- Lemon Press
- Posts
- 🚋 Улаанбаатарт трамвай айсуй
🚋 Улаанбаатарт трамвай айсуй
Бензиний бизнес | $SUU: Ашиг -46.7% | $218 саяыг цүнхэлсэн кино
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өнөөдрийг Ардын жүжигчин цол хүртсэн С.Жавхлангийн дуунуудаар эхлүүлэх үү дээ? Увс аймгийн 100 жил гээд баахан л хүмүүс төрийн дээд цол хүртжээ. Ай, ай, ай хө ээжийн минь амттайхан цай гэж. 🏅🥛


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Тахь-ко (TAH) компанийн хэлбэрээ өөрчлөх эсэхийг хэлэлцэхээр 9 сарын 5-нд хувьцаа эзэмшигчдээ ээлжит бусаар хуралдуулна.
MLSP: НДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрт Чингис хаан банкнаас ₮2.4 тэрбумын үнэ бүхий 8 үл хөдлөх хөрөнгийг авахаар шийдвэрлэв.

🤷🏻♂️ Түгжрэлийн эсрэг татар ажиллагаа

Улаанбаатарыг хэрхэн түгжрэлгүй болгох талаар төр засаг маань удаа дараа санаагаа чилээлгэсний эцэст трамвайтай болгохоор сэтгэл шулууджээ. Трамвай буюу хөнгөн гал тэрэгтэй болбол замын хөдөлгөөний дундаж хурд 25.7% нэмэгдэх гэнэ дээ.
🛤️ Трамвайн тухайд…
Дэлхийн анхны трамвай 1800–аад оны эхнээс морин тээврээр Англид үүссэн ба 1800-аад оны сүүлээс Берлинд цахилгаан трамвайгаар хүн тээвэрлэж эхэлжээ. Цөөн үгээр трамвай нь хот дотор цахилгаанаар явдаг, нийтийн тээврийн хэрэгсэл юм.
Хамгийн урт: Дэлхийн хамгийн урт трамвайн сүлжээ бол 250 км-н урттай, 1,700 гаруй зогсоолтой Австралийн Мельбурн хотын трамвай аж. Тус сүлжээ нь хотын төвийн зарим бүсэд замын түгжрэлийг 16% бууруулж, зам дээрх аяллын хугацааг 3.4% бууруулжээ.
🚃 Улаанбаатар трамвай
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихээр ирэх 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний дотор түгжрэлийг бууруулахаар Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэх ба саяхан төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Одоо трамвайн угсралтын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байгаа гэнэ. Трамвайн тухайд:
26 км зам: Трамвай нь Архивын ерөнхий газраас Зунжин худалдааны төв хүртэл нийт 26 км замын урттай.
39 зогсоол: Төслийн I шугам 16 зогсоолтой байх бол II шугам 23 зогсоолтой буюу нийт 39 зогсоолтой байх аж.
7,000 зорчигч: Хөнгөн галт тэргээр нэг удаад 230-250 хүн, цагт дунджаар 6,500-7,000 хүн зорчих боломжтой.
70 км/ц: Трамвайн дундаж хурд 30 км/ц ба дээд тал нь 70 км/ц хурдтай хүмүүсийг тээвэрлэнэ.
2-3 эх үүсвэр: Хөнгөн галт тэрэг нь голцуу Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас цахилгаанаа авч, запаасандаа нэмэлт 2-3 эх үүсвэрийг ашиглах гэнэ.
🚗 Том төлөвлөгөө
Түгжрэлийн эсрэг авч буй 10 мега төслөөс Улаанбаатар метро төсөл хамгийн үр дүнтэй нь бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 40.4% нэмэгдэх аж. Харин трамвайн хувьд метроны араас 2-т эрэмбэлэгдэж байна. Метроны эхний шугамын өртөг $2.4 тэрбум ба нийт өртгийн 15%-ийг хот өөрөө санхүүжүүлэх бол үлдсэн 85% дээр олон улсаас санхүүжилт босгох аж. Энэ мөчид трамвайн санхүүжилтийг хэрхэн босгох болон Увсын 100 жилд хэн түрүүлэх вэ гэдэг л сонирхол татаж байна даа…
Эцэст нь… Түгжрэлийн эсрэг өргөн хүрээтэй ажиллаж байгаа нь сайхан ч энэ олон мега төслийг амжилттай хэрэгжүүлж чадах уу гэдэг сонин. Ямартай ч Монголд метро 14 жилийн дараа ажил хэрэг болж байгаа бол трамвай хэзээ эхлэх вэ? Зөв хариултыг олоорой. 🥸

🥛 $SUU: Ашиг -46.7%
SUU: Энэ оны эхний хагас жилийн байдлаар Сүү ХК-ийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 19.8% өсөж ₮115 тэрбум болсон ч цэвэр ашиг 43.4% буурч ₮6.9 тэрбумд хүрчээ. Тус бууралтад ерөнхий ба удирдлагын зардал 74.9% нэмэгдэж ₮14.2 тэрбум болж өссөн болон борлуулалт, маркетингийн зардал 50.7% ихсэж ₮7.5 тэрбумд хүрсэн нь жинтэй нөлөө үзүүлсэн аж. Өчигдрийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ 0.2% унаж ₮619.6 хүрсэн бөгөөд энэ нь оны эхнээс 40.4% өссөн үзүүлэлт болоод байна.

🏊♀️ Загас юм уу? Усан спортын төрөлд дэлхийг алмайруулж буй 12 настан. (SCMP)
👛 Санхүүгийн зарцуулалтдаа хяналт тавихад ердөө 1 дүрэм хангалттай. (Morningstar)
☃️ Хот маань өвлийг өнтэй угтаж дөнгөх нь үү? (Ulaanbaatar)
💊 Өвчин намдаах эм танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг байж болзошгүй… (ScienceAlert)

🇷🇺 Бензиний бизнес

Шинэ сарыг угтуулан Орос шатахууны экспортын хоригоо улам чангаруулан тавих гэж байна гэх шуум дэгдээд байна.
😤 Нэг ч дусал шатахуун гаргахгүй!
Өмнө нь зөвхөн дистрибьютерүүдийн экспортод л хориг тавьдаг байсан бол энэ удаагийн хориг бусдаасаа илүү ноцтой буюу Rosneft, Gazprom Neft, Lukoil тэргүүтэй томоохон үйлдвэрлэгчдийн экспортыг хориглох талаар яригдаж байгаа.
🫨 Хэцүүдлээ: Учир нь энэ сард Санкт-Петербургийн бирж дээр АИ-95 бензин оны эхнээс 24% өсөж тн тутамд $960 буюу 2023 оны 9-р сард тохиож байсан түүхэн дээд түвшинг давах магадлалтай болоод буй. Харин АИ-92 шатахууны үнэ тус сард бага зэрэг буурсан ч оны эхнээс 25% өсөж $834-т хүрчээ.
🫤 Тартагтаа тулахад ойрхон
Нефт үйлдвэрлэгчид ямар нэгэн экспортын хоригт ордоггүй байсан шалтгаан нь тэд үйлдвэрлэлийнхээ тодорхой хувийг дотооддоо борлуулж, үлдсэнийг нь экспортлон их хэмжээний валютын орлого олдог байсантай холбоотой. Орос, Украины дайн эхэлснээс хойших 3 жилд Орос нефтийн экспортоос €630 тэрбум, шатахууныхаас €190.5 тэрбумын орлого олсон байдаг. Энэ мөнгөөр л дайнаа санхүүжүүлдэг гээд барууны орнууд тэднээс түлш авахгүй байхад анхаараад байгаа шүү дээ.
🤷🏻♀️ Харин одоо гол зогоож буй хэдийнхээ ч экспортыг хориглоно гэхээр дотоод асуудал нэлээн хурцдаж байгаа бололтой.
🟢 Аюулгүй бүс
Орос шатахууны хоригоо яриад эхлэхээр монголчуудын зүрх дэлсдэг. Анзаараад байх нь ээ сүүлийн 2 жилд Оросын шатахууны хориг биднийг тойроод л байгаа. Энэ удаад ч мөн адил Евразийн эдийн засгийн холбоо, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан 5 улстай хамт шатахууны хоригт багтахгүй гэлцэж байна.
Эцэст нь… Өмнөх хоригуудын үр дүнд дотоодод хэсэгтээ үнэ тогтворжиж, нөөц бий болох хандлага ажиглагдаж байсан. Гэсэн ч ийн жилдээ нэг далайцтай хориг тавьж буй нь тус улсын өндөр октантай буюу АИ-95, АИ-98 бензиний үйлдвэрлэл сул байгаатай холбоотой. Эрх баригчид 2028 он хүртэл хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ₽1 их наядын хөрөнгө оруулалт хийх гэхчлэн том дүнтэй олон төслүүд хэрэгжүүлж байгаа. Харин бидний хувьд нефт боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахгүй л бол тэдэн рүү хөөрхөн хараад сууж байхаас өөр аргагүй дээ.

Нэгэн зэрэг олуулаа ажилладаг Excel Shared Workbook дээр санаандгүй тохиолдлоор нэгнийхээ өгөгдлийг устгах эрсдэлийг үгүйсгэхгүй. Үүнээс сэргийлэх найдвартай арга байна. 👇
Хэрэв өөрийн өгөгдөл бүхий хуудсыг хамгаалах бол “Review” цэс рүү очоод “Protect Sheet” сонгож нууц үг оруулах, мөн мөр, багана устгах гэхчлэн зөвшөөрөх үйлдлүүдийг тохируулж болно.
Аан харин Workbook-ээ тэр чигт нь хамгаалах бол “Review”➡️“Protect Workbook”-рүү очоод шинэ хуудас нэмэх, устгах гэхчлэн үйлдлүүдийг тохируулах боломжтой шүү.


Samsung Semiconductor
🍋 Samsung (005930.KS) Tesla (TSLA)-д $16.5 тэрбумаар AI чип нийлүүлнэ. Сүүлийн үед энэ төрлийн нийлүүлэлтийн томоохон гэрээнүүдийг TSMC (TSM) болон SK Hynix (000660.KS)-д ээлжлэн алдаад буй Samsung-н хувьд тун сайн мэдээ. Наад зах нь, Samsung 2026 он хүртэл царцаагаад байсан Техаст байрлах үйлдвэрийн үйл ажиллагаагаа сэргээх юм. Энэ мэдээний дараа Samsung-н хувьцааны үнэ 6.8% өсөж ₩70 мянга болжээ.
🍋 Чойр-Мандалговь-Арвайхээр авто замын төслийг нийт ₮874.7 тэрбумаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийт 3 аймгийн 12 сумаар дайрсан 487.7 км хатуу хучилттай зам тавих ба төслийн I үе шат өнгөрсөн онд эхэлсэн ч, одоогоор 23.8 км зам тавиад буй. Төслийн бүтээн байгуулалтыг Хүслэнт бүтээмж, Мянган тэмүүлэл, Хулжийн голын зам зэрэг компаниуд гүйцэтгэж байгаа.
🍋 Америк, ЕХ худалдааны тохиролцоонд хүрлээ. Товчхондоо ЕХ-ны орнууд Америкийн зарим бараанд 0%-ийн тариф тогтоон зах зээлээ нээсэн бол Америк ЕХ-нд ногдуулах тарифаа 2 дахин багасгаж 15% болгов. Мөн ЕХ Америкт цэргийн техник тэргүүтнээр $600 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, $750 тэрбумаар эрчим хүч худалдан авах аж. Гол нь аль аль тал сэтгэл хангалуун байгаа сурагтай.
🍋 Өнгөрсөн 4-р сард эхэлсэн Дамбадаржаа ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил 20%-д хүрэв. Тодруулбал, тус ДЦС-ын 86 м яндан угсрахаас 62 м-ийг угсарсан төдийгүй суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булах ажил эхэлж. Мөн Хятадад үндсэн зуух болон бусад тоног төхөөрөмж, металл хийцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд хилээр нэвтрүүлж эхэлсэн гэнэ. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард багтаан дуусгах нь.
🍋 “The Fantastic Four: First Steps” нээлтээ хийсэн эхний 3 хоногтоо дэлхий даяар $218 саяыг олжээ. Тус бүтээлээс гадна энэ сард нээлтээ хийсэн “Superman” болон өнгөрсөн сард гарч эхэлсэн Apple (AAPL)-н бүтээсэн “F1” тус бүр $500 саяын орлоготой гялалзаж яваа. Ийнхүү оныг “Captain America: Brave New World”, “Thunderbolts” гэх мэт орлого муутай гандуухан кинонуудаар эхлүүлсэн супер баатартай киноны зах зээл ч сэргэж байна даа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply