• Lemon Press
  • Posts
  • 🇰🇷 Галзуу баян Солонгосчууд

🇰🇷 Галзуу баян Солонгосчууд

Говийн 7 жил | $BDS-н 152.1%-ийн өсөлт | Идэвхтэй хувьцаанууд

POWERED BY

Hey! Манай Lemonade in Japan контентын маань ээлжит шинэ дугаар цацагдсан шүү. Энэ удаагийн дугаарт Revolut олон улсын дижитал банкны стратеги хариуцсан менежер Э.Ундралбат оролцож Японд стартапд ажилласан туршлага, ажлын газрын соёл, ажлаасаа халагдах, дараагийн ажилд орохдоо ямар процесс туулсан гээд сонирхолтой түүхээ хуваалцсан байгаа. ЭНД дарж үзээрэй. 🍋🎥

*Нэг өдрийн өөрчлөлт.

JSC: Өнгөрсөн 7 хоногт Инвескор ББСБ (INV), Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) болон ХААН Банк (KHAN)-ны хувьцаа хамгийн идэвхтэй буюу нийт ₮2.6 тэрбумаар арилжаалагдсан байна. Мөн арилжаанд Инвескор Капитал ҮЦК хамгийн идэвхтэй оролцов. 

MSE: Тавилга ХК (TVL) бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 44,938 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг нь ₮142,000-өөр худалдан авах санал гаргажээ

FRC: Хөгжлийн банк 2026 оны бизнес төлөвлөгөөний хүрээнд нийт ₮2.3 их наядын санхүүжилт шинээр олгохоор төлөвлөсөн бөгөөд үүнээс нийт ₮1.96 их наядыг олгох судалгаа хийгдсэн байна.

🐫 Говийн 7 жил

Энэ зун говь руу аялсан хүн байна уу? Говийн нар халуун байдаг бол Говь ХК (GOV)-ийн тайлан жиндүү хэвээр. Юу болоод байна?

🦐 Улаан: Тасралтгүй 7 жил

Говь ХК 2019 онд эхний хагас жилээ ₮4 тэрбумын ашигтай хаасны дараа 2020 оноос хойш дараалан 7 жил эхний хагасаа алдагдалтай үдэв. Тус компанийн 12.56%-ийг эзэмшиж байгаа 26 мянган жижиг хөрөнгө оруулагч алдагдалтай тайлан харж дассанаас гадна 8 жил ногдол ашиг аваагүй. Улмаар нэг талаас компани өөрөө МХБ (MSE)-ийн бүртгэлээс хасагдах хүсэлтэй, нөгөө талаас хөрөнгө оруулагчид эрх ашгаа зөрчүүлсэн нөхцөлтэй удаж буй. 

  • 🤿 21-ээс 3-т хуваагдав: Компанийн эхний хагас жилийн алдагдал 2020 онд дээд цэгтээ буюу ₮21.4 тэрбумд хүрч байж. Харин энэ жилийн эхний хагас дахь алдагдал нь тухайн үеийнхээс 3 дахин, жилийн өмнөхөөсөө 2.7 дахин буурч ₮7.2 тэрбум болжээ. Гэсэн ч тэдний хуримтлагдсан алдагдал ₮36.6 тэрбум байгаа юм. 

  • 🤔 Алдагдал яаж буурав? Сүүлийн жилүүдэд $GOV-н гадаад зах зээлд танигдах байдал болон бүтээгдэхүүний төрөлжилт илт нэмэгдэж байгаа. Энэ ч утгаараа тайлант хугацаанд борлуулалтын орлого 9.4% өсөж ₮84.1 тэрбумд хүрсэн аж. Нийт борлуулалтын 86.1%-ийг дотоод, 13.9%-ийг гадаад зах зээл бүрдүүлсэн. Тэр дундаа экспортын борлуулалт нь ₮2.3 тэрбумаар нэмэгдсэн гэнэ.

  • 🤯 Асуудал юундаа байна? Орлого өссөн ч нийт өр төлбөр нь нийт хөрөнгөөс давсан буюу ₮434.9 тэрбум байгаа. Нийт өр төлбөрийн нийт хөрөнгөд эзлэх хувь 106.8% байгаа хэрэг. Энэ нь санхүүжилтийн дарамт өндөр байгааг илэрхийлнэ. Улмаар компанийн өөрийн хөрөнгийн утга сөрөг байгаагаас гадна өмнөх оны эцсээс улам муудаж -₮27.9 тэрбум болжээ.

