжааны дүнгээр The Wolves NFT цуглуулга тэргүүлжээ.
Сонирхуулахад, тэд The Wolves NFT-н хэрэглэгчдэд зориулсан идэш хөтөлбөрт оролцсон хүмүүст ₮1.3 тэрбумыг тараасны ихэнх буюу ₮696 саяыг BAYC-н арилжаанаас олсон байдаг шүү.
Эцэст нь… Хамгийн эрэлттэй NFT-н сонин хачинг энэ хүргээд дуусгая. Дараагийн удаад хэн ч тоодоггүй NFT-н талаар бичдэг ч юм уу? Юу гэж бодож байна. 😁
Шүүлтийн цаг ирлээ. 🪓
За за тоглосон юм. Товхимлоо хэр анхааралтай уншиж байна? Доорх мэдээний хэсгүүдээс бурууг нь олоорой.
A. Улсын Их Дэлгүүр ХК-ийн Гүйцэтгэх захирал ажлаа өглөө.
B. Microsoft бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирлаа солив.
C. Саудын Арабын ЗГ Tesla-н үйлдвэрийг бариулахгүй.
Зөв хариулт C буюу Саудын Арабын ЗГ Tesla-н үйлдвэрийг бариулахгүй биш харин ч бариулах гээд байдгаа барж байгаа шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply