- Lemon Press
- Posts
- ⚖️ Эерэг тэнцэл
⚖️ Эерэг тэнцэл
Чухал худалдааны зам | Талх чихэр ХК-ийн тайлан | TikTok AI
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэрийг томилжээ. Нээрээ бид чинь Z үеийн УИХ-ын гишүүнтэй, Ерөнхийлөгчийн зөвлөхтэй дараа нь… 🔜
NSO: Өнгөрсөн 7-р сард инфляц өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар буурч 5.5%-тай гарлаа.
FRC: Эрдэнэт Инвест ХОС-гийн гишүүдийн хурлыг 9 сарын 26-нд цахим болон танхимаар зохион байгуулахаар болжээ.
MED: Өмнөд Солонгосын эм үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулна.
⚖️ Худалдааны тэнцэл: Эерэг
Энэ оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт $15.6 сая болж өнгөрсөн оны мөн үеэс $1.9 сая буюу 14.2% өсжээ. Задалж харъя.
↗️ Экспорт нөлөөтэй
Нийт бараа эргэлтийн $9.2 саяыг экспортын бараа бүтээгдэхүүн, $6.4 саяыг импорт бүрдүүлсэн ба экспортын дүн импортын дүнгээс $2.8 саяар давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан нь энэ. Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.5% өссөн бол импорт 27.6% өссөн аж. Импортын өсөлтийн хурд илүү өндөр байгаа тул гадаад худалдааны тэнцэл өмнөх жилээс буурсан хэрэг.
👷 Нүүрсгүй бол яана вэ: Тус хугацаанд нийт 46.1 сая тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35.5% өсжээ. Энэ нь нийт экспортын 57.9%-ийг бүрдүүлж байгаа. Сонирхуулахад, энэ онд нүүрсний экспортыг 78 сая тн-д хүргэнэ гэсэн зорилт тавьсан нь 69%-ийн биелэлттэй явж байна.
➕ Бусад: Цаашилбал, зэсийн хүдэр, баяжмал экспортын 18.9%-ийг, хагас боловсруулсан алт 5.1%-ийг, төмрийн хүдэр, баяжмал 3.8%-ийг, угаасан ноолуур 2.1%-ийг бүрдүүлж буй.
🆙 Хэрэгцээ: Харин импортын дүнд машин, техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 20.6%, эрдэс бүтээгдэхүүн 22.1%, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 10.4% зэргээр тус тус эзэлж байна.
🤝 Хөршүүд минь дээ
Тус хугацаанд Монгол Улс дэлхийн 153 орноос бараа бүтээгдэхүүн импортолж, 66 оронд бараа экспортолсон байна. Тэр дундаа экспортын 92.1%-ийг Хятад руу, 4.1%-ийг Швейцар руу, 1%-ийг Америк руу гаргаж байгаа аж. Гэснээс өнгөрсөн онд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлал хийж, мөн саяхан Америкийн ТНБД Энтони Блинкен Монголд айлчлаад дипломат харилцаа давгүй байгаа ч харж байгаачлан 2 орны худалдаа чамлалттай хэвээр.
🤔 Хэтдээ болно байгаа?
Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа бууруулж, эдийн засгаа солонгоруулна л гээд байгаа. Гэхдээ одоогоор төдийлөн үр дүн гараагүй байна. Ямартай ч Монголбанкны инфляцын тайланд дурдсанаар энэ онд нүүрсний экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт 17.9%-д хүрэхээр байгаа аж.
Тэгэхээр оны эцэст гадаад худалдааны тэнцэл хэрхэн гарах, дэвшүүлсэн зорилт хэр хэрэгжилттэй байхыг харъя даа.
Орлого, ашиг ⬇️
TCK: Талх Чихэр ХК-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2% буурч ₮58.5 тэрбумд хүрлээ. Түүнчлэн борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 8% өссөн аж. Улмаар цэвэр ашиг нь 36.1% буурч ₮3.2 тэрбумд хүрээд буй. Цаашлаад хувьцааны үнэ нь он гарснаас хойш 12.7% өсөж ₮33,800-т хүрээд буй.
🎸 Cipytop Festival 2024
Монголын амьд хөгжмийн домгууд болон шинэ үеийн хамтлагууд 2 хоногийн турш нэгэн тайзан дээрээс Улаанбаатар хотынхоо талаарх мэдрэмжүүдээ хөгжмөөр дамжуулан хүргэх “Cipytop Festival 2024” тун удахгүй болох гэж байна.
Хэрэв та Худалдаа хөгжлийн банк (TDB)-н Britto карттай бол 2 өдрийн тасалбараа 20% хөнгөлөлттэй худалдан аваарай.
📍 Хаана: Happy Park
📅 Хэзээ: 8 сарын 10, 11
🤔 Чухал худалдааны зам
Хятад болон Америкийн өмнөд Хятадын тэнгисийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх нь дээ. Их гүрнүүдийн хагаралдаж, мөргөлдөх шалтгаан болсоор ирсэн гэхээр нэлээн чухал тэнгис бололтой дог шүү.
🔫 Усан зам
Өмнөд Хятадын тэнгис дээр давуу байдал олох гэж Хятад, Америк л шөргөөцөлдөөд байдаг юм шиг харагддаг ч яг үнэндээ тус тэнгистэй хиллэдэг Зүүн өмнөд Азийн орнууд болох Бруней, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам зэрэг орнуудыг хамарсан асуудал. Цаашлаад тус тэнгис бол Тайваниас дутуугүй Хятад, Америкийн ашиг сонирхол давхацдаг бүс тул “Үхэртийн хөндий манайх, танайх” гэсэн маргаан тасардаггүй.
🪢 Учиг: Учир нь Өмнөд Хятадын тэнгисээр жилдээ дэлхийн нийт худалдааны 25% буюу $5 их наядын тээвэрлэлт, нефть, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн гуравны нэгээс хагас нь дамждаг.
🙈 Буулт хийхийн аргагүй: Чухал худалдааны зам болохын сацуу Вьетнамын эрэг орчимд шууд олборлох боломжтой 10 орчим тэрбум тн газрын тос, 1 их наяд шоо м байгалийн хийн нөөц байгаа гээд батлагдчихсан. Ийм ч болохоор Хятад хүч түрэн тус тэнгисийн 80%-ийг нь өөрийн хэмээн тунхаглаж 2013 оноос хойш худалдааны зам гэхээсээ илүүтэй усан цэргийн замаа ч өргөтгөж байгаа.
👀 Үндэсний аюулгүй байдал
Тус тэнгисийг мэдэлдээ авсан улсыг Азийн дараагийн зууныг удирдана ч гэж яригддаг. Цаашлаад Хятад тус тэнгист Америкийн эх газрыг бүхэлд нь онилох чадвартай цөмийн пуужингаар тоноглогдсон цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа. Эдгээр шумбагч Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй явж, Номхон далай руу орох вий гэхээс Америк ихээхэн болгоомжилдог.
Эцэст нь… Хятадын Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг сааруулах ганц боломжит арга бол АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтын ажиллагаа. Америк түнш улсуудынхаа эрхийг хамгаалахын тулд л тус бүсийн маргаанд оролцдог мэт харагдах ч үүний цаана тэдний аюулгүй байдал хөндөгдөх учраас л байнгын оролцоотой байдаг хэрэг. Ахиад л нэг сургамж гэдэг шиг их гүрний ашиг сонирхол эн тэргүүнд. Харин тэдний ашиг сонирхол бусад жижиг улсынхтай давхцаж байгаа эсэхээс жижиг улсуудын ирээдүй шийдэгдсэн олон түүх бий дээ.
Тааврын цаг. Зүй тогтлыг ажиглаад дараагийн үсгийг олоорой! 😉
Н, Х, Г, Д, Т, З, Д, Н, Е,
Таасан бол бидэнд хариугаа илгээгээрэй.
🧑🎓 Numur: Чамайг дэмжье!
Numur финтек технологоор дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр ашигтай санхүүгийн шийдлүүдийг санал болгож буй. Тэд жил бүр оюутан залуусыг сурч, хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилготой "Чамайг дэмжье" хөтөлбөрийг зарладаг бөгөөд энэ жилийн хөтөлбөрийн арга хэмжээ 8 сарын 15-нд болох гэж байна.
Уг арга хэмжээнд:
Салбартаа түүчээлж буй экспертүүд өөрсдийн туршлага, түүхээсээ хуваалцах,
Сургалтын төлбөрөө шийдэх боломж,
Цагийн ажил хийх боломжууд зэрэг сонирхолтой мэдээлэл, хөтөлбөрүүд хүлээж буй.
🎓 Сонирхуулахад, энэ хөтөлбөрийн хүрээнд 2 оюутанд 50%-100% тэтгэлэг олгож, ажлын туршлага олгох уян хатан нөхцөлтэй цагийн ажлыг санал болгох гэнэ шүү. За тэгээд найз нөхдөдөө дуулгаад хамтдаа ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна биз ээ.
📍 Хаана: Hub Innovation Center
CNBC
🍋 Amazon (AMZN) Хятадын худалдаа эрхлэгчдийг татах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, тус зах зээл дээрх өрсөлдөгчдөө давахын тулд онлайн худалдаа эрхлэгчдэд зориулан олон улсын зах зээлд гарахад туслалцаа үзүүлэх төвүүдийг байгуулсан төдийгүй орон нутагт хамтран шинэ бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж буй аж.
🍋 TikTok-н толгой компани ByteDance Jimeng AI нэртэй апп-ийг Хятадад гаргажээ. Тус апп нь хиймэл оюуны тусламжтайгаар текст мэдээллийн агуулга дээр үндэслэн видео дүрс үүсгэх боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Сонирхуулахад, видео дүрс 5 секундээс багагүй байх ба мөн тус апп дээр зураг ч бүтээж болох аж.
🍋 Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд өчигдөр Яармаг дахь Хангарди ордон руу нүүлээ. Харин Эрүүл Мэндийн Газар, Байгаль Орчны Газар хараахан нүүгээгүй байгаа аж. Сануулахад, нийслэлийн төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн Газар 2016 онд уг шийдвэрийг гаргаж байжээ.
🍋 Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл энэ оны эхний хагас жилд өмнөх оноосоо 24.2% өсөж ₮3.7 их наяд болов. Тодруулбал, 92.1% буюу ₮3.3 их наядын ажлыг дотоодын барилгын байгууллага, 7.9% буюу ₮290.8 тэрбумын ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Тайлан: Америкийн хөдөлмөрийн зах зээл асуудалд орсон уу? (BusinessInsider)
Өрсөлдөөн: Хятад анхны интернэтийн хиймэл дагуулуудаа хөөргөжээ. (GlobalTimes)
Зөвлөгөө: Хөрөнгийн зах зээлийн уналтын үед анхаарах зүйлс. (Bloomberg)
Хөөх: Ирээдүйн Олимпын аваргуудыг эрт таних технологийг туршсан гэнэ. (Intel)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply