- Lemon Press
- Posts
- 🤑 The Odyssey-н орлого
🤑 The Odyssey-н орлого
Наадмаар болсон явдал | $NFLX-н тааруу таамаглал | ₮-ийн хадгаламж өсөв
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! Саяхан эхэлсэн мэт санагдах наадмын амралт дуусаж, энэ жил аль хэдийн 55%-даа ороод байна. Одоо үлдсэн зуны өдрүүдээ хамгийн үр бүтээлтэй, эрч хүчтэйгээр өнгөрүүлээрэй. Мөн товхимлоо ч идэвхтэй уншиж, шинэ соргог мэдээллээс бүү хоцроорой. 😎🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголын болон Өмнөд Солонгосын төв банкнууд иргэд, ААН-үүдийн хил дамнасан төлбөр тооцоог илүү хурдан, хялбар, зардал багатай болгох төлбөр тооцооны дэд бүтцийг уялдуулан хөгжүүлнэ.
NSO: Энэ оны эхний хагаст ₮-ийн хадгаламж 26.3% өсөж ₮28.5 их наяд болсон бол валютынх 7.1% буурч ₮5 их наяд шүргэжээ.
POL: Тажикистан Улсын төрийн тэргүүний 17 жилийн дараах төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.

🥴 Ээдрээтэй хагас жил

Урт амралтын дараа ажил төрөл эхэллээ, жинхэнэ амьдралтайгаа нүүр тулъя даа. Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагаст ямар өнгөтэй байв аа, юу болов?
🐎 1-р үзэгдэл: Халалт ба Тэлэлт
2026 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад Монголын эдийн засаг гаднаа гяланцаг, дотроо паланцаг буюу сонгодог халалтын шатандаа оржээ. Эдийн засаг 7.3% өссөн нь өмнөх оны мөн үеийн 5.6%-иас мэдэгдэхүйц хурдассаныг харууллаа.
💥 Гол тулгуур: Энэхүү өсөлтийн гол хөдөлгүүр нь гадаад сектор. Гадаад худалдааны ашиг бараг 4 дахин нэмэгдэж $4.3 тэрбумд хүрсэн нь экспортын түүхий эдийн борлуулалт сайн байгааг илтгэнэ. Үүнийг дагаад ГВАН $7.7 тэрбумд хүрч түүхэн дээд хэмжээгээ шинэчлэв. Энэ бол ₮-ийн ханшийг тогтвортой байлгах, гадаад шокоос хамгаалах маш том санхүүгийн дэр билээ.
🥶 2-р үзэгдэл: Том алдагдал ба Том тоо
Гэвч еэвэнгийн нөгөө тал хөгцтэй. Гаднаас орж ирж буй мөнгөний урсгал болон дотоодын хэт тэлэлтээс шалтгаалж инфляц 12%-д хүрч, Төв банкны зорилтот түвшнээс холдов. Үүний гол буруутан нь ЗГ-ын хумигдахгүй байгаа төсвийн бодлого юм. Төсвийн алдагдал өмнөх оноос бараг 2 дахин томорч ₮1.4 их наяд болоодхож. Төсвийн энэхүү өндөр алдагдал нь эдийн засаг руу их хэмжээний бэлэн мөнгө шахаж, инфляцыг хөөрөгдөх гол түлш болж байна.
⚠️ Сонирхолтой нь, Төв банк бодлогын хүүгээ 12% дээр хэвээр үлдээсний дараа инфляц бодлогын хүүтэй тэнцсэн явдал. Инфляц цойлоход хүүг өсгөх макро эдийн засгийн дүрэмтэй. Гэвч бодлогын хүү хэдийн өндөр түвшинд байгаа тул хувийн хэвшлийн зээл, бизнесийн идэвхжилийг бүрмөсөн боомилохгүйн тулд ийнхүү хүлээзнэх тактик сонгож буй.
🫸 Одоогийн нөхцөл байдлыг дүгнэвэл, Монгол Улс экспортоос олж буй валютын давуу талаа төсвийн үрэлгэн байдлаар унтрааж байна даа. Хэрэв төсвийн алдагдлыг хумихгүй бол ирэх хагас жилд инфляц улам гаарч, иргэдийн бодит орлогыг залгих эрсдэлтэй.

🍜 Солонгос соёлд автсан Улаанбаатар хот. (TheKoreaHerald)
💡 AI анхан шатны ажлын байруудыг устгах биш өөрчилж байна. (FT)
💧 Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах байршлууд. (gogo)
🤔 Хөрөнгө оруулалтын гүрү нар юун дээр алддаг вэ? (TheEconomist)

🔻 $NFLX-н тааруу таамаглал
NFLX: Өнгөрсөн II улиралд Netflix-н нийт орлого өмнөх оны мөн үеэс 13.4% өсөж $12.6 тэрбумд хүрчээ. Үүнтэй холбоотой компани $3.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $0.8 хүрснээр шинжээчдийн таамгийг эвдсэн аж. Гэвч тэд ирэх улирлын орлогын өсөлтөө 11.7% буюу $12.9 тэрбумд хүргэнэ хэмээн төлөвлөсөн нь нэгж хувьцааны үнэ 7.3% унаж $68.9-т хүрэхэд нөлөөлжээ. Сонирхуулахад, энэ оны эхний хагаст хэрэглэгчдийн платформ дээр өнгөрүүлсэн хугацаа өвлийн олимп болон хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой өмнөх оны мөн үеэс ердөө 2% өссөн гэнэ.

😵💫 Наадмаар болсон явдал

Олон хоног үргэлжилсэн наадмын урт амралтаар дэлхий дахин болон улс оронд өрнөсөн голлох үйл явдлуудыг тоогоор харцгаая.
🌐 Дэлхий дахинд
2 дахь цом: 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргаар Ла Роха хочит Испани тодорч, түүхэндээ 2 дахь удаагаа Алтан дагина цомыг өргөлөө. Ингэснээр тэд тэмцээний шагналаас $50 саяыг, удаах байранд орсон Аргентин $33 саяыг тус тус аваад байна.
2.8 их наяд: Дэлхийн хамгийн том нээлттэй AI-н загварыг Хятадын Moonshot компани танилцууллаа. Тодруулбал, тэдний 2.8 их наяд параметртэй Kimi K3 загвар нь GPT-5.5 болон Claude Opus 4.8-тай өрсөлдөхүйц үзүүлэлттэй болохоо баталжээ.
20%: Иран болон Америкийн энхийн хэлэлцээр цуцлагдаж, газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн 20% нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой дахин хаагдаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсэв.
№1 компани: Өнгөрөгч Баасан гарагт Nvidia (NVDA)-н нэгж хувьцааны үнэ 3.5% буурснаар зах зээлийн үнэлгээ нь $4.86 их наяд болсон бол Apple (AAPL) $4.88 их наядын үнэлгээнд хүрснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов.
🇲🇳 Монгол оронд
3 хоног: Төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Монголд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён айлчилж, эрүүл мэнд, байгаль орчин, хүнс, ХАА, мэдээллийн технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
15 мянга: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэж, 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсан оролцов.
$1.25 сая: Ирэх оны 5-р сард Улаанбаатар хотноо CS2 тоглоомын $1.25 саяын шагналын сантай Blast Open зохиогдохоор болжээ. Ингэхдээ дэлхийн чансаа өндөр 16 баг оролцож, 14 өдрийн туршид өрсөлдөх хуваарьтай байна.
11 медаль: Олон улсын физикийн 56-р олимпиадаас Монголын баг 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол математикийн 67-р олимпиадаас манай баг 2 мөнгө, 4 хүрэл медаль авчээ.
Эцэст нь… Наадмын урт амралтаар болж өнгөрсөн онцлох үйл явдлууд иймэрхүү байжээ. За тэгээд дэлгэр зун дуусах болоогүй ч наадмын дараа намар гэж үг бий шүү. Тиймээс одоо урдах ажлаа умалзуулаад өгөөрэй. ✌🏻

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25.7 мянган эх амаржиж, 26 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 3.9%, төрсөн хүүхдийн тоо 3.7% тус тус буурчээ. Мөн 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2-оор буурсан байна. Тэгвэл 1,000 хүнд ногдох төрөлт хамгийн өндөр байгаа ТОП-5 аймгийг харвал:
◽️ Баян-Өлгий: 10.9
◽️ Улаанбаатар: 8.7
◽️ Орхон: 8.4
◽️ Ховд: 8.3
◽️ Дархан-Уул: 7.7
◽️ Увс: 7.6
Баруун аймгууд болон томоохон хот суурингуудад 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин бусад аймгуудаас өндөр хэвээр байна. 📈👩🏻🍼


Universal Pictures
🍋 “The Odyssey” кино нээлтийн өдрүүдээрээ дэлхий даяар нийт $264.1 саяын орлого олжээ. Эртний Грекийн Одиссей туулиас сэдэвлэсэн Кристофер Нолан найруулагчийн “The Odyssey” нь дэлхийн 73 улсын 12.7 мянган кино театрын 25.6 мянган дэлгэцээр нээлтээ хийгээд байна. Сонирхуулахад, “The Odyssey” нь Грек, Итали, Марокко, Шотланд, Исланд, Америк зэрэг 6 улс дамнан зураг авалтаа хийж, ойролцоогоор $250 саяын өртгөөр бүтжээ.
🍋 Хүннү эйр компани Японы Мацумото хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад хотын чиглэлд амжилттай нислэг үйлдлээ. Тодруулбал, өнгөрсөн Бямба гарагт зохион байгуулагдсан тус нислэг нь Өмнөговь аймгийг олон улстай шууд холбосон анхны түүхэн үйл явдал болсон бөгөөд үүгээр Японоос 80 гаруй жуулчин аялахаар хүрэлцэн иржээ. Түүнчлэн Хүннү эйр өмнө нь 2025 онд Өмнөд Солонгосын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал руу олон улсын шууд нислэг үйлдэж байсан аж.
🍋 Хятадын чип үйлдвэрлэгч CXMT Шанхайн хөрөнгийн бирж дээр $10 тэрбумын IPO хийнэ. Энэ нь тус улсын зах зээлд 2010 оноос хойш болох хамгийн том IPO-д тооцогдох бөгөөд албан ёсны арилжаа энэ сарын 27-нд эхлэх хүлээлттэй байна. Ингэхдээ олон нийтэд нэгж хувьцаагаа ¥8.7-аар санал болгож, 5.6 тэрбум ширхэг хувьцааг татан төвлөрүүлэх аж. Хэрэв энэхүү IPO амжилттай болбол Хятадын бусад чип үйлдвэрлэгч томоохон компаниуд ар араасаа нээлттэй компани болох магадлал өндөр байгаа аж.
🍋 Улаанбаатар Амазонс баг FIBA 3x3 Jinan Women's Series тэмцээнд түрүүлэв. Хятадад зохион байгуулагдсан тус тэмцээнд Улаанбаатар Амазонс аваргалж, $14 мянгын шагналын эзэд болсон ба тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Улаанбаатар Амазонсын тоглогч О.Хулан тодорчээ. Улаанбаатар Амазонсын хувьд одоогийн байдлаар 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.

Даваа: Энэ оны эхний хагас жилийн 9 статистиктай танилцана.
Мягмар: Өнгөрсөн сард Хонконгийн ХҮИ хэрхэн өөрчлөгдөв?
Лхагва: $GOOG, $TSLA, $T нарын санхүүгийн тайлан ил болно.
Пүрэв: $INTC, $BX, $CMCSA нар санхүүгийн гүйцэтгэлээ танилцуулна.
Баасан: Олон улсын өөрийгөө анхаарч, хайрлах өдөр тохионо.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply