• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 The MongolZ аваргалах уу?

🇲🇳 The MongolZ аваргалах уу?

Шинэ ХБҮЦ айсуй | Reddit-н шинэхэн AI | Хятадын аппетит буурна

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  Ирэх Бямба гаргаас эхлэн 30°C давж халахаар байна шүү. Үүний хажуугаар төсвийн тодотгол, шинэ сайд нарын бодлогын чиг баримжаа яригдаад эхэлнэ. Даралтын эмээ ойр байлгахад гэмгүй өдрүүд ирж байна. Анхаарна биз ээ. 🥵🪭

*Нэг өдрийн өөрчлөлт.

ADB: Азийн хөгжлийн банк 2 дахь ₮-ийн бондоо 6 жилийн хугацаатай, 10.3%-ийн тогтмол өгөөжтэйгөөр гаргаж, ₮55.8 тэрбумыг татан төвлөрүүллээ. Тус санхүүжилт дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.  

GOV: Шинэ ЗГ төсвийн тодотголоор төсвөөс ₮1.8 их наядын дүн бүхий тодотгол хийх шаардлагатайн сацуу хэмнэлтийн хүрээнд төрийн албаны 14,400 хүнийг цомхотгохоо мэдэгдлээ

JPN: Японы экспорт өнгөрсөн 5-р сард өнгөрсөн жилийн мөн үеэс 1.7% буурч, сүүлийн 8 сар дотор хамгийн огцом буурав

🔥 Шинэ ХБҮЦ айсуй

Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан Нэткапитал Эй Би Эс ТЗК нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах гэж байгаа юм байна шүү. Анхаарлаа нааш нь. 

💡 ₮30 тэрбумыг татан төвлөрүүлэх ХБҮЦ

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэд ББСБ-ууд эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор нийт 13 ХБҮЦ гаргаж байв. Одоогоор МХБ (MSE) дээр 5, UBX дээр 1 ХБҮЦ тус тус идэвхтэй байгаа. Тэгвэл энэ удаад Нэткапитал Финанс Корпораци ББСБ өөрсдийн байгуулсан тусгай зориулалтын компаниараа дамжуулж нээлттэй ХБҮЦ гаргаж ₮30 тэрбумыг татан төвлөрүүлэх нь. Тэдний тухайд 17 жилийн түүхтэй салбарын уугуулуудын нэг.

  • ⏳ Харин одоо: Компани 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тэлсээр 2025 оны I улирлын байдлаар 44 салбартай, 683 ажилтантай болсноор нийт 112.6 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа аж. Мөн компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 онд 94.4% байсан бол 2024 онд энэ тоо 2.8 нэгж хувиар сайжирчээ.

  • 📈 5 жилийн дундаж өсөлт 70%: Түүнчлэн тус компанийн нийт хөрөнгө нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 70% өсөж 2024 оны байдлаар ₮271 тэрбумд хүрсэн аж.

💰 20%-ийн хүүтэй ХБҮЦ

Одоо гаргаж байгаа ХБҮЦ-ны нэгж бүрийн үнэ нь ₮100 мянга, хугацаа нь 24 сар байх бол хүү нь 20% байх. Хүүгээ улирал тутамд төлөх бол үндсэн төлбөрийг хагас жил тутамд төлөх нь. Харж байгаачлан Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын гаргаж байгаа ХБҮЦ-ны хүү одоо идэвхтэй байгаа 5 ХБҮЦ-ны хүүгээс 0.5-3 нэгж хувиар өндөр байгаа юм. Мөн банкнуудын 1 жилийн хугацаатай, ₮-ийн энгийн хадгаламжийн хүүгээс 7 нэгж хувиар илүү гэсэн үг. 

  • 🧐 Эрсдэлийг яаж даах вэ? Нэмээд уг ХБҮЦ нь ₮48.6 тэрбумын үнийн дүн бүхий автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан аж. Энэ нь хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг гүйцэтгэхэд хангалттай түвшинд байгаа юм.

Эцэст нь… Уг ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд андеррайтераар нь Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж буй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. ХБҮЦ-д хөрөнгө оруулах нь орлогын татвар хамгийн багатай сонголт хэдий ч сайн судалж шийдвэрээ гаргах нь зүйтэй шүү. 

  • 🩺 Сүүлийн 10 сард эрүүл мэндийн сарт ямар бодлогын шинэчлэл хийв? (ЭМЯ)

  • 🎞️ Тун удахгүй Facebook дээрх бүх бичлэг “Reel” хэлбэртэй болж эхлэх нь. (TheVerge)

  • 🧹 Мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ гэнэ. (MNB)

  • 🎴 AI салбарын өрсөлдөөн ч гал голомт руу нь дайрах хүртлээ ширүүсэж байна даа. (TechCrunch)

🇲🇳 The MongolZ аваргалах уу?

Даваа гаргийн үүрийн 4 цагт 20 мянган хүнийг сэрүүн байлгаж, дэлгэцийн урд суулгах спорт Монголд хэд байгаа вэ? Тийм спорт гарын 5 хуруунд багтах цөөн ч сүүлийн үед Монголчууд eSport-н CS2 төрлийг маш ихээр сонирхож, The MongolZ багийн үнэнч дэмжигч болоод байна. 

  • 💧 Мэдлэгт нэмэр: CS2-н тэмцээнийг нэр хүнд, шагналын сан, багийн чансаанаас шалтгаалж S, A, B, C гэсэн түвшинд хуваадаг.

🔙  Түүхийн эхлэл

Тэртээ 2016 онд The MongolZ A-Tier түвшний $50 мянгын шагналын сантай IEM Taipei 2016 болон ROG MASTERS Asia 2016 тэмцээнд түрүүлж, дэлхийн тавцанд нэрээ гаргаж байв. Тухайн үед тэд дэлхийд 24-д эрэмбэлэгдэж, Монголчуудын eSport-г зүгээр нэг PC тоглоом гэж хардаг байсан мөсөн ханыг нурааж байлаа. 

🌏 Дэлхийн #5

Одоогийн The MongolZ-н цөм болох bLitz, Techno, mzinho, 910, Senzu 2023 онд бүрджээ. Эдгээр 5 тоглогчдын дундаж нас 20.7 байгаа нь ТОП багуудтай харьцуулахад маш залууд тооцогдоно. Тус бүрэлдэхүүн 2023 оны 11-р сард дэлхийн чансааны 50-д бичигдэж байсан ч, үүнээс хойш ердөө 1.6 жилийн дотор 42 орчим тэмцээнээс $1.3 саяын орлого олж, өдгөө дэлхийд 5-д бичигдэж байна.

  • 🥇 Азийн анхдагч: The Mongolz нь Азийн хамгийн анхны дэлхийн ТОП-10 дотор багтсан, S-Tier тэмцээнд түрүүлсэн болон Major тэмцээний хасагдах шатанд тоглосон баг юм.

🏆 Аваргын зам

Энэ жилийн $1.3 саяын шагналын сантай BLAST.tv Austin Major 2025-д The Mongolz баг 3-р шатнаас урилгаар оролцсон ба хэсгийн шатанд 3:2 гэсэн амжилттайгаар шөвгийн 8-д үлдээд байна. Хэсгийн сүүлийн тоглолтод G2 багийг буулган авч, 2 дахь map дээр Senzu Major-н тоглолтын үндсэн болон нэмэлт цагт 56 kill хийж рекорд тогтоосон билээ. Тэд Бямба гаргийн өглөө 6 цаг 30 минутаас туршлага зузаан FaZe-тай тоглох ба ялбал шөвгийн 4-т Бразилын Furia болон paiN багуудын хожсонтой нь учраа таарна. Монголчууд маань энэ хагас сайны өглөө цайны дээжээ The MongolZ-н зүг өргөх хэрэгтэй шүү…

Эцэст нь… Судалгаанаас харахад CS2-н тоглогчдын амжилт үзүүлэх оргил нас 20-24 нас бөгөөд өмнө нь Major тэмцээнд түрүүлсэн тоглогчдын 75% нь 20–24 насныхан байсан бол 26-аас дээш настай байсан нь ердөө 12.5% ажээ. Үүнээс The MongolZ-н ирээдүй ямар гэрэлтэй байгааг харж болно. 🙌🏻

🆕 Reddit-н шинэхэн AI 

RDDT: Цахим сүлжээний платформ дундаас залуусын хэрэглээ болоод буй Reddit бүтээлч салбарын хамгийн том фестиваль Cannes Lions 2025 дээр Reddit Community Intelligence гэх AI-д суурилсан зар сурталчилгааны хэрэгслээ танилцуулжээ. Энэ мэдэгдлээс улбаалж өнгөрсөн Мягмар гарагт нэгж хувьцааны үнэ өмнөх өдрөөс 6.1% өсөж $133.8-д хүрсэн бөгөөд тус AI-н тусламжтай маркетерууд Reddit-н пост ашиглан, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, чиг хандлагыг тодорхойлох боломжтой гэнэ дээ.

🇨🇳🛢️ Аппетит буурна

Дэлхийн 2 дахь том газрын тос импортлогч Хятадын нефтийн эрэлт 2027 онд оргил цэгтээ хүрч, түүнээс хойш буурах төлөвтэй байна.  

  • 🤏🏻 Товчоор бол тус улсын нефтийн эрэлт 2024-2030 оны хооронд маш багаар буюу өдөрт 30,000 баррелиар нэмэгдэж, 2030 он гэхэд өдөрт 16.7 сая баррельд хүрэх төлөвтэй байгаа юм. 

🦖 Өвсөн тэжээлтэн 

Сүүлийн 10 гаруй жил дэлхийн нефтийн эрэлтийг залуурдаж ирсэн Хятад муу талаараа эдийн засгийн удаашралтай холбоотойгоор, сайн талаараа хурдны галт тэрэг, EV-д эрчимтэй шилжиж байгаатай холбоотойгоор ирэх 10 жилд нефтээс алгуурхан холдох магадлалтай боллоо. 

  • 🫂 Санаа зовох хэрэггүй: Нийт хэрэглээнийхээ 70%-75%-ийг импортоор авдаг Хятад өвсөн тэжээлтэн болбол эрэлт суларч, нефтийн үнэ буурах эрсдэл үүснэ. Гэсэн ч Хятадын орон зайг Америк, Энэтхэг тэргүүтэй орнууд нөхөөд явах боломжтой аж. Америк EV-н өрсөлдөөнд Хятадад бүрэн ялагдаж буй нь нефтийн эрэлт дээр ч харагдаж байна даа.  

  • 🥱 Хоолны дэглэм өөрчлөгдөнө: Өнгөрсөн жилийн өдийд Хятадын цэвэр эрчим хүчний бодлогын улмаас нүүрс моодноос гарах уу, гээд бичиж суусан бол, жилийн дараа нефт моодноос гарах уу, гээд бичээд сууж байна. Гол ялгаа нь энэ удаад EV-н түрэлт томоохон өөрчлөлт хийх магадлал өндөр байгаа нь.

🤔 Дэлхийн эрчим хүчний салбарт…

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн тооцооллоор Хятадын нефтийн хэрэглээ 2027 оноос эхлэн буурсан ч дэлхийн нефтийн эрэлт ирэх 10 жилд өсөлттэй байна гэв. Тэдний тооцооллоор 2030 он гэхэд дэлхийн нефтийн хэрэглээ өдөрт 105.5 сая баррель, ОПЕК+ орнуудын төсөөллөөр 113 сая баррельд хүрэх аж

  • 😳 Хэт эерэг: Гэсэн ч 2024 онд дэлхийн нефтийн эрэлт өдөрт 105 сая баррель болж түүхэн өндөр гэж хэлж болохуйц хэмжээнд хүрч байсан гэхээр ОПЕК+ орнуудын төсөөлөл хэт эерэг үү? 

Нөгөө талд… Хятадын байгалийн хийн эрэлт энэ онд 6.5% өсөж 456 тэрбум м³-т хүрэхээр байна. 2030 оноос тэдний нефтийн импорт буураад эхэлбэл нөгөө талд байгалийн хийн эрэлт нь тодорхой хэмжээнд өснө. Магад одоохондоо шаардлага алга гээд гэдийж буй Сибирийн хүч II буюу Монголоор дамжих байгалийн хийн төслийг урагшлуулах хэрэгцээ гарахыг үгүйсгэхгүй.

254 тамирчин 
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин багтаж тэмцээн уралдаанд оролцож буй
90 медаль
Тэгвэл энэ оны эхний 6 сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас нийт 90 медаль буюу 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртээд байна.
1 алт
Онцолбол, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. 

🌲🏡 Ногоон хөгжлийг цогцлооё

Гялс бүртгүүлэхгүй бол хоцрох нь байна. Юунд вэ гэж үү? Treelings модны бүртгэлийн системээр дамжуулан Playtime Festival-н талбайд 150 мод тарих  боломж олгож байгаа гэнэ шүү. 📢

Treelings нь Playtime Festival-тай 2 дахь жилдээ хамтран тогтвортой ногоон хөгжлийг дэмжин ажиллаж буй.

Мод тарья л даа. Гэхдээ яаж?

  • 📲 Эхлээд Treelings апп-ийг татаад хаягаа нээгээрэй.

  • 👆 Нэвтэрснийхээ дараа “Playtime хүрээлэн” төслийг сонгоод бүртгүүлэх товч дээр дараад урьдчилсан бүртгэл хийгдэх нь. За тэгээд Playtime-д очоод өөрийн тарьсан хөөрхөн модтойгоо зургаа даруулах нь байна шүү дээ. 🫶

Гэснээс Treelings нь Playtime хүрээлэнд тариад буй 58 мянган модыг бүртгэж ургалтыг хянахаар ажиллаж байгаа бөгөөд цаашлаад 60 төрөл зүйлийн 1 сая модыг 50 га талбайд тарьж ургуулах зорилт тавьсан ажээ.

Getty 

🍋 Elli Lilly (LLY) ген засварлах эм бүтээгч стартап Verve Therapeutics (VERV)-г $1.3 тэрбумаар худалдан авна. $VERV нь ген засварлан зүрх судасны өвчнийг анагаах анхны эмийг бүтээжээ. Улмаар энэ төрлийн өвчнийг удаан хугацааны хүнд эмчилгээгээр бус, ганц удаагийн эмийн тунгаар шийдэх боломж бүрдэж буй. Иймд $LLY тус стартапын нэгж хувьцаа тутмыг 113%-ийн нэмэгдэл үнээр авч, нэмээд $300 саяыг төлөхөөр болжээ. 

🍋 Barclays (BCS) Nvidia (NVDA)-н хувьцааны зорилтот үнийг 17% өсгөж $200 болголоо. Одоогоор Nvidia-н хувьцааны үнэ $145 байгаа бөгөөд шинэ зорилтот үнийн тооцооллоор нийт 38% өсөх юм. Тус банк Nvidia-н нийлүүлэлтийн сүлжээг дагасан галзуу эрэлт оны II хагаст ч үргэлжлэх магадлалтай, тэр дундаа тооцоолох технологийн бүтээгдэхүүнүүдийн орлого нь галзуу хурдаар өсөж оны эцэст $48 тэрбум болно гэж таамагласан байна. 

🍋 Хөгжлийн банк Өмнөд Солонгосын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран чанаргүй активаа бууруулна. Үүнээс гадна тус корпорац Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийг сургаж, бодлогын болон хууль эрх зүйн зөвлөмж өгөх зэргээр хамтран ажиллах аж. KAMCO корпорац нь 60 гаруй жилийн туршлагатай бөгөөд Daewoo группийг зах зээлийн хямралаас гаргаж байсан туршлагатай гэнэ. 

🍋 OpenAI Америкийн Батлан хамгаалах яаманд $200 саяар AI хэрэгслүүд нийлүүлнэ. Тус хэрэгслүүд нь захиргааны ажил, мэдээлэл цуглуулах, кибер халдлагыг урьдчилан сэргийлэх зориулалттай буюу Батлан хамгаалах яамны захиргааны үйл ажиллагааг өөрчлөхөд чиглэх аж. Гэснээс өрсөлдөгч Anthropic Америкийн тагнуулын албатай, Meta (META) Америкийн ЗГ-тай хамтран ажиллаж буй.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.