- Lemon Press
- Posts
- 🔥 The MongolZ гал асаалаа
🔥 The MongolZ гал асаалаа
Зээлээр босох эрчим хүч | $400 саяын бонд | Америк бөмбөгдөв
POWERED BY
Өглөөний мэнд ээ! XIII зуунд Дэлхий нийтийг Монголчууд донсолгож явсан бол XXI зуунд The MongolZ баг түүхийг дахин давтлаа. Тэд BLAST.tv Austin Major 2025 буюу дэлхийн аваргын тэмцээнд дэд байр эзлээд байна. Тэгээд өнөөдөр ажлын тань хэн нэгэн хоцрох эсвэл ажилдаа ирэхгүй бол The MongolZ-оо үзээд нойргүй хоносон гэдгийг нь ойлгоорой. 🤪


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Говь ХК (GOV) Өмнөд Солонгост “Gobi Cashmere Korea” нэртэй охин компани байгуулна. Уг компанийн дүрмийн сан ₩100 сая байх аж.
MNG: Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны 1-р сарынхаас 8.8% буюу ₮1.2 их наядаар буурч ₮12.1 их наяд боллоо.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээл дээр ₮42 тэрбумын болон $984.8 мянгын арилжаа хийгджээ. Нийт төгрөгийн арилжааны 34.9%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

⚡️ Зээлээр босох эрчим хүч

Элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарын сайд нь “эрчим хүчний асуудлыг дараагийн сайд шийдэх ёстой” гээд хээв нэг тоохгүй байсан ч дуртай дургүй дахин томилогдоод ажлаа үргэлжлүүлж, зээлээр шугам барихаар боллоо гэж. 👇
📄 Ээлжит тоотой төсөл
Манайхан нэг ажил явуулах болохоороо 1, 2, 3 гэж нэрлээд дуншиж, дуншиж хийдэг жамтай. Үүний нэгэн адил "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж батлаад байна.
📌 Хэд юм бэ, өгөөж юу юм бэ? Эрчим хүч -3 төсөл гэж Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ-н 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төслийг хэлж буй. Үүнийгээ Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох $47 саяын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Гэхдээ уг төслөөс Улаанбаатарын цахилгаан хангамжид шууд нөлөө ирэхгүй.
🧐 Зээлийн гүнд: Тус банкны санал болгож буй зээл нь SOFR хувьсах хүү дээр 1.44% нэмэгдэлтэй, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөж, нийт 25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нь дээр үйлчилгээний шимтгэл нь зээлийн дүнгийн 0.25% гэнэ.
🙃 Үнэ нэмж олсон төсвийн зарцуулалт
Юутай ч дээрх төсөл Оюу толгой төслийг Монголын эх үүсвэрээр хангахад дэм болох аж. Харин өнгөрсөн оны 11-р сард цахилгааны үнийг нэмсний дүнд энэ онд ₮546 тэрбумын нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх аж. Үүний 40.3%-ийг цалингийн нэмэгдэлд, 20.3%-ийг нүүрсний борлуулалтын үнийн алдагдлыг нөхөхөд, үлдсэн 40% хүрэхгүй хэсгийг өвөлжилтийн бэлтгэл хангах болон гэр хорооллын шугам сүлжээний шинэчлэлд зарцуулсан бас зарцуулах юм гэнэ. Ай даа…
Эцэст нь… Өвөлдөө дулаахан, бүх цаг үед гэрэлтэй байя гэвэл 2040 он гэхэд ₮110.7 их наяд шаардлагатай юм гэнэ лээ. Нүүрсний хулгай, ЖДҮ-ийн асуудал байгаагүй бол бараг бүрдчихээр. Уг нь хоёрхон сарын өмнө энэ салбар $2 тэрбумын хөрөнгө оруулалт татлаа гээд баярлаж байтал онцын шийдвэр гараагүй нь дээр осол ч гарлаа. Одоо үнэхээр шинэчлэл, реформ, дорвитой үйлдэл хэрэгтэй байна шүү.

