• Lemon Press
  • Posts
  • 💱 Төгрөг хүчирхэгжих үү?

💱 Төгрөг хүчирхэгжих үү?

Гар утасны зах зээл | Tiktok-н зорилт | Төгрөгийн ханш

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Энэ онд хэдэн ном уншихаар төлөвлөв? ChatGPT-с энэ онд хөрөнгө оруулалттай холбоотой ямар ном уншвал зүгээр вэ, гэж асуухад Бенжамин Грахамын “The Intelligent Investor”-г хамгийн түрүүнд санал болгов. Уншаагүй бол уншаад үзээрэй. 😉

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Бэрс Эй Би Эс лояалти ТЗК ХХК-ийн гаргасан "Бэрс 3" ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

OIL: Газрын тосны үнэ он гарсаар баррель тутамд 2.6% өсөж $73.5-т хүрээд байна

BTC: Энэ сарын 2-нд Биткойны үнэ сүүлийн 21 сарын оргил буюу $45 мянгад хүрээд байсан бол өчигдрийн байдлаар $42,875 боллоо.

💱 Төгрөг хүчирхэгжих үү?

Сүүлийн 1 жилд долларын ханш төгрөгийн эсрэг 1.1%, иений ханш 8%, рублийн ханш 20.4% тус тус суларсан бол еврогийн ханш төгрөгийн эсрэг 3% чангарав. Тэгвэл энэ онд төгрөгийн ханш хэр савлагаатай байх вэ? 

Оны төгрөгийн өнгө зүс

2022 онд төгрөгийн ханш долларын эсрэг 21% суларч байв. Сүүлийн 10 жилд бол жилд дунджаар 8.9% суларчээ. Өөрөөр хэлбэл та ₮17 мянгаар Spotify-н сарын эрх авдаг байсан бол энэ тоо жил тутамд 8.9% нэмэгдэж 3 жилийн дараа гэхэд ₮22 мянгыг зарцуулахуйц болдог гэсэн үг. Харин энэ оны хувьд Монголбанкнаас зарласан ханшийн хөдөлгөөнөөс харахад нийт 22 валютын ханш төгрөгийн эсрэг суларсан аж. Юу нөлөөлөв? 

  • 13%: Бодлогын хүү 13%-тай байгаа нь төгрөгийн эрэлтийг нэмэгдүүлэх замаар ханшийг чангаруулж буй. Түүнчлэн ГШХО-ын хэмжээ 2023 оны II улиралд жилийн өмнөхөөсөө 52.4% өсөж $583.1 саяд хүрсэн билээ. 

  • +44.6%: Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 44.6% нэмэгдэж $4.9 тэрбум буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд буй. Түүнчлэн эдийн засаг 6.9% өссөн, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн нь ч төгрөгийн ханшийн чангаралд нөлөөтэй. 

Цаашид юу болох вэ? 

Энэ онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш алгуур чангарах хүлээлттэй байгаа юм. Учир нь, 

  • ХО нэмэгдэнэ: ГШХО-ын нийт орох урсгал энэ онд жилийн өмнөхөөсөө $200 сая орчмоор өсөх төлөвтэй байна

  • Экспорт өснө: Түүнчлэн энэ онд түүхий эдийн экспорт өсөхөөр байгаа. Экспорт нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг нэмэгдэнэ гэсэн үг. 

  • Зэсийн өнгөлөг ирээдүй: Цаашлаад зэсийн үнэ 2025 он гэхэд 75% өсөж дээд амжилт тогтоож магадгүй байгаа нь манай экспортын орлогыг нэмэгдүүлэхээр байна. Мэдээж Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа жигдрэхийн хэрээр зэсийн олборлолт ч нэмэгдэнэ. 

Эцэст нь, энэ бүх нөхцөл төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлтийг үүсгэж буй. Гэхдээ геополитикийн нөхцөл болон эдийн засгийн сөрөг шокийн эрсдэл байгааг санах хэрэгтэй. Гэснээс энэ оны эдийн засагт ямар сорилт тулгарч болохыг ЭНД дарж уншаарай.

🥚 113.2 сая өндөг

TUM: Түмэн Шувуут ХК-ийн 2023 оны өндөгний үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 16% өсөж 113.2 сая ширхэгт хүрчээ. Гэхдээ тэдний төлөвлөгөө 117 сая өндөг үйлдвэрлэх байв. Түүнчлэн компани “Түмэн шувуут 2” фермээ өнгөрсөн 10-р сарын сүүлээр ашиглалтад оруулсан бол "Түмэн шувуут 3" төслийг энэ хавар эхлүүлэх гэнэ. Сонирхуулахад, Түмэн Шувуут ХК-ийн хувьцааны үнэ 2023 онд 5.7% унасан байна.

📱 Гар утасны зах зээлийн ширүүхэн жил

Таны гар утасны үнэ хэд вэ? Хэрэв $600-оос илүү бол өндөр үнэтэй (premium) гар утасны тоонд ордог аж. Тэгвэл тус гар утасны зах зээл 2023 онд хэр байв?

Жилийн өмнөхөөс 6%

2023 онд premium гар утасны борлуулалт 2022 оноос 6% өсжээ. Улмаар нийт гар утасны борлуулалтын орлогын 60%-ийг бүрдүүлэв. Учир нь өндөр чадалтай гар утсыг хэрэглэх нь чухал болж, хөгжиж буй орнууд тус төрлийн гар утсыг илүү худалдаж авах болсон аж.

Магнатууд

2023 онд харин тус гар утасны зах зээлд Apple (AAPL)-н эзлэх хувь 4 нэгж хувиар буурч 71%-д хүрсэн юм. Нөгөө талаасаа Samsung (005930.KS), Huawei, Xiaomi (1810.HK)-н эзлэх байр суурь 1%-2% өсөөд амжчихав. Ингэхэд 2023 онд гар утасны зах зээлд юу болсон билээ?

  • Apple 2023 оны 9-р сард гаргасан тайландаа Хятадад дахь борлуулалт жилийн өмнөхөөс 2.2% буурч $72.6 тэрбумд хүрсэн гэж дурдсан билээ. Мөн тус улиралд Америкийн гар утасны тээвэрлэлт өмнөх жилээс 19% буурахад iPhone-нх 11% буурсан нь нөлөөлжээ

  • Huawei харин ч Хятад Америкийн худалдааны дайныг өөрсдөдөө маш сайн ашиглаж чадсан. 2023 оны III улирлын байдлаар борлуулалт нь өмнөх жилээсээ 37% өсөөд амжив.

  • Samsung 2023 оны III улирлын борлуулалт нь өмнөх жилийн мөн үеэс 5.4% буурч ₩29.3 их наяд болсон юм. Гэхдээ оны эхэнд танилцуулсан Galaxy S23-н борлуулалт S22-с 23% илүү байжээ.

Харин энэ онд

Barclays (BARC.L)-с Apple-н iPhone 15-н Хятад дахь борлуулалтаас үүдэн iPhone 16 гарсан ч борлуулалт буурна гэснээс хойш хувьцааны үнэ нь 4.3% унаж $184.3-т хүрээд буй. Харин Samsung Galaxy S24-г энэ сарын 17-нд болох Unpacked-н үеэр танилцуулах шуум гараад байна

Эцэст нь, Америк, Хятадын чипийн асуудлаас үүдэн Apple Хятадаас нүүр буруулсан. Үүнээс шалтгаалан Apple-н зах зээлд эзлэх хувь буурч бусад өрсөлдөгчдөд цар хүрээгээ тэлэх боломж олдов уу даа.

Өнөөдөр жаахан толгой сэргээх тоглоом тоглоё. Бодож чадсан бол хажууд байгаа хүнээ нэг сориод үзээрэй. 🤔

Vox

🔹TikTok энэ онд Америк дахь цахим худалдаагаа $17.5 тэрбумд хүргэхийг зорьж байна. Ингэснээр Amazon (AMZN)-д томоохон эрсдэл бий болох аж. Бичлэгээр бараагаа зарах боломжийг олгож байгаа тус платформ өнгөрсөн жил нийт $20 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөж байсан юм.

🔹Монголын Ипотекийн Корпораци ОУ-д гаргасан долларын бондоо шинэ бондоор солих санал гаргалаа. Энэ оны 2 сарын 8-нд дуусах 8.85%-ийн хүүтэй тус бондын $1,000-ын нэрлэсэн үнэ тутамд $1,050-ын шинэ бонд олгох эсвэл $700-ын шинэ бонд дээр $340-ыг бэлэн мөнгөөр олгох гэсэн 2 санал гаргажээ.

🔹Tencent (0700.HK) 12-р сард HK$10 тэрбумын хувьцаагаа халаасалжээ. Учир нь Хятадын эрх баригчдаас тоглоом бүтээгчдийн орлогыг бууруулах эрсдэлтэй төслийг танилцуулахад тэдний хувьцааны үнэ 12% унасан юм. Улмаар өдөрт халааслах хувьцааны хэмжээгээ HK$375 саяас HK$1 тэрбум болгосон аж.

🔹2023 оны төгсгөлд нийт үнэт цаас эзэмшигчдийн тоо жилийн өмнөхөөс 15.4% өсөж 562.6 мянгад хүрэв. Сонирхуулахад, 2023 онд IPO хийсэн компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо нийт эзэмшигчдийн 8.5%-ийг эзэлж байгаа бол хамгийн их хувьцаа эзэмшигчтэй Женко тур бюро ХК (JTB)-ийн хувьцаа эзэмшигчид 9.2%-ийг бүрдүүлж байна.

  • Movie: Netflix-с үзэх боломжтой шилдэг 100 цуврал. (RottenTomatoes)

  • Game: 2024 оны Steam-н хямдралууд хэзээ болох вэ? (Steam)

  • Edu: Яг одоо үнэгүй үзэх боломжтой Coursera-н хичээлүүд (Coursera)

  • AI: Хиймэл оюун ухаанд итгэх үү, хүнд итгэх үү? (TED)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.