‼ Түүхэн дампуурал

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлж байгаа болон SVB-н дампуурлын талаар тоймлов.

POWERED BY

Happy new week! Амралтын өдрөөр хоккейн тэмцээн үзсэн хүмүүс байна уу? Манайх анх удаа хоккейн Азийн аваргын тэмцээн зохион байгуулж буй. Нэг цаг үеэ бодвол олон боломж нээгдэж байгаа нь авууштай. 🏒

*Нэг өдрийн өөрчлөлт

BTC: $22K дээр тогтвортой байсан Биткойны ханш өнгөрсөн 7 хоногт $19K руу ороод амжив.

MMF: Өнгөрсөн 7 хоногт Мөнгөний захын арилжаагаар ₮4.2 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

USA: Америкт өнгөрсөн сард 311,000 ажлын байр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 0.2 нэгж хувиар өсөж 3.6%-д хүрэв.

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ!

Одоогоос 14 жилийн өмнө яригдаж эхэлсэн Оюу Толгойн ордын нийт нөөцийн 80%-ийг агуулах гүний уурхайн олборлолт өнөөдрөөс эхэлж байна.

Гүний уурхай?

Хөрөнгө оруулагчид Оюу Толгой төсөлд нийт $15 тэрбумыг зарцуулж газрын гүнд жилд 365 хоног зогсолтгүй олборлолт хийх гүний уурхайг бий болгоод буй. Уг бүтээн байгуулалт нь газрын гадаргаас 1.3 км-ийн гүнд хийгдсэн бөгөөд 5 босоо ам бүхий 203 км урттай хонгилоор блокчлон олборлолт хийж, олборлосон хүдрийг буталж туузан дамжуулагч хүртэл тээвэрлэх замаар ажиллах юм.

Гүний уурхай ➡ Өндөр орлого

Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол дэлхийд 5-д эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж байна. Өөрөөр бол бид зэсийн ЗЗ-ийн гол 5 тоглогчийн нэг болох юм. Уг шинэ түүхтэй холбоотойгоор,

  • Орлого: Оюу Толгой компанийн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 3 дахин нэмэгдэж, жилийн ₮700 тэрбум болох аж.

  • Экспорт: Өнгөрсөн онд зэсийн баяжмалын экспорт нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 22%-ийг бүрдүүлсэн буюу $2.7 тэрбумын 1.5 сая тн зэсийн баяжмал экспортолсон. Тэгэхээр гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт 3 дахин нэмэгдэхэд экспортын орлого үлэмжээр нэмэгдэх нь.

  • Хувь нэмэр: Гүний уурхайн нийт ажилчдын 94% нь Монгол ажилчид тэр дундаа 21% нь Өмнөговь аймгийн иргэд аж. Тэгэхээр уг төслийн хувь нэмэр манай 1 өрхийн амьжиргаанд ч шууд нөлөөлж буй.

Ирээдүй

Rio Tinto (RIO) гүний уурхайн олборлолтыг 2030 он гэхэд оргил үйлдвэрлэлд хүргэхээр зорьж буй. Тэгэхээр 1 өдөрт л гэхэд 95 мянган тн хүдэр олборлоно гэсэн үг. Нэмээд 2035 он гэхэд гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт 25% өснө гэж үзэж байгаатай холбогдуулан Rio Tinto Оюу толгойд $3 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Тэгэхээр Оюу Толгойн ордоос хүртэх орлого, ашиг жилээс жилд улам бүр өсөх нь ээ. Гол нь үүнийгээ үр дүнтэй ашиглах л үлдлээ.

Сонирхлын зөрчилтэй зээл авав

CUMN: Сэнтрал Экспесс Си Ви Эс ХК Премиум Групп ХХК-иас сонирхлын зөрчилтэй зээл авна. CU-н борлуулалтын сарын мөчлөгтэй холбоотойгоор компанид ажлын капитал шаардлагатай байгаа бөгөөд түүнийг санхүүжүүлэхэд тус зээлийг ашиглах гэнэ. Зээлийн хувьд жилийн 18% хүүтэй ₮2 тэрбумын богино хугацаатай байх аж.

Шилдэг гадаад арилжаачинд ₮100 сая

Тэргүүлэгч ҮЦК нарын нэг Голомт Капитал нь харилцагчдадаа дэлхийн ХЗЗ-ийн боломжийг нээх, ХЗЗ-ийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GC Championship” гадаад арилжааны уралдааныг зарлалаа.

Харин Lemon Press олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, ХЗЗ-ийн ойлголтыг дээшлүүлэх эрхэм зорилгын хүрээнд тус уралдааны тоймыг хүргэхээр мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллах болсноо дуулгахад таатай байна.

Яагаад гадаад арилжаа гэж үү?

  • Монголын ЭЗ-аас 43 дахин том: Олон улсын хөрөнгийн биржүүд дээр өдөрт дунджаар $650 тэрбумын арилжаа хийгддэг нь Монголын ЭЗ-аас 43 дахин том бөгөөд идэвхтэй ЗЗ юм.

  • Хөрвөх чадвар өндөр: Ингэж идэвхтэй арилжаалагдаж байхад хөрвөх чадвар өндөр байлгүй л яах вэ.

  • Ханшийн эрсдэл бага: Нийт 600 гаруй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар хөрөнгө оруулах боломжтой болохоор валютын эрсдэл орох магадлал бага байх нь

За тэгээд уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч ₮100 саяын эзэн болох юм.

Бүртгэлийн хугацаа: 2023.03.13-2023.06.16
Үргэлжлэх хугацаа : 2023.03.13-2023.12.15

Түүхэн дампуурал

Silicon Valley Bank (SVB)-н хэрэглэгчид 10 цагийн дотор $42 тэрбум хөрөнгөө татаж түүхэн дэх хамгийн том банкнаас урвах (Bank run) үйл явдал боллоо. Уг дампуурал Америкийн түүхэн дэх 2 дахь том банкны дампуурал болов.

  • SVB: Америкийн технологийн стартапуудын томоохон зээлдүүлэгч тэд 1983 онд байгуулагдсан. Өнгөрсөн оны эцэст $209 тэрбумын нийт хөрөнгөөрөө Америкийн 16 дахь том банк болж байв.

Юу болов?

SVB нь Америкийн венчур дэмжлэгтэй технологи, эрүүл мэндийн компаниудын бараг талд нь санхүүжилт олгосон бөгөөд дараах хүчин зүйлсээс болж дампуурав.

  • Орлого буурав: Бодлогын хүүгийн эрчимтэй өсөлтийг дагаж зээлийн өртөг нэмэгдсэн. Мэдээж стартапууд тэр болгон өндөр зээл авахыг хүсэхгүй нь лавтай. Мөн дээрээс нь венчур хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь орлого буурахад шууд нөлөөлжээ.

  • Хөрөнгө буурав: Тэд мэдээж хадгаламжийг зүгээр байлгаагүй. Эрсдэл багатайг нь бодож бондод хөрөнгө оруулсан ч бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор тэдний эзэмшил бондууд үнэгүйдэх нь тэр.

Улмаар тэднийг төлбөрийн чадваргүй болж буйг анзаарагсад өөрсдийн хөрөнгийн татаж эхлэв. Арга ч үгүй биз нийт хадгаламжийн 89% нь буюу $175 тэрбум нь $250 мянгаас дээш дүнтэй буюу даатгагдаагүй юм чинь.

USDC стэйблкойныг хүртэл ганхуулав

Дэлхийн хамгийн том, найдвартай гэгддэг стэйблкойн болох USD Coin (USDC) доллартой харьцах 1:1 аргамжаа алдаж ханш нь $0.87 хүрээд амжив. Учир нь USDC-г гаргагч Circle USDC-н нөөц $40 тэрбумын $3.3 тэрбум нь SVB-д байгааг мэдэгдсэн ба үүнтэй холбоотойгоор USDC-д хөрөнгө оруулагчид $2 тэрбумын хөрөнгөө татсан нь ийнхүү нөлөөлжээ. Circle уг асуудлыг хүндэрвэл өөрсдийн хөрөнгөөр нөхөх боломжтой гэдгээ мэдэгдсэнээр өөрсдийн стэйблкойн үнийг $1 луу ойртуулж чадав.

Эцэст нь... Эрсдэлийн удирдлага, ил тод байдал ямар чухал гэдгийг энэ нийтлэлээс ойлгож болох юм.

Шинэ орон сууцны дундаж үнэ Улаанбаатар хотод жилийн өмнөхөөс 13% өсөж ₮3.5 сая боллоо. 😢

  • 2022/02: ₮3.1 сая

  • 2022/04: ₮3.2 сая

  • 2022/06: ₮3.2 сая

  • 2022/12: ₮3.3 сая

  • 2023/02: ₮3.5 сая

🔹Ирэх 7 хоногт OpenAI GPT-4-г танилцуулна. Уг AI нь тэсрэлт хийсэн ChatGPT-с 500 дахин хүчин чадалтай төдийгүй олон талын эх сурвалжаас мэдээлэл боловсруулах чадвартай гэнэ. ChatGPT-с ялгаатай нь бичвэрээс гадна бичлэг, зураг, дуун мэдээллийг боловсруулах боломжтой юм.

🔹Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3%-ийн хүүтэй ипотекийн зээл олгоно. ЗГ-аас төвлөрлийг сааруулахаар уг шийдвэрийг гаргаад буй бөгөөд орон нутагт шилжсэн ААН-ид 1% хөнгөлөлттэй зээлийг ч олгох аж. Цаашлаад ажлын байр нэмэгдүүлбэл татварын болон өөр бусад хөнгөлөлтийг эдлүүлэх аж.

🔹Discord AI-р өнгө нэмсэн шинэчлэлтээ танилцууллаа. Уг шинэчлэл нь ChatGPT шиг шинэчлэл бөгөөд Discord дээр @Clyde гэж бичин харилцан ярианы горимд шилжих аж. Мөн Clyde бот нь хэрэглэгчдэд дуу санал болгох, GIF илгээх зэрэг өөр бусад үйлдлийг хийж чаддаг гэнэ.

🔹Жо Байдены 2024 оны төсвийн төсөлд $6.8 их наядыг зарцуулахаар тусгажээ. Тус төсвийн төсөлд чинээлэг иргэд болон томоохон корпорациас авах татварын хэмжээг нэмж нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээ зарлав. Мөн батлан хамгаалахын зардлыг өнгөрсөн оноос 3.2% нэмэх төлөвтэй байна.

🔹Ши Жиньпин албан ёсоор удирдагчийн байр сууриа баталгаажуулав. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ)-ын анхдугаар чуулганаар төлөөлөгчид түүнийг санал нэгтэйгээр бүх Хятадын даргаар сонгов. Түүнчлэн Ши Жиньпин төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Цяныг батламжилсан юм.

  • Why: Dare Obasanjo Twitter-н дараагийн CEO-р сонгогдох магадлалтай. (Platformer)

  • Tech: Meta өөрийн гэсэн Twitter шиг платформтой болно. (CNN)

  • Launch: Apple-н шинэ сонгодог хөгжмийн апп-аас юуг хүлээж болох вэ? (CNBC)

  • Guidline: Амжилттай ажиллаж буй 12 бизнес эрхлэгчдийн нууц. (INC)

🐱🐶 Хайртай амьтаддаа хандив өгцгөөе

Гадуур яваа гэр оронгүй амьтдыг хараад “хайлж урсдаг” найз танд байдаг л биз дээ? Эсвэл та өөрөө тийм үү? За аль нь ч байсан танд дуулгах таатай мэдээ байна.

MonPay x Азтай савар ТББ “Амьтдын эрхийг хамгаалах сар” болгон уриалж буй. Тэд уг ажлын хүрээнд MonPay апп-аар амьтдад хандив өгөх боломжийг бүрдүүлжээ. 🐶 🐱

Яаж өгөх вэ?

Та MonPay апп-ны “Хандив” цэс болон нүүр хэсэгт байрлах баннер зураг дээр дарж хандив өгөх боломжтой.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Амьтанд ээлтэй, аз жаргалтай нийгмийг бий болгоцгооё!

  • Даваа: Улсын нэгдсэн төсвийн 2-р сарын тайлан.

  • Мягмар: Америкийн инфляц 2-р сарын байдлаар гарна.

  • Лхагва: Adobe (ADBE) ээлжит улирлын тайлангаа танилцуулна.

  • Пүрэв: FedEx (FDX) мөн ээлжит тайлангаа гаргана.

  • Баасан: Евро бүсийн 2-р сарын инфляцын тайлан гарна.

Reply

or to participate.