🫗 Огцрох амархан гэдгийг харуулсан ээлжит жишээ. (Gogo)
🚀 Өнгөрсөн онд Америкт өдөрт 1,000 гаруй $-н саятан төржээ. (FoxBusiness)
👥 Дэлхийн хамгийн нөлөө бүхий маркетингийн захирлууд хаанаас тодров? (Forbes)
👹 Labubu-н эрэлт бүр талийж өгчээ. (CNN)

🏈 $400 саяын бонд
UAA: Спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг Under Armour-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн Баасан гарагт 13.94% өсөж $7.03 дээр хаагджээ. Өсөлтийн гол шалтгаан нь компанийн $400 саяын үнийн дүнтэй бонд гаргах шийдвэр байсан бөгөөд уг бонд нь 7.25% хүүтэй, үндсэн төлөлт нь хагас жил тутамд төлөгдөх ба 2030 онд хугацаа нь дуусах аж. Түүнчлэн тэд Америкийн их, дээд сургуулиудын спортын холбоо болох CIAA-тай байгуулсан онцгой гэрээгээ 2029 он хүртэл сунгаад байна.

💣 Америк бөмбөгдөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америк Ираны 3 гол цөмийн байгууламж руу агаарын цохилт өглөө. Ираны тал тус цохилтыг зөвшөөрсөн ч ноцтой хохирол амсаагүй гэж мэдээлээд байна.
🇺🇸 Тагтаа эсвэл Шонхор
Ойрх Дорнодын бүс нутгийн геополитикт Америкийн нүсэр нөлөөг үзсээр 40 жилийг үдлээ. Шинжээчид тэднийг энэ удаад тэд Израил болон Ираны хооронд үүсээд буй мөргөлдөөнд шууд оролцож, Ираны цөмийн зэвсэг хөгжүүлж буй Фордо, Натанк, Исфахан дахь байгууламжийг 13.6 тн жинтэй GBU‑57A/B бөмбөгөөр бөмбөгдсөн гэж таамаглаж байна.
🗣️ Мэдэгдэл: Ерөнхийлөгч Donald Trump хэлэхдээ хэрэв ойрын хугацаанд энх тайван тогтохгүй, Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлбэл, дахин цохилт өгнө хэмээн анхааруулав.
🕰️ Бүхний эхлэл
Энэ бүх асуудал Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой ба Израилын талаас уг хөтөлбөрийг бүс нутгийн аюулгүй байдалд хар мөртэй гэж үзэж буй. Тэд 6 сарын 13-нд Ираны хэд хэдэн цөмийн болон цэргийн байгууламж руу агаарын цохилт өгсний хариуд Ираны зүгээс Израил руу 450 гаруй пуужин, дроныг харвасан аж. Албан ёсны тоо хараахан гараагүй ч Ираны талаас ойролцоогоор 430 хүн амиа алдаж 3,500 хүн бэртсэн бол Израилын 24 энгийн иргэн, 1,272 хүн бэртжээ.
☢️ Цөмийн хөтөлбөр: Ираны цөмийн хөтөлбөр 1950-аад оноос эхэлсэн ба 2000-аад оноос хурдтай хөгжиж олон улсын шүүмжлэлд өртөж эхэлсэн. 2015 онд цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаар тохирсон ч сүүлийн жилүүдэд дахин идэвхжээд байна.
🛢️ Газрын тосны үнэ?
Нөхцөл байдлын улмаас өнгөрсөн 1 сарын хугацаанд 1 баррель газрын тосны үнэ 18.4% өсөж $74.04-т хүрсэн бөгөөд JPMorgan (JPM)-н таамгаар 1 баррель газрын тосны үнэ $130-т хүрч болзошгүй байгаа юм. Агаарын дайралтад Израилын Хайфа дахь газрын тосны цэвэрлэх үйлдвэр, Ираны Өмнөд Парсын хийн орд өртсөн аж. Нөгөө талаар Ираны гол газрын тосны экспортын төв болсон Харк арал цохилтод өртөөгүй ба үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Эцэст нь… Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, хариу цохилтоо зогсоохгүйгээ мэдэгдэж, бүс нутаг дахь Америкийн цэргийн бааз руу дайралт хийхээ мэдэгдлээ. Үүссэн нөхцөл байдал хаа хүрэх нь тодорхойгүй ч дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна даа.

Одоогоор Монголын ЕБС-уудын өдрийн ээлжид 797.9 мянган хүүхэд суралцаж буй.
Үүний 47.6% буюу 379 мянга нь бага ангид, үлдсэн 53.4% нь дунд, ахлах ангийн сурагчид байна.
Тэгвэл өдгөө дунд ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад ₮240.5 тэрбум буюу 249,820 сурагч тус бүрийн зардал ₮5,500 болох аж.
Үүн дээр ойролцоогоор ₮1,000-өөр илүү зардлаар бүтдэг дотуур байранд оршин суудаг сурагчдын үдийн хоолны зардал нийт ₮111.6 тэрбум болох юм гэнэ.
Тэгвэл эдгээр ажлыг хэрэгжүүлбэл Боловсролын яамны төсөв өнгөрсөн оныхоос 46.4% өсөж ₮6 их наядыг давах тооцоо гарчээ.

🎤⛺ Playtime хаяанд ирлээ!
Мөн ч ойрхон байна даа. “Playtime Festival 2025” болоход 9 хоног үлдлээ! 📢 Энэ жилийн фестиваль ОУ-ын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлжээ.
🤌 Төгс дуугаралт: Наадмын дууны инженерийн багт Нидерландын мэргэжилтэн нэгдсэн тул тайз, дуугаралтын чанар янзтай болж.
💳 Хялбар төлбөр тооцоо: Фестивалийн бугуйвч NFC технологитой болсон тул бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг түргэн хялбар хийхээс гадна зарцуулалтаа хяначхаж болох нь.
⌚ Түргэн нэвтрэлт: Түүнчлэн тасалбар баталгаажуулалтын системтэй болсон тул хуурамч тасалбарын асуудлууд гарахгүй, иймд тасалбараа идэвхжүүлээд наадмын талбай руу гялс гялс нэвтрэх боломжтой болсон байна.
За тэгээд дэд бүтэц ок, ногоон орчин ок, зохион байгуулалт ок болсон шүү. ЭНД дарж хэрхэн ногоон орчин бүрдүүлсэнтэй танилцаарай.

Giphy
🍋 Японд будааны үнэ 5-р сард өнгөрсөн жилийнхээс 101.7%-иар өсөж кг нь ойролцоогоор ₮19 мянга болов. Улмаар сүүлийн үед будааны үнийн өсөлтөөс хамаарч савлах болсон тус улсын инфляц сүүлийн 2 жилийн дээд түвшин буюу 3.7%-д хүрсэн байна. Энэ бүхэн 2023 онд тус улсад нүүрлэсэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн нийлүүлэлтийн хомсдолыг ЗГ үл ойшоон ирснээс улбаатай.
🍋 ЗГ төсвөөс ₮535.9 тэрбумыг хэмнэлтэд тооцлоо. Энэ нь гэрээ байгуулаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан 130 төсөл, арга хэмжээний санхүүжилт бөгөөд үүний 36% нь эрүүл мэндийн сайд тэргүүтэй 5 сайдаас хэмнэгдэх бол үлдсэн 64% буюу ₮342.7 тэрбумыг бусад 14 сайдаас тус тус хэмнэгдэх аж.
🍋 Apple (AAPL)-н хувьцаа эзэмшигчид компанийн эсрэг хамтын нэхэмжлэл гаргажээ. Учир нь Apple Siri-д суурилсан AI шинэчлэл нэвтрүүлэх талаар хөрөнгө оруулагчдад хэт өөдрөг мэдээлэл өгсөн ч уг шинэчлэл нь бодитоор хэрэгжээгүйн сацуу 2026 он хүртэл хойшлуулсныг тэд хожим мэдсэн гэнэ. Улмаар шинжээчдээс сөрөг үнэлгээ авч зах зээлийн үнэлгээ нь өнгөрсөн 12-р сараас хойш $900 тэрбумаар агшсан байна.
🍋 ЭЗХЯ нийт газар, хэлтсийн 55%-ийг татан буулгаж 18 болгов. Түүнчлэн дэргэдэх хүрээлэн, төвүүдийн 60%-ийг татан буулгаж, 3 газартай болгожээ. Цаашид яамны томилолт, уулзалт, форум зэрэг ажлыг танаж, бодлогын үр дүнд төвлөрч ажиллах, салбарын судалгаа шинжилгээ зэрэг хувийн хэвшил хийж болох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх юм гэнэ.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply