🦹‍♂️ Thanos is back!

ААНБ-ын тоо | Ирээдүйн уул уурхайн санхүүжилт | Биткойны Halving

POWERED BY

Hey! Товхимол маань “Share Lemon Press” гэх шинэ булантай боллоо. Та уг булангийн холбоосоор дамжуулан манай товхимолд бүртгэлгүй найзаа уриад Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой. Товхимлоо нэлээн доошлуулбал байгаа шүү. За тэгээд найзыгаа уриад байж дээ. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 6-р сарын дунджаас 8.9% буурч ₮10.1 их наяд болов.

MLG: Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн ТУЗ-ийн даргаар Л.Ганзоригт томилогдлоо.

GLD: Даваа гаргийн арилжаагаар алтны үнэ 3% өсөж унц нь $2,135 болж дээд амжилт тогтоосон ч буцаад $2,048 болж уруудав.

💤 Үйл ажиллагаа явуулаад байна уу, унтаад байна уу? 

Нийт бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага (ААНБ)-ын тоо жилийн өмнөхөөс 8.3% өсөж 253.4 мянгад хүрчээ. Хэн, хаана, ямар үйл ажиллагаа явуулаад байна? 

Хөлдсөн тоонууд

Нийт ААНБ-аас хуулийн этгээдийг салгаж харвал 248.8 мянга байгаа. Хуулийн этгээд гэдэгт компани, хоршоо гэх мэтийг хамруулж байгаа гэдгийг санаарай. Эдний ердөө 36.9% нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Үлдсэн 63.1% нь үйл ажиллагаагаа эхлээгүй, түр болон бүрэн зогсоосон байдалтай байна. 😲

  • Хэлбэр, төрх: Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 91.8 мянган этгээдийн 83% нь компани хэлбэрээр, үлдсэн нь ТББ, нөхөрлөл, хоршоо гэх мэт хэлбэртэй байна. 

  • Үйлчилгээ голдуу л: Үргэлжлүүлээд хуулийн этгээдүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нь харвал дийлэнх буюу 40.7%-ийг нь үйлчилгээний салбар, хамгийн бага буюу 3.4%-ийг ХАА-н салбарынхан бүрдүүлжээ. 

Жижиг жижиг олон

Цаашилбал, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийн 83% нь 1-9 ажилтантай бол ердөө 3% нь 50 ба түүнээс дээш ажилтантай аж. Түүнчлэн нийт идэвхтэй хуулийн этгээдэд 866 мянган хүн ажиллаж байгаа буюу 1 идэхтэй хуулийн этгээдэд дунджаар 9.4 хүн л ажиллаж буй. Тэгэхээр манай зах зээл олон ажилтантай том тооны тоглогчдоос илүү цөөн тооны ажилтантай жижиг тоглогчдоос бүрдэж байгаа хэрэг. 

Орлого байна уу? 

Одоо хэдүүлээ тэдний орлогыг харъя. Ингэхдээ нийт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээс орлого олдог этгээдүүдийг буюу ААН-ийг ялгаж авна. Ингэвэл 79.8 мянган ААН бий. Тэдний орлого жилийн өмнөхөөс 35.2% өсөж ₮130.4 их наяд болсон аж. 

  • Цөөхөн хэдийн нуруун дээр: Түүнчлэн ₮0-₮4 саяын орлоготой 17.2 мянган ААН байхад ₮2.5 тэрбумаас дээш орлоготой ердөө 4.7 мянган ААН байгаа юм. Улмаар уг 4.7 мянган ААН нийт орлогын 86.6%-ийг дангаараа бүрдүүлжээ. Тэгэхээр бага орлоготой олон ААН, арай их орлоготой цөөхөн хэдэн л ААН байгаа гэсэн үг. 

Заа, Монголд үйл ажиллагаа эрхлэгчдийн дүр төрх нэг иймэрхүү. Бүртгэлтэй хэр нь мөстсөн этгээдүүд олон байна даа. 

👋 2023 онд -25%

SPOT: Spotify ажиллах хүчнийхээ 17%-ийг цомхотгох сургаар хувьцааны үнэ нь 7% өсөж $194 боллоо. Тодруулбал тус компани 2020, 2021 онуудад ажиллах хүчний хөлс харьцангуй хямд дээрээс нь багаа өргөжүүлэхээр хэт их шинэ ажилтан авсан аж. Улмаар он гарснаас Spotify зардлаа танахын тулд 3 удаа цомхотгол хийж ажиллах хүчнийхээ 25%-ийг үджээ.

🤑 Ирээдүйн уул уурхайн санхүүжилт

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) ирэх 5 жилд уул уурхайн салбарт баримтлах стратегиа танилцууллаа. Тэд 2006-2022 оны хооронд Монголын уул уурхайн салбарт €881 саяын санхүүжилт олгоод байгаа юм. Тэгвэл тэдний цаашдын санхүүжилтийн чиглэл юу байх вэ?

Илүү дижитал ЭЗ

2040 он гэхэд цахилгаан машин, батарей болон эрчим хүчний эрэлт 2020 онтой харьцуулахад 4.2 дахин өсөх тооцоотой буй. Улмаар тус бүтээгдэхүүнүүдэд ордог лити, графит, кобальт зэрэг газрын ховор элементүүдийн эрэлт өсөх боловч нийлүүлэлт нь энэхүү эрэлтээ гүйцэх үү гэдэг асуудал бий болжээ. Ийнхүү EBRD тус газрын ховор элементүүдийг хайх, олборлоход туслалцаа үзүүлэх юм.

Толгойны өвчний эсрэг

Нүүрсхүчлийн давхар ислийн (CO2) эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцэхээр болсон. Уул уурхайн салбар ч үүнд нэгдэн уурхайн машин, төхөөрөмжүүдийг түлшээр бус батарейгаар ажиллуулах шинэлэг санаануудыг гаргасаар байна. Энэ мэт инновацлаг байдлаар шинэ болон ажиллаж буй уурхайнуудын CO2-г бууруулахад дэмжин ажиллах аж. 

Байгууллага болон ЗГ-ыг дэмжицгээе!

Байгаль, орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бидний амьдралд илүү чухал болсоор байна. Учир нь EBRD уул уурхайн байгууллагуудын БОНЗ-ын стандартыг сайжруулж, байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг бууруулан нөхөн сэргээлтийн ажлыг дэмжихэд туслах нь ээ. Мөн,

  • Улс орнуудын ЗГ-ыг тус салбарын бодлогыг сайжруулах, хяналтын механизмыг хөгжүүлэхэд тусалж салбартай холбоотой мэдээллийг тайлагнахад туслалцаа үзүүлэх аж.

Дүгнэхэд, ирээдүйд EBRD ногоон бөгөөд дижитал ЭЗ-ийг бүтээхэд чиглэн  уул уурхайн байгууллагуудын БОНЗ, ЗГ-ын тус салбарын бодлогыг сайжруулахад туслахаар болжээ.

🪐 Welcome to U Planet

Адал явдалд дуртай, шинийг эрэлхийлэгч залуусыг U Brand-н Roblox ертөнцөд урьж байна. 

U brand залуу үеийнхэнд зориулж Roblox ертөнц дэх Монголын анхны брэндэд U Planet тоглоомын серверийг бүтээлээ. Уг тоглоомоор дамжуулан залуусыг дижитал ертөнцөд цагаа зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, технологийн инновацыг түгээх зорилготой юм. 

U Planet-д ямар тоглоом тоглох вэ?

  • Data Tower,

  • Icy jumps,

  • Floor is Lava,

  • Prop hunt гэсэн 4 тоглоомыг тоглох боломжтой.

Сонирхуулахад, Roblox  тоглоом 2006 онд бий болсон ба өдгөө 50 гаруй сая тоглоомуудыг нэгтгэсэн асар том платформ юм.

За тэгээд Монголын анхны брэндэд Roblox ертөнцөд уулзацгаая.

Nature

🔹IBM (IBM) 1,000 кубитын багтаамжтай анхны квант чипээ танилцууллаа. Компани тус квант чипийг Condor хэмээн нэрлэсэн бөгөөд 2021 онд гаргасан 127 кубит чип, өнгөрсөн жил гаргасан 433 кубит чипүүдээс хавь илүү хүчин чадалтай гэдгээрээ гайхагдаж буй. 

🔹Рио Тинто болон ЮНЕСКО Монголд ТХЗ-уудыг хангахаар хамтран ажиллана. Түншлэлийн хүрээнд талууд тогтвортой аялал жуулчлал, байгаль орчин, боловсрол гэсэн 3 салбарт төвлөрч ажиллах бөгөөд хамтын ажиллагаагаа тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслөөс эхлэхээ мэдэгдэв. 

🔹Moody’s Хятадын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Ингэж бууруулах болсон нь Хятадын дунд хугацааны ЭЗ-ийн өсөлт удааширч байгаа болон ҮХХ-ийн салбарын уналтаас үүдэн тус улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой төлөвөөс сөрөг болгон бууруулаад буй. 

🔹Өнгөрсөн улиралд ББСБ-ын нийт харилцагчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.4% буурч 4.1 саяд хүрчээ. Улмаар зээлдэгчдийн тоо 11% буурч 1.4 сая болсон бөгөөд дундаж зээлийн хэмжээ ₮2.3 сая байсан аж. Тус зах зээлд нийт 521 ББСБ байгаагийн 496 нь дотоодын хөрөнгө оруулалттай ББСБ байна. 

⌛ “Halving” айсуй!

2024 он ч юу юугүй хаяанд тулаад ирлээ шүү. Гэснээс ирэх онд крипто ертөнцөд болох томоохон үйл явдлын нэг бол “Halving” буюу Биткойны нийлүүлэлтийн хэмжээг хагаслах жил тохионо. Нэмээд Биткойны үнэ $41,000 давсан гээд сонирхолтой юм ч болох нь дээ.

Thanos-дана

Төв банканд мөнгийг хүссэн хэмжээгээрээ хэвлэх эрх нь чөлөөтэй байдаг. Улмаар хэдий чинээ мөнгө хэвлэнэ төдий чинээ инфляцыг өрөж байдаг. Харин эсрэг талд Биткойны хувьд системээсээ л үнэ цэнээ хадгалахын тулд Биткойны олборлолт 21 саяд хүрээд ирмэгц нийлүүлэлтээ 50% бууруулдаг аж. Одоогоор Биткойны олборлолт 19.5 сая хүрсэн гэхээр “Halving” ирэх жил тохиох нь бараг л тодорхой болоод буй.    

  • Түүхэндээ: Анх 2012 онд хамгийн анхны “Halving” хийж өдгөө 3 удаа явагдсан байдаг. Ингэж нийлүүлэлт багассанаар таны эзэмшиж буй Биткойн үнэ цэнээ хадгалах болон өсөхөд гол утга нь оршиж буй.  

  • Яагаад заавал 4 жил гэж? Halving-г заавал 4 жилд 1 удаа гэсэн яс тогтсон хугацаа байхгүй буюу 210,000 блок тутамд болдог үзэгдэл гэж ойлгож болно. Одоогоор 1 Биткойн блокт олгогдох шагнал 12.5 Биткойн байгаа бөгөөд дараагийн Halving-н дараа 1 блок тутамд 6.25 Биткойн шагнал олгогдоно гэсэн үг. 

Эцэст нь… Halving хэрвээ биет дүр байсан бол яг л Thanos байх байсан мэт. Кинон дээрээ эсрэг дүр байсан ч бодит амьдрал дээр ч Thanos-н зөв байсан бол яах уу? Харгис л юм гэхдээ… 

Бяцхан асуултдаа хариулах уу даа? Зөв хариултыг олоорой. 👀

A. Нийт бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагын тоо жилийн өмнөхөөс 8.3% өссөн.
B. EBRD 2006-2022 оны хооронд Монголын уул уурхайн салбарт €880 саяын санхүүжилт олгожээ.
C. Анх 2010 онд хамгийн анхны “Halving” хийж өдгөө 3 удаа явагдсан.

  • Унш: Оксфордын өгүүлэх хиймэл оюун ухааны түүх. (Oxford)

  • Сонирх: Дэлхий одоо юуг сонирхож байна вэ? (GoogleTrends)

  • Танилц: ОУ-ын Эрүүгийн шүүгчээр анх удаа Монгол шүүгч сонгогдлоо. (MFA

  • Айн? Инфляцын 30%-40% нь хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамаарч байна. (МонголБанк)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт А буюу нийт бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагын тоо жилийн өмнөхөөс 8.3% өссөн нь шүү.

Reply

or to participate.