Эцэст нь… Монголын урдаа барих үндэсний үйлдвэрлэгчийн санхүүгийн нөхцөл байдал болон жижиг хөрөнгө оруулагчдыг хохироож байгаа нь үнэхээр харамсалтай. Гэтэл нөгөө талаас тайлангийн араас ч компанийн нэгж хувьцааны үнэ 6.3% өсөж ₮287-т хүрч, хувьцаа эзэмшигчдийн тоо нь ч нэмэгдсэнээс харахад хонгилын үзүүр дэх гэрлийг хүлээгээд байх шиг… 🤷 

  • 🕵🏻‍♂️ Дуулиант ₮6.6 тэрбумын мөнгө угаасан хэрэг хаана явна? (news.mn)

  • 🤔 Meta-н AI-н шинэ реклам ирээдүйг магтсан ч дуу нь сүйрлийн тухай байв. (WIRED)

  • 💯 Өнгөрсөн 5 жилд хамгийн олон улсын цолтонтой болсон ТОП-5 аймаг. (Ubn)

  • 🆚 Дэлхийн тавцанд Хятад Америкийг орлож чадах уу? (Brookings)

🐦‍🔥 $BDS-н 152.1%-ийн өсөлт 

BDS: Өнгөрсөн II улиралд БиДиСЕК ҮЦК-ийн цэвэр ашиг ₮1.6 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 152.1% өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, компанийн үйл ажиллагааны орлого мөн үеэс 12.2% өсөж ₮2.9 тэрбумд, борлуулалт маркетингийн болон хүнтэй холбоотой зардал 15.6% нэмэгдэж ₮2.1 тэрбумд тус тус хүрсэн бөгөөд цэвэр ашиг өсөхөд гадаад валютын ханшийн зөрүүний гарз 6.7 дахин багасаж ₮119.8 сая болсон нь томоохон нөлөөг үзүүлсэн байна. Үүнтэй холбоотой өнгөрсөн долоо хоногийн сүүлээр $BDS-н нэгж хувьцааны үнэ 1.9% өсөж ₮1,518 дээр хаагджээ.

🤑 Галзуу баян Солонгосчууд 

Өмнөд Солонгосын Black Combat холбооноос зохион байгуулж буй улс хоорондын холимог тулааны Black Cup 2026 тэмцээний хагас шигшээд Монголын баг эзэн орны багийг 4:3 харьцаатай ялж, аваргын төлөө шалгарлаа. Тэр ч яахав цаана чинь Өмнөд Солонгост шинэ үеийн баячуудын давлагаа эхлээд байна. Тэгвэл юу болоод байгааг сонирхоод үзье.

💰 Өсөлтөөрөө цойлов

Сүүлийн нэг жилийн хугацаанд Сөүл хот $30 саяас дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоогоор дэлхийд 12-т жагссан ч өсөлтийн хурдаараа бусад хотуудыг тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Сөүл хотын нийт хүн амын 0.07%-ийг эзлэх 6.2 мянган хүн $30 саяас дээш хөрөнгөтэй аж. Сонирхуулахад, дэлхий даяар $30 саяас дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2025 онд 14.4% өсөж 556.8 мянгад хүрсэн нь 2017 оноос хойших хамгийн огцом өсөлтөөр тооцогдсон байна.

  • 🔑 Гол зангилаа: Өмнөд Солонгосчуудын хөрөнгө чинээ өнгөрсөн 5 жилд хурдацтай өсөж, нэг насанд хүрэгчид ногдох дундаж хөрөнгө 44% нэмэгдэв. Үүний ард AI-н өсөлтөөс ашиг хүртэж буй Samsung Electronics (005930.KS), SK Hynix (000660.KS)  зэрэг чип үйлдвэрлэгчдийн нөлөө бишгүй их.

🦈 Чипийн аваргууд

AI дата төвүүдэд шаардлагатай HBM чипийн зах зээлийн ойролцоогоор 80%-ийг бүрдүүлдэг Samsung Electronics болон SK Hynix нь ажилтнууддаа өндөр дүнтэй урамшууллыг олгох болсон. Жишээлбэл, энэ жил SK Hynix-н нэг ажилтан дунджаар $476 мянга, Samsung Electronics-н ажилтан $340 мянга хүртэлх урамшуулал авах төлөвтэй байгаа нь тэдний жилийн цалингаас хэд дахин өндөр дүн юм.

  • Өмнө нь тус улсын баялаг голчлон удам дамжсан томоохон гэр бүлүүдэд төвлөрдөг байсан бол өдгөө AI-н өсөлтөөр инженерүүд, технологийн ажилтнууд шинэ үеийн баячууд болж эхэлжээ.

Эцэст нь… Улс орноороо баяжихад хувийн хэвшлийн нөлөө ямар их болохыг Өмнөд Солонгосын жишээ харуулж байна. За тэгээд хэзээ нэгэн цагт Монголоос дэлхийн хэмжээний компани төрөн гарах үед Монголын баячуудын тоо нэмэгдлээ гэх мэдээ гарах биз ээ. 🤞🏻

ТОП-20 индексэд багтдаг компаниудыг Facebook дээр нийтдээ давхардсан тоогоор 4.6 сая хэрэглэгч дагадаг гэдгийг мэдэх үү? Тэгвэл тэднээс хамгийн олон дагагчтай айргийн 5 компанитай танилцацгаая. 

  • 1️⃣ $KHAN: 584 мянга

  • 2️⃣ $GOV: 533 мянга

  • 3️⃣ $GLMT: 447 мянга

  • 4️⃣ $CUMN: 405 мянга

  • 5️⃣ $TDB: 398 мянга

Сонирхуулахад, ТОП-20 компанийн 13 нь 100 мянгаас дээш дагагчтай бол 7 нь 300 мянгыг давсан дагагчтай байна.

BigGo Finance

🍋 Nvidia (NVDA) компани AI чипийн санах ойн хомсдолыг шийдвэрлэхийн тулд SK Hynix (SKHY)-с HBM санах ойн нийлүүлэлт авах $500 тэрбумын хэлцэл байгууллаа. Хэлцлийн хүрээнд SK Telecom (SKM) тус компанийн Vera Rubin системийг ашиглан асар том AI үүлэн бизнесийг хөгжүүлэхээр болжээ. Мөн Nvidia Солонгосын Naver (035420.KS)-т $1 тэрбумыг оруулахаар болж, дэлхий дахинд AI дэд бүтцийг тэлэх томоохон алхам хийлээ.

🍋 Европын Холбооны ОХУ-ын эсрэг хоригт Чингис Хаан банк багтсан нь зөвхөн тухайн банканд хамаарах шийдвэр ажээ. Уг банк нь системийн активын 0.02%-ийг эзэлдэг тул Монгол Улсын банкны салбар, төлбөр тооцооны үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй гэж үзсэн байна. Монголбанк 2022 оноос тус банкны эрхийг хязгаарласан бөгөөд цаашид ч салбарын тогтвортой байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах гэнэ. 

🍋 Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын бүтээн байгуулалт 62%-ийн гүйцэтгэлтэй байна. Барилга угсралтыг 10-р сард дуусган туршиж, станцыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ёстой билээ. Станц ашиглалтад орсноор гэр хорооллын 5,000 орчим өрх дулаанд холбогдож, нийслэлийн өвлийн ачаалал буурах юм.

🍋 Өнгөрсөн улиралд Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-н Баян Хөндийн алтны уурхайн олборлолт өмнөх улирлаас 37% өслөө. Компанийн хувьд тайлант улиралд нийт 11,709 унц алт олборлож, $53 саяын орлого олсон бөгөөд боловсруулсан хүдрийн агуулга өмнөх улирлаас 25% өссөн аж. Үйл ажиллагааны үр ашиг тогтвортой сайжирч буй нь компанийн хайгуул, бүтээн байгуулалтын ерөнхий стратегид томоохон дэмжлэг үзүүлж байна.  

🍋 Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 5,000 айлын "Ногоон орон сууц" төслийг хэрэгжүүлж буй. Шархад дэд төвд эхний 110 айлын орон сууцыг Улсын комиссоор оруулсан бөгөөд EDGE стандартын уг барилга нь эрчим хүч, усыг 20%-25% хэмнэнэ гэнэ дээ. Уг төсөл 8,000 яндан, 5,000 нүхэн жорлонг цэгцлэх ач холбогдолтой ч газар чөлөөлөлт болон ариутгах татуургын өргөтгөл тулгамдаж байгаа аж. 

  • Даваа: $MSE-н энэ оны II улирлын Earnings call зохион байгуулагдана.  

  • Мягмар: Өмнөд Солонгосын хэрэглэгчийн итгэлийн индекс нийтлэгдэнэ.

  • Лхагва: $MSFT, $META, $PG тэргүүтэй томчуудын тайлан ил болно

  • Пүрэв: $AAPL, $AMZN, $MA нар санхүүгээ танилцуулна.

  • Баасан: Spider-Man: Brand New Day кино нээлтээ хийнